- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2015
оны 134 дугаар тушаалын хавсралт
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ДАРААХ
ШАЛГАЛТ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гаалийн тухай хуулийн 235, 249.1-д заасны дагуу гаалийн байгууллагаас бүрдүүлэлтийн дараах шалгалт хийхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Бүрдүүлэлтийн дараах шалгалт /цаашид "шалгалт" гэх/ гэдэгт гаалийн байгууллагаас гадаад худалдаанд оролцогчдын худалдааны мэдээлэл, санхүү, нягтлан бодох бүртгэлийн болон анхан шатны бичиг баримт, цахим сангийн мэдээллийг нягтлан шалгах замаар гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг тодорхойлох, хууль сахилтын түвшинг үнэлэх шалгалтыг ойлгоно.
1.3. Бүрдүүлэлтийн дараах шалгалтын зорилго нь гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, худалдааны луйвартай тэмцэх, гадаад худалдаанд оролцогчдод гаалийн хууль тогтоомжийг сайн дураар сахин биелүүлэх боломж олгох, хууль ёсны худалдаа эрхлэгчдийг дэмжих замаар гадаад худалдааг хөнгөвчлөхөд оршино.
1.4. Энэ журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг Гаалийн тухай хууль болон холбогдох бусад эрх зүйн актаар зохицуулна.
Хоёр. Шалгалтын төрөл, хэлбэр, хамрах хүрээ
2.1. Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь дараах төрөлтэй байна:
2.1.1. иж бүрэн;
2.1.2. хэсэгчилсэн;
2.1.3. түүвэрчилсэн.
2.2. Бүрдүүлэлтийн дараах шалгалт нь дараах хэлбэртэй байна:
2.2.1.харьяа гаалийн газар, хороодын гаалийн бичиг баримтын шалгалт;
2.2.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад аудитад суурилсан бичиг баримтын шалгалт;
2.2.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын агуулах, ажлын байр, бараанд хийх биет үзлэг;
2.2.4. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын цахим системд хийх шалгалт;
2.2.5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн үнэлгээг хянах.
2.3. Аудитад суурилсан бичиг баримтын шалгалтаар гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн дараах мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгана.
2.3.1. барааны нэр төрөл, тоо хэмжээ;
2.3.2. барааны ангилал;
2.3.3. гаалийн үнэ, үнэлгээ;
2.3.4. барааны гарал үүслийн улс;
2.3.5. гаалийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, барагдуулалт;
2.3.6. тарифын бус хязгаарлалт;
2.3.7. оюуны өмчийн эрх
2.3.8. гаалийн бүрдүүлэлтийн горимын нөхцөл, шаардлага;
2.3.9. гаалийн болон бусад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан барааг зориулалтын дагуу ашигласан, ашиглаж байгаа байдал;
2.3.10. бусад
2.4. Бүрдүүлэлтийн дараах шалгалтад гаалийн газар, хороод болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Үүнд:
2.4.1. харьяа гаалийн газар, хороод түүний нэгжүүд ;
2.4.2. гадаад худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага;
2.4.3. гаалийн мэдүүлэгч, зуучлагч;
2.4.4. гаалийн баталгаат бүс, тусгай бүс, чөлөөт бүс болон түр агуулах эзэмшигч;
2.4.5. барааны эзэмшигч;
2.4.6. барааны өмчлөгч;
2.4.7. тээврийн болон тээвэр зуучийн байгууллага;
2.4.8. бусад
Гурав. Шалгалтын зохион байгуулалт, дэс дараалал
3.1. Шалгалтыг эрсдэл тооцсоны үндсэн дээр мэдээлэл болон бусад чиглэлийг хангуулах байдлаар хийнэ.
3.2. Шалгалтыг гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу хийнэ.
3.3. Шаардлагатай тохиолдолд шалгалтын удирдамжийн хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга, эсхүл гаалийн удирдах төв байгууллагын даргын эрх олгосноор бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга сунгана.
3.4. Гаалийн тухай хуулийн 258 дугаар зүйлд заасны дагуу төрийн бусад байгууллага, албан тушаалтантай хамтарсан шалгалт хийж болно.
3.5. Шаардлагатай тохиолдолд шалгалтын бүрэлдэхүүн гаалийн удирдах төв байгууллагын холбогдох зохион байгуулалтын нэгжийн албан тушаалтныг шалгалтад татан оролцуулна.
3.6. Бүрдүүлэлтийн дараах шалгалтанд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай холбоо тогтоож урьдчилан мэдэгдэнэ.
3.7. Шалгалтыг эхлэхдээ уулзалт зохион байгуулж, энэ журмын 1 дүгээр хавсралтын дагуу уулзалтын тэмдэглэл хөтөлж, шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал эсхүл түүнийг төлөөлөх албан тушаалтанд шалгалт хийх удирдамжийг гардуулж гарын үсэг зуруулан баталгаажуулах бөгөөд шалгалтад хамрагдах этгээдийн эрх, үүргийг танилцуулна.
3.8. Шалгалтыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байранд хийх, боломжгүй тохиолдолд гаалийн байгууллагын байранд хийж болно.
3.9. Шалгалтын бүрэлдэхүүн шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаарх ерөнхий мэдээллийг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан хүснэгтийн дагуу авна.
3.10. Шалгалтад хамрагдах бичиг баримтыг жагсаалтаар хүлээн авах, хүлээлгэн өгөх бөгөөд жагсаалтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн этгээд гарын үсэг зурна.
3.11. Шаардлагатай бол шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тооцоо нийлэх, тулгалт хийх, нэмэлт баримт материал, судалгаа, мэдээг бичгээр гаргуулан баталгаажуулж авна.
3.12. Шалгалтын бүрэлдэхүүн шалгалтын явцад үүссэн нөхцөл байдал, илэрсэн зөрчил дутагдлыг нотлох, баталгаажуулах боломжит арга, хэрэгслийг ашиглана.
3.13. Шалгалт дуусах уулзалтыг зохион байгуулж, шалгалтын үр дүнг шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дарга, захирал эсхүл орлох албан тушаалтанд танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу шалгалтын үр дүн, актыг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.
3.14. Гаалийн газар, хороодод хийсэн шалгалтын үр дүнг эрсдэлийн төлөвийн шалгуур үзүүлэлтэй уялдуулан үнэлэлт, дүгнэлт өгч Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
3.15. Шалгалтын явцад зөрчил, дутагдлыг арилгуулах талаар өгсөн зөвлөмж, үүрэг даалгаврыг биелүүлсэн эсэхэд үнэлэлт өгөх ажлыг зохион байгуулж болно.
3.16. Шалгалтын бүрэлдэхүүн шалгалтын үр дүнгийн тухай илтгэх хуудас бичиж, бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн даргад танилцуулна.
3.17. Шалгалтад хамрагдаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай үйл ажиллагааны харилцан хамааралтай, шалгалтад зайлшгүй хамруулах шаардлагатай нь баримтаар нотлогдсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаар гаалийн удирдах төв байгууллагын даргад танилцуулан, удирдамж батлуулан шалгалтыг хийнэ.
3.18. Шалгалтын явцад гэмт хэргийн талаар үндэслэлтэй сэжиг байгаа тохиолдолд шалгалт хийж буй гаалийн улсын байцаагч гаалийн удирдах төв байгууллагын гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгжтэй хамтарч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 172.4, 172.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2008 оны 123 дугаар тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагаа явуулах журам”-ын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулна.
3.19. Шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шалгалт эхлэх уулзалтын тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байх, удирдамжийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр баримтыг гаргаж өгөхгүй бол шалгалт хийлгэхээс татгалзсанд тооцож Гаалийн тухай хуулийн 249.2.3, 249.2.4-т заасны дагуу шалгалт хийнэ.
3.20. Энэ журмын 3.19-д заасан тохиолдолд шалгалтын үр дүнгээс үл хамааран тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг гаалийн эрсдлийн удирдлагын системд өндөр эрсдэл бүхий бүлэгт хамруулж, тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэлтийг нарийвчилсан бичиг баримтын болон биет шалгалтад хамруулна.
Дөрөв. Шалгалт хийсэн гаалийн улсын байцаагчийн үйлдэх баримт бичиг
4.1. Шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай төлбөрийн акт /цаашид “акт” гэх/, дүгнэлт, зөвлөмж, албан шаардлага, үйл ажиллагааны тэмдэглэл /цаашид “тэмдэглэл” гэх/ үйлдэнэ.
4.2. Энэ журмын 4.1-т заасан баримт бичгийг дараах үндэслэл, журмын дагуу үйлдэх бөгөөд тэдгээрт тусгагдсан шаардлагыг гаалийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй:
4.2.1. шалгалтаар илрүүлсэн зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль тогтоомжийн дагуу татвар, торгуулийг ногдуулж, энэ журмын 4 дүгээр хавсралтын дагуу “Гаалийн улсын байцаагчийн төлбөрийн акт” үйлдэнэ.
4.2.2. энэ журмын 3.17-д заасны дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр бол энэ журмын 5 дугаар хавсралтын дагуу “Гаалийн улсын байцаагчийн дүгнэлт” бичиж, материалыг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ.
4.2.3. гаалийн улсын байцаагчийн акт, дүгнэлт нь нэгдсэн бүртгэл, дугаартай байна.
4.2.4. гаалийн хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг арилгуулах, цаашид зөрчлийг дахин давтахгүй байх талаар гаалийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөмж бичиж хүргүүлж болно.
4.2.5. тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй шалгалтад шаардагдах бичиг баримтыг гаргуулан авах, шалгалтын бүрэлдэхүүний тавьсан хууль ёсны шаардлагын биелэлтийг хангуулах, хугацаандаа төлөөгүй актын төлбөрийг төлүүлэхээр албан шаардлага бичнэ.
4.2.6. шалгалтын бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хүрээнд шалгалтад хамрагдаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулах, талбай, үйлдвэрийн газар болон бусад объектод нэвтэрч үзлэг хийх, тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, шалгалтад хамрагдагчаас тайлбар, лавлагаа авах, асуулга, ярилцлага хийхдээ тэмдэглэл үйлдэж, тэмдэглэл үйлдэхэд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулна.
4.2.7. гаалийн баталгаат, тусгай, чөлөөт бүсүүдэд болон түр агуулахад нэвтэрч үзлэг, шалгалт хийх, тооллого явуулах, ажлын зураг авах, битүүмжлэхэд тэмдэглэл үйлдэж байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулж, тавьсан лац ломбыг хүлээлгэн өгнө.
4.3. Гаалийн улсын байцаагч нь акт, дүгнэлтийг 3 хувь үйлдэж, 1 хувийг шалгалтын баримтад, 1 хувийг шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 1 хувийг бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн бичиг баримтад хадгална.
4.4. Шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага актыг үл зөвшөөрөх, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал гаалийн улсын байцаагч гомдол гаргах эрхийн талаар тайлбарлаж, энэ журмын 3 дугаар хавсралтын дагуу шалгалтын үр дүн, актыг танилцуулж гардуулсан тухай тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.
4.5. Гаалийн улсын байцаагчийн акт нь шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч, шалгалтад хамрагдсан иргэн эсхүл аж ахуйн нэгж,байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар; актыг үл зөвшөөрөх, гарын үсэг зурах, тамга тэмдэг дарахаас татгалзвал актыг танилцуулсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
4.6. Гаалийн улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөр төлөх хугацааг акт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 15 хүртэлх хоногт багтаан төлөхөөр заана.
4.7. Хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоосон хугацаанд актын төлбөрийг төлөх боломжгүй бол иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын даргын шийдвэрээр төлбөрийг барагдуулах хугацааг 60 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.
4.8. Гаалийн улсын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд Гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
4.9. Гаалийн улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд тухайн актыг үйлдсэн гаалийн улсын байцаагч хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулна.
Тав. Шалгалтын талаар гомдол гаргах, хянан шийдвэрлэх
5.1. Шалгалтад хамрагдсан иргэн аж ахуйн нэгж, байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалттай холбоотойгоор гаалийн улсын байцаагчийн гаргасан шийдвэрт гомдол гаргахдаа Гаалийн тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
5.2. Энэ журмын 5.1-т заасан гомдлыг Гаалийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасны дагуу хянан шийдвэрлэнэ.
5.3. Гаалийн улсын байцаагчийн акт, дүгнэлт нь дараах тохиолдолд бүхэлдээ, эсхүл холбогдох хэсэгт өөрчлөлт орох буюу хүчингүй болно:
5.3.1. гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэр гарсан;
5.3.2. шүүхийн шийдвэр гарсан.
Зургаа. Эд хөрөнгө битүүмжлэх, гаалийн мэдүүлгийг нөхөн бичих
6.1. Гаалийн тухай хуулийн 249.2.3, 295 дугаар зүйлийг үндэслэн дараах тохиолдолд гадаад худалдаанд оролцогчийн байр, агуулах, талбайг битүүмжилнэ.
6.1.1. шалгалтад шаардлагатай бичиг баримтыг тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, байр, агуулах, талбайд нэвтрүүлэхгүй байх замаар шалгалтад санаатайгаар саад учруулсан;
6.1.2. шалгалттай холбоотой тайлбар тодруулга өгөхөөс зайлсхийсэн;
6.1.3. төлбөрийн актын биелэлтийг хангуулах;
6.1.4. барааны загвар дээжийг магадлан шинжилгээнд хамруулах.
6.2. Гаалийн мэдүүлгийг дараах тохиолдолд нөхөн бичиж болно.
6.2.1. хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сайн дураар гаалийн байгууллагад нөхөн бүрдүүлэлт хийлгэх хүсэлт гаргасан;
6.2.2. гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангуулах.
Долоо. Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх гаалийн улсын байцаагчийн эрх,
үүрэг, хориглох зүйл
7.1. Шалгалт хийх гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 237.2, 237.3, 249.2, 274.1-д зааснаас гадна дор дурьдсан эрхийг эдэлнэ:
7.1.1. бүрдүүлэлтийн дараах шалгалттай холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байр, агуулах, талбай, үйлдвэрийн газар болон бусад объектод нэвтрэх;
7.1.2. гадаад худалдаанд оролцогчийн эзэмшлийн болон түрээсийн агуулах, дэлгүүр, байр, талбай, үйлдвэр, бусад объектод хадгалж байгаа бараанд түүний төлөөлөгчийг байлцуулан бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар үзлэг тооллого хийх, бүртгэл, тэмдэглэл үйлдэж баталгаажуулах;
7.1.3. барааны загвар дээжийг шинжлүүлэх, холбогдох байгууллагаар дүгнэлт гаргуулах;
7.1.4. гадаад төлбөрийн талаарх мэдээллийг банкны байгууллагаас гаргуулан авах;
7.1.5. дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бүрдүүлэлтийн үйл ажиллагааг зогсоох:
7.1.5.1. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шалгалт хийлгэхээс татгалзсан, шалгалтын үйл ажиллагаанд санаатай саад учруулсан, хамрагдах гаалийн болон холбогдох санхүүгийн бичиг баримтыг шалгалтын бүрэлдэхүүнд гаргаж өгөөгүй;
7.1.5.2. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөрийн актаар тавигдсан төлбөрийг хугацаанд нь барагдуулаагүй.
7.2. Бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх бүрэлдэхүүнд ажиллах гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 274.2-д зааснаас гадна дор дурдсан үүрэг хүлээнэ.
7.2.1. тухайн шалгалтад хамрагдах гаалийн харилцаанд оролцогчтой ашиг сонирхолын зөрчилтэй бол энэ тухай удирдлагад танилцуулж, шалгалт хийхээс татгалзах;
7.2.2. шалгалтад хамрагдаж буй этгээдэд гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
7.2.3. шалгалтын талаарх мэдээллийн нууцыг хадгалах.
7.3. Гаалийн болон бусад холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна гаалийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:
7.3. 1. гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан удирдамжгүйгээр шалгалт хийх;
7.3.2. гаалийн улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дур мэдэн хэвлэн ашиглах, хэрэглэх;
7.3.3. гаалийн улсын байцаагчийн баталгаажуулаагүй акт, дүгнэлт, бусад баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эсхүл түүний төлөөлөгчөөр хүлээн зөвшөөрүүлэхийг шаардах;
7.3.4. баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудсыг дур мэдэн засварлах, өөрчлөх;
7.3.5. шалгалтад хамрагдах бичиг баримтыг гаалийн байгууллагын байр, эсхүл тухайн байгууллагын ажлын байрнаас зөвшөөрөлгүй авч гарах;
7.3.6. мэдээллийн санд орсон шалгалттай холбоотой мэдээллийг устгах;
7.3.7. шалгалтын явцад олж авсан мэдээллийг албаны бус зорилгоор ашиглах.
Найм. Шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
8.1. Шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь Гаалийн тухай хуулийн 16-18 дугаар зүйл, 57.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ:
8.1.1. шалгалттай холбоотой бичиг баримттай танилцах, тайлбар авах буюу өгөх;
8.1.2. гаалийн хууль тогтоомжийн асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах;
8.1.3. хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд шалгалт хойшлуулах тухай хүсэлтийг гаалийн удирдах төв байгууллагын даргад, эсхүл эрх олгогдсноор бүрдүүлэлтийн дараах шалгалтын асуудал хариуцсан нэгжийн даргад бичгээр гаргаж, шийдвэрлүүлэх;
8.1.4. өөрийн хууль сахилтын түвшинд үнэлэлт, дүгнэлт өгөх;
8.1.5. хууль сахилтын түвшинд хийсэн өөрийн үнэлэлт, дүгнэлтийн үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах арга хэмжээг авч болно:
8.1.5.1. хууль сахилтын түвшинг сайжруулах талаар гаалийн байгууллагаас зөвлөгөө авах;
8.1.5.2. гаалийн бүрдүүлэлттэй холбоотой алдаа гарсан тохиолдолд гаалийн байгууллагад сайн дураар залруулах хүсэлт гаргах эсхүл бүрдүүлэлтийн дараах шалгалт эхлэхээс өмнө гаалийн байгууллагад мэдэгдэх;
8.1.5.3. шаардлагатай бол гаалийн үнэлгээ, барааны ангилал, татвар хураамжийн ногдуулалт зэрэг асуудлыг гаалийн байгууллагаар нягтлан шалгуулж болно.
8.2. Шалгалтад хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Гаалийн тухай хуулийн 57.2, 237.1-д зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
8.2.1. шалгалт хийх бэлтгэх ажлыг хангах, шалгалтад хамрагдах бичиг баримт, мэдээ, тайланг тогтоосон хугацаанд бэлэн болгох, шаардлагатай тохиолдолд бичиг баримт, мэдээ, тайланг шалгалт хийгдэх газарт хүргэх;
8.2.2. шалгалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангах, шалгалтад хамрагдаж буй бичиг баримт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бичиг баримт, мэдээллийг хадгалах тусгайлсан өрөө, байрыг бэлтгэх;
8.2.3. тухайн аж ахуйн нэгж, байгууллагын цахим санд шалгалт хийх тохиолдолд шалгалтын бүрэлдэхүүнийг мэргэшил аргазүйн зөвлөгөөгөөр хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
8.2.4. шалгалтын бүрэлдэхүүнээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
8.2.5. шалгалтад шаардлагатай үндсэн болон нэмэлт бичиг баримт, мэдээлэл, тайлбарыг гаргаж өгөх;
8.2.6. актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь барагдуулах.
Ес. Бусад
9.1. Шалгалтаар илрүүлсэн зөрчилд гаалийн улсын байцаагч хамааралтай болох нь баримтаар нотлогдвол тухайн асуудлыг холбогдох байгууллага, нэгжид хүргүүлнэ.
9.2. Гаалийн улсын байцаагч шалгалттай холбоотой баримт бичгийг үйлдэхдээ “Монгол Улсын баримт бичгийн стандарт”-ыг мөрдлөг болгоно.
9.2. Шалгалтын талаарх материалыг архивын хууль тогтоомжийн дагуу хадгалах бөгөөд зарим баримт бичгийг цахим хэлбэрээр хадгалж болно.
----оОо----
Текст томруулах
A
A
A