A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 257 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт

“ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН
АЖИЛЛАГАА” ХӨТӨЛБӨР

Нэг.  Хөтөлбөрийн зорилго

“Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт, цагдаагийн байгууллагын хамтын  ажиллагааг нэмэгдүүлэх замаар гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Хоёр. Хөтөлбөрийн зорилт

2.1. Хөтөлбөрийн хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

       2.1.1. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

       2.1.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн зүгээс гаргасан санал, санаачилгад цагдаагийн байгууллага мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах шинэлэг арга хэлбэрийг хэрэгжүүлэх;

       2.1.3. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийн сайн дурын санаачилгын бүлгийн үйл ажиллагаанд  дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх, урамшуулах;

       2.1.4. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны олон талт ажлыг иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

       2.1.5. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн сайн дурын санаачилгын бүлэг, олон нийтийн цагдаагийн ажилтантай хамтран ажиллах, тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Улсын хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах ажлыг  Цагдаагийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн хэмжээнд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хариуцна.

3.2. Бүх шатны нутгийн захиргааны байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлж хамтран ажиллана.

3.3. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны цагдаагийн нэгж нь иргэдийн сайн дурын бүлгүүдийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа,
    үр дүн, санхүүжилт

4.1. Хөтөлбөрийг 2015-2016 онд хэрэгжүүлнэ.

4.2. Хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

4.2.1. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны эрх зүйн орчин сайжирсан байна;

4.2.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн идэвх, оролцоо, бүтээлч санал, санаачилга нэмэгдсэн байна;

4.2.3. олон нийт, цагдаагийн хоорондын итгэлцэл бэхжиж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ойртсон байна;

4.2.4. “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр” бий болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тогтмолжсон байна; 

4.2.5. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай оролцсон иргэд болон иргэдийн сайн дурын санаачилгын бүлгийн үйл ажиллагааг дэмжиж урамшуулах нөхцөл бүрдсэн байна;

4.2.6. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил эрчимжсэнээр иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ур чадвар нэмэгдсэн байна;

4.2.7. байгууллага, иргэдийн хамтын ажиллагаанд ахиц гарсан байна;

4.2.8. эрх зүйн мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн цагдаагийн ажилтныг сургалтад хамруулсан байна;

4.2.9. иргэдийн сайн дурын санаачилгын бүлэг, олон нийтийн цагдаагийн ажилтан хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулж, үр дүнд хүрсэн байна.

4.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

4.3.1. улсын болон орон нутгийн төсөв;

4.3.2. гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжид заасан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардал:

4.3.3. хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ

5.1. Хөтөлбөрийн биелэлтийг улсын хэмжээнд үнэлэх, дүгнэх ажлыг Цагдаагийн ерөнхий газар, нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн  Засаг дарга, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулна.

5.2. Аймаг, нийслэлийн цагдаагийн байгууллага нь хөтөлбөрийн биелэлт, үр дүнг улирал бүр цагдаагийн төв байгууллага болон тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад,  цагдаагийн төв байгууллага нь хагас, бүтэн жилээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.

5.3. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

5.4. Хөтөлбөрийн үнэлгээ, хяналт-шинжилгээг жил бүр хөндлөнгийн байгууллагаар хийлгэж болно.

5.5. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт:

5.5.1. цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, иргэдийн хяналтыг бий болгон харилцан дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллах эрх зүйн бодит орчин, нөхцөл бий болсон эсэх;

5.5.2. тухайн нутаг дэвсгэрт олон нийтийн цагдаагийн ажилтан ажиллуулж, үр дүнд хүрсэн байдал, олон нийтийн цагдаагийн ажилтан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллагаас бодит дэмжлэг үзүүлсэн байдал, тухайн нутаг дэвсгэрт ажиллуулсан олон нийтийн цагдаагийн ажилтны тоо;

5.5.3. иргэдээс олон нийтийн цагдаагийн ажилтны үйл ажиллагааг үнэлсэн байдал;

5.5.4. гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлын чиглэлээр иргэдээс мэдээлэл авах, хамтран ажиллах түвшин дээшилсэн байдал;

5.5.5. иргэд, олон нийтийн гэмт хэрэг, зөрчил, ослоос өөрийгөө болон бусдыг сэргийлэх эрх зүйн мэдлэг дээшилж, “аюулгүй амьдрах орчин бүрдсэн” гэж үнэлсэн байдал;

5.5.6. төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнд хүрсэн түвшин.


------- оОо ------