A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИНД-63 “Нисгэгчээс бусад нисэх багийн гишүүдийн үнэмлэх, зэрэглэл”-д оруулах нэмэлт, өөрчлөлт
Бүлэг: 1979

Зам, тээврийн сайдын       

                                                                             2015 оны 05 дугаар сарын 20 -ны

                                                                                            өдрийн 146  тоот тушаалын 

хавсралт

 

 

ИНД-63 “Нисгэгчээс бусад нисэх багийн гишүүдийн үнэмлэх, зэрэглэл”-д оруулах нэмэлт, өөрчлөлт

 

Нэг.ИНД-63-тдор дурдсан агуулгатай бүлэг, зүйл, хэсэг тус тус нэмсүгэй.

 

1/Н БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПАТЧЕРТ БАГШЛАХ ЗЭРЭГЛЭЛ

 

63.601. Зэрэглэл авахад тавигдах шаардлага

 

(a) Агаарын хөлгийн диспатчерт багшлах зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:

 

1/ агаарын хөлгийн диспатчерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигч байх;

2/ тухайн мэргэжлээр тасралтгүй 5-аас дээш жил ажилласан байх;

3/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад онолын хичээлийн болон практикийн багшийн анхан шатны болон давтан сургалтад хамрагдсан байх;

4/ агаарын хөлгийн диспатчерийн шалгах зэрэглэлтэй этгээдэд хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын үеийн нислэгийн нөхцлүүдэд хамаарах зааварчлагыг зохих түвшинд өгөх ур чадвараа шалгуулж дүгнэлт гаргуулсан байх, аман болон бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.

 

63.603. Эрх, хязгаарлалт

 

(а) Энэ зүйлийн (б)-гийн хүрээнд агаарын хөлгийн диспатчерт багшлах зэрэглэлтэй этгээд нь дараах эрхийг эдэлнэ:

 

  1. агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхэнд заасан бүх эрх;
  2. агаарын хөлгийн диспатчераар бэлтгэгдэж байгаа этгээдийг ажлын байранд нь дадлагажуулах,  зааварчилгаа өгөх, хяналт тавих;
  3. агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагчийн мэргэшил, мэдлэгт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.

 

(б) Энэ зүйлийн (а)-д заасан эрхийг дараах нөхцөлд эдэлнэ:

 

  1. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад давтан сургалтад хамрагдаж гэрчилгээжсэн байх;
  2. мэргэшил, мэдлэг, ур чадвараа ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд шалгуулж,  дүгнэлт гаргуулсан байх.

 

2/О БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ДИСПАТЧЕРИЙН ШАЛГАХ ЗЭРЭГЛЭЛ

63.701. Зэрэглэл авахад тавигдах шаардлага

 

(a) Агаарын хөлгийн диспатчерийн шалгах зэрэглэл авахаар өргөдөл гаргагч этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

 

  1. агаарын хөлгийн диспатчерийн багшлах зэрэглэл бүхий хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх;
  2. тухайн мэргэжлээрээ тасралтгүй 5 жил, мөн багшийн зэрэглэлтэй 2 жил ажилласан байх;
  3. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад шалгах зэрэглэлийн онол, практикийн анхан болон давтан сургалтад амжилттай хамрагдсан байх;

4/ ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд нислэг төлөвлөлт, зохицуулалтын хэвийн болон хэвийн бус үйл ажиллагаа, онцгой тохиолдлын үеийн нислэгийн нөхцлүүдэд хамаарах зааварчлагыг зохих түвшинд өгөх ур чадвараа шалгуулж, дүгнэлт гаргуулах, аман болон бичгийн шалгалтыг амжилттай өгсөн байх.

 

63.703. Эрх, хязгаарлалт

 

(а) Энэ зүйлийн (б)-гийн хүрээнд агаарын хөлгийн диспатчерийн шалгах зэрэглэлтэй этгээд нь дараах эрхийг эдэлнэ:

 

  1. агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхэнд заасан бүх эрх;
  2. агаарын хөлгийн диспатчер болон агаарын хөлгийн диспатчерт багшлах зэрэглэлтэй этгээдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааварчилгаа өгөх, хяналт тавих;
  3. агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх шинээр авах болон агаарын хөлгийн диспатчерт багшлах зэрэглэлтэй этгээдийн мэргэшил, мэдлэгт үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах.

 

      (б) Энэ зүйлийн (а)-д заасан эрхийг дараах нөхцөлд эдэлнэ:

 

  1. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад давтан сургалтад амжилттай хамрагдсан байх;
  2. мэргэшил, мэдлэг, ур чадвараа ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд шалгуулж, дүгнэлт гаргуулсан байх.

 

Хоёр. ИНД-63-ын К Бүлэг “Агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх”-ийн зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчилсүгэй.

 

1/ 63.451. Үнэмлэх авахад тавигдах шаардлага

(а) Агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэх авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангасан байна:

1/ 21 нас хүрсэн байх;
2/ ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагын сургалт дамжааг амжилттай төгссөн байх;
3/ монгол (англи) хэл дээр уншиж, бичиж, ярьж, ойлгох чадвартай байх.

(б) Өргөдөл гаргагч нь өргөдөл гаргахаас өмнөх, тасралтгүй үргэлжлэх 6 сарын хугацаанд 90-ээс доошгүй хоногт агаарын хөлгийн диспатчерийн сургалтад хамрагдаж, агаарын хөлгийн диспатчерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигчийн хяналтанд ажил үүрэг гүйцэтгэсэн байна.

2/ 63.453. Онолын мэдлэгт тавигдах шаардлага

(a) Өргөдөл гаргагч нь агаарын хөлгийн диспатчерийн үүрэгт ажилд хамаарах дараах сэдвүүдээр онолын мэдлэгээ амжилттай шалгуулсан байна:

1/ Иргэний нисэхийн хууль дүрэм:

1.1. агаарын хөлгийн диспатчерт хамааралтай дүрэм, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний журмууд;

2/ Агаарын хөлгийн тухай ерөнхий мэдлэг:

2.1. онгоцны хөдөлгүүр, систем, хэрэглэлүүдийн ажиллах зарчим, үндсэн ойлголт;
2.2. онгоц болон хөдөлгүүрийн ашиглалтын хязгаарлалтууд;
2.3. нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт /MEL/

3/ Нислэгийн үзүүлэлтийг тооцоолох, төлөвлөлтийн журам болон ачаалалт:

3.1. агаарын хөлгийн ачаалалт, жингийн хуваарилалтын үзүүлэлтүүд болон нислэгийн онцлог,  жин төвлөрөлтийг тооцох журам;
3.2. нислэгийн төлөвлөлт, зарцуулагдах болон үлдэгдэл түлшний тооцоо, бэлтгэл аэродром сонгох журам, нислэгийн маршрутын хяналт, нислэгийн зайг уртасгах үйл ажиллагаа;
3.3. нислэгийн төлөвлөгөөг бэлтгэж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагад мэдэгдэх;
3.4. компьютерийн тусламжтайгаар нислэгийн төлөвлөлтийг зохиох үндсэн зарчмууд.

4/ Хүний хүчин зүйл:

4.1. агаарын хөлгийн диспатчерын үүрэг хариуцлага, удирдлагын зохицуулалтыг багтаасан хүний хүчин зүйл болон аюул, эрсдлийг тооцох журам.

5/ Цаг уур:

5.1. нисэхийн цаг уур, даралтын орны шинж чанар, шилжилт, фронтын бүтэц, цаг агаарын онцгой үзэгдлүүдийн шинж чанар, онцлог, түүний агаарын хөлгийн хөөрөлт, буулт, замын дагуух нислэгт нөлөөлөх нөлөөлөл;
5.2. нисэхийн цаг уурын бодит болон урьдчилсан мэдээг тайлж унших, үнэлэлт дүгнэлт өгөх, газрын болон өндрийн зургийн цаг уурын мэдээллийг ашиглах.

6/ Навигаци:

6.1.агаарын навигацийн зарчмууд, хэрэглэлийн нислэгийн журам;

7/ Үйл ажиллагааны журмууд:

7.1. агаарын навигацийн баримт бичгүүд, гарын авлагыг ашиглах;
7.2. энгийн болон аюултай ачаа тээвэрлэх үйл ажиллагааны журам;
7.3. агаарын хөлгийн осол, ноцтой зөрчил, зөрчил болон онцгой тохиолдлын үед ажиллах журам;
7.4. хөндлөнгийн хууль бус үйлдэлтэй холбоотой журам;

8/ Нислэгийн зарчмууд:

8.1. агаарын хөлгийн ангилал, төрөлтэй холбоотой нислэгийн зарчмууд;

9/ Радио холбоо:

9.1. агаарын хөлөг болон газрын станцуудтай холбоо барих журам.

3/ 63.455. Дадлага туршлагад тавигдах шаардлага

(а) Өргөдөл гаргагч нь дараах мэргэжлээр 2-оос доошгүй жил ажилласан дадлага туршлагатай байна:

  1. агаарын тээврийн тогтмол нислэгийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүнээр, эсхүл
  2. иргэний нисэхийн салбарт болон агаарын тээврийн байгууллагад цаг уурчийн мэргэжлээр,  эсхүл
  3. нислэгийн удирдагчаар; эсхүл
  4. агаарын хөлгийн диспатчерийн туслахаар.

(б)Өргөдөл гаргагч нь зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагад сургалтад хамрагдаж амжилттай дүн үзүүлсэн байх ба өргөдөл гаргахын өмнөх 6 сарын хугацаанд, ажлын 90-ээс доошгүй хоногт агаарын хөлгийн диспатчерийн хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигч эрх бүхий этгээдийн хяналтан дор дадлагажсан байна.

4/ 63.457. Ур чадварт тавигдах шаардлага

(а) Өргөдөл гаргагч нь дараах ур чадвараа харуулсан байна:

  1. өдөр тутмын цаг агаарын мэдээ, зурагт дүн шинжилгээ хийх;
  2. нислэгийн замын дагуу ажиглагдах цаг агаарын зонхилох үзэгдэл, нөхцөл байдлын талаар зөвлөмж өгөх;
  3. нисэн очих болон бэлтгэл аэродромуудын цаг агаарын урьдчилсан мэдээнд дүгнэлт хийх;
  4. өгөгдсөн сектор дахь нислэгийн үе шатуудыг оновчтой тодорхойлох;
  5. цаг агаарын таагүй нөхцөлд нислэгийн үйл ажиллагаанд бусад шаардлагатай туслалцааг үзүүлж чаддаг байх;
  6. алдааг залруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чаддаг байх.

(б) Үнэмлэх эзэмшигч нь агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхэнд заасан эрхийг 3 болон түүнээс дээш жилийн хугацаагаар эдлээгүй тохиолдолд давтан сургалтад хамрагдаж амжилттай төгссөн байх ба энэ дүрмийн 63.453-т заасан сэдвүүдийг багтаасан шалгалтыг амжилттай өгсөн байна.

(в) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б)-д заасан шалгалтыг амжилттай өгсөн тохиолдолд тухайн шалгалтын үнэлгээ нь шалгалт өгсөн өдрөөс хойш хуанлийн 24 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна.

 

5/ 63.459. Эрх, хязгаарлалт

(а) Үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн дагуу олгогдсон агаарын хөлгийн диспатчерийн үнэмлэхний хүрээнд зааснаас бусад аливаа эрхийг эдлэхгүй.

 

---оОо----