- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Засгийн газрын 2015 оны 146 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ
ГЭРЭЭНИЙ ЗАГВАР
Энэхүү Засгийн газрын өрийн баталгааны гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам (цаашид “Баталгаа гаргагч” гэх), нөгөө талаас (баталгаа гаргуулагчийн нэр) (цаашид “Баталгаа гаргуулагч” гэх), (зээлдүүлэгчийн нэр/итгэмжлэгдсэн этгээдийн нэр) (цаашид ”зээлдүүлэгч”/“итгэмжлэгдсэн этгээд” гэх)-ны хооронд 20__ оны __ дугаар сарын __-ны өдөр дараах нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулав.
Тайлбар: Шаардлагатай тохиолдолд энэхүү Гэрээнд бусад этгээдийг оролцуулж болно.
(A) Баталгаа гаргуулагч (зээлдүүлэгчийн нэр/олон улсын зах зээл)-аас нийт (зээллэгийн дүн, валютын нэгж)-ын зээллэг хийхээр шийдвэрлэсэн;
(Б) Баталгаа гаргуулагчийн хүсэлт дээр үндэслэн Баталгаа гаргагч нь Засгийн газрын 20__ оны __ дугаар сарын __-ны өдрийн ___ (Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг шийдвэрлэсэн тогтоолын дугаар) дугаар тогтоолын хүрээнд баталгаа гаргуулагчийн (зээллэгийн дүн, валютын нэгж) хүртэлх зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрт (цаашид “баталгаажсан төлбөр” гэх) 100 хүртэлх хувийн/85 хүртэлх хувийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн;
(В) Энэхүү Гэрээ нь Баталгаа гаргуулагч Засгийн газрын өрийн баталгааны шимтгэлийг Засгийн газрын өрийн баталгааны санд шилжүүлж, Баталгаа гаргагчтай Авлага барагдуулах гэрээ байгуулснаар хүчин төгөлдөр болно;
(Г) Энэхүү Гэрээ нь байгуулагдсан өдрөөс хойш хуанлийн 186 хоногийн дотор хүчин төгөлдөр болоогүй тохиолдолд холбогдох бусад гэрээний хамт дуусгавар болсонд тооцогдоно;
(Д) Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь баталгаа гаргуулагчийн үнэт цаас эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлж, Итгэмжлэлийн гэрээний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн;
Тайлбар: Дээрх (Г) заалтыг Баталгаа гаргуулагч үнэт цаас гаргах тохиолдолд оруулах бөгөөд Баталгаа гэрээнд итгэмжлэгдсэн этгээд оролцохгүй тохиолдолд итгэмжлэгдсэн этгээдтэй холбоотой заалтыг хасна.
(Е) Энэхүү Гэрээний хүрээнд Баталгаа гаргуулагчийн нэрийн өмнөөс Баталгаа гаргагч баталгаажсан төлбөрийг гүйцэтгэсэн бол тэрхүү төлбөрийг нөхөн төлөхийг Баталгаа гаргуулагч зөвшөөрч Авлага барагдуулах гэрээ, Хөрөнгө барьцаалах гэрээг тус тус байгуулна.
*Тайлбар: Энэхүү Гэрээний загварт Засгийн газрын өрийн баталгааны ерөнхий нөхцөлийг багтаасан бөгөөд “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд тавих шаардлага, авлага барагдуулах журам”-д заасны дагуу холбогдох бусад заалтыг нэмж тусгаж болно.
Тайлбар: Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т зааснаар баталгаа гаргуулж байгаа тохиолдолд дээрх заалтаас Хөрөнгө барьцаалах гэрээг хасна.
(Ж) Баталгаа гаргуулагчийн эзэмшиж байгаа Засгийн газрын үнэт цаасны дуусгавар болох хугацаа нь баталгааны хугацаанаас өмнө дуусгавар болох нөхцөл байдал үүсэх тохиолдолд холбогдох харилцаа, зохицуулалтыг Авлага барагдуулах гэрээний хүрээнд зохицуулна.
Тайлбар: Өрийн удирдлагын тухай хуулийн 35.3-т зааснаар баталгаа гаргуулж байгаа тохиолдолд дээрх заалтыг тусгана.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ ЕРӨНХИЙ НӨХЦӨЛҮҮД
2.1. Баталгаа гаргагч нь Баталгаа гаргуулагч (зээлдүүлэгчийн нэр)-аас авах (зээллэгийн дүн, валютыг оруулах) зээллэгт 100 хувь хүртэлх/85 хувь хүртэлх баталгааг үл маргалдах журмаар гаргана.
2.2. Засгийн газрын өрийн баталгаа нь Баталгаа гаргуулагчийн зээллэгийн зөвхөн үндсэн болон хүүгийн төлбөрт хамаарна.
2.3. Засгийн газрын өрийн баталгааны хүчинтэй байх хугацаа нь 20__ оны __ дугаар сарын __-ны өдөр, эсхүл Гэрээний үүрэг бүрэн биелснээр дуусгавар болно.
2.4. Баталгаа гаргуулагч нь зээллэгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг товлосон хугацаандаа төлөх боломжгүй болсон тохиолдолд энэхүү Гэрээнд заасан журмын дагуу Баталгаа гаргагч зээлдүүлэгчид төлнө.
2.5. Баталгаа гаргуулагч дампуурах, төлбөрийн чадваргүй болох, бүтцийн өөрчлөлтөд орох, эсхүл зээллэгийн төлбөрийг гүйцэтгэх боломжгүй болох аливаа нөхцөл байдал үүсэх нь Баталгаа гаргагчийн энэхүү Гэрээний хүрээнд хүлээсэн үүрэг хүчингүй болсонд тооцогдохгүй.
2.6. Баталгаа гаргагч нь энэхүү Гэрээний хүрээнд хүлээсэн баталгааны үүргийг цуцлах, эсхүл шилжүүлэхгүй.
2.7. Баталгаа гаргагч нь энэхүү Гэрээний хүрээнд хүлээсэн баталгааны үүргээ хэрэгжүүлж Баталгаа гаргуулагчийн нэрийн өмнөөс баталгаажсан төлбөрийг гүйцэтгэхдээ зээлдүүлэгчийн нэхэмжлэх, Баталгаа гаргуулагчийн хүсэлт, Үндэсний аудитын газрын дүгнэлтийг үндэслэл болгоно.
2.8. Зээллэгийн төлбөрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тухай болон Үндэсний аудитын газрын дүгнэлтийг цаг тухайд нь гаргуулж, зээллэгийн төлбөрийг Баталгаа гаргагч товлосон хугацаанд гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Баталгаа гаргуулагч хүлээнэ.
2.9. Баталгаа гаргагчийн энэхүү Гэрээний хүрээнд хүлээсэн төлбөрийн үүрэг нь Баталгаа гаргагчийн бусад гадаад өр, төлбөртэй ижил зэрэглэлтэй байна.
2.10. Энэхүү Гэрээ болон түүнийг дагалдан байгуулах бусад гэрээнд оролцож байгаа талуудын эрх, үүрэг, холбогдох бусад асуудлыг тодорхойлохдоо Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэх бөгөөд мөн хуульд заасны дагуу тэдгээрийг тайлбарлана.
2.11. Энэхүү гэрээний харилцаанд үүсэх аливаа маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Тайлбар: Дээрх 2.11 дэх заалтад Хууль зүйн яамны саналыг үндэслэн өөр шүүхийг тусгаж болно.
Тайлбар: Баталгаа гаргуулагч нь зээл авах, үнэт цаас гаргахаас хамаарч энэхүү загварт ашиглагдсан “зээллэг” гэсэн нэр томьёог өөрчилнө.
------ оОо ------
Текст томруулах
A
A
A