- Нүүр
- Сайдын тушаал
- Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам
Уул уурхайн сайдын 2015 оны
06 дугаар сарын 12- ны өдрийн
108 дугаар тушаалын хавсралт
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны
ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 дахь заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийг тус тус үндэслэн улсын төсвийн хөрөнгө (цаашид “УТХ” гэх)-өөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, батлагдсан төсвийг хуваарилах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийн хяналт тавих, тайлан мэдээ гаргах, үр дүнг хүлээн авах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2.Геологийн судалгааны ажил (цаашид “ГСА” гэх) гэдэгт Ашигт малтмалын тухай хуулийн 11I дүгээр зүйлд заасан геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, эрэл, хайгуул хийх, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх, геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, түүнийг баяжуулах зэргийг хамруулж ойлгоно.
1.3.Геологийн судалгааны ажилд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн ерөнхийлөн захирагч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд (цаашид “сайд” гэх) байна.
Хоёр. Геологийн судалгааны ажлыг төлөвлөх
2.1.Геологийн судалгааг гүйцэтгэхэд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу бүс нутгийн хөгжлийг жигд хангах, геологийн тогтоцыг нарийвчлан судлах, давхраажсан хурдас, гүний чулуулгийг ангилах, металлогений муж, бүс, голлох хүдрийн дүүрэг, зангилаануудыг бүрхэх, дэлхийн болон бүс нутаг, улс орны зах зээл дээр стратегийн ач холбогдолтой эрдэс түүхий эдийг богино хугацаанд бага зардлаар судлан, үр дүнд хүрэх зарчмыг баримтлана.
2.2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх) нь дараа жилд УТХ-өөр шинээр гүйцэтгэх ГСА-ын төсөв, төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, их, дээд сургуулиас саналыг жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор авч энэхүү журмын 2.3-д заасан төлөвлөгөөний төсөлд тусгана.
2.3.Төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан зарчмын дагуу төлөвлөгөөний төслийг геологийн судалгаа тус бүрээр зохиож, энэхүү журмын 1, 2 дугаар хавсралтын дагуу нэгтгэн боловсруулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл (цаашид “ЭБМЗ” гэх)-өөр хэлэлцүүлэн 3 дугаар сарын 10-ны дотор геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх)-д хүргүүлнэ.
2.4.Төрийн захиргааны төв байгууллага нь жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний дотор дараа онд гүйцэтгэх ГСА-ын төсөв, төлөвлөгөөний төслийг нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Сангийн яам” гэх)-д хүргүүлж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд тусгуулна.
2.5.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайд-төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн санхүүгийн жилийн төсвийн багц батлагдсаны дараа төлөвлөгөөт онд гүйцэтгэх ГСА-ын төлөвлөгөө, түүнд зарцуулах төсвийн хэмжээг тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны дотор баталж, олон нийтэд мэдээлнэ.
2.6.Төрийн захиргааны байгууллага нь шинээр хэрэгжүүлэх ГСА-ын даалгаврын төсөлд салбарын мэргэжлийн холбоод, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд, их, дээд сургуулийн саналыг авч нэгтгэн боловсруулж тухайн жилийн 10 дугаар сарын 31-ний дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, геологи, уул уурхайн дэд сайдаар дараа жилийн 1 дүгээр сарын 15-ны дотор батлуулна.
2.7.Төсөл гүйцэтгэгч нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх хугацаа хойшлох болон төслийн ажлын арга аргачлалд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх зэрэг асуудлыг төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
2.8.Төсөл гүйцэтгэгч нь ГСА-ын аргачлал, хэмжээ, төсөвт орсон өөрчлөлтийн саналыг төрийн захиргааны байгууллагаар тухайн жилийн 3 дугаар сарын 15-ны дотор хянуулж, мөн тухайн жилийн 4 дүгээр сарын 15-ны дотор ЭБМЗ-өөр хэлэлцүүлнэ. ЭБМЗ-өөс гаргасан дүгнэлтийг үндэслэн төсөл тус бүрийн төсвийн тодотголыг сайдаар батлуулах бөгөөд төсвийн тодотголын нэгтгэлийг мөн адил сайдаар батлуулж Сангийн яаманд хүргүүлнэ.
2.9.Магадлашгүй ажлын зардлын төсвийг тухайн төслийг гүйцэтгэх явцад гарсан урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл үүссэн тохиолдолд геологийн судалгааны үндсэн ажлыг санхүүжүүлэх зорилгоор зарцуулах эсэх асуудлыг хээрийн шуурхай хяналтын тэмдэглэл, гүйцэтгэгчийн гаргасан саналыг хэлэлцсэн ЭБМЗ-ийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
2.10.Төрийн захиргааны байгууллага нь Улсын Их Хурлаар батлагдсан санхүүжилтийн эх үүсвэрийг ГСА-д бүрэн зарцуулахын тулд үргэлжлэн хэрэгжиж байгаа төслүүдийн өмнөх оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, тухайн онд батлагдсан төсвийн тодотгол, шинээр хэрэгжүүлэх төслүүдийн тухайн оны гэрээний дүнг нэгтгэн боловсруулсан “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын тодотгосон төлөвлөгөө”–ний төслийг тухайн жилийн 9 дүгээр сарын 15-ны дотор боловсруулан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны төв байгууллага нь төслийг хянаж тухайн жилийн 10 дугаар сарын 15-ны дотор сайдын тушаалаар батлуулна.
2.11.Үргэлжлэн хэрэгжиж байгаа ГСА-ын тухайн жилийн төсвийн тодотголд тусгах үнийн тохируулгын саналыг төрийн захиргааны байгууллага боловсруулан тухайн жилийн 3 дугаар сарын 01-ний дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Тухайн төслийн төсөвт үнийн тохируулга хийх саналыг төрийн захиргааны төв байгууллага хянаж, Сангийн яаманд уламжлан шийдвэрлүүлнэ.
2.12.Тухайн онд шинээр хэрэгжүүлж эхлэх ГСА-ын сонгон шалгаруулалт хийгдэж гүйцэтгэгч нартай гэрээ байгуулсны дараа төсөл хэрэгжих аймгийн Засаг даргын тамгын газар болон холбогдох төрийн захиргааны байгууллагад төслийн ач холбогдол, үр дүнгийн талаар танилцуулж, гүйцэтгэгч байгууллагыг ажиллах нөхцөлөөр хангах тухай хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллага хариуцан хүргүүлнэ.
Гурав. Геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх
3.1.ГСА-ын төсөв, төлөвлөгөө батлагдсаны дараа төрийн захиргааны төв байгууллага нь төслийн санхүүжилтийн хуваарийг энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 20-ны дотор боловсруулж Сангийн яаманд тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ.
3.2.ГСА-ыг эхлэх бэлтгэлийг хангах зорилгоор төслийн урьдчилгаа санхүүжилтийг төслийн тухайн жилийн төсөвт өртгийн 20 хүртэл хувь хэмжээгээр олгож болно. Энэхүү урьдчилгаа санхүүжилтийг шинэ төслийн хувьд судалгааны ажил хэрэгжүүлэх гэрээ байгуулсны дараа, харин үргэлжлэн хэрэгжиж буй төсөлд тухайн оны эхнээс олгоно.
3.3.Төсөл гүйцэтгэгч нь тухайн жилийн төсөв батлагдсаны дараа төсөл тус бүрийн ажлын гүйцэтгэлийн актыг энэхүү журмын 4 дүгээр хавсралтын дагуу үнэн зөв, алдаа, засваргүй 3 хувь үйлдэж сар бүрийн 1-ний дотор төрийн захиргааны байгууллагад албажуулан хүргүүлнэ. Гүйцэтгэлийн үнэн зөв, алдаагүй болохыг тухайн төсөл гүйцэтгэгч хуулийн этгээд хариуцах бөгөөд ажлын гүйцэтгэлийг худал мэдүүлж санхүүжилт авсан нь тодорхой баримт, нотолгоогоор тогтоогдвол энэхүү журмын 4.4-д заасны дагуу хариуцлага тооцно.
3.4.Төрийн захиргааны байгууллага төсөл гүйцэтгэгчээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн актыг хянан баталгаажуулж нэгтгэнэ. Ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийг төрийн захиргааны байгууллагын дарга зөвшөөрсний дараа 3 хувь үйлдэн сар бүрийн 5-ны дотор энэхүү журмын 5 дугаар хавсралтын хамт төрийн захиргааны төв байгууллагын санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжид албажуулан хүргүүлнэ. Тус нэгж гүйцэтгэлийг хянаж Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд геологийн судалгааны ажлын санхүүжилтийг шуурхай хийнэ.
3.5.Сангийн яам нь ГСА-ын батлагдсан төсвийн хуваарьтай уялдуулан сар бүрийн гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийн эрхийг нээх бөгөөд санхүүжилтийг төрийн захиргааны төв байгууллагын ГСА-ын санхүүжилтийн дансаар дамжуулан гэрээнд заасан төсөл гүйцэтгэгчийн харилцах дансанд шилжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч санхүүжилтийн дансаа солисон тохиолдолд ажлын 3 өдрийн дотор төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр мэдэгдэж байна.
3.6.Төрийн захиргааны төв байгууллага нь баталгаажсан сар бүрийн гүйцэтгэлийг үндэслэн тухайн төсөлд шаардлагатай санхүүжилтийн хэмжээг тооцон тодорхойлж, санхүүжилтийн эрх нээгдсэний дараа ажлын 3 өдөрт багтаан энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэгч нарт хуваарилан санхүүжүүлнэ.
3.7.Төсөл гүйцэтгэгч нь тухайн жилийн төсвийн тодотголын төслийг энэхүү журмын 6 дугаар хавсралтын дагуу хийж, ГСА-ын арга аргачлалын хамт жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.8.Төсөл гүйцэтгэгч нь тухайн жилийн ажлын арга, аргачлал, төсвийн тодотголыг ЭБМЗ-ийн худалдаанаар хэлэлцүүлэхдээ энэхүү журмын 7 дугаар хавсралтын дагуу төсөл гүйцэтгэх хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл, гүйцэтгээгүй ажлын дүн, гадны байгууллагаар гүйцэтгүүлсэн ажлын дүн, илүү, дутуу гүйцэтгэсэн ажлын хэмжээг жил бүрээр гаргаж, өөрийн хүчээр гүйцэтгэсэн ажлын санхүүжилт аваагүй гүйцэтгэлийг дараа жилийн ГСА-ын төлөвлөгөөнд оруулах саналаа жил бүрийн 2 дугаар сарын 01-ний дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.9.Төсөл гүйцэтгэгч нь жил бүрийн ГСА-ын гүйцэтгэл, түүний зардлын задаргааг ажлын нэр төрөл бүрээр 8 дугаар хавсралтын дагуу гаргаж ГСА-ын жилийн эцсийн тайланд хавсарган төрийн захиргааны байгууллагад мэдээллэнэ.
3.10.Төрийн захиргааны төв байгууллага нь тухайн төслийн сүүлийн жилийн төсвийн өөрийн хүчээр гүйцэтгэх ажлын дүнгийн 20 хувийг барьцаанд байлгана. Төслийн үр дүнг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн сайдын шийдвэр гарч Геологийн мэдээллийн төв архив (цаашид “ГМТА”)-т хүлээлгэн өгч, ГСА-ыг гүйцэтгэсэн тухай гэрээг дүгнэсний дараа барьцааг буцаан олгоно. Төсөл гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасны дагуу нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгаа гаргасан төсөлд энэхүү заалт үйлчлэхгүй.
3.11.Төсөл гүйцэтгэгч нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилд гүйцэтгэсэн ажлын хувьтай тэнцүү хувиар гүйцэтгэлийн баталгааг чөлөөлүүлэх хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.
3.12.Төсөл гүйцэтгэгч нь төслийн хүрээнд бусдаар гүйцэтгүүлэх ажил (геофизикийн ажил, лабораторийн шинжилгээ, ажлын хэрэгцээний байр зүйн зураг, агаар болон сансрын зураг, түүний тоон мэдээлэл, тайлангийн зургуудыг захиалж хэвлүүлэх болон бусад шаардлагатай ажил, үйлчилгээ, бараа материал гэх мэт)-ыг гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ. Төсөл дуусахад гэрээг дүгнэсэн байна.
3.13.Төсөл гүйцэтгэгч нь ГСА-ын дээж, сорьцын шинжилгээг геологийн төв лаборатори болон итгэмжлэгдсэн бусад лабораторитой гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ.
3.14.ГСА-ын хэрэгжилтийн явцад төрийн захиргааны төв байгууллагаас томилсон шуурхай хяналтын комисс (цаашид “комисс” гэх) болон Монголын стратиграфийн комисс (цаашид “МСК” гэх)-ийн ажлын зардал, мөн хяналт тавихад шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авах, ажлын гүйцэтгэлийг хэмжин шалгах, судалгааны явцад гарсан маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дээж, сорьц авч лабораторийн шинжилгээ хийлгэх, ГСА-тай холбоотой арга аргачлал, заавар, зөвлөмж, норм боловсруулах, үр дүнгийн тайланд шүүмж бичүүлэх, ГСА-ыг үр дүнтэй гүйцэтгэж, тайланг ЭБМЗ-өөр амжилттай буюу онцсайн хамгаалсан гүйцэтгэгчийг урамшуулан шагнах зэрэгт зориулан зарцуулах аргачлал, хяналтын зардлыг төсөл тус бүрийн өөрийн хүчээр гүйцэтгэх ажлын нийт дүнгийн 2.0 хүртэл хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл гүйцэтгэгчээс төрийн захиргааны төв байгууллагын ГСА-ын аргачлал хяналтын зардлын дансанд төвлөрүүлэн зарцуулна.
3.15.Төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн холбоод, их, дээд сургууль, эрдэмтэдтэй хамтран салбарын боловсон хүчнийг давтан сургах, дадлагажуулах зорилгоор хээрийн болон танхимын сургалтыг зохион байгуулахад аргачлал хяналтын зардлаас жил бүр тодорхой хэмжээний төсвийг зарцуулна.
3.16.ГСА-ын тухайн жилийн аргачлал хяналтын зардлын төсвийг төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга батална.
3.17.Батлагдсан аргачлал хяналтын зардлын төсөв болон төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн холбогдох баримт, материалыг үндэслэн ГСА-ын аргачлал хяналтын зардлын санхүүжилтийг төрийн захиргааны төв байгууллага хянан олгож зарцуулалтыг төсөл гүйцэтгэгч нарт мэдээлнэ.
3.18.Геологийн даалгавраар өгөгдсөн асуудлуудыг судалгааны оновчтой шинэлэг арга аргачлал, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэж, онолын хувьд маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ач холбогдол бүхий баримтыг олж тогтоосон болон ашигт малтмалын хувьд хэтийн төлөвтэй эсэхийг бүрэн эцэслэн шийдвэрлэж, тайланг хугацаанд нь амжилттай хамгаалсан гүйцэтгэгчийг төсөлд зарцуулсан нийт зардлын дүнгийн 1 хүртэл хувь хэмжээгээр урамшуулан шагнаж болно. Шагналын хувь, хэмжээг ЭБМЗ-ийн хурлын дүгнэлтийг үндэслэн гаргасан сайдын шийдвэрээр олгоно.
3.19.Төслийн геологийн даалгаврын хугацааг хэтрүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төсөлд зарцуулсан нийт зардлын дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төсөл гүйцэтгэгч нарт ногдуулах ба энэ тухай төрийн захиргааны байгууллага нь ГСА гүйцэтгэсэн тухай гэрээг дүгнэсэн актад тодорхой заалт оруулан төрийн захиргааны төв байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.
3.20.Төсөл гүйцэтгэгч нь зөвшөөрөгдсөн маягтын дагуу төсөл нэг бүрээр нь геологийн даалгаврын биелэлтийн үр дүнг дэлгэрэнгүй тусгасан улирлын тайланг тухайн жилийн улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
3.21.Төрийн захиргааны байгууллага нь геологийн даалгаврын биелэлтийн үр дүн, санхүүжилтийн тайланг улирал бүр нэгтгэн гаргаж, тухайн жилийн улирал бүрийн дараа сарын 5-ны дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.22.Төсөл гүйцэтгэгч нь ГСА-ын арга аргачлал зөрчсөн, Захиалагчтай тохиролцолгүйгээр төсөлд заагаагүй ажил гүйцэтгэсэн, шуурхай хяналтын үед илэрсэн зөрчил дутагдлыг хугацаандаа арилгаагүй, актаар оногдуулсан төлбөр торгуулийг барагдуулаагүй, төсөл хэрэгжүүлэх явцад олж авсан геологи, эрдэс баялгийн холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулсан, төсөл дээр ажиллаж байгаа голлох мэргэжилтнийг 3-аас дээш удаа өөрчилсөн нь ажлын чанар, үр дүнд сөрөг нөлөө үзүүлсэн, ГСА-ын үр дүнгийн тайланг хугацаандаа ЭБМЗ, ГМТА-д хүлээлгэн өгөөгүй тохиолдолд төрийн захиргааны төв байгууллага санхүүжилтийг нь зогсоох, төлбөр торгуулийг барьцаа хөрөнгөөс барагдуулна.
3.23.ГСА-ын санхүүжилтийн дансны гүйлгээнд төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан, хариуцсан мэргэжилтэн гарын үсэг зурж, судалгааны санхүүжилтийн тайлан тэнцэл гарган бүртгэлийн хяналт тавина.
Дөрөв. Геологийн судалгааны ажилд хяналт тавих
4.1.Төсөл гүйцэтгэгчийн ажлын үр дүн болон ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор хээрийн судалгааны болон суурин боловсруулалтын ажлын гүйцэтгэлд төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагаас шуурхай хяналтыг гүйцэтгэн төсөл зохих арга, аргачлалын дагуу хэрэгжиж байгаа эсэх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхийг шалгаж, аргачлалын зөвлөгөө өгнө. Шуурхай хяналтын комиссын бүрэлдэхүүнд салбарын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулж болно.
4.2.Шуурхай хяналтын үед ажлын гүйцэтгэлийг газар дээр нь холбогдох баримт материал, мэдээ, мэдээлэлтэй танилцах, хэмжилт хийх замаар баталгаажуулж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ. Төсөл гүйцэтгэгч нь төсөлтэй холбоотой бүх баримт материал, мэдээ, мэдээллийг комисст саадгүй үзүүлж, танилцуулах, хүргүүлэх үүрэгтэй.
4.3.Хээрийн судалгааны үед геологийн даалгаварт тусгасан асуудлыг шийдвэрлэхийн тулд тухайн үед шинээр тогтоосон үр дүн, баримтыг үндэслэн ажлын арга аргачлал, хэмжээнд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулах гүйцэтгэгчийн саналыг шуурхай хяналтын комисс нь газар дээр нь хянан баталгаажуулна.Тус комисс нь тухайн төслийн ажилд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналын үндэслэл, хийх арга замыг тодорхой дурдсан илтгэх хуудас боловсруулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллага нь асуудлыг судалж, тодорхой шийдвэрийн төслийг бэлтгэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэр гаргуулна.
4.4.Тухайн төсөлд хээрийн шуурхай хяналт хийх явцад болон хээрийн материал хүлээн авахад гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээ, геологийн даалгавар болон арга аргачлал зөрчсөн, хийгээгүй ажлыг гүйцэтгэлд оруулж илүү санхүүжилт авсан нь тогтоогдвол уг ажлыг нөхөн хийлгэх, ажлын гүйцэтгэлээс хасах, ажлын биет хэмжээг холбогдох зардлын хамт актлах, ажлыг зогсоох саналыг төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
4.5.Тухайн төслийн төсөвт тусгасан биет хэмжээнээс илүү, дутуу гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг төсөл гүйцэтгэгчээс ирүүлсэн албан ёсны хүсэлт, шуурхай хяналтын хурлын тэмдэглэл, хээрийн ажил хүлээн авсан актыг үндэслэн нэгтгэж тухайн жилийн 12 дугаар сарын 10-ны дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.
4.6.Төсөл гүйцэтгэгч ГСА-ыг өөрийн санаачлагаар дур мэдэн зогсоосон, олгосон хөрөнгийг зориулалт бусаар ашигласан, арга аргачлалын алдаа гаргасан, хангалтгүй гүйцэтгэсэн, ажлын үр дүнгийн тайланг зохиож ЭБМЗ-өөр хамгаалаагүй, тайланг үрэгдүүлсэн тохиолдолд уг төсөлд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийг төсөл гүйцэтгэгчээр улсын төсөвт эргүүлэн төлүүлэх, 5 жилийн хугацаанд сонгон шалгаруулалтад оруулахгүй хар жагсаалтанд оруулах тухай саналыг төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох эрх бүхий байгууллагад танилцуулж шийдвэрлүүлнэ.
4.7.Хээрийн шуурхай хяналт хийх болон хээрийн материалыг хүлээн авах хяналтын хуудсыг төрийн захиргааны төв байгууллага батална.
Тав. Судалгааны ажлын үр дүнг хүлээн авах
5.1.Төсөл гүйцэтгэгч нь ГСА-ын үр дүнгийн тайланд шүүмж хийлгэн, МСК болон Редакцийн зөвлөлийн дүгнэлт гаргуулж, холбогдох мэргэжилтнүүдээр хянуулан ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж хамгаална.
5.2.Төслийн үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж гаргасан тэмдэглэл, дүгнэлтийг үндэслэн сайд шийдвэр гаргана. Сайдын шийдвэрийг үндэслэн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, анхдагч материалыг 9 дүгээр хавсралтын дагуу ГМТА хүлээн авна.
5.3.Тайлан, холбогдох материалыг ГМТА-т хүлээлгэн өгсний дараа төрийн захиргааны байгууллага нь “Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ”-г дүгнэсэн дүгнэлт болон 10 дугаар хавсралтын дагуу нэгтгэсэн төсвийн нэгтгэлийн хамт төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж гэрээг дуусгавар болгоно.
5.4.ГМТА нь тайлан, анхдагч материалыг хүлээн авах тухай холбогдох эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авч, түүний дагуу гүйцэтгэгчээс энэхүү журмын 5.2-д заасан зүйлсийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор багтаан өөрийн архивын үйлчилгээний мөрдөх журам, зааврын дагуу бүртгэлд тусган дугаарлан баримтжуулснаар нийтийн хэрэгцээнд батлагдсан тарифт үнэлгээгээр үйлчилнэ.
-----оОо----
Текст томруулах
A
A
A