A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 146 дугаар
тогтоолын 4 дүгээр хавсралт

ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН БАТАЛГААНЫ САНД БАТАЛГАА
ГАРГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДҮНГ
ТООЦОХ АРГАЧЛАЛ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Засгийн газрын өрийн баталгааны санд баталгаа гаргуулагчаас төлөх шимтгэлийн дүнг тооцох, тус санд уг шимтгэлийг төвлөрүүлэхэд энэхүү аргачлалыг баримтална.

1.2. Баталгаа гаргуулагчаас Засгийн газрын өрийн баталгааны санд төлөх шимтгэлийн дүнг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү аргачлалын дагуу тооцох бөгөөд шимтгэлийг Төрийн сан дахь Засгийн газрын өрийн баталгааны сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ.

1.3. Энэхүү аргачлалд ашигласан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1. “Засгийн газрын өрийн баталгаа” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.7-д заасныг;

1.3.2. “баталгаа гаргуулагч” гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 34.1-д заасан этгээдийг;

1.3.3. “Засгийн газрын гаргах өрийн баталгааны хэмжээ” гэж Засгийн газрын өрийн баталгаа гаргах нийт дүнг Засгийн газрын өрийн баталгааны гэрээ байгуулсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшийн дагуу үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн дүнг;

1.3.4. “Засгийн газрын гаргах өрийн баталгааны хугацаа” гэж Засгийн газрын өрийн баталгаа гаргах нийт хугацааг жилээр илэрхийлснийг;

1.3.5. “эрсдэлийн үнэлгээ” гэж баталгаа гаргуулагч болон баталгаа бүхий зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн зээллэгийг эргэн төлөх чадварыг үнэлэх дүн шинжилгээг.

Хоёр. Шимтгэлийн дүнг тооцоход баримтлах
зарчим, шимтгэл тооцох аргачлал

2.1. Засгийн газрын өрийн баталгааны санд баталгаа гаргуулагчаас төлөх шимтгэлийн дүнг эрсдэлгүй байх, шимтгэл тооцох аргачлал энгийн, ойлгомжтой байх үндсэн зарчмыг баримтлан дараах байдлаар тооцно:

2.1.1. баталгаа гаргуулагч этгээд болон төсөл, арга хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээг тооцоололд ашиглах;

2.1.2. шимтгэлийн дүнг төгрөгөөр илэрхийлэхдээ Засгийн газрын өрийн баталгааны гэрээ байгуулагдсан болон гэрээ сунгагдсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ханшийг ашиглах.

 

2.2. Шимтгэлийг баталгаа гаргуулагч этгээд Засгийн газрын үнэт цаасаар баталгаажуулсан буюу барьцаалж байгаа эсэхээс хамааран энэхүү аргачлалын 2.3 эсхүл, 2.7-д заасны дагуу тооцно.

2.3. Баталгаа гаргуулагч нь Засгийн газрын үнэт цаас баталгаажуулах буюу барьцаалахгүйгээр баталгаа гаргуулах тохиолдолд шимтгэлийн хэмжээг тооцохдоо суурь шимтгэл дээр Засгийн газрын баталгаа гаргуулагч этгээд болон хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр тогтоосон хувийн аль өндөр хувь хэмжээг нэмэх ба дараах байдлаар томьёолно:

Fg = A * t * (r + i)

Fg – Баталгаа гаргуулагчаас Засгийн газрын өрийн баталгааны санд төлөх шимтгэлийн нийт дүн;

А -  Засгийн газрын гаргах өрийн баталгааны хэмжээ;

t - Засгийн газрын гаргах өрийн баталгааны хугацаа;

r – Энэ аргачлалын 2.4-т заасан суурь шимтгэлийн хувь хэмжээ;

i – Энэ аргачлалын 2.5-д заасан баталгаа гаргуулагч этгээдийн эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь болон 2.6-д заасан төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувийн аль өндөр хувь хэмжээ.

2.4. Суурь шимтгэлийн хувь хэмжээ нь тогтмол бөгөөд 0.5 хувь байна.

2.5. Баталгаа гаргуулагч этгээдийн эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь хэмжээг дараах байдлаар тогтооно:

2.5.1. маш өндөр эрсдэлтэй – 2.25 хувь;
2.5.2. өндөр эрсдэлтэй – 1.5 хувь;
2.5.3. дундаж эрсдэлтэй – 0.75 хувь;
2.5.4. бага эрсдэлтэй – 0.5 хувь;
2.5.5. маш бага эрсдэлтэй – 0.25 хувь.

2.6. Баталгаа гаргуулагч этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь хэмжээг дараах байдлаар тогтооно:

2.6.1. маш өндөр эрсдэлтэй – 2.25 хувь;
2.6.2. өндөр эрсдэлтэй – 1.5 хувь;
2.6.3. дундаж эрсдэлтэй – 0.75 хувь;
2.6.4. бага эрсдэлтэй – 0.5 хувь;
2.6.5. маш бага эрсдэлтэй – 0.25 хувь.

2.7. Баталгаа гаргуулагч нь Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан буюу барьцаалж баталгаа гаргуулах тохиолдолд шимтгэлийн хэмжээг тооцохдоо Засгийн газрын баталгаа гаргуулагч этгээд болон хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр тогтоосон хувийн аль өндөр хувь хэмжээг Засгийн газрын баталгааны дүнгээр үржүүлэх бөгөөд дараах байдлаар томьёолно:

 

Fg = A * R

Fg – Баталгаа гаргуулагчаас Засгийн газрын өрийн баталгааны санд төлөх шимтгэлийн нийт дүн;

А -  Засгийн газрын гаргах өрийн баталгааны хэмжээ;

R – Энэ аргачлалын 2.8-д заасан баталгаа гаргуулагч этгээдийн эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь болон 2.9-т заасан төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувийн аль өндөр хувь хэмжээ. Хэрэв баталгаа гаргуулагчийн хийх зээллэгийн төсөл, арга хэмжээг тодорхойлох боломжгүй тохиолдолд  энэ аргачлалын 2.8-д заасан баталгаа гаргуулагч этгээдийн эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь хэмжээ байна.

 

2.8. Баталгаа гаргуулагч этгээдийн эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь хэмжээг дараах байдлаар тогтооно:

2.8.1. маш өндөр эрсдэлтэй – 10.0 хувь;
2.8.2. өндөр эрсдэлтэй – 8.0 хувь;
2.8.3. дундаж эрсдэлтэй – 3.0 хувь;
2.8.4. бага эрсдэлтэй – 2.0 хувь;
2.8.5. маш бага эрсдэлтэй – 1.5 хувь.

2.9. Баталгаа гаргуулагч этгээдийн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эрсдэлийн үнэлгээнд харгалзах хувь хэмжээг дараах байдлаар тогтооно:

2.9.1. маш өндөр эрсдэлтэй – 10.0 хувь;
2.9.2. өндөр эрсдэлтэй – 8.0 хувь;
2.9.3. дундаж эрсдэлтэй – 3.0 хувь;
2.9.4. бага эрсдэлтэй – 2.0 хувь;
2.9.5. маш бага эрсдэлтэй – 1.5 хувь.

Гурав. Шимтгэл тооцох, Засгийн газрын өрийн
баталгааны санд төвлөрүүлэх

3.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монголбанкны зарласан албан ханшид үндэслэн Засгийн газрын өрийн баталгааны санд төвлөрүүлбэл зохих шимтгэлийн нийт дүнг энэхүү аргачлалын дагуу тооцож, нэхэмжлэхийг баталгаа гаргуулагчид Засгийн газрын өрийн баталгааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 5 хоногийн дотор хүргүүлнэ.

3.2. Баталгаа гаргуулагч нь энэ аргачлалын 3.1-д заасан нэхэмжлэхэд үндэслэсэн шимтгэлийг Төрийн сангийн Засгийн газрын өрийн баталгааны сангийн тусгай дансанд ажлын 5 өдрийн дотор шилжүүлнэ.

3.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаа гаргуулагчийн шилжүүлсэн төлбөрийн даалгаварыг баталгаажуулсны үндсэн дээр Засгийн газрын өрийн баталгааны гэрээнд салшгүй хэсэг болгон хавсаргана.

3.4. Засгийн газрын өрийн баталгааны хугацаа сунгагдсан тохиолдолд баталгаа гаргуулагчаас нэмж төлбөл зохих шимтгэлийн дүнг энэхүү аргачлалын дагуу тооцож, нэхэмжлэхийг 3.1-д заасны дагуу хүргүүлэх бөгөөд тооцоололд гэрээ сунгагдсан өдрийн Монголбанкны зарласан албан ханшийг ашиглана.

Дөрөв. Бусад зүйл

4.1. Засгийн газрын өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийн баримт нь Засгийн газрын өрийн баталгааны гэрээний салшгүй хэсэг байна.

4.2. Засгийн газрын өрийн баталгааны санд шилжүүлсэн шимтгэлийг баталгаа гаргах зээллэгт энэ аргачлалын дагуу гэрээ сунгагдахаас бусад тохиолдолд зөвхөн нэг удаа тооцож, санд төвлөрүүлэх бөгөөд Засгийн газрын өрийн баталгааны сангаас тус шимтгэлийг баталгаа гаргуулагчид буцаан олгохгүй.

 

------ оОо ------