A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам
Бүлэг: 1979

УУХҮС-ын 2020 оны А-341 дүгээр тушаалаар хүчингүй болсон.

Уул уурхайн сайдын

2015 оны 04 дүгээр сарын 29 -ны өдрийн

81 дугаар тушаалын хавсралт

 

 

Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг

мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн Монгол Улсад геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр.Мэргэжлийн төрийн бус байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

2.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрхийг олгох үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагыг (цаашид “төрийн бус байгууллага” гэх) сонгон, хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

 

2.2.Төрийн бус байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

 

2.2.1.энэхүү журмын нийтлэг үндэслэлд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байх;

 

2.2.2.үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн түвшинд мэргэшсэн мэргэжилтэн сургах, эрх олгох асуудлыг хэрэгжүүлэх;

 

2.2.3.геологи, уул уурхайн инженерүүдэд мэргэшсэн мэргэжилтний эрхийг олгох зэргийн сургалт, давтан сургалтыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх;

 

2.2.4.ашигт малтмалын нөөцийн стандартын Олон улсын хороо (CRIRSCO)-д Монгол Улсыг төлөөлөн хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллага болох;

 

2.2.5.эрдэс баялгийг зохистой ашиглахад үндэсний мэргэжилтнүүдийн оролцоог шийдвэрлэх үүрэгтэй болгох, тэдний хариуцлагыг өндөржүүлэх;

2.2.6.олон улсад геологи хайгуул, уул уурхайн чиглэлээр баримталж байгаа заавар, журам, стандартыг мэргэжлийн судлаачдын оролцоотойгоор өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулах, нэвтрүүлэх, нутагшуулах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох төрийн байгууллагатай хамтран ажиллах;

 

2.2.7.геологийн судалгаа, ашигт малтмалын ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайлан, ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх мэргэшсэн мэргэжилтэнд шинжээчийн эрх олгох;

 

2.2.8.гишүүн, мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчдийн мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрмийг батлах, ёс зүй ба гомдол хэлэлцэх хороог байгуулах;

 

2.2.9.геологи, уул уурхайн салбарын мэргэжлийн чиглэл тус бүрээр мэргэшсэн мэргэжилтний мэргэшлийн зэрэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, шалгалт авах, шинжээчийн эрх олгох талаар санал өгөх мэргэшсэн мэргэжилтний хороог төрийн байгууллагаас 1, мэргэжлийн холбоодоос 3, их, дээд сургуулиас 2, сургалтын төвийн төлөөллийг оролцуулан байгуулах;

 

2.2.10.энэ журмын 2.2.9-д заасан хорооны саналыг үндэслэн мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрхийг олгох, сунгах, цуцлах асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлага шийдвэрлэнэ;

 

2.2.11.энэ журмын 2.2.10-д заасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр танилцуулан хянуулж байх бөгөөд мэргэшсэн мэргэжилтэний эрхийг олгох, сунгах асуудлыг хамтран баталгаажуулна;

 

2.2.12.мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрхийг цуцлах асуудлыг уг этгээдэд урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр шийдвэрлэх;

 

2.2.13.Монголын улсын геологи, уул уурхай судлалыг хөгжүүлэх, үндэсний геологи, уул уурхайн инженерүүдийн залгамж халааг бэлтгэх, чадваржуулах.

 

Гурав.Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох, сунгах, сургалт зохион байгуулах

 

3.1.Мэргэшсэн мэргэжилтэн гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26 дахь заалтад дурдсан эрх олгогдсон иргэн, мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрхийг олгох мэргэжлийн төрийн бус байгууллагын гишүүнийг хэлэх бөгөөд Монгол Улсын Мэргэшсэн, Зөвлөх гэсэн шатлал бүхий мэргэшлийн зэрэгтэй байна.

 

3.2.Үндэсний болон олон улсын Итгэмжлэгдсэн мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох асуудлыг 2.2.4-т заасан эрх бүхий байгууллагын шаардлагад нийцүүлэн олгоно.

 

3.3.Мэргэжлийн төрийн бус байгууллага нь геологи, уул уурхайн салбарын мэргэшлийн зэрэг, шинжээчийн эрх олгох, сунгах болон сургалтыг зохион байгуулна.

 

3.4.Энэ журмын 3.3-д заасан үйл ажиллагааг зохион байгуулахдаа дараах байдлаар хэрэгжүүлнэ.

3.4.1.их, дээд сургууль, мэргэжлийн холбоод, мэргэшлийн зэрэг олгох сургалт явуулах чиглэлээр байгуулагдсан төвтэй хамтран тухайн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

3.4.2.сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу мэргэжлийн холбоод,  мэргэшлийн зэрэг олгох сургалт явуулах чиглэлээр байгуулагдсан төвтэй хамтран танхимын, эрдэм шинжилгээний хурал, семинар, мэдээлэл болон бусад хэлбэрээр сургалтыг зохион байгуулах;

 

3.4.3.сургалтад хамрагдсан зэрэг горилогчоос энэ журмын 2.2.9-д заасан хороо шалгалт авч, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх;

 

3.5.Мэргэшлийн зэрэг хүссэн горилогч нь дараах үндсэн болзол, шалгуурыг хангасан байна:

 

3.5.1.геологи, уул уурхайн чиглэлээр их, дээд сургууль төгсөж дээд боловсрол эзэмшсэн байх;

 

3.5.2.мэргэшсэн зэрэг горилогч нь бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш тухайн мэргэшлийн чиглэлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;

 

3.5.3.зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, эсхүл мэргэшсэн зэрэг авснаас хойш 6 жил үр бүтээлтэй ажилласан байх;

 

3.6.Энэ журмын 3.4.2-т заасан сургалтад хамрагдсан, 3.4.3-т заасан хорооны шийдвэр, 3.5-т заасан болзол шалгуурыг хангасан горилогчид мэргэжлийн төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр мэргэшлийн зэрэг олгох бөгөөд мэргэжлийн гэрчилгээ, батламжийг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталгаажуулж, хувийн тэмдэг олгоно.

 

3.7.Геологи, уул уурхайн мэргэжлийн чиглэлээр боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн энэ журмын 3.5.2, 3.5.3-д заасан хугацааг харгалзан мэргэшлийн зэрэг олгож болно.

 

3.8.Геологи, уул уурхайн салбарт 25-аас доошгүй жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан мэргэжилтэнд төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн мэргэшлийн зэрэг олгож болно.

 

3.9.Мэргэшлийн зэрэг сунгах, цуцлах, дуусгавар болох нөхцөл:

3.9.1.мэргэшсэн, зөвлөх зэрэгтэй мэргэшсэн мэргэжилтэн нь мэргэжлийн төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй, холбогдох сургалтанд хамрагдан хяналтын модул (жилд цуглуулах оноо) цуглуулсан тохиолдолд жил тутамд зэрэг нь сунгагдана;

 

3.9.2.мэргэшлийн зэрэгтэй мэргэшсэн мэргэжилтэний хамрагдах сургалтын хяналтын модул (жилд цуглуулах оноо)-ийг мэргэжлийн төрийн бус байгууллагаас тогтооно;

 

3.9.3.мэргэшлийн зэргээ сунгуулах хүсэлтийг (өргөдөл) энэ хугацаанд хийсэн ажлын болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт мэргэжлийн төрийн бус байгууллагад бичгээр ирүүлнэ;

 

3.9.4.мэргэшлийн зэрэг олгосон хугацаа дууссан тохиолдолд мэргэшлийн зэргийн хугацаа дуусгавар болсонд тооцно;

 

3.9.5.мэргэжлийн төрийн бус байгууллагаас баталсан ёс зүйн дүрэм болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд мэргэшлийн зэргийг мэргэжлийн төрийн бус байгууллагын ёс зүй ба гомдол хэлэлцэх хороо, мэргэшсэн мэргэжилтний хороо, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн эрх олгосон байгуулагаас цуцална;

 

3.9.6.мэргэжлийн төрийн бус байгууллага нь мэргэшлийн зэрэг, шинжээчийн эрх олгосон, сунгасан, дуусгавар болгосон, цуцалсан шийдвэр гаргасан тухай бүр төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.   

 

3.10. Мэргэшсэн мэргэжилтний бичгээр уламжилсан хүсэлт, энэ журмын 2.2.9-д заасан хорооны саналыг үндэслэн мэргэжлийн төрийн бус байгууллагын гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр шинжээчийн эрх олгоно.

 

3.11.Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т заасны дагуу ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайлан, орд ашиглах болон боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс энэ журмын 3.10-д заасан шинжээчийг томилж ажиллуулна.

 

Дөрөв. Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн ёс зүйн ерөнхий зарчим

 

4.1.Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч нь мэргэжлийн төрийн бус байгууллагаас баталсан ёс зүйн дүрэм болон олон улсын ижил төстэй байгууллагаас гаргасан мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.

 

4.2.Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч нь мэргэжлийн ажил, үйлчилгээ, шинжээчээр ажиллахдаа шударга ёс, бодит байдал, мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар, хянамгай байх, хараат бус байдал, мэдээллийн нууцыг хадгалах, техник, арга зүйн стандартуудыг баримтлах, мэргэжлийн нэр хүндийг дээдлэх зэрэг зарчим баримтална.

 

4.3.Мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч нь мэргэжлийн төрийн бус байгууллагаас баталсан ёс зүйн дүрмийг зөрчсөн бол мэргэжлийн ёс зүйг зөрчсөн гэж үзнэ.

 

Тав.Шинжээчид тавих үндсэн шаардлага

 

5.1.Шинжээчийн эрх олгогдсон мэргэшсэн мэргэжилтний нэрс ил тод байх бөгөөд эрх олгосон байгууллагаас хүсэлтээ ирүүлсэн тохиолдолд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шүүмжлэгч, шинжээчдийн жагсаалтад оруулж, Зөвлөлийн албан ёсны шүүмжлэгч, шинжээч гэж үзнэ.

 

5.2.Геологийн судалгааны тайланд дүгнэлт гаргах шүүмжлэгч шинжээч нь тухайн тайлан зааврын дагуу зохиогдсон эсэх, тухайн дүүрэгт тархсан интрузив бүрдэл, давхарга зүйд хамрагдах хурдас чулуулгийг гарал үүсэл, насны ангиллаар нь ангилсан үндэслэл, талбайн шлих, геохимийн зэрэг сорьцлолтын аргачлал, үр дүнг боловсруулсан байдал, талбайн металлогений үнэлгээ, геологийн зураг, түүний таних тэмдэгийг зохих зааврын дагуу хийсэн байдал зэргийг нягтлан, дүгнэлт, зөвлөмж өгсөн байна.

 

5.3.Ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт гаргах шинжээч ашигт малтмалын хүдрийг олборлох ил, далд уурхай барих, хүдэр олборлох, баяжуулах, цэвэршүүлэх технологийн болон үйлдвэрлэлийн машин, техник тоног төхөөрөмжийн сонголт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр ашгийн тооцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тооцоо, судалгаа зэрэгт дүгнэлт гаргана.

 

5.4.Геологи хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ашигт малтмалын нөөцийн тооцоотой тайланд дүгнэлт гаргах шинжээч нь ашигт малтмал, газрын тосны хайгуулын ажлын бүхий л аргачлал оновчтой эсэх, нөөцийн тооцооны үндсэн үзүүлэлтүүд үндэслэлтэй эсэх, холбогдох хэмжилт, лабораторын шинжилгээ оновчтой, итгэмжлэгдсэн эсэх, тооцооны материал, зураг, зүсэлт бүрэн, бодитой байгаа, гидрогеологи, хүдэр боловсруулах технологийг судалсан байдал зэрэг нь зохих аргачлалын дагуу хийгдсэн эсэх, техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээний агуулга, түүнд тавигдах шаардлагын дагуу тайлан зохиогдсон эсэхэд дүгнэлт, зөвлөмж өгнө.

 

5.5.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон шинжээч нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч, захиалагчтай шинжээчийн ажил хийхийн өмнө харилцан тохиролцон гэрээ хийсэн байна.

       

Зургаа.Хэрэгжилтэнд тавих хяналт

 

6.1.Мэргэжлийн төрийн бус байгууллага нь холбогдох нэгдсэн тайлан мэдээллийг жил бүрийн 12 сарын 10-ны дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

6.2.Энэхүү журмын дагуу зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

 

Долоо. Журмыг дагаж мөрдөх

 

7.1.Энэхүү журам батлагдсан өдрөөс өмнө олгогдсон геологи, уул уурхайн мэргэшсэн, зөвлөх инженерийн зэргийг хүчинтэйд тооцож, энэхүү журмын дагуу шинэчлэн бүртгэнэ.

 

 

 

 

---o0o---