- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Ерөнхий сайдын 2015 оны 3 дугаар
захирамжийн хавсралт
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оршил
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалтын газар (цаашид “газар” гэх)-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн зорилго нь Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээний хөрөнгө оруулалтын асуудлаар хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд зохион байгуулах, биелэлтийг хангах, сурталчлах, хуулиар олгосон эрхийн дагуу нийтээр дагаж мөрдүүлэх дүрэм, журам, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх, тэдгээрийн биелэлтэд хяналт шинжилгээ, үнэлгээ өгөх, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, хөрөнгө оруулагчдад үйлчилгээ үзүүлэх, хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын төслийг үнэлэх, улмаар татвар тогтворжуулах гэрчилгээ олгох, гадаадын төрийн өмчит компанид зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхэд болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хамарсан стратегийн болон бүтцийн загварыг тодорхойлоход оршино.
1.2. Үндэслэл
Энэхүү хөтөлбөрийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоол, Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсруулав.
1.3. Хууль тогтоомжийн орчин
Хөтөлбөрийг дараах хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлнэ:
-Монгол Улсын Үндсэн хууль;
-Засгийн газрын тухай хууль;
-Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль;
-Төрийн албаны тухай хууль;
-Хөрөнгө оруулалтын тухай хууль;
-Татварын багц хуулиуд;
-Төсвийн тухай хууль;
-Концессын тухай хууль;
-Газрын тухай хууль;
-Улсын бүртгэлийн тухай хууль;
-Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал;
-Холбогдох бусад хууль тогтоомж.
1.4. Арга зүй
Хөтөлбөрийг боловсруулахдаа олон улсын туршлага, гадаад орчны өөрчлөлт, төрийн захиргааны шинэчлэлийн удирдлага, үйл ажиллагааны онцлог, төлөвлөлт, зохицуулалтын арга зүйг ашиглаж, яам, агентлагийн үйл ажиллагааны стратеги боловсруулж ирсэн туршлага, сургамжийг харгалзсан болно. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Концессын тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэх арга замыг үндэс болгов.
1.5. Хөрөнгө оруулалтын газрын үүрэг хариуцлагын ерөнхий хуваарь
Газар нь хөрөнгө оруулалт, концессын асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих, бодлого, санал боловсруулан Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулагчдад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, татварын орчныг тогтворжуулах, төр, хувийн хэвшлийн түншлэл байгуулах, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах үүрэг, хариуцлага хүлээж, Ерөнхий сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад мэргэжлийн бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Газрын үйл ажиллагааны хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон тус газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон төрийн албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
1.6. Стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр
Газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээний эх үүсвэр, ялангуяа үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг оновчтой, бүрэн тодорхойлох нь газрын үйл ажиллагааны стратегийг тогтооход чухал ач холбогдолтойг анхаарч хэрэгцээний эх үүсвэрт дор дурдсан үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийг хамааруулав.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН СТРАТЕГИЙН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ҮНДСЭН ХЭРЭГЛЭГЧ
![]() |
Газрын үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгч нь Монгол Улсын Ерөнхий сайд, яамд, Засгийн газрын холбогдох агентлагууд, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод болон иргэд байна.
Газрын стратегийн удирдлага, зохицуулалт нь дээр дурдсан хэрэгцээний эх үүсвэр, үндсэн үйлчлүүлэгч буюу хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахтай холбогдон үүсэх бүх төрлийн харилцааг зохицуулахад чиглэнэ.
Газрын стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.
Хоёр. Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратеги
2.1. Үйл ажиллагааны стратегийн мөн чанар
Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь, холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөрөнгө оруулалтын цогц бодлого, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төрийн үйлчилгээг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд түргэн шуурхай хүргэх, мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлого, төсөл, гэрээ, хэлцлийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлахад удирдлагад бүх талын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэхэд оршино.
2.2. Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин
Улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, цаашлаад хямралын эрсдэлийг багасгахад өөрийн орны хөрөнгө оруулалт, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг оновчтой тодорхойлж хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг олон салбарт татах зорилгоор Монгол Улсыг сурталчлах, улмаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үр шимийг дээшлүүлэх, нэгдмэл бодлогоор зохицуулах нь Хөрөнгө оруулалтын газрын өмнө тулгамдсан асуудал болж байна.
2.3. Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл
Хөрөнгө оруулалтын газар нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.3.1. гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах;
2.3.2. хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлж, хөрөнгө оруулалтыг тогтвортой өргөжүүлэн үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.3.3. хөрөнгө оруулалтын үр ашгийг хөрөнгө оруулалтын төсөлтэй холбон үнэлэх, төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох эсхүл хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах;
2.3.4. төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх.
2.4. Үйл ажиллагааны эрхэм зорилго
Хөрөнгө оруулалтын газрын эрхэм зорилго нь хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн талаарх бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж хөрөнгө оруулалтын үр ашгийг макро эдийн засгийн зорилттой уялдуулахад оршино.
2.5. Үйл ажиллагааны стратегийн зорилт
Газар нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:
2.5.1. хөрөнгө оруулалтын орчинг боловсронгуй болгох бодлого, төсөл боловсруулах;
2.5.2. олон улсын амжилттай туршлагын дагуу хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, судалгаа хийх, тэдэнд зөвлөгөө өгөх цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;
2.5.3. төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах;
2.5.4. төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, аппаратыг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах.
2.6. Үйл ажиллагааны гол зорилт
Газрын үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны дор дурдсан гол зорилтыг дэвшүүлж ажиллана:
2.6.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.1.1. хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.1.2. хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд болон олон улсын хөрөнгө оруулалтын конвенцийн хэрэгжилтийг хангах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээрийн талаар санал боловсруулах;
2.6.1.3. бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үнэлгээ, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах;
2.6.1.4. гадаадын төрийн өмчит компанид зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх;
2.6.1.5. хөрөнгө оруулалтын асуудлаарх холбогдох шийдвэрийг орон тооны бус зөвлөлөөр дамжуулан төр, хувийн хэвшлийн хамтарсан зарчимд суурилан гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
2.6.1.6. хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох, хяналт тавих, бүртгэл хөтлөх.
2.6.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:
2.6.2.1. хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчид сурталчлах;
2.6.2.2. гадаад орны хөрөнгө оруулах туршлага, дэвшилтэт технологи, санхүүгийн эх үүсвэрийн талаар судалгаа хийж, өөрийн улс орны эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг сонгож, түүнийг татах үйл ажиллагааг зохион байгуулах;
2.6.2.3. хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
2.6.2.4. хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх.
2.6.3. Үйл ажиллагааны 3 дугаар зорилтын хүрээнд:
2.6.3.1. төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт боловсруулах, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концессын зүйлийн талаар судалгаа хийх, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, зохион байгуулж дүгнэх, концессын гэрээ, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах, концессын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
2.6.3.2. концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, зохицуулах, улсын хэмжээнд концессын талаарх нэгдсэн бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлэх, концесс олгох, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ, шинжилгээ хийх.
2.6.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:
2.6.4.1. газрын дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;
2.6.4.2. газрын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, газрын санхүү, төсвийн удирдлагыг хангах;
2.6.4.3. олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах, зохицуулах;
2.6.4.4. газрын мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх.
2.7. Үйл ажиллагааны зорилт
Газрын үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тус газар тодорхойлж зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн зорилт, чиг үүрэг болон ажилтнуудын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.
2.8. Үйл ажиллагааны стратеги
Газрын үйл ажиллагаа (бизнес)-ны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗАГВАР
Гурав. Газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо,
зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг
болон бусад чиг үүрэг
3.1. Бүтцийн ерөнхий тогтолцоо боловсруулахад баримтлах зарчим
Газрын үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтцийг боловсруулахад дараах зарчмыг баримтлав:
3.1.1. газрын стратегийн зорилтыг бүтцэд тусгасан байх зарчим (тухайн газрын үйл ажиллагааны бүтцийн тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц нь түүний үйл ажиллагааны стратегийн зорилттой уялдсан байх)
3.1.2. эрх мэдлийн ялгаа зааг нь тодорхой, итгэл хүлээхүйц байх зарчим (бүтцийн нэгжүүд, тэдгээрийн удирдах албан тушаалын түвшин, нэр нь аль нэгж ямар асуудал эрхэлдэг, аль албан тушаал ямар эрх мэдэлтэй болохыг тодорхой мэдэж болохуйц байх, тэдгээрийн ажлын уялдаа, ажиллах чадвар нь итгэл хүлээхүйц байх)
3.1.3. үзэгдэхүйц үйлчилгээний болон стратегийн удирдлагын баримжаатай байх зарчим (байгууллагын нэр, бүтцээс тухайн байгууллагын үйл ажиллагааны дүр төрх харагдахуйц байх, тухайлбал газрын бүтэц, бүтцийн нэгжийн нэр нь түүний үйл ажиллагааны стратегийг тусгасан байх)
3.1.4. бүтцийн хувьд энгийн байх зарчим (Агентлагийн даргаас хамгийн доод нэгжийг хүртэл хоёроос дээшгүй шат дамжлагатай байх)
3.1.5. тэнцвэрийг хангах, хяналтын хүрээг тогтоох зарчим (байгууллагын үйл ажиллагааны стратеги, бүтэц хоёрын зөв зохистой тэнцвэрийг хангах замаар аль болох хялбар удирдах, хянах боломжтой байх, үйл ажиллагааны стратегийн зорилтыг оновчтой бүлэглэх замаар бүтцийн ерөнхий тогтолцоог тогтоосон байх, энэ нь удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилан хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдүүлсэн байх)
3.1.6. улс төрийн хувьд төвийг сахисан байх зарчим (тухайн газрын төрийн захиргааны албан хаагч нь агентлагийн дарга, дэд дарга, бусад үйлчлүүлэгч буюу хэрэглэгчид төвийг сахисан, өндөр мэргэшлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй байх)
3.1.7. хангалттай чадавх, бодитой үйл ажиллагааны зарчим (үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар, зохион байгуулалтын бүтэц нь чадавхиа бүрэн илрүүлэхэд чиглэсэн, хэрэгжихүйц бөгөөд ажиллах чадвартай байх)
3.2. Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар
Дээр дурдсан зарчим болон Хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааны стратегийн загварыг үндэслэн тус газрын үйл ажиллагааны бүтцийн дор дурдсан ерөнхий тогтолцооны загвар гарч байна.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ
БҮТЦИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦООНЫ ЗАГВАР
![]() |
3.3. Зохион байгуулалтын бүтэц
Газрын үйл ажиллагааны стратегийн загвараас дор дурдсан зохион байгуулалтын бүтцийн нэгж урган гарч байна:
3.3.1. Хөрөнгө оруулалтын бодлого, үнэлгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг боловсронгуй болгох бодлого, төсөл боловсруулах үндсэн үүрэг хүлээж хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хоёр талын хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд болон олон улсын хөрөнгө оруулалтын конвенцийн хэрэгжилтийг хангах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээрийн талаар санал боловсруулах, бодлого, стратеги, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явцад үнэлгээ, хяналт-шинжилгээ, аудит хийх, үр дүнд нь үнэлгээ өгөх, дүгнэлт, зөвлөмж гарган гүйцэтгэлийг хангуулах, гадаадын төрийн өмчит компанид зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлаарх холбогдох шийдвэрийг орон тооны бус зөвлөлөөр дамжуулан төр, хувийн хэвшлийн хамтарсан зарчимд суурилан гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд тогтворжуулах гэрчилгээ олгох, хяналт тавих, бүртгэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн зүгээс Ерөнхий сайд, яамд, Хөрөнгө оруулалтын газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, санхүү, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийн зүгээс хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд, зөвшөөрөл олгохыг хүссэн гадаадын төрийн өмчит компаниуд байна.
3.3.2. Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн хоёрдугаар зорилтын хүрээнд олон улсын амжилттай туршлагын дагуу хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдад зөвлөгөө өгөх цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг хүлээж хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын талаарх эрх зүйн орчин, дотоод зах зээлийн таатай нөхцөлийг хөрөнгө оруулагчдад сурталчлах, гадаад орны хөрөнгө оруулах туршлага, дэвшилтэт технологи, санхүүгийн эх үүсвэрийн талаар судалгаа хийж, өөрийн орны эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг сонгож, түүнийг татах үйл ажиллагааг зохион байгуулах, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн зүгээс Ерөнхий сайд, яамд, Хөрөнгө оруулалтын газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн зүгээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон аж ахуйн нэгж байна. Шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага байна.
3.3.3. Концессын асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн гуравдугаар зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт боловсруулах, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концессын зүйлийн талаар судалгаа хийх, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, зохион байгуулж дүгнэх, концессын гэрээ, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах, концессын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улсын хэмжээнд концессын талаарх нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх, концесс олгох, хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, зохицуулах, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ, шинжилгээ хийх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь төрийн зүгээс Ерөнхий сайд, яамд, Хөрөнгө оруулалтын газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, нутгийн захиргааны байгууллага, санхүү, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийн зүгээс концессын төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд, бусад компаниуд байна.
3.3.4. Захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг
Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайллыг хангах, аппаратыг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах үндсэн үүрэг хүлээж газрын дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, газрын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, газрын санхүү, төсвийн удирдлагыг хангах, олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах, зохицуулах, газрын мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын статистик тоон мэдээллийг холбогдох газруудаас авч нэгтгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Энэ нэгжийн чиг үүрэгт газрын албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, газрын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх санхүүгийн менежментийг хариуцах, дотоод сургалт, сурталчилгааны төлөвлөлтийг боловсруулах, зохицуулах, дээд байгууллагын шийдвэрийн биелэлт гаргах, тайлагнах, шийдвэр, бусад баримт бичгийн төсөлд эрх зүйн хяналт тавих, газрын үйл ажиллагаанд удирдлагын арга барил, арга зүйг нэвтрүүлэх, удирдлагын болон хүний нөөцийн манлайллыг хангах, хүний нөөцийг чадавхжуулах, албан хаагчдын ажлаа тайлагнах, үүргээ биелүүлэх хариуцлагын тогтолцоог хөгжүүлэх, ажиллагсдыг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сүлжээг бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх ажил, үйлчилгээ хамаарна. Мөн газарт дотоод үйлчилгээг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, дэмжлэгээр хангах, байгууллагын соёл, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлж, тэргүүний арга барил, туршлагыг нэвтрүүлэх, ажиллах нөхцөлийг хангах асуудлыг эрхэлнэ. Гэрээгээр зарим үйлчилгээг гүйцэтгүүлэх үндсэн дээр байгууллагын болон ажилтнуудын ажиллах хэвийн, таатай орчинг бүрдүүлнэ.
Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Ерөнхий сайд, Хөрөнгө оруулалтын газрын дарга, газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, тэдгээрийн ажилтнууд, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллага байна.
Газрын удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан шийдвэрлэнэ.
------ оОо -----
Текст томруулах
A
A
A