- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТТАЙ ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Засгийн газрын 2015 оны 295 дугаар
тогтоолын хавсралт
УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ, АШИГЛАЛТТАЙ
ХОЛБОГДСОН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт уламжлалт бус газрын тос хайх, ашиглах үйл ажиллагаанд газрын тосны тухай хууль тогтоомж болон энэхүү журмыг мөрдөнө.
1.3. Энэ журамд хэрэглэсэн Газрын тосны тухай хуулийн 4.1.4-т заасан уламжлалт бус газрын тосны төрлийн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
1.3.1. “шатдаг занар” гэж органик нэгдлийн (кероген) өндөр агуулга бүхий нарийн ширхэгтэй тунамал чулуулгийг;
1.3.2. “нүүрсний давхаргын метан хий” гэж нүүрсжих явцад нүүрсэнд хуримтлагдсан хийг;
1.3.3. “байгалийн битум” гэж байгальд хагас хатуу, хатуу төлөвт орших нүүрс-устөрөгчийн холимгийг;
1.3.4. “тослог элс” гэж байгальд тохиолдох хэт зууралдамтгай хүнд тос бүхий битум, ус, шавар, элс болон бусад эрдсээс бүрдэх хурдас чулуулгийг;
1.3.5. “хийтэй элс” нэвчих чадвар багатай хураагуур чулуулгаас усан хагалбар хийх аргаар олборлох боломжтой байгалийн хийн нэг төрлийг;
1.3.6. “хийтэй занар” буюу “занарын хий” гэж органик материалаар баян занарын дотор абсорбцлогдсон, түүний микро, макро хэмжээтэй нүх сүв, ан цав дотор эсхүл занарын шаварлаг бүрэлдэхүүний хооронд тохиолдох өөр литологийн нимгэн үеийн дотор чөлөөт байдлаар орших байгалийн хийг.
Хоёр. Уламжлалт бус газрын тосны хайгуул,
ашиглалтын үйл ажиллагаа
2.1. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Газрын тосны тухай 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах талаар Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан гэрээлэгчдэд энэхүү журам хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор уламжлалт бус газрын тосны талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эсэх талаар саналаа ирүүлэх мэдэгдэл хүргүүлнэ.
2.2. Гэрээлэгч нь энэ журмын 2.1-д заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор өөрийн гэрээт талбайд уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эсэх талаарх саналаа газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүрүүлнэ.
2.3. Энэ журмын 2.2-т заасан гэрээлэгч нь уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага 30 хоногийн дотор ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хандаж энэхүү журам хүчин төгөлдөр болохоос өмнө уламжлалт бус газрын тосны нөөц тогтоосон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа эсэх талаар лавлагаа авна.
2.4. Ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тухайн талбайд уламжлалт бус газрын тосны нөөц тогтоосон тухай лавлагаа ирүүлсэн тохиолдолд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь уг лавлагааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах эсэх талаар лавлагаа авна.
2.5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд энэхүү журмын 2.4-т заасан лавлагааг газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хүсэлтээ тус байгууллагад хүргүүлнэ. Хэрэв тогтоосон хугацаанд хүсэлт ирүүлээгүй тохиолдолд энэхүү журмын 2.2-т заасан гэрээлэгч давуу эрх эдлэнэ.
2.6. Газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь Газрын тосны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу уламжлалт бус газрын тосны төрөл тус бүрээр бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах бөгөөд мөн хуулийн 18, 24 дүгээр зүйлд заасны дагуу газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тусгай зөвшөөрөл олгоно.
2.7. Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны талаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа Газрын тосны тухай хуулийн 7.1.12-т заасан гэрээний загварыг баримтална.
2.8. Энэ журмын 2.2-т заасан хуулийн этгээдтэй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах тохиолдолд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй Газрын тосны тухай хуулийн 17.3.1-17.3.5, 17.3.7, 17.3.12-т заасан нөхцөлүүдээр 45 хоногийн дотор хэлэлцээ хийж, уламжлалт бус газрын тосны талаар шинэ гэрээ байгуулна.
2.9. Энэ журмын 2.2-т заасан гэрээлэгч нь уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлээгүй, эсхүл энэ журмын 2.8-д заасны дагуу хэлэлцээ хийх явцад тохиролцоонд хүрээгүй бол уг талбай нь уламжлалт бус газрын тосны хувьд нээлттэй болно.
2.10. Энэ журмын 2.2-т заасан гэрээлэгч нь уламжлалт бус газрын тосны хайгуулын ажлын үр дүнд ашиглалт явуулах тохиолдолд Газрын тосны тухай хуулийн 17.3.6, 17.3.8-17.3.11-д заасан урамшууллыг газрын тосны талаар өмнө байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан хувь хэмжээгээр төлнө.
2.11. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгж нь Газрын тосны тухай хуулийн 17-19, 21, 26 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулна.
2.12. Гэрээлэгч нь уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын жилийн төлөвлөгөөнд тухайн жилд гүйцэтгэх хайгуул, ашиглалттай холбогдсон ажлын нэр төрөл, хэмжээ, өртөг, зураг төслийг хавсаргасан байна.
2.13. Гэрээлэгч тухайн жилийн хайгуул, ашиглалтын ажлын болон үр дүнгийн тайланг холбогдох журмын дагуу газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.
2.14. Ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журам батлагдсанаас хойш эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагааны явцад газрын тос, уламжлалт бус газрын тос илэрсэн тохиолдолд газрын тосны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 15 хоногийн дотор мэдэгдэх бөгөөд уг харилцааг Газрын тосны тухай хуулиар зохицуулна.
2.15. Энэхүү журам батлагдсанаас хойш уламжлалт бус газрын тосны хайгуулын нэгж талбайн хэмжээг Газрын тосны тухай хуулийн 19.3-т заасны дагуу тогтооно.
2.16. Уламжлалт бус газрын тосны хайгуулын ажлын үр дүнгээр үр ашигтай нээлт илэрсэн тохиолдолд хайгуулын талбайн тодорхой хэсгийг ашиглалтад шилжүүлж болно. Ашиглалтын хугацааг ашиглалтад шилжүүлсэн өдрөөс тооцно.
2.17. Уламжлалт бус газрын тосны эрлийн гэрээ байгуулсан этгээд нь эрлийн ажлын үр дүнг харгалзан талбайн зарим хэсэгт Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хүсэлт гаргаж болох бөгөөд ийнхүү хүсэлт гаргасан нь эрлийн ажлыг дуусгавар болгох үндэслэл болохгүй.
2.18. Уламжлалт бус газрын тосны өртөг нөхөх хувь хэмжээг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулна.
2.19. Уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээ нь Газрын тосны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээтэй адил байна.
Гурав. Маргаан шийдвэрлэх
3.1. Уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагааны явцад үүссэн маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
-----ооОоо----
Текст томруулах
A
A
A