- Нүүр
- Сайдын тушаал
- УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН, ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ МӨРДӨХ ЖУРАМ
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралт
УСНЫ САН БҮХИЙ ГАЗАР, УСНЫ ЭХ ҮҮСВЭРИЙН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН, ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМИЙГ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Усны тухай хуулийн 22.4 дэх хэсгийг үндэслэн усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт тогтоох онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн зааг, эдгээр бүсэд мөрдөх дэглэмийг тогтооход оршино.
1.2.Рашаан, түүний орчныг хамгаалах, рашааны ордын эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг энэ журмаар зохицуулахгүй.
1.3.Энэ журмыг барилга байгууламжийн байршил тогтоох, зураг төсөл зохиох, ус хангамжийн эх үүсвэрийг сонгоход үндэслэл болгоно.
1.4.Журмын хэрэгжилтэд усны сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавина.
Хоёр. Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс ба түүний дэглэм
2.1.Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны аюулаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтооно.
2.2.Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна.
2.3.Онцгой хамгаалалтын бүсийг дараах байдлаар тогтооно:
2.3.1.гол мөрний урсац бүрэлдэх эх хэсэгт түүний эргээс усны хагалбарын хил хүртэлх зайд;
2.3.2.гол мөрөн, горхи, булаг, шандын эргээс 50 метрээс доошгүй зайд буюу түүнээс өргөн, намаг бүхий татамтай тохиолдолд нийт татмын хэмжээгээр өргөсгөж;
2.3.3.нуур, урсацын тохируулгатай усан сангийн эргээс100 метрээс доошгүй зайд, гол мөрөн дээр байгуулсан усан сангийн хувьд түүний эргээс тухайн гол мөрний онцгой хамгаалалтын бүсийн өргөнтэй тэнцүү хэмжээний зайд;
2.3.4.Хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд; /БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.3.5.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд;
2.3.6.үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд.
2.4.Үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр, усны барилга байгууламж болон зам гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламжийг онцгой хамгаалалтын бүсэд барьж болно./БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5.Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно:
2.5.1.ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барих, ашиглах;
2.5.2.гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг цэвэршүүлэх байгууламж барих;
2.5.3.эргийн тохижилт хийх;
2.5.4.нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих;
2.5.5.зөвхөн 2.3.1-2.3.3-д заасан газарт мал бэлчээх;
2.5.6.хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах.
2.6.Энгийн хамгаалалтын бүсийн заагийг дараах байдлаар тогтооно:
2.6.1.усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд;
2.6.2.Нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 1000 метр хүртэлх зайд /БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/
2.7.Хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх, тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдирол бүхий хуурай сайранд хамгаалалтын бүс тогтоохгүй. /БОАЖС, БХБС-ын 2023 оны А324/185 дугаар тушаалаар хүчингүй болсон/
2.8.Энгийн хамгаалалтын бүс нь онцгой хамгаалалтын бүсээс дотогш байж болохгүй.
2.9.Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
2.9.1.мод бут огтлох;
2.9.2.хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах;
2.9.3.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис, цацраг идэвхт бодис, бүх төрлийн бордоо, пестицид хадгалах, ашиглах;
2.9.4.шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;
2.9.5.хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;
2.9.6.мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах;
2.9.7.стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах.
2.10.Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулна.
2.11.Энгийн хамгаалалтын бүсэд стратегийн орд ашиглах асуудлыг тухайн усны сан бүхий газрын усны нөөц, горим, гидрогеологийн онцлог нөхцөл, ашиглах технологи зэргийг харгалзан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, усны сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн тусгайлан шийдвэрлэнэ.
Гурав. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс ба түүний дэглэм
3.1.Хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтооно.
3.2.Усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс нь эрүүл ахуйн хориглолтын ба эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээс тогтоно. Ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрт эрүүл ахуйн бүсээс гадна тухайн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийг тогтоож өгнө.
3.3.Эрүүл ахуйн бүс тогтоогоогүй, тогтоох нөхцөл боломж хангагдаагүй болон бүсийн дэглэм зөрчигдөж байгаа усны эх үүсвэрийг хүн амын ус хангамжийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
3.4.Ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг газрын доорх усны тухайн ордын нөөц тогтоох гидрогеологийн хайгуул, судалгааны ажлын үед нарийвчлан тогтооно. Энэ судалгаагаар тогтоох газрын доорх уст үеийн зузаан, цооног дахь ашиглалтын үеийн ундарга, түвшний бууралт, ус дамжуулах чадвар, шүүрэлтийн коэффициент, нүх сүвшилийн коэффициент, усны урсгалын чиглэл, хурд зэрэг үзүүлэлтийг үндэслэн бүсийн заагийг гидродинамикийн аргаар тооцоолж зураглана. Мэргэжлийн байгууллагын хийсэн уг судалгааны дүнг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргана.
3.5.Ус хангамжийн газрын доорх эх үүсвэрийн тэжээгдлийн мужийг тогтоохдоо тухайн эх үүсвэрийн усны орд газрын усны хуримтлалыг бий болгож байгаа сав газрыг бүхэлд нь хамруулах буюу усны хагалбарын хилээр хязгаарлана.
3.6.Ус хангамжийн гадаргын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоохдоо тухайн усны объектын ус хурах талбайн хөрс, чулуулгийн тогтолцоо, усны горим,чанар, урсацыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүгнэлтийг үндэслэнэ.
3.7.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон түүний тэжээгдлийн мужид усны нөөцийн өөрчлөлт, горим, чанарын талаарх мэдээ гарган авах зорилгоор байнгын хяналт-шинжилгээ хийнэ. Улсын нэгдсэн хяналт-шинжилгээний сүлжээнээс гадна хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын /ус хангагч/ байгууллага нь тухайн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон түүний тэжээгдлийн мужид хяналт-шинжилгээ хийж дүнг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, усны сав газрын захиргаанд тогтоосон хугацаанд ирүүлнэ.
3.8.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд дараах дэглэмийг мөрдөнө:
3.8.1.эрүүл ахуйн хориглолтын бүсэд гадаргуугийн урсацыг тус бүсээс зайлуулах суваг байгуулна;
3.8.2.эх үүсвэрийг ашиглах зориулалттай барилга байгууламжийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбоно. Хэрэв боломжгүй бол стандартын шаардлага хангасан бохир усны цооног, бие засах газрыг бүсийн гадна байрлуулна;
3.8.3.ус хангамжийн барилга байгууламжид өргөтгөх, засварлах ажил хийхдээ байгаль орчин, эрүүл ахуйн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ;
3.8.4.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн эргэн тойрныг хашиж хамгаалан байнгын харуул хамгаалалттай байлгах бөгөөд худаг, усан сангийн таг, салхивчийг битүүмжлэн хялбар нээх, эвдэх боломжгүй болгоно;
3.8.5.бүсийн талбайг тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг зайлуулж, хөнөөлт шавж мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагаар механик аргаар хийлгэнэ;
3.8.6.усны эх үүсвэрийн гидрогеологийн нөхцөлөөс шалтгаалан эрүүл ахуйн бүсэд нэмэлт арга хэмжээ авч болно.
3.9.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
3.9.1.газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс хайрга чулуу олборлох;
3.9.2.ашиглалтаас гарсан цооногийг техникийн болон бусад зорилгоор нөөцөд байлгах;
3.9.3.цэвэрлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын сан байршуулах;
3.9.4.уст үеийн дээд талтай залгаа үеийн чулуулагт нөлөөлөх аливаа ажиллагаа явуулах;
3.9.5.судалгаа шинжилгээ, унд ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
3.9.6.төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
3.9.7.бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх;
3.9.8.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис, түүнийг агуулсан ашигт малтмал хадгалах, агуулах, халдварт өвчин тарааж болзошгүй зүйлс байрлуулах;
3.9.9.шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;
3.9.10.мал амьтны гаралтай түүхий эд боловсруулах, хадгалах;
3.9.11.орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах;
3.9.12.газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох.
3.10.Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөхөөс гадна 3.9 дүгээр зүйлд заасан болон нэмж дараах үйл ажиллагааг хориглоно:
3.10.1.гадны хүн орох;
3.10.2.автотээврийн болон зөөврийн бусад хэрэгсэл байрлуулах;
3.10.3.мал бэлчээх, мал аж ахуй болон туслах аж ахуй эрхлэх, ногоо тарих.
3.11.Ус хангамжийн газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужид цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис үйлдвэрлэх, тэдгээрийг ашиглан аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
3.12.Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, ус түгээх шугам, ус түгээх цэгт эрүүл ахуйн бүс тогтооно.
3.13.Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүсийг тогтооно.
3.14.Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
3.15.Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт гадаргын усыг ашиглавал түүний эргээс 200 метрээс доошгүй зайд, урсгал усны хувьд урсгалын дээд талд 50 км-ээс доошгүй, доод талд 500 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно. Нийт урт нь 40 км-ээс бага урсгал усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглавал ус хурах талбайг бүхэлд нь хамааруулан эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
3.16.Нийслэл болон аймгийн төвийн хот суурины нутаг дэвсгэр дэх ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тухайн усны эх үүсвэрийн тэжээгдлийн муж болон түүнтэй гидравлик холбоотой гол, нуурын ус хурах талбайг хамруулан тогтоож болно.
3.17.Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугам хоолойн тэнхлэгээс хоёр тийш 5 метрт эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
3.18.Хот суурин газрын төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс 50 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүс, 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
---оОо---
Текст томруулах
A
A
A