A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 146 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ДАГУУ БАЙГУУЛАХ ГЭРЭЭ,
ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА, АВЛАГА БАРАГДУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмын зорилго нь Засгийн газрын өрийн баталгаа гаргахад тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоож, Засгийн газрын өрийн баталгааны гэрээ болон авлага барагдуулах гэрээнд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Засгийн газрын өрийн баталгаа (цаашид “баталгаа” гэх) гаргахад Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3. Засгийн газрын өрийн баталгааны санд хөрөнгө хуримтлуулах, хөрөнгийг удирдах, захиран зарцуулахтай холбогдох харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 92.5-д заасан журмаар зохицуулна.
1.4. Баталгаа гаргахад дараах зарчмыг баримтална:
1.4.1. Засгийн газар зөвхөн өөрийн гаргасан баталгааны хүрээнд үүсэх эрсдэлийг үүрэх;
1.4.2. Засгийн газар баталгааг зөвхөн эдийн засгийн үр ашигтай төсөл, арга хэмжээ, санхүүгийн чадавхитай баталгаа гаргуулагчид гаргах;
1.4.3. нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж, шударга ёсыг баримтлах.


Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт


2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. “Засгийн газрын өрийн баталгаа” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.7-д заасныг;
2.1.2. “эрсдэлийн үнэлгээ” гэж баталгаа гаргуулагч болон баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн зээллэгийг эргүүлэн төлөх чадварыг үнэлэх дүн шинжилгээг;
2.1.3. “өрийн хязгаар” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.13-т заасныг;
2.1.4. “зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээ” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.14-т заасныг;
2.1.5. “төсөл, арга хэмжээ” гэж Төсвийн тухай хуулийн 4.1.17-д заасныг;
2.1.6. “баталгаа гаргуулагч” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 34.1-д заасан этгээдийг;
2.1.7. “зээлдүүлэгч” гэж баталгаа гаргуулагчид зээл олгож буй этгээд, эсхүл баталгаа гаргуулагчийн үнэт цаас эзэмшигчийг.


Гурав. Баталгаа гаргуулах хүсэлт гаргах


3.1. Өрийн удирдлагын тухай хуулийн 34.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан этгээд баталгаа гаргуулах хүсэлтээ дараах баримт бичгийн хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Сангийн яам” гэх)-д хүргүүлнэ:
3.1.1. Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах зээллэгийн нөхцөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, түүний зориулалт, зээллэгийн гэрээ, тухайн зээллэгийг эргэн төлөх төлөвлөгөө;
3.1.2. аудитаар баталгаажсан сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт;
3.1.3. хугацаа хэтэрсэн өргүй болохыг нотлох баримт, холбогдох байгууллагын тодорхойлолт;
3.1.4. төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран баталгаажсан зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэл, нийгмийн болон байгаль орчны нөлөөллийн шинжилгээ;
3.1.5. баталгаа гаргуулагчийн талаарх хөндлөнгийн байгууллагын хууль зүйн болон санхүүгийн дүгнэлт;
3.1.6. олон улсын болон дотоодын хөндлөнгийн байгууллагаас гаргасан баталгаа гаргуулагчийн хийх зээллэгт учирч болох эрсдэлийн дүгнэлт буюу зээлжих зэрэглэлийн дүгнэлт;
3.1.7. баталгаа гаргуулагч нь дотоодын арилжааны банк байх тохиолдолд тухайн банкны Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн сүүлийн нэг жилийн үзүүлэлт, Монголбанкнаас санхүүгийн дэмжлэг, зээл олгосон эсэх, түүний хэмжээ, банкинд Монголбанкнаас хийсэн хяналт, шалгалтын тайлан, стресс тестийн дүгнэлт, тухайн зээллэгийг эргэн төлөх чадвартай эсэх талаарх Монголбанкны дүгнэлт;
3.1.8. Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан буюу барьцаалсан баталгаа гаргуулах тохиолдолд тухайн үнэт цаасыг бусад этгээдэд барьцаалсан, үүрэг ногдуулсан эсэх талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
3.1.9. компанийн дүрэм, зээлийн бодлогын баримт бичиг;
3.1.10. Сангийн яамнаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг, мэдээлэл, нотлох баримт.
3.2. Баталгаа гаргуулагчаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасны дагуу нууцад хамаарах тохиолдолд Сангийн яам мэдээллийн нууцыг чандлан сахиж, олон нийтэд задруулахгүй байх үүрэгтэй.


Дөрөв. Баталгаа гаргах нөхцөл


4.1. Сангийн яам энэхүү журмын 3.1-д заасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцөл хангагдсан эсэхийг хянана:
4.1.1. санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан эсэх;
4.1.2. баталгааны хэмжээ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх;
4.1.3. баталгааны хэмжээ нь өрийн хязгаарт нийцсэн байх;
4.1.4. баталгааны хэмжээ нь Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээнд нийцсэн байх;
4.1.5. баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь эдийн засгийн үр ашигтай, зээллэгийг эргүүлэн төлөх чадвартай байх;
4.1.6. баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа түүнийг санхүүжүүлэх зээллэгийн эргэн төлөх хугацаанаас илүүгүй байх.
4.2. Энэхүү журмын 4.1.3-т заасан шаардлага нь Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасан этгээдэд баталгаа гаргахад хамаарахгүй.


Тав. Эрсдэлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах


5.1. Энэ журмын 3.1-д заасан баримт бичгийг хүлээж аваад эрсдэлийн үнэлгээ хийхэд хангалттай гэж үзсэн тохиолдолд Сангийн яам эрсдэлийн үнэлгээ хийнэ.
5.2. Эрсдэлийн үнэлгээ хийхдээ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дэмжлэг, эсхүл зөвлөх үйлчилгээ авах эсэхийг эрсдэлийн үнэлгээ хийх шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор Сангийн яам шийдвэрлэнэ.
5.3. Зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгууруулах хугацаатай уялдуулан Сангийн яам энэ журмын 6.1-д заасан хугацааг сунгаж болно. Энэ тохиолдолд зөвлөх үйлчилгээний зардлыг төсөвт тусгах арга хэмжээ авна.
5.4. Эрсдэлийн үнэлгээ хийхдээ хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын дэмжлэг, эсхүл зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд тухайн байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд гэрээнд энэхүү журмын 3.2-т заасан мэдээллийн нууцыг хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүргийг тусгана.
5.5. Сангийн яам баталгаа гаргуулагчаас ирүүлсэн баримт бичигт үндэслэн хууль болон энэхүү журамд заасны дагуу дор дурдсан төрлийн эрсдэлийн үнэлгээ хийнэ:
5.5.1. баталгаа гаргуулагч этгээдийн эрсдэлийн үнэлгээ;
5.5.2. тухайн төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээ.
5.6. Энэхүү журмын 5.5-д заасан эрсдэлийн үнэлгээ хийхдээ дараах шалгуурыг баримтална:
5.6.1. баталгааны нөхцөл;
5.6.2. зээллэгийн нөхцөл, түүнийг эргүүлэн төлөх төлөвлөгөө;
5.6.3. төсөл, арга хэмжээний үр ашиг, өгөөж, эргэн төлөгдөх чадвар, хэрэгжих үндэслэл;
5.6.4. зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагаас өгсөн үнэлгээ;
5.6.5. бусад этгээдэд барьцаалсан хөрөнгө, баталгааны хүрээнд барьцаалах хөрөнгө;
5.6.6. санхүүгийн шинжилгээ;
5.6.7. хуулийн магадлан шалгалт, дүгнэлт;
5.6.8. санхүүгийн тайлан, аудитийн дүгнэлт, санхүүгийн байгууллагын хийсэн эрсдэлийн дүгнэлт;
5.6.9. баталгаа гаргуулагч этгээдэд учирч болох санхүүгийн, үйл ажиллагааны, зах зээлийн эрсдэл, болзошгүй өр төлбөрийн эрсдэл;
5.6.10. баталгаа гаргуулагч этгээдийн компанийн засаглалын нөхцөл байдал, дүрэм;
5.6.11. баталгаа гаргуулагч этгээдийн хөрөнгийн удирдлага;
5.6.12. баталгаа гаргуулагч этгээдийн бусад этгээдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэг;
5.6.13. баталгаа гаргуулагч нь дотоодын арилжааны банк бол Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлт;
5.6.14. баталгаа гаргуулагч нь дотоодын арилжааны банк бол Монголбанкинд хүргүүлдэг банкны тайлангийн үзүүлэлт;
5.6.15. баталгаа гаргуулагч нь дотоодын арилжааны банк бол Монголбанкны стресс тестийн дүгнэлт;
5.6.16. Сангийн яамнаас шаардлагатай гэж үзсэн бусад.
5.7. Энэ журмын 5.5-д заасан эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг дараах 5 түвшинд хуваана:
5.7.1. маш өндөр эрсдэлтэй;
5.7.2. өндөр эрсдэлтэй;
5.7.3. дундаж эрсдэлтэй;
5.7.4. бага эрсдэлтэй;
5.7.5. маш бага эрсдэлтэй.
5.8. Эрсдэлийн үнэлгээгээр баталгаа гаргуулагчийг, эсхүл төсөл, арга хэмжээний үнэлгээг маш өндөр эрсдэлтэй, эсхүл өндөр эрсдэлтэй гэж дүгнэсэн нь тухайн баталгааг гаргахгүй байх үндэслэл болно.
5.9. Энэхүү журмын 3.1-д заасан баримт бичгийн үнэн зөв эсэхийг тодорхойлолт, дүгнэлт гаргасан тухайн байгууллага, баталгаа гаргуулагч бүрэн хариуцна.
5.10. Сангийн яам эрсдэлийн үнэлгээ хийхдээ тухайн баримт бичгийн үнэн зөв эсэхийг тодруулах зорилгоор холбогдох байгууллагаас тодруулга авч болно.
5.11. Энэхүү журмын 3.1-д заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, худал мэдүүлсэн, баталгаа гаргагчийг төөрөгдүүлсэн тохиолдолд Сангийн яам холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шалгуулахаар эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.


Зургаа. Баталгаа гаргах асуудлыг шийдвэрлэх


6.1. Энэхүү журмын 3.1-д заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш хуанлийн 45 хоногийн дотор Сангийн яам эрсдэлийн үнэлгээний дүгнэлт гаргана.
6.2. Эрсдэлийн үнэлгээнд хөндлөнгийн аудит хийлгэх зорилгоор Сангийн яам нь тухай бүр Үндэсний аудитын газарт хүргүүлж, дүгнэлт гаргуулна.
6.3. Сангийн яам эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг холбогдох санал, шаардлагатай бусад мэдээллийн хамт Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ.  
6.4. Засгийн газрын баталгаа гаргах тухай шийдвэр нь хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд байна.
6.5. Засгийн газар баталгаа гаргахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай Сангийн яам баталгаа гаргуулагчид мэдэгдэж, Засгийн газрын өрийн баталгааны гэрээ болон авлага барагдуулах гэрээ, баталгаа гаргахтай холбогдох шаардлагатай бусад гэрээ байгуулах ажлыг эхлүүлнэ.
6.6. Сангийн яам нь Засгийн газрын өрийн баталгааны гэрээ болон авлага барагдуулах гэрээ, баталгаа гаргахтай холбогдох шаардлагатай бусад гэрээний төслийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хууль зүйн дүгнэлтийн хамт Засгийн газарт хүргүүлж, эцэслэн шийдвэрлүүлнэ.
6.7. Засгийн газрын өрийн баталгааны гэрээ, авлага барагдуулах гэрээний нөхцөл нь Засгийн газрын баталсан маягтын дагуу байх бөгөөд энэхүү журамд зааснаас зарчмын зөрүүгүй нэмэлт зүйл, заалтыг гэрээний төсөлд тусгаж болно.
6.8. Засгийн газар баталгаа гаргахгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай Сангийн яам баталгаа гаргуулагчид ажлын 3 хоногт багтаан мэдэгдэнэ. 


Долоо. Засгийн газрын өрийн баталгааны гэрээ


7.1. Засгийн газрын өрийн баталгааны гэрээ (цаашид “баталгааны гэрээ” гэх) Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаарх хууль зүйн дүгнэлтийг Сангийн сайдын хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
7.2. Баталгааны гэрээнд дор дурдсан агуулгатай заалтыг заавал тусгана:
7.2.1. гэрээнд хэрэглэх хууль тогтоомж, эрх зүйн акт, талуудын эрх, үүрэг, хариуцлага;
7.2.2. баталгаа нь тухайн зээллэгийн зөвхөн үндсэн болон хүүгийн төлбөрт хамаарах тухай;
7.2.3. хуулийн дагуу баталгаа нь тухайн зээллэгийн хэдэн хувьд хамаарах тухай;
7.2.4. баталгааны хүчинтэй байх хугацааны тухай;
7.2.5. баталгааны үүрэг нь гэрээний үүргээ биелүүлснээр, эсхүл гэрээнд заасан бусад үндэслэлээр дуусгавар болох тухай;
7.2.6. баталгаа гаргуулагч нь авлага барагдуулах гэрээ байгуулж, баталгааны шимтгэлийг Засгийн газрын өрийн баталгааны санд шилжүүлснээр баталгааны гэрээ хүчин төгөлдөр болох тухай;
7.2.7. баталгаа гаргуулагч зээллэгийг эргүүлэн төлөх чадваргүй болсон талаарх мэдэгдлийг Үндэсний аудитын газрын дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор зээлдүүлэгч нь тус яаманд баталгааны төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлэх үүрэгтэй байх тухай;
7.2.8. баталгааны төлбөрийн нэхэмжлэхийг зээлдүүлэгч 30 хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлээгүй тохиолдолд үүнтэй холбогдон гарах аливаа нэмэлт зардал, эрсдэлийг Засгийн газар хүлээхгүй байх тухай;
7.2.9. баталгааны гэрээтэй холбогдон үүсэх аливаа маргаантай асуудлыг шийдвэрлэх шүүхийг Хууль зүйн яамны саналаар сонгон тусгах;
7.2.10. Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасны дагуу баталгаа гаргуулагч нь хийх гадаад зээллэгтэйгээ тэнцүү хэмжээгээр өөрийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасыг барьцаалах замаар Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах тохиолдолд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн зөрүүнээс үүсэх эрсдэлийг тухайн баталгаа гаргуулагч хариуцах тухай;
7.2.11. баталгаа бүхий зээлийн хугацааг сунгасан, зээллэгийн нөхцөлийг баталгаа гаргагчийн зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн тохиолдолд баталгаа үйлчлэхгүй тухай;
7.2.12. Засгийн газрын өрийн баталгааны гэрээ нь баталгаа гаргуулагч Өрийн удирдлагын тухай хуулийн 35.6-д заасны дагуу Засгийн газрын өрийн баталгааны санд шимтгэл төлснөөр хүчин төгөлдөр болох тухай.
7.3. Баталгаа гаргуулагч нь баталгааны гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Засгийн газрын баталсан аргачлалын дагуу тооцсон шимтгэлийг Засгийн газрын өрийн баталгааны санд төлж, Сангийн яамтай авлага барагдуулах гэрээ байгуулсан байна.
7.4. Сангийн сайд баталгааны гэрээнд гарын үсэг зурахдаа энэхүү журмын 7.1-д заасан хууль зүйн дүгнэлтийг үндэслэл болгоно.
7.5. Засгийн газрын баталгааны гэрээний хугацаа зээлдүүлэгч байгууллагаас баталгаа гаргуулагчид олгож байгаа зээллэгийн хугацаанаас ихгүй байх бөгөөд энэхүү журмын 7.2.5-д зааснаар дуусгавар болно.
7.6. Баталгааны гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд холбогдох этгээдтэй байгуулна.
7.7. Баталгааны гэрээг англи, монгол хэлээр байгуулах бөгөөд гадаад хэлнээ орчуулж, албажуулахтай холбогдсон зардлыг баталгаа гаргуулагч хариуцна.


Найм. Баталгааны гэрээнд өөрчлөлт
оруулах, гэрээний хугацааг сунгах

 

8.1. Баталгаа бүхий зээллэгийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний хугацааг сунгах тохиолдолд 30-аас доошгүй хоногийн өмнө баталгаа гаргуулагч Сангийн яаманд бичгээр мэдэгдэнэ.
8.2. Зээллэгийн гэрээний хугацааг сунгах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан баталгааг тэрхүү сунгасан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан хүрээнд үйлчлэхээр өөрчлөх хүсэлтийг баталгаа гаргуулагч Сангийн яаманд гаргаж болно.
8.3. Сангийн яам хүсэлтийг хүлээж аваад тухайн өөрчлөлт анх баталгаа гаргах үндэслэл болсон нөхцөл, баталгааны гэрээ, зээллэгийн гол нөхцөл, агуулгыг өөрчлөх бол, эсхүл баталгаа гаргагчид шинээр үүрэг бий болгосон, эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт буурсан, Монгол Улсын ашиг сонирхолд үл нийцэх зохицуулалтыг агуулсан тохиолдолд дараах баримт бичгийн хамт Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлнэ:
8.3.1. баталгааны гэрээний хугацааг сунгах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд Засгийн газарт учирч болзошгүй эрсдэлийн талаарх Сангийн яамны санал, дүгнэлт;
8.3.2. баталгаа гаргуулагчаас ирүүлсэн зээллэгийн гэрээний хугацааг сунгах, нөхцөлийг өөрчлөх шалтгаан, зээлийг эргэн төлөх төлөвлөгөө, энэхүү журмын 3.1.5-3.1.7-д заасан баримт бичиг;
8.3.3. Сангийн яамнаас шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг.
8.4. Баталгааны хугацааг сунгахаар шийдвэрлэсэн тохиолдолд Засгийн газрын баталсан аргачлалын дагуу баталгаа гаргуулагч шимтгэл дахин төлнө.
8.5. Энэхүү журмын 8.4-т заасан шимтгэлийг баталгаа гаргуулагч Засгийн газрын өрийн баталгааны санд шилжүүлж, авлага барагдуулах гэрээнд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар энэхүү журмын 8.3, 8.4-т заасны дагуу баталгааны хугацааг сунгах зөвшөөрөл олгоно.


Ес. Авлага барагдуулах гэрээ


9.1. Баталгааны гэрээ байгуулахаас өмнө Сангийн сайд авлага барагдуулах гэрээг баталгаа гаргуулагчтай байгуулсан байна.
9.2. Авлага барагдуулах гэрээ нь баталгааны гэрээнд гарын үсэг зурснаар  хүчин төгөлдөр болох бөгөөд Засгийн газар баталгаа гаргуулагчаас аливаа авлагагүй болсон үед дуусгавар болно.
9.3. Авлага барагдуулах гэрээнд дараах нийтлэг заалтыг тусгана:
9.3.1. Засгийн газар баталгаа гаргуулагчийн нэрийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлбөр гүйцэтгэсэн тохиолдолд авлага барагдуулах чиглэлээр авах арга хэмжээ; 
9.3.2. ханшийн эрсдэлийг баталгаа гаргуулагч хүлээх тухай;
9.3.3. баталгаа бүхий зээллэгийн хөрөнгийн зарцуулалт болон тус хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг Засгийн газарт тогтмол тайлагнах, хянуулах тухай;
9.3.4. үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээний тухай;
9.3.5. баталгаа гаргуулагчийн өмнөөс баталгаа гаргагч төлбөр төлөхдөө татвар болон бусад ямар нэгэн суутгалгүйгээр шилжүүлсэн бол тухайн шилжүүлсэн төлбөрт ногдох татвар, суутгал бусад төлбөрийг баталгаа гаргуулагчаас бүрэн гаргуулах тухай;
9.3.6. баталгаа гаргуулагч нь зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөгдөхөөс 30 хоногийн өмнө төлбөрийг Сангийн яамны зөвшөөрсөн дансанд тухайн зээллэгийн валютаар бүрэн байршуулах бөгөөд энэхүү данснаас баталгаа бүхий зээллэгийн төлбөрийг төлөхөөс өөр зориулалтаар зарцуулахыг хориглох тухай;
9.3.7. маргаан шийдвэрлэх тухай.
9.4. Баталгаа гаргуулагч нь Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасны дагуу Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах тохиолдолд авлага барагдуулах гэрээнд дараах агуулгатай заалтыг нэмж тусгана:
9.4.1. зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөр хийгдэх өдрөөс 30 хоногийн өмнөөс баталгаа гаргуулагчийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасны нэрлэсэн дүн нь тухайн өдрийн төгрөгийн албан ханшаар тооцсон зээллэгийн дүнгээс багагүй байх;
9.4.2. энэхүү журмын 9.4.1-д зааснаас бусад үед баталгаа гаргуулагчийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасны нэрлэсэн дүн нь сар бүрийн эцэст тухайн сарын эцсийн өдрийн албан ханшаар тооцсон зээллэгийн дүнгийн 90 хувиас багагүй байх;
9.4.3. энэхүү журмын 9.4.1, 9.4.2-т заасан шаардлагыг хангах зорилгоор баталгаа гаргуулагчаас Засгийн газрын үнэт цаасыг тусгаарлан баталгаажуулах буюу барьцаалах, нэмж худалдан авах, үүргээ зөрчсөн тохиолдолд хэрхэн зохицуулах тухай;
9.4.4. баталгаа гаргуулагчийн заавал эзэмших Засгийн газрын үнэт цаасыг дуусгавар болох хугацаагаар багцлан зааж өгөх;
9.4.5. баталгаа гаргуулагчийн заавал эзэмших Засгийн газрын үнэт цаасны хэмжээг хангуулах арга хэмжээний тухай;
9.4.6. баталгааны гэрээ байгуулагдсан өдөр Монголбанкнаас зарласан мөн өдрийн төгрөгийн албан ханшаар тооцсон зээллэгийн хэмжээнээс баталгаа гаргуулагчийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасны нэрлэсэн дүн нь багагүй байх тухай. 
9.5. Өрийн удирдлагын тухай хуулийн 33.4-т заасан этгээдийн хийх зээллэгийн 85 хүртэлх хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах тохиолдолд авлага барагдуулах гэрээнд дараах агуулгатай заалтыг нэмж тусгана:
9.5.1. Өрийн удирдлагын тухай хуулийн 37.5-д заасны дагуу Засгийн газар баталгаа гаргуулагчийн нэр дээр авлага үүсгэсэн бол тухайн авлагыг Засгийн газарт эргүүлэн төлөх төлбөрийн хуваарь, нөхцөлийг тогтоох;
9.5.2. энэхүү журмын 9.5.1-д заасан нөхцөл, хуваарийг тогтооход баталгаа гаргуулагч цаашид санхүүгийн чадавхи, үзүүлэлтээ сайжруулах, авлага, зээллэгийг эргүүлэн төлөх хуваарьт төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, сар бүр Сангийн яаманд тайлагнах;
9.5.3. Сангийн яамнаас шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээ.
9.6. Баталгаа гаргуулагч нь Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т заасны дагуу Засгийн газрын өрийн баталгаа гаргуулж, баталгаа бүхий зээллэгийн нийт хөрөнгөөр Монголбанктай своп хэлцэлд орсон бол тухайн своп хэлцлийн ханшийг ашиглан энэхүү журмын 9.4-т заасан шаардлагыг хангуулна.


Арав. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах


10.1. Засгийн газрын үнэт цаасаар баталгаажуулсан буюу барьцаалснаас бусад тохиолдолд Өрийн удирдлагын тухай хуулийн 33.4-т заасан этгээдэд баталгаа гаргахдаа авлагыг барагдуулах зорилгоор баталгаа гаргуулагчийн тухайн зээллэгтэй тэнцүү хэмжээний үл хөдлөх хөрөнгө, орлого, авлага, хувьцаа, Сангийн яамнаас хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгийг барьцаалах тухай тусдаа гэрээ байгуулна.
10.2. Засгийн газрын өрийн баталгааны сангаас баталгаа гаргуулагчийн нэрийн өмнөөс төлбөр гүйцэтгэснээр тухайн баталгаа гаргуулагчийн нэр дээр авлага үүсгэж бүртгэнэ.
10.3. Баталгаа гаргуулагч нь авлага барагдуулах ажиллагааг үл маргах журмаар биелүүлэх, төлж барагдуулах үүрэгтэй.
10.4. Баталгаа гаргуулагч нь авлага барагдуулах ажиллагааг хэрэгжүүлэх санхүүгийн боломжгүй болсон, эсхүл хэрэгжүүлэхгүй байх тохиолдолд Сангийн яам энэхүү журмын 10.1-д заасан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулна.


Арван нэг. Хяналт


11.1. Баталгаа гаргах Засгийн газрын шийдвэрт тухайн төсөл, арга хэмжээг хамарч байгаа салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллахаар заана.
11.2. Баталгаа гаргасан зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад Сангийн яам дараах байдлаар хяналт тавина:
11.2.1. баталгаа гаргуулагч нь Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилт, эсхүл хөрөнгийн зарцуулалтын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор Сангийн яаманд хүргүүлэн танилцуулах;
11.2.2. баталгаа гаргуулагч улирал бүрийн санхүүгийн тайланг дараа хоёр улирлын мөнгөн хөрөнгийн төсөөллийн хамт тайлант улирлын дараагийн улирлын эхний сарын 15-ны өдрийн дотор Сангийн яаманд хүргүүлэн танилцуулах;
11.2.3. баталгаа гаргуулагч тухайн жилийн аудитаар баталгаажсан тайланг дараа жилийн эхний улиралд багтаан Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд тайлант жилээс хойших нэг жилийн санхүү, мөнгөн хөрөнгийн төсөөллийг хамт танилцуулах;
11.2.4. Сангийн яам жил бүр эрсдэлийн үнэлгээг шинэчлэн хийх бөгөөд эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт буурсан, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд дүгнэлтийг Засгийн газарт танилцуулах;
11.2.5. шаардлагатай гэж үзвэл Сангийн яамны төлөөлөл газар дээр нь очиж баталгаа гаргуулагчийн санхүүгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд хяналт, шалгалт явуулж болох бөгөөд энэ талаар баталгаа гаргуулагчид урьдчилан мэдэгдэхгүй байж болно;
11.2.6. баталгаа гаргуулагч нь Засгийн газрын өрийн баталгаа бүхий зээлийн ашиглалт гарах, үнэт цаас арилжаалах, үндсэн болон хүүгийн төлбөр, бусад төлбөр, хураамж төлөгдөх тухай бүр ажлын 3 хоногт багтаан Сангийн яаманд мэдэгдэнэ.
11.3. Засгийн газрын өрийн баталгааны хяналтын хүрээнд Сангийн яам нь баталгаа гаргуулагчаас шаардлагатай гэж үзсэн мэдээллээ гаргуулан авах эрхтэй.


Арван хоёр. Бусад


12.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12.2. Засгийн газрын өрийн баталгааг олон нийтэд мэдээлэх, ил тод байдлыг хангах, тайлагнахдаа Өрийн удирдлагын тухай хууль болон Шилэн дансны тухай хуулийг мөрдлөг болгоно.
 

------ oOo -----