- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Засгийн газрын 2015 оны 286 дугаар
тогтоолын 5 дугаар хавсралт
ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Ган, зудын байдлын талаар байгаль, цаг уурын үнэлгээ өгөх, түүний нөлөөллийг тодорхойлоход энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Байгалийн гамшгаас хүн, мал, амьтан, таримал ургамал, эд хөрөнгийг хамгаалах, учирсан хор уршгийг арилгах үйл ажиллагааг сум, аймаг, бүс нутаг, улсын хэмжээгээр зохион байгуулахад ган, зудын байдлын үнэлгээг ашиглана.
1.3. Ган, зудын нөхцөл тухайн нутаг дэвсгэрт 1 сар болон түүнээс удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд ган, зудтай гэж үзнэ.
Хоёр. Ганг үнэлэх шалгуур үзүүлэлт
2.1. “Ган” гэдэгт ургамлын ургалтын хугацаанд хур тунадас хомсдон, хэт халууны улмаас хөрсний чийг багасаж, хөрсний ус зүйн тэнцвэр алдагдан ургамал хатаж, ургалт зогсох нөхцөл бүрдэхийг ойлгоно.
2.2. Ганг эрчимшлээр нь гантай, гандуу гэж ангилна:
2.2.1. “гантай” гэдэгт тухайн арав хоног, сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджаас 50 хувь болон түүнээс бага, мөн хугацаанд агаарын дундаж температур олон жилийн дунджаас 2.00С болон түүнээс их буюу дундаж квадрат хазайцаас 2 дахин давсан байх нөхцөлийг хамруулна;
2.2.2. “гандуу” гэдэгт тухайн арав хоног, сард орсон хур тунадасны хэмжээ олон жилийн дунджийн 51-80 хувь, мөн хугацаанд агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1.0-1.90С-ээр их байх буюу дундаж квадрат хазайцаасаа давсан байх нөхцөлийг хамруулна.
2.3. Ганг үнэлэхдээ дор дурдсан үндсэн болон туслах шалгуур үзүүлэлтийг харгалзана:
2.3.1. ганг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтийг тухайн жилийн 5-8 дугаар сард орсон хур тунадасны хэмжээ болон агаарын температурын сарын дунджийг олон жилийн дундажтай жишсэн утгаар, туслах үзүүлэлтийг мөн хугацааны агаарын хоногийн хамгийн их температур, агаарын чийгшлийг үндэслэн тодорхойлно;
2.3.2. ганг үнэлэх туслах үзүүлэлтэд дээрх хугацаанд агаарын хамгийн их температур өндөр уулын бүсэд 250С, ойт хээр, хээрийн бүсэд 300С, говь цөлийн бүсэд 320С болон үүнээс их, агаарын харьцангуй чийг 30 хувиас бага буюу хуурайшилттай хоногийн тоо байгалийн бүсээс үл хамааран арав хоногт 5, сард 15-аас олон байх нөхцөлийг авч үзнэ.
Гурав. Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлт
3.1. “Зуд” гэж өвөл, хаврын улиралд цаг агаар хүндэрснээс мал сүрэг бэлчээр, усаар нэн гачигдан, турж зутран олноор хорогдох нөхцөл бүрдэхийг ойлгоно.
3.2. Зудыг эрчимшлээр нь “зудтай”, “зудархуу” гэж ангилна.
3.3. Мал бэлчээрт өл залгаж чадахгүй болох шалтгаанаар нь зудыг цагаан, хар, туурайн, шуурган, төмөр буюу мөсөн зуд гэж ялгах бөгөөд тэдгээрт дор дурдсан нөхцөлийг хамруулна;
3.3.1. ”цагаан зуд” гэж өвөл бэлчээрийн цасны нягт нь аль ч бүс нутагт 0.25 г/см3 буюу түүнээс их, арав хоног, сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 3.00С болон түүнээс хүйтэн буюу дундаж квадрат хазайцаас давсан байх, цасны дундаж зузаан өндөр уулын болон ойт хээрийн бүсэд 25 см-ээс, хээрийн бүсэд 22 см-ээс, говь цөлийн бүсэд 12 см-ээс их байх нөхцөлийг;
3.3.2. ”цагаанаар зудархуу” гэж бэлчээрийн цасны нягт нь аль ч бүсэд 0.20-0.24 г/см3, цасны дундаж зузаан өндөр уулын болон ойт хээрийн бүсэд 16 см-ээс, хээрийн бүсэд 11 см-ээс, говь, цөлийн бүсэд 5 см-ээс их байх нөхцөлийг;
3.3.3. ”хар зуд” гэж зун нь гантай, гандуу байсан нутагт өвөл цас ороогүй, арав хоног, сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 3.00С болон түүнээс хүйтэрч, мал ус, тэжээлээр дутагдах нөхцөлийг;
3.3.4. ”хараар зудархуу” гэж зун нь гантай, гандуу байсан нутагт өвөл цас бага орсон, арав хоног, сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 2.00С болон түүнээс хүйтэрч, мал тэжээл, усаар дутагдах нөхцөлийг хамруулна;
3.3.5. ”төмөр буюу мөсөн зуд” гэж цаг зуурын дулааралт, хүйтрэлтийн улмаас цасны өнгөн хэсэг буюу гүнд мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болсон, эсхүл цасны нягт 0.35 г/см3 болон түүнээс их болсон байх нөхцөлийг.
3.4. Зудыг үнэлэхдээ үндсэн болон туслах шалгуур үзүүлэлтийг харгалзана.
3.5. Зудыг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтийг өмнөх зуны ургамлын ургалтын байдал, тухайн арав хоног, сарын эцэст хэмжсэн бэлчээрийн цасны дундаж зузаан, нягт, арав хоног, сарын агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай нь жишсэн утгаар, туслах үзүүлэлтийг агаарын хоногийн хамгийн бага температур болон салхи шуургатай хоногийн тоог үндэслэн тодорхойлно.
3.6. Зудыг үнэлэх туслах үзүүлэлтэд агаарын хоногийн хамгийн бага температур Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан голын хөндийгөөр -450С, говь, цөлийн бүсэд -300С, бусад нутгаар -350С болон түүнээс хүйтэн, 10 м/с -ээс их салхитай хоногийн тоо арав хоногт 5, сард 15 аас олон байх нөхцөлийг хамруулна.
Дөрөв. Ган, зудын байдалд хийх үнэлгээ
4.1. Гантай, зудтай гэж үнэлэхэд үндсэн үзүүлэлт бүрдсэн байх болон туслах үзүүлэлтүүдийн аль нэг нь бүрдсэн байна.
4.2. Гандуу, зудархуу гэж тооцоход үндсэн үзүүлэлтийн аль нэг болон туслах үзүүлэлтийн нэг нь бүрдсэн байна.
4.3. Ган, зуд болсон эсэхийг үнэлэх шалгуур үзүүлэлтэд ашиглах ус цаг уурын болон бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээг ус цаг уурын байгууллага, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, сум, багийн Засаг даргын санал, хүсэлтийг үндэслэн тус тус боловсруулна.
4.4. Ган, зудын байдлын үнэлгээг тухайн аймаг, нийслэл, дүүрэг, сум, багийн Засаг даргын санал, хүсэлтийг үндэслэн дор дурдсан журмын дагуу хийнэ:
4.4.1. ган, зуд тухайн сумын нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг хүртэлх хувийг хамарсан тохиолдолд сумын Засаг даргын томилсон ажлын хэсэг;
4.4.2. ган, зуд тухайн аймаг, нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг хувь буюу хэд хэдэн сум, дүүргийг хамарсан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг даргын томилсон ажлын хэсэг;
4.4.3. ган, зуд хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд Улсын онцгой комиссын томилсон ажлын хэсэг.
4.5. Энэ журмын 4.4-т заасан ажлын хэсэг нь онцгой байдал, байгаль орчин, ус цаг уур, хүнс, хөдөө аж ахуй, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, шаардлагатай гэж үзсэн бусад мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдэнэ.
----оОо----
Текст томруулах
A
A
A