A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал
  • ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХАД ЧИГЛЭСЭН ГЭРЭЭ, ХЭЛЦЭЛ (КАРТЕЛЬ) БАЙГУУЛСАН ШИЙДВЭР ГАРГАСАН ТУХАЙГАА САЙН ДУРААРАА ИЛЧИЛСЭН ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ШИЙТГЭЛЭЭС ХӨНГӨЛӨХӨД БАРИМТЛАХ ЖУРАМ /ШӨХТГ-ын даргын 2018 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ШӨХТГ-ын даргын 2018 оны 06 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газрын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн
08 дугаар тогтоолын хавсралт

 
ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХАД ЧИГЛЭСЭН ГЭРЭЭ,
ХЭЛЦЭЛ (КАРТЕЛЬ) БАЙГУУЛСАН ШИЙДВЭР ГАРГАСАН ТУХАЙГАА
САЙН ДУРААРАА ИЛЧИЛСЭН ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ
ШИЙТГЭЛЭЭС ХӨНГӨЛӨХӨД БАРИМТЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл


1.1 Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан аж ахуй эрхлэгч (цаашид “аж ахуй эрхлэгч” гэх) энэ тухайгаа сайн дураараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илчилсэн тохиолдолд хохирлын хэмжээг харгалзан захиргааны шийтгэлээс хөнгөлөхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.


Хоёр. Захиргааны шийтгэлийг хөнгөлөх ажиллагааны
удирдлага, түүний үйл ажиллагаа


2.1 Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс хөнгөлөх шийдвэрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гаргана.

2.2 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь аж ахуй эрхлэгчдийн өргөдлийг ирүүлсэн хугацааны дарааллын дагуу хянан шийдвэрлэнэ.

2.3 Захиргааны шийтгэлээс хөнгөлөх эсэх асуудлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.4 Өргөдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын бичиг хэргийн ажилтан хүлээн авч, ийнхүү хүлээн авсан мэдээлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг, минутыг бүртгэж энэ тухай баримтыг өргөдөл гаргагчид өгнө.

2.5 Бичиг хэргийн ажилтан бүртгэсэн өргөдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хүлээлгэн өгнө.

2.6 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга хүлээн авсан өргөдлийг тухайн картелийн зөрчлийг хянан шалгах улсын байцаагчид шууд шилжүүлэх бөгөөд уг улсын байцаагч нь тухайн асуудлыг газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулна.  

2.7 Өргөдөл болон түүнд хавсаргасан баримт материалтай зөвхөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, тухайн хэргийг хянан шалгаж буй  улсын байцаагч, газрын хуралдааны гишүүд болон бичиг хэргийн ажилтан танилцах эрхтэй бөгөөд уг баримт материалын нууцыг хадгалах үүрэгтэй.

2.8 Захиргааны шийтгэлээс хөнгөлүүлэх тухай аж ахуй эрхлэгчийн өргөдлийг ирүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор газрын хуралдааныг зарлан хуралдуулж хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.9 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын гишүүдийн зүгээс хүсэлт тавин шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчийг хуралдаанд оролцуулж асуулт асууж болно.

2.10 Газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг өргөдөл гаргагчид амаар урьдчилан мэдэгдэж болно.

2.11 Газрын хуралдаан нь аж ахуй эрхлэгчийн гаргасан өргөдлийн дагуу энэ журмын 3.1-3.3-т заасан нөхцөл бүрдсэн, шаардлагыг хангасан тохиолдолд захиргааны шийтгэлээс 100 хувь хөнгөлөх, 3.1, 3.2, 3.4-т тус тус заасан нөхцөл бүрдсэн, шаардлагыг хангасан тохиолдолд 50 хүртэл хувиар хөнгөлөх, эсхүл энэ журмын шаардлагуудыг хангаагүй тохиолдолд хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан шийдвэрийг гаргана.

2.12 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь захиргааны шийтгэлээс 50 хүртэл хувь хэмжээгээр хөнгөлөх тухай шийдвэрийг  дараах тохиолдолд өөрийн санаачлагаар гаргаж болно. Үүнд:

2.12.1 Тэргүүн ээлжид өргөдөл гаргагчийн хувьд энэ журмын 3.1-3.3-т заасан нөхцөл бүрэн бүрдээгүй, шаардлагыг бүрэн хангаагүй;
2.12.2 Өргөдөл гаргагч захиргааны шийтгэлээс 100 хувь хөнгөлүүлэх тухай өргөдлөөсөө татгалзаагүй;
2.12.3 Тухайн өргөдөл гаргагчийн хувьд энэ журмын 3.1, 3.2, 3.4-т тус тус заасан нөхцөл бүрдсэн, шаардлагыг хангасан;

2.13 Энэ журмын дагуу тэргүүн ээлжид өргөдөл гаргасан аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс бүрэн чөлөөлөх нөхцөл бүрдээгүй, шаардлага хангаагүй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үзвэл дараагийн ээлжид өргөдөл гаргасан аж ахуй эрхлэгчийн хувьд энэ журмын 3.1-3.3-т заасан нөхцөл бүрдсэн, шаардлагыг хангасан эсэхийг шалгаж түүнд ногдуулсан захиргааны шийтгэлээс 100 хувь хөнгөлөх талаар шийдвэр гаргана.

2.14 Энэ журмын 2.13-т заасан зохицуулалт нь өргөдөл гаргасан хугацааны дарааллаар бусад өргөдлийг хянан шийдвэрлэхэд нэгэн адил мөрдөгдөнө.

Гурав. Захиргааны шийтгэлээс хөнгөлөх хувь хэмжээ,
тавигдах шаардлага

3.1 Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчсөн тухайгаа сайн дураараа илчилсэн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгч өргөдөл гаргахдаа захиргааны шийтгэлээс 100 хувь хөнгөлөгдөх, эсхүл 50 хүртэл хувиар хөнгөлөгдөх эсэх талаар шийдвэр гаргаж ирүүлнэ.

3.2 Захиргааны шийтгэлээс 100 хувь хөнгөлөгдөх, эсхүл 50 хүртэл хувиар хөнгөлөгдөх аж ахуй эрхлэгчид нь дараахь үндсэн шаардлагуудыг хангасан байна.

3.2.1 Өргөдөл гаргах үедээ хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоосон байх /гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай явуулахад өргөдөл гаргагчтай хамтран ажиллах зорилгоор зөрчил гаргасан үйлдлийг нь зогсоолгүйгээр тодорхой хугацаанд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзвэл энэ заалтын шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй, мөн өргөдөл гаргаснаас хойш үргэлжлүүлэн үйлдсэн зөрчлийг тухайн этгээдийн хувьд зөрчилд тооцохгүй/,

3.2.2 Зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай сайн дураараа, үнэнч, шударгаар, бүхий л нөөц бололцоогоор, тасралтгүй, нягт хамтран ажиллах үүрэг хүлээсэн байх,

3.2.3  Зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад шаардлагатай баримт материалаар хангах үүрэг хүлээсэн байх,

3.2.4 Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчсөн үйлдэл гаргахыг бусад зөрчил гаргасан этгээдүүдэд тулган шаардсан үйлдэл гаргаагүй байх, хууль зөрчсөн гэрээ, хэлцлийг санаачлан эхлүүлээгүй байх,

3.2.5 Хууль зөрчсөн үйлдлийг нотлохоор гаргаж өгсөн баримт материалыг өөрчлөн засварлаагүй, хуурамчаар үйлдээгүй, худал мэдээлэл, мэдүүлэг өгөхгүй байх,

3.3 Энэ журмын 3.1, 3.2-т заасан шаардлагаас гадна дараах нөхцөл бүрдсэн, шаардлагыг хангасан тохиолдолд аж ахуй эрхлэгчийг захиргааны шийтгэлээс 100 хувиар хөнгөлнө.

3.3.1. Өргөдөл гаргах үед Өрсөлдөөний тухай хуульд заасан картелийн зөрчлийн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мэдээгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхлээгүй,

3.3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг зөрчлийн талаар  хяналт шалгалт хийх төлөвлөгөөг гаргаагүй,

3.3.3.  Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгчээс энэ тухайгаа сайн дураараа илчилсэн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч тэргүүн ээлжид өргөдөл гаргасан,

3.3.4. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчсөн үйлдлийг тогтооход шаардлагатай хангалттай нотлох баримтыг тохиролцсон хугацаанд гаргаж өгсөн байх,

3.4 Аж ахуй эрхлэгчийг энэ журмын 3.1, 3.2-т заасан шаардлагуудыг хангахаас гадна дараахь нөхцөл байдал бүрдсэн, шаардлагыг хангасан тохиолдолд захиргааны шийтгэлээс 31-50 хүртэл хувиар хөнгөлнө.

3.4.1. Өрсөлдөөний тухай хуульд заасан картелийн зөрчлийн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар мэдсэн, зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн,

3.4.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас уг зөрчлийн талаар хяналт шалгалт хийх төлөвлөгөө гаргасан,

3.4.3. Өрсөлдөөний тухай хуулийн 23.1-д заасан зөрчлийг хянан шалгах ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчсөн аж ахуй эрхлэгч энэ тухайгаа сайн дураараа илчилсэн, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн,

3.4.4. Энэ журмын 3.3.3-т заасны дагуу өөр аж ахуй эрхлэгч тэргүүн ээлжид захиргааны хариуцлагаас 100 хувь хөнгөлөгдөх тухай өргөдөл гаргасан,

3.4.5. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зөрчлийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн,

3.5. Аж ахуй эрхлэгчийг энэ журмын 3.1, 3.2.1, 3.2.2, 3.2.5-т заасан шаардлагыг хангасан, 3.4.1-3.4.4-т заасан нөхцөл бүрдсэн, шаардлагыг хангасан тохиолдолд захиргааны шийтгэлээс 20-30 хүртэл хувиар хөнгөлнө.

3.6. Аж ахуй эрхлэгч нь энэ журмын 3.1, 3.2-т заасан шаардлагыг хангаагүй, эсвэл энэ журмын 3.4.3-т заасан хугацааг хэтрүүлэн өргөдөл гаргасан нь түүнийг захиргааны шийтгэлээс хөнгөлөхгүй байх үндэслэл болно.

Дөрөв. Захиргааны шийтгэлээс хөнгөлөх ажиллагааг
явуулах үндэслэл

4.1.  Захиргааны шийтгэлээс хөнгөлөх ажиллагааг дараах 2 үндэслэлээр явуулж болно.

4.1.1. Аж ахуй эрхлэгчийн захиргааны шийтгэлээс хөнгөлүүлэх тухай өргөдлийн дагуу,

4.1.2. Аж ахуй эрхлэгчийн гаргасан захиргааны шийтгэлээс 100 хувь хөнгөлүүлэх тухай өргөдөл болон түүний гаргаж өгсөн баримт материал энэ журмын 3.1-3.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс үзсэн бөгөөд өргөдөл гаргагч өргөдлөө татаж аваагүй тохиолдолд мөн журмын 3.2, 3.4, 3.5-т тус тус заасан нөхцөл байдал бүрдсэн, шаардлагыг хангасан эсэхийг судлан шалгаж захиргааны шийтгэлээс 50 хүртэл хувиар хөнгөлөх тухай шийдвэрийг гаргах үйл ажиллагааг газар өөрийн санаачлагаар явуулж болно.


Тав. Өргөдөл гаргахад болон түүнд хавсаргасан баримт
материалд тавигдах шаардлага


5.1. Аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан талаарх мэдээллийг болон энэхүү журмын дагуу захиргааны шийтгэлээс хөнгөлөгдөх тухай өргөдлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт бичгээр болон амаар гаргаж болно.

5.2. Өргөдөл гаргагч нь хувь хүн бол өөрийн биеэр, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага бол хууль тогтоомж болон итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд өргөдөлд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан байна.

5.3. Өргөдлийг хувь хүн өөрийн биеэр, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хууль тогтоомж болон итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд амаар гаргаж болох бөгөөд өргөдлийг хүлээж авч буй албан тушаалтан бичгээр тэмдэглэл үйлдэнэ.

5.3.1. Амаар өгсөн өргөдлийн тухай бичгээр үйлдсэн тэмдэглэлд өргөдөл гаргагчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулна. Гарын үсгээ зурж чадахгүй бол энэ тухай тэмдэглэнэ.
 
5.4. Өргөдөлд дараах зүйлийг тусгана.

5.4.1. Өргөдөл гаргагч аж ахуй эрхлэгчийн нэр, хувь хүний овог, нэр, оршин байгаа болон суугаа хаяг, холбоо барих утас, регистрийн дугаар;

5.4.2. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл, хууль зөрчсөн үйлдлийн талаарх дэлгэрэнгүй тайлбар (тухайлбал зөрчилд холбогдох бараа бүтээгдэхүүн, нутаг дэвсгэр, зөрчлийн үргэлжилсэн хугацаа, давтамж, зөрчлийн хэлбэр);

5.4.3. Гэрээ, хэлцэлд оролцсон бусад аж ахуй эрхлэгчдийн талаарх мэдээлэл;

5.4.4. Энэ журамд заасны дагуу өргөдлийн ангилал тус бүрд шаардсан нотлох баримт;

5.4.5. Өргөдөлд хавсаргасан нотлох баримт нь гадаад хэл дээр бол Монгол хэл дээрх баталгаат орчуулгын хамт ирүүлнэ;

5.4.6. Өргөдөл болон хавсралтын бүх хуудсыг эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл нотариатаар баталгаажуулсан байна;

5.5. Аж ахуй эрхлэгч нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг ирүүлнэ.

5.6. Аж ахуй эрхлэгч зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байхгүй, захиргааны шийтгэлийн хэмжээг тогтооход чухал ач холбогдол бүхий /ШӨХТГ-ын тогтоосноос илүү газар зүйн хамрах хүрээтэй, бараа бүтээгдэхүүний хүрээтэй картель явагдсан, эсвэл хууль зөрчсөн үйлдэл илүү удаан хугацаагаар үргэлжилсэн болохыг нотлох/ нотлох баримтыг гаргаж өгсөн бол уг нотлох баримтыг тухайн аж ахуй эрхлэгчид ногдуулах захиргааны шийтгэлийн хэмжээг тогтооход ашиглахгүй, харгалзан үзэхгүй.

Зургаа. Бусад

6.1. Санаатайгаар буруу, ташаа мэдээлэл ирүүлж, аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хохирол учруулсан нь тогтоогдсон бол гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

6.2. Өргөдөл гаргасан аж ахуй эрхлэгчийн хүсэлтээр түүний нэр, хаяг, утас, электрон шуудан зэрэг мэдээллийг зөрчлийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд нууцална.

6.3. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь мэдээлэгчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэж үзсэн тохиолдолд зөрчлийг хянан шийдвэрлэх явцад болон шийдвэрлэснээс хойш мэдээлэгчийг хамгаалалтад авах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.

 


---оОо---