A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 298 дугаар
тогтоолын хавсралт

 

ОЮУНЫ ӨМЧИЙН ТОГТОЛЦООГ ХӨГЖҮҮЛЭХ
ҮНДЭСНИЙ СТРАТЕГИ

 

Нэг. Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх
үндэслэл, шаардлага

Мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгож, оюуны бүтээлийг зах зээлийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд оюуны өмчийг үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хэрэгсэл, мэдлэгт суурилсан эдийн засгийн тулгын чулуу болгон ашигласан байдаг бөгөөд манай улс өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд “чанартай” патент, “хүчтэй” брэнд, соёл, урлагийн хосгүй бүтээл бүхий оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх нь зүйтэй байна. Мөн түүнчлэн оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх нь зөвхөн төрийн байгууллага, эсхүл оюуны өмчийн эрх эзэмшигчдэд хамааралтай бус, харин нийгэм, эдийн засгийн бүх салбарт хамаарах асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлэх шаардлагатай байна.

Иймд бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгож, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар оюуны өмчийн тогтолцоог Монгол Улсын хөгжлийн бодлого, шаардлагад нийцүүлэн цогцоор нь шинэчлэх зорилгоор Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги (цаашид “стратеги” гэх)-ийг боловсруулав.


Хоёр. Стратегийн зорилго, зорилт

 

2.1. Стратегийн зорилго

Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратегийн зорилго нь иргэдийн бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгон оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгох, дэлхийн эдийн засагт эзлэх Монгол Улсын байр суурийг нэмэгдүүлэхэд оршино.

2.2. Стратегийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлж байна:

2.2.1. оюуны өмчийн эрх зүйн орчныг Монгол Улсын хөгжлийн шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох;

2.2.2. бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох;

2.2.3. оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх;

2.2.4. оюуны өмчийн мэдлэгийг нийтэд түгээн дэлгэрүүлж, оюуны өмчийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх;

2.2.5. оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх.

Гурав. Стратегийг хэрэгжүүлэхэд
баримтлах зарчим

3.1. Стратегийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

3.1.1. оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах;

3.1.2. оюуны өмчийн талаарх мэдээллийг нийтэд нээлттэй болгох арга хэмжээ авч, түүнийг шударгаар олж авах, ашиглах боломжийг бүрдүүлэх;

3.1.3. оюуны өмчийн харилцаа нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурласан байх;

3.1.4. хууль дээдлэх, нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд нийцсэн байх.

Дөрөв. Стратегийн зорилтыг хэрэгжүүлэх
үйл ажиллагаа

4.1. Оюуны өмчийн эрх зүйн орчныг Монгол Улсын хөгжлийн шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох чиглэлээр:

4.1.1. оюуны өмчийн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг Монгол Улсын хөгжлийн шаардлага, олон улсын чиг хандлагад нийцүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.1.2. уламжлалт мэдлэг, ардын урлагийн бүтээлийг бүртгэх, хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.3. генетик нөөц болон түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг хадгалж хамгаалах, тэдгээрийг ашигласнаар бий болох үр ашгийг шударга хуваарилах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

4.1.4. соёл, урлагийн салбарт оюуны өмчийн талаар баримтлах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

4.1.5. оюуны өмчийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч, хяналт, шалгалтын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх;

4.1.6. оюуны өмчийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг үр ашигтай хөгжүүлэх;

4.1.7. оюуны өмчид хамаарах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого, шаардлагад нийцүүлэн тодорхойлон зохицуулах.

4.2. Бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр:

4.2.1. оюуны өмч бий болгоход чиглэсэн их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих тогтолцоог бүрдүүлэх;

4.2.2. эрдэм шинжилгээ, судалгааны ажилд патентийн мэдээллийг ашиглах нийтлэг журмыг тогтоож нэвтрүүлэх;

4.2.3. ногоон оюуны өмч бий болгоход чиглэсэн санаачилга, үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.2.4. жижиг, дунд болон хөнгөн, хүнд үйлдвэр, үйлчилгээний салбарт оюуны өмч бий болгох үйл ажиллагааг дэмжих тогтолцоог бүрдүүлэх;

4.2.5. соёл, урлагийн салбарт бүтээл туурвих үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.2.6. шинийг санаачлагч, зохион бүтээгч, уран бүтээлчийг хөхиүлэн дэмжих, урамшуулах арга замыг боловсронгуй болгох.

4.3. Оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр:

4.3.1. ногоон оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хөхиүлэн дэмжих;

4.3.2. эдийн засгийн хувьд үр ашигтай оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамгаалах ажлыг дэмжих арга хэмжээ авах;

4.3.3. үндэсний болон орон нутгийн брэнд бий болгож хөгжүүлэх;

4.3.4. биет бус хөрөнгө болон оюуны өмчийг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлж хэвшүүлэх;

4.3.5. соёл, урлагийн салбарын бүтээл туурвигч, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх;

4.3.6. оюуны өмчийн лиценз, франчайзийн тогтолцоог боловсронгуй болгох.

4.4. Оюуны өмчийн мэдлэгийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, оюуны өмчийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр:

4.4.1. оюуны өмчийн мэдлэг олгох шаардлагатай зорилтот бүлгийг тодорхойлж, тэдгээрт чиглэсэн сургалтын хөтөлбөр, материал боловсруулах, сургалтад нэвтрүүлэх;

4.4.2. оюуны өмчийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор хамтран ажиллах байгууллагуудын сүлжээг бий болгох, тэдгээрийн үйл ажиллагааг тогтворжуулах;

4.4.3. оюуны өмчийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;

4.4.4. бүх шатны боловсролын сургалтын байгууллагад оюуны өмчийн боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэх;

4.4.5. бусдын оюуны өмчийг хүндлэх соёлыг нийтэд түгээн эзэмшүүлэх;

4.4.6. уламжлалт мэдлэг, ардын урлагийн бүтээлийг олон улсад тогтмол сурталчлан таниулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

4.5. Оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр:

4.5.1. оюуны өмчийн захиргааны удирдлага, бүртгэл, хяналт, хайлт, шүүлтийн үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлж, үр ашиг, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

4.5.2. оюуны өмчийн статистик мэдээг олон улсын стандартын дагуу гаргах, Монгол Улсын албан ёсны статистик мэдээнд оруулан дүн шинжилгээ, судалгаа хийх, төлөвлөлт, бодлого боловсруулахад ашиглах тогтолцоог бүрдүүлэх;

4.5.3. оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг боловсронгуй болгож, үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

4.5.4. Монгол Улсын шинэ бүтээлийн патентийн санг олон улсын патентийн хайлтын санд оруулж, дотоод, гадаадын хэрэглэгч ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

4.5.5. оюуны өмчийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагуудтай үр ашигтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.

Тав. Стратегийн хэрэгжилтийг зохион
байгуулах, хянах

5.1. Оюуны өмчийн үндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) болон оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү стратегийн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллана.

5.2. Зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

5.3. Зөвлөл нь ажлын явц, үр дүнгийн талаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд жил бүр тайлагнана.

5.4. Зөвлөлийн ажлын албаны үүргийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

Зургаа. Хэрэгжүүлэх хугацаа

6.1. Стратегийг 2015-2018 онд хэрэгжүүлнэ.

Долоо. Санхүүжилт

7.1. Стратегийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

7.1.1. улсын төсвийн хөрөнгө;

7.1.2. хандивлагч орон, олон улсын байгууллагын тусламж, хандив;

7.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар хуримтлуулсан хөрөнгө;

7.1.4. гадаад, дотоодын хөрөнгө оруулалт;

7.1.5. хуулиар зөвшөөрсөн бусад хөрөнгө.

Найм. Хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

8.1. Стратегийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

8.1.1. оюуны өмчийн эрхийг хамгаалах зөв зохистой тогтолцоо бүрдэж, оюуны өмчийг хүндлэх соёл нэмэгдэнэ;

8.1.2. оюуны өмчийн эрх зүйн орчин боловсронгуй болсон байна;

8.1.3. ногоон оюуны өмч байгаль орчныг хамгаалахад хувь нэмэр оруулдаг болсон байна;

8.1.4. уламжлалт мэдлэг, ардын урлагийн бүтээлийг хамгаалах олон улсын чиг хандлагад нийцсэн эрх зүйн тогтолцоо бүрдэнэ;

8.1.5. оюуны өмчийг бий болгоход чиглэсэн их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тоо хэмжээ, чанар нэмэгдэнэ;  

8.1.6. жижиг, дунд болон хөнгөн, хүнд үйлдвэр, үйлчилгээний салбарын шинийг санаачлагч, зохион бүтээгчид шинийг санаачлах, оюуны өмчийг ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах таатай орчин бүрдэнэ;

8.1.7. соёл, урлагийн салбарт бүтээл туурвих таатай нөхцөл бүрдэнэ;

8.1.8. оюуны өмчийн талаарх олон нийтийн мэдлэг, боловсрол дээшилж, оюуны өмчийг хүндлэх соёл нэвтэрнэ;

8.1.9. оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагааны үр нөлөө нэмэгдсэн байна;

8.1.10. төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн харилцан ашигтай, үр дүнтэй түншлэл, хамтын ажиллагаа бий болж хөгжсөн байна.

8.2. Стратегийн үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр хэмжинэ:

8.2.1. олон улсын жишигт нийцсэн оюуны өмчийн талаар баримтлах чиг хандлага, нэгдсэн бодлого тодорхойлогдсон байх;

8.2.2. шинээр батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулж батлуулсан оюуны өмчид хамаарах эрх зүйн баримт бичиг, түүний хэрэгжилт, үр нөлөө;

8.2.3. байгаль орчинд ээлтэй, эрхийн хамгаалалт хийгдсэн болон үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ногоон оюуны өмчийн тоо;

8.2.4. ардын урлагийн бүтээл, уламжлалт мэдлэг, технологийг ашиглах, тэдгээрийн үр ашгийг шударга хуваарилах эрх зүйн зохицуулалт бий болсон байх;

8.2.5. их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага дахь патентийн мэдээллийн ашиглалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тоо (өмнөх жилүүдээс өссөн байх);

8.2.6. үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулсан оюуны өмчид хамаарах бүтээл болон лиценз, франчайзийн тоо (өмнөх жилүүдээс өссөн байх);

8.2.7. соёл, урлагийн салбарын хамтын удирдлагын байгууллагуудын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрсэн байх;

8.2.8. оюуны өмчийн чиглэлээр зохион байгуулсан сургалт, сурталчилгаа, олон нийтийн арга хэмжээ, тэдгээрт хамрагдсан байгууллага, хүний тоо, оюуны өмчийн сургалт, боловсролд зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөр, материалын тоо;

8.2.9. оюуны өмчийн эрхийн хамгаалалт хүссэн мэдүүлгийн тоо (өмнөх жилүүдээс өсч чанартай болсон байх);

8.2.10. их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд технологийн инновацийг дэмжих төвүүдийн сүлжээ бий болсон байх.

Ес. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

9.1. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь стратегийн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнд жил бүр       хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.

9.2. Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь стратегийн зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, үр дүнд хийсэн         хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг жил бүрийн эхний улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байна.

9.3. Стратегийн хэрэгжилтэд тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, туршлага, чадавх бүхий төрийн бус байгууллагаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэж болно.

 

 


---оОо---