A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ АЖЛЫН ҮР ДҮНД БИЙ БОЛСОН ОЮУНЫ ӨМЧИЙГ ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 267 дугаар
тогтоолын хавсралт


УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ,
ТУРШИЛТ, ЗОХИОН БҮТЭЭХ АЖЛЫН ҮР ДҮНД БИЙ БОЛСОН ОЮУНЫ
ӨМЧИЙГ ӨМЧЛҮҮЛЭХ, ЭЗЭМШҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг зүйл

1.1. Энэхүү журмаар улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

1.2. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх үйл ажиллагаанд инновацийн тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.

1.3. Улсын төсвийн санхүүжилтээс бусад хөрөнгөөр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын явцад бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэхтэй холбогдох харилцаанд энэ журам үйлчлэхгүй.

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “улсын төсвийн санхүүжилт” гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан улсын төсөв болон улсын төсөвт байгууллагын авсан зээл, тусламж, хандивын хөрөнгийг;

2.1.2. “шинжлэх ухаан, технологийн төсөл” (цаашид “төсөл” гэх) гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.8-д заасныг;

2.1.3. “шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ” (цаашид “төслийн гэрээ” гэх) гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил хэрэгжүүлэхээр төслийн гүйцэтгэгчээс захиалагч, санхүүжүүлэгч байгууллагатай байгуулсан баримт бичгийг;

2.1.4. “захиалагч” гэж улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг захиалсан төсвийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийг;

2.1.5. “гүйцэтгэгч” гэж эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг хэрэгжүүлэхээр захиалагчтай төслийн гэрээ байгуулсан судалгаа, эрдэм шинжилгээний ажилтан, иргэн, хуулийн этгээдийг;

2.1.6. “оюуны өмч” гэж Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан оюуны бүтээл болон хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга, селекцийн дэвшилтэт үр дүн, программ хангамж, интеграл микросхемийн зураглал, ноу-хау, зураг, тайлан зэргийг;

2.1.7. “роялти” гэж Инновацийн тухай хуулийн 3.1.10-т заасныг;

2.1.8. “лиценз” гэж Патентийн тухай хуулийн 3.1.13-т заасныг;

2.1.9. “албадан лиценз” гэж Патентийн тухай хуулийн 3.1.15-д заасныг.

Гурав. Оюуны өмчийн удирдлага, зохион байгуулалт

3.1. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төсөл хэрэгжүүлсний үр дүнд бий болсон оюуны өмчийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, оюуны өмчийг өмчлөх, эзэмших, ашиглах байдалд хяналт тавина.

3.2. Салбар шинжлэх ухааны чиглэлээр хэрэгжсэн төслийн явцад бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг тухайн асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Шинжлэх ухаан, технологийн зөвлөл гаргана.

3.3. Эрдэм шинжилгээний байгууллага нь оюуны өмчийн талаар баримтлах бодлоготой байна. Оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг энэхүү бодлогын хүрээнд Эрдмийн зөвлөл нь шийдвэрлэнэ.

3.4. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн жилд улсын төсвийн санхүүжилтээр шинээр гүйцэтгэх төслийн хүрээнд бий болох оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх холбогдох зохицуулалтыг энэхүү журмын 4.1-д заасан гэрээнд тусгуулах асуудлыг хариуцан зохион байгуулна.

Дөрөв. Оюуны өмчийг баталгаажуулах, бүртгэх

4.1. Улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслийг гүйцэтгэгч нь захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.

4.2. Гэрээнд төслийг хэрэгжүүлэх хугацаа, нөхцөл, зардал, хүрэх үр дүн, оюуны өмч, түүнийг эзэмших, ашиглах, баталгаажуулах нөхцөл, оюуны өмчийг ашиглахыг хориглох нөхцөл, журам, лицензийн нөхцөлөөр ашиглуулах болон талуудын хооронд тохирсон бусад асуудлыг тусгана.

4.3. Гүйцэтгэгч нь төслийн үр дүнг захиалагчид хүлээлгэн өгснөөс хойш 6 сарын дотор оюуны өмчид эрхийн хамгаалалт хийлгэх мэдүүлгийг зохих журмын дагуу оюуны өмчийн байгууллагад гаргана.

4.4. Энэ журмын 4.3-т заасан хугацаанд мэдүүлэг гаргах шаардлагагүй гэж эрдэм шинжилгээний байгууллагын Эрдмийн зөвлөл шийдвэрлэсэн тохиолдолд энэ тухай саналаа мөн журмын 4.3-т заасан хугацаа дуусахаас 3-аас доошгүй сарын өмнө тухайн салбарын төрийн захиргааны төв байгууллагын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд хүргүүлнэ.

4.5. Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь энэхүү журмын 4.4-т заасан саналыг  хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор уг саналыг судалж, тухайн оюуны өмчийг цаашид хэрхэн ашиглах тухай шийдвэр гарган Эрдмийн зөвлөлд хүргүүлнэ.

4.6. Захиалагч нь оюуны өмчийг байгууллагын нягтлан бодох бүртгэлийн холбогдох дансанд олон улсын ангилал, стандартын дагуу нэр, төрлөөр нь бүртгэж элэгдэл, хорогдлыг тооцно.

Тав. Оюуны өмчийг эзэмших, өмчлөх нөхцөл

5.1. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт, зохиогчийн эрх болон түүнд хамаарах бүтээлийг гүйцэтгэгчид эзэмшүүлж, өмчлүүлж болно.

5.2. Энэ журмын 5.1-д зааснаас бусад үр дүн буюу оюуны өмчтэй холбогдох тайлан, зураг, программ хангамж, интеграл микросхемийн зураглал, ноу-хау зэргийг төслийн захиалагч эзэмшиж, ашиглана.

5.3. Иргэн, аж ахуйн нэгжийн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн төслийн хүрээнд бий болсон оюуны өмчийг эзэмшүүлж, өмчлүүлэхэд энэхүү журмын 5.1-д заасныг баримталж болох бөгөөд эзэмшиж, ашиглахад энэ журмыг мөрдөнө.

5.4. Энэ журмын 5.3-т заасны дагуу төслийг гүйцэтгэсэн иргэн, аж ахуй нэгж оюуны өмчийг эзэмшиж, өмчлөхөөс татгалзсан тохиолдолд захиалагч эзэмших эрхтэй.

5.5. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эзэмшигч нь өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол уг төрийн захиргааны төв байгууллагаас оюуны өмчийг эзэмшигчийн хууль бусаар олсон орлогыг хурааж, улсын орлого болгох, оюуны өмч эзэмших эрхийг түдгэлзүүлэн дараагийн эзэмшигчид шилжүүлэх талаарх саналаа оюуны өмчийн байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

Зургаа. Оюуны өмчийг ашиглах нөхцөл

6.1. Оюуны өмчийг эзэмшигч нь оюуны өмчийг холбогдох патент, гэрчилгээ олгогдсоноос хойш 3 жилийн дотор дараах хэлбэрээр ашиглаж болно:

6.1.1. оюуны өмчийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах, худалдах, түүнийг эзэмших эрхээ шилжүүлэх;

6.1.2. оюуны өмчийг лицензийн гэрээгээр бусдад ашиглуулах;

6.1.3. үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, эсхүл түүнд тулгуурлан гарааны компани байгуулах;

6.1.4. оюуны бүтээлийн өртөг тооцсон үнэлгээг Патентийн тухай хуулийн 21.2-т заасны дагуу хэрэглэх.

6.2. Энэ журмын 6.1-д заасны дагуу оюуны өмчийг эзэмшигч нь эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд зохиогч, судлаач болон эрдэм шинжилгээний байгууллагаас бусад хуулийн этгээд лицензээр эзэмшсэн тохиолдолд түүнд гэрээний үндсэн дээр роялти төлнө.

6.3. Гүйцэтгэгчийн эзэмшиж байгаа оюуны өмчийг захиалагч нь ашиглах тохиолдолд гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

6.4. Төрийн өмчийн оюуны өмчийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж роялти төлнө. Роялтийн хувь, хэмжээ нь тухайн оюуны өмчийг ашигласнаас олох орлогын 2-оос дээшгүй хувь байх бөгөөд орлогыг Шинжлэх ухаан, технологийн санд төвлөрүүлнэ.

6.5. Энэ журмын 6.2, 6.3, 6.9-т заасан төлбөр, роялтийн хэмжээг талууд гэрээгээр тохиролцоно.

6.6. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэхүү журмын 6.1-д заасан үүргээ биелүүлээгүй оюуны өмч эзэмшигчийн оюуны өмчийг албадан лицензээр ашиглуулах тухай хүсэлтээ Патентийн тухай хуулийн 20.1.2-т заасны дагуу оюуны өмчийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ.

6.7. Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тохиолдолд өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

6.8. Оюуны өмчийг ашиглан гадаад улсад үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахдаа тухайн улсад уг оюуны өмчийн эрхийг баталгаажуулж, хамгаалах арга хэмжээ авсан байна.

6.9. Онцгой нөхцөл байдал үүсэх үед болон үндэсний эрх ашгийг хангах зорилгоор Засгийн газар оюуны өмчийг Инновацийн тухай хуулийн 27.9-т заасны дагуу ашиглах эрхтэй байна.

Долоо. Оюуны өмчийн ашиглалтаас олсон
орлогыг захиран зарцуулах

7.1. Эрх бүхий этгээд нь энэхүү журмын дагуу оюуны өмчийг ашигласнаас олсон төлбөр, роялтийн орлогыг Инновацийн тухай хуулийн 27.10-т заасны дагуу зарцуулна.

7.2. Энэ журмын 6.4-т заасан орлогыг шинжлэх ухаан, технологийн санд төвлөрүүлэн мөн журмын 7.1-д заасны дагуу зарцуулна.

7.3. Оюуны өмчийг Инновацийн тухай хуулийн 27.5-д заасны дагуу ашиглуулах тохиолдолд лиценз эзэмшигчээс авах роялтийн хэмжээг гэрээгээр тохиролцох бөгөөд судлаач, нэгж, эрдэм шинжилгээний байгууллагад оногдох хувь, хэмжээг Патентийн тухай хуулийн 16.9-т заасныг үндэслэн тогтооно.

7.4. Оюуны өмчийг төрийн өмчит үйлдвэрийн газар нэвтрүүлсэн тохиолдолд олох роялти орлого нь Патентийн тухай хуулийн 16.10-т заасны дагуу зохицуулагдах бөгөөд судлаач, нэгж, эрдэм шинжилгээний байгууллагад оногдох хувь, хэмжээг Патентийн тухай хуулийн 16.9-т заасны дагуу тогтооно.

Найм. Бусад

8.1. Энэ журмын хэрэгжилтэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

8.2. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүр эрдэм шинжилгээний байгууллагуудын оюуны өмчийн эзэмших, ашиглах байдалд үзлэг хийнэ.

8.3. Оюуны өмчийг эзэмшигч нь жил бүр өөрийн эзэмшлийн оюуны өмчийн бүртгэл, ашиглалтын талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлнэ.

8.4. Оюуны өмчтэй холбогдон үүссэн маргааныг холбогдох хууль тогтоомж болон төслийн гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

 


--------оОо-------