A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 303 дугаар
        тогтоолын хавсралт


ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ
БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол орны гамшгийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага

Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог байгалийн 30 гаруй аюулт үзэгдлээс манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, хуй салхи, цөлжилт, аянга, аадар бороо, үер, хүн, малын олон улсын хөл хориот гоц халдварт өвчний тархалт зэрэг байгалийн гаралтай 10 гаруй аюулт үзэгдэл, ой, хээрийн түймэр, нисэх онгоцны сүйрэл, гол, нуурын мөсний цөмрөлт, уурхайн дэлбэрэлт, гүний нуралт, химийн хорт бодисын хордуулалт, обьектын гал түймэр болон автотээврийн хэрэгслийн томоохон осол зэрэг хүний буруутай үйл ажиллагаа, техникийн холбогдолтой осол гарч, хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин сүйрч, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учирч байна.

Манай оронд 2005-2013 онд жилд дунджаар аюулт үзэгдэл 3200 орчим удаа, осол 171 удаа, давхардсан тоогоор 601 сум, дүүргийг хамран тохиолдож, түүнд 200 орчим хүн амь насаа алдаж, эдийн засаг, экологид 95 тэрбум 645,4 сая төгрөгийн хохирол учирсныг өмнөх 8 жилтэй харьцуулбал 10 гаруй дахин өсчээ.

1.2. Уур амьсгалын өөрчлөлт, үр дагавар

Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940 оноос 2013 он хүртэл 2.07 хэмээр буюу дэлхийн дунджаас 3 дахин илүү дулаарч, 1961 оноос хойш халуун өдрийн тоо 16-25 хоногоор нэмэгдэж, жилийн нийлбэр тунадасны хэмжээ 9,4 хувиар буурч, зуны улирлын аадар борооны эзлэх хэмжээ эрс нэмэгдэж, зүс борооны хэмжээ багасаж, цэвдэгт мандалын элэгдэл нэмэгдэж, олон тооны гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм хатаж, бэлчээрийн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн 2-3 дахин багасаж, ургамлын ургацын хэмжээ бүх нутагт     20-30 хувь буурч, бэлчээрийн 78,2 хувь нь дунд болон түүнээс дээш эрчимтэй цөлжилтөд өртөөд байна.

Сүүлийн 20 жилд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал болон хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр манай улсад ган, зуд, аянга, аадар бороо, хүчтэй шороон болон цасан шуурга, мөндөр, уруйн үер зэрэг байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн тоо, төрөл нэмэгдэж, тэдгээрийн давтамж ойртон, үүний улмаас нийгэм, эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна. Монгол орны агаарын хэмийн жилийн дундаж 2050 он гэхэд 2.1-3.0 хэмээр дулаарах урьдчилсан тооцооноос үзэхэд цаашид хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулах явдал мөн хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна.

1.3. Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд оролцох олон нийтийн оролцоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг олон нийтийн хүч, оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх үзэл санаа дэлхий нийтэд, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт ихээхэн өртөмтгий хүн ам шигүү суурьшсан Ази, Зүүн Азийн орнуудад ихээхэн дэлгэрч байна. Тухайлбал орон нутгийн иргэд гамшгийн эрсдэлийг бууруулахад бие биедээ харилцан туслалцаа үзүүлэх, тухайн орон нутгийн гамшгийн нөхцөл байдал, болзошгүй гамшгийн эрсдэлийн талаар мэдлэг, чадвартай болох, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулахын тулд дасан зохицох олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Олон нийтэд тулгуурласан гамшгаас хамгаалах менежментийн үзэл санааг Монгол Улсад 2001 оноос хойш олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар нэвтрүүлж байгаа хэдий ч олон нийтийн оролцоог хангах, идэвх санаачилгыг нь дэмжих төрийн бодлого, эрх зүй, төсөв, санхүүгийн зохицуулалт хангалтгүй байна.

1.4. Хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2005 онд Япон Улсын Хёого хотноо зохион байгуулсан Дэлхийн бага хурлаас гаргасан “2005-2015 онд улс үндэстэн орон нутгийн гамшгийг даван туулах чадавхийг бэхжүүлэх Хёогогийн үйл ажиллагааны хүрээ”-ний тунхаг бичигт “... орон нутгийн ард иргэдийг эрсдэлийн үнэлгээ хийх, бэлэн байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, эрт зарлан мэдээлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, мэдээлэл сурталчилгаанд өргөн хүрээтэй хамруулах” гэж заасан бөгөөд мөн тус байгууллагаас 2015 онд Япон Улсын Сендай хотноо зохион байгуулсан Дэлхийн бага хурлаас гаргасан “2015-2030 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт “Гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах” үйл ажиллагааг үндсэн чиглэл болгон тусгасан билээ.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж, Улсын Их Хурлын 2010 оны           48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.4.3.1-д “Иргэдийн амьдрах, ажиллах орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний аюулгүй байдлыг баталгаажуулах чухал үндэс болно” гэж, мөн үзэл баримтлалын 3.5.5.2-т “Гамшгийн менежментийн тогтолцоог бэхжүүлж эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж, төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангаж ажиллах нөхцөлийг бүрдүүлж, чадавхийг бэхжүүлнэ” гэж, Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого”-ын 2.1-д “гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах” гэж, Улсын Их Хурлын 2011 оны             2 дугаар тогтоолоор баталсан “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний         хөтөлбөр”-ийн 2.2.5-д “олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээллийг хүн амд өгөх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх” гэж, “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4 дүгээр бүлэгт “гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэдийн үүрэг, хариуцлага, оролцоог нэмэгдүүлж монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах” гэж тус тус заасан байна.

Дээрх эрх зүйн бичиг баримтуудаас гадна Монгол Улсын холбогдох бусад хууль болон Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци нь гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах энэхүү үндэсний хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл болно.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хамрах хүрээ, хэрэгжүүлэх зарчим

2.1. Хөтөлбөрийн зорилго

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, аюулгүй амьдрах ухамсарт соёл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулахад оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлнэ:

2.2.1. олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх;

2.2.2. гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн сургалт, сурталчилгааг бүх түвшинд шат дараалан зохион байгуулах;

2.2.3. олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх.

2.2.4. уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх;

2.2.5. уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо, идэвх, санаачилгыг дэмжих;

2.2.6. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх.

2.3. Хөтөлбөрийн хамрах хүрээ

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүх шатны төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурынхан, хоршоо, нөхөрлөл, малчдын бүлэг, иргэд хамрагдана.

2.4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зарчмыг баримтална:

      2.4.1. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, стратегитэй уялдуулсан байх;

      2.4.2. гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн нийгэм, эдийн засгийн чадавх, байгаль, цаг уур, газарзүйн онцлог, нөхцөлд тохирох техник, технологийн ололт, тэргүүн туршлагыг ашигласан байх;

      2.4.3. төр, хувийн хэвшил, олон нийтийн түншлэл, хамтын ажиллагаанд тулгуурласан байх;

      2.4.4. ил тод, нээлттэй байдлыг хангасан байх;

      2.4.5. сургалт, сурталчилгааны агуулга, хэлбэр нь олон нийт болон нийгмийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн, шат дараалсан, үр дүнтэй байх;

      2.4.6. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг үндэсний уламжлал, зан үйлтэй хослуулсан байх. 

Гурав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрийн зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ:

3.1. Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах эрх зүйн орчин, тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1.1. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах;

3.1.2. нутгийн иргэдэд түшиглэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх;

3.1.3. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөлтөд олон нийтийн оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлэх;

3.1.4. гамшгаас хамгаалах үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн баримт бичигт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулах арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх.

3.2. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн сургалт, сурталчилгааг бүх түвшинд шат дараалан зохион байгуулах зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.2.1. гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгаанд иргэдийг хамруулах нөхцөлийг бүрдүүлж, сургалт, сурталчилгааны төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;

3.2.2. аж ахуй нэгж, байгууллага, иргэд сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж бүлэг, нөхөрлөл байгуулан, гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгааг шат дараатай явуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

3.2.3. гамшгийн эрсдэлийг бууруулах мэдлэгийг олон нийтэд олгох, эрсдэлгүй зан үйлийг хэвшүүлэх сургалт, сурталчилгааг иргэд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настан, амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тохирсон арга барилаар зохион байгуулах;

3.2.4. олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд, сайн дурынхан, залуучуудад зориулсан ном, гарын авлага, заавар, сэрэмжлүүлэг, дүрс бичлэгийн богино хэмжээний кино хийх, үзүүлэн таниулах болон тараах материал бэлтгэж нийтэд түгээх;

3.2.5. олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгааны чиглэлээр үндэсний болон олон улсын байгууллагатай түншлэл, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжүүлж, гадаад орнуудтай туршлага солилцох, нэвтрүүлэх;

3.2.6. олон нийтийн дунд гамшгийн эрсдэлийг бууруулах талаар нийтийг хамарсан арга хэмжээ, аян өрнүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, иргэний үүсгэл, санаачилга, ололт амжилт, тэргүүн туршлагыг сурталчлах;

3.2.7. гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр-жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд иргэдийг оролцуулан тэмдэглэн өнгөрүүлэх;

3.2.8. гамшгаас хамгаалах эрт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн Пүрэв гарагт улсын хэмжээнд зохион байгуулах;

3.2.9. олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл, сургалт, сурталчилгааг сар бүрийн сүүлийн 7 хоногийн Пүрэв гарагт тодорхой давтамжтайгаар нийтэд түгээх; (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 78 дугаар тогтоолоор өөрчилсөн)

3.2.10. гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах ухааны боловсрол, хүмүүжил олгох хичээлийг сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах, сургалтыг хүүхдийн насны онцлогт тохируулан явуулах;

3.2.11. гамшгаас хамгаалах талаар үндэсний уламжлалт зан үйлийг сэргээн өвлүүлж, сурталчлан таниулах арга хэмжээг олон нийтийн оролцоотойгоор авч хэрэгжүүлэх;

3.2.12. олон нийтийн дунд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг ухуулан таниулах зорилгоор төрөл бүрийн өдөрлөг, уралдаан, тэмцээнийг жил бүр тодорхой сэдвийн дор зохион явуулах.

3.3. Олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.3.1. гамшгийн эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийх арга зүйг иргэдэд зааж, тэдний оролцоотойгоор тухайн орон нутгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх;

3.3.2. эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг тухайн орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.3.3. аж ахуй нэгж, байгууллага, хоршоо, нөхөрлөл, малчдын бүлэг болон бусад сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гамшгаас хамгаалах иргэдийн бүлэг гамшгийн эрсдэлийг бууруулах дундын хөрөнгийн сан байгуулахыг дэмжих;

3.3.4. гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах ухаан, зан үйлийг хэвшүүлэх талаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулж, санал асуулга, судалгаа хийж, ирүүлсэн санал, зөвлөмжийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглах;

3.3.5. гамшгаас хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад түшиглэн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний ажлыг орчин үеийн техник, технологийг ашиглан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гүйцэтгэх;

3.3.6. олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүгнэлт хийх үнэлгээний аргачлал боловсруулж хэрэгжүүлэх;

3.3.7. олон нийтийн оролцоонд тулгуурлан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг тухайн орон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй уялдуулах арга хэмжээ авах.

3.4. Уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.4.1. уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг зайнаас тандан судлах, эрт илрүүлэх чадавхийг бий болгох;

3.4.2. газар ашиглалт, бэлчээрийн нөхцөл байдлыг сансрын болон зайнаас тандан судлах технологийг ашиглан судлах, үр дүнг холбогдох төр, захиргааны байгууллага, иргэд, малчдад түгээх.

3.5. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо, идэвх, санаачилгыг дэмжих зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.5.1. олон нийтийн оролцоотойгоор ногоон бүсийг хамгаалах, ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны эх үүсвэрийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих;

3.5.2. орон нутгийн иргэдэд байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээлэл ашиглах, аюулт үзэгдэл тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг хамгаалах талаар сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах.

3.6. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.6.1. нутгийн иргэдийн оролцоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдал, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах ажиллагааг шуурхай зохион байгуулах арга хэмжээг боловсронгуй болгох;

3.6.2. хот, суурин газрын үерийн хамгаалалтын далан суваг, инженерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог хангах;

3.6.3. хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, малчид, иргэдийн аж ахуй эрхлэх арга барил, технологийг сайжруулах замаар тэдгээрийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх;

3.6.4. цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг харилцаа холбооны хэрэгслээр иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй, шуурхай хүргэх боломжийг нэмэгдүүлэх;

3.6.5. ой, хээрийн түймрийг тандах хяналтын тогтолцоог байгуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, түймрээс хамгаалах зурвас татах ажлыг ойн нөхөрлөл, иргэдтэй хамтран зохион байгуулах;

3.6.6. дэлхийн дулаарлын улмаас шинээр болон дахин сэргэж байгаа халдварт өвчин, тэдгээрийн халдварын мониторингийн сүлжээг бий болгох;

3.6.7. хортон шавж, мэрэгчдийн тархалтын мониторингийн сүлжээг бий болгох;

3.6.8. уур амьсгалын өөрчлөлтийн байгаль экологийн нөлөөллийн үнэлгээг олон нийтийн оролцоотойгоор хийх;

3.6.9. дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгаас хамгаалах талаар ном, гарын авлага, заавар, зөвлөмж боловсруулах, сургалт, семинар, сурталчилгааны ажил зохион байгуулах.

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

4.1. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг улсын хэмжээнд онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тайлан, мэдээ гаргах ажлыг бүх шатны Засаг дарга, онцгой байдлын асуудал хариуцсан нэгж, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдлага хариуцна.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах зарим үйл ажиллагааг Уур амьсгалын үндэсний хороо, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг

      4.2.1. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд дараах үүрэгтэй оролцоно:

   4.2.1.1. амьдран суугаа газар, орон байр, өрх гэрт учирч болзошгүй эрсдэл, эмзэг байдлыг үнэлж сурах, бэлэн байдлаа хангах;

   4.2.1.2. өөрийгөө болон бусдын амь насыг болзошгүй эрсдэлээс хамгаалах, аврах болон анхны тусламжийн мэдлэг, дадалтай болох;

   4.2.1.3. эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бие даан болон бүлэг, нөхөрлөл, хоршоонд нэгдэх, оролцох замаар бүрдүүлэх;

   4.2.1.4. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцох;

   4.2.1.5. байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх, нөөц баялгийг зохистой хэрэглэх;

   4.2.1.6. ган, зудад тэсвэртэй мал аж ахуй, газар тариалан эрхлэх зэрэг амьдралын хэв маяг, дадал заншил, соёлыг төлөвшүүлэх;

   4.2.1.7. уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюулт үзэгдэлтэй тэмцэх чадавх, бэлэн байдлаа хангах;

   4.2.1.8. уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох мэдлэг, туршлага, уламжлалт зан үйл, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэх.

     4.2.2. Гамшгийн эрсдэлийг бууруулахад аж ахуй нэгж, байгууллага, хуулийн этгээд дараах үүрэгтэй оролцоно:

    4.2.2.1. байгууллагынхаа гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;

    4.2.2.2. гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг ажилчдынхаа дунд тогтмол зохион байгуулах;

    4.2.2.3. гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг төлөвлөх, зарцуулах;

    4.2.2.4. гамшгаас хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай  хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, эрх бүхий этгээдийн шийдвэрийг биелүүлж хэрэгжүүлэх. 

     4.2.3. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага дараах үүрэгтэй оролцоно:

    4.2.3.1. гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр оролцогч бусад талуудтай хамтран ажиллах, иргэдэд мэдээлэл өгөх, мэдлэг олгох, дэмжлэг үзүүлэх;

    4.2.3.2. хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох, санхүү, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, хандив, тусламж цуглуулах, төсөл хэрэгжүүлэх замаар сургалт, сурталчилгаа явуулах;

    4.2.3.3. олон улс, бүс нутгийн тэргүүн туршлагыг олон нийтэд түгээх, нэвтрүүлэх.

    4.2.4. Гамшгийн эрсдэлийг бууруулахад нутгийн өөрөө удирдах байгууллага дараах үүрэгтэй оролцоно:

    4.2.4.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд харьяалах нутаг дэвсгэртээ шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэх;

    4.2.4.2. олон нийтийн идэвх, санаачилгыг дэмжиж гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих.

    4.2.5. Гамшгийн эрсдэлийг бууруулахад төрийн захиргааны болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараах үүрэгтэй оролцоно:

    4.2.5.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан салбар болон харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулж зохицуулах;

    4.2.5.2. хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дээд шатны байгууллагадаа заасан хугацаанд тайлагнах.

Тав. Хэрэгжүүлэх хугацаа

Хөтөлбөрийг 2015-2025 оны хооронд хэрэгжүүлнэ.

Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

6.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

6.1.2. орон нутгийн хөгжлийн сан;

6.1.3. иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагын хандив, тусламж;

6.1.4. гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан олон улсын сан, буцалтгүй тусламж, зээл.

6.2. Олон улс, бүс нутгийн хэмжээнд олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт хамрагдах замаар хөтөлбөрийн санхүүгийн зарим эх үүсвэрийг шийдвэрлэж болно.

Долоо. Хөтөлбөрийн үр дүн, хяналт шинжилгээ, үнэлгээ

7.1. Хөтөлбөрийн үр дүн

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

      7.1.1. гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог хангах эрх зүйн орчин бүрдэнэ;

      7.1.2. гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагаанд оролцсон иргэд, байгууллагын тоо нэмэгдэж, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны харилцан уялдаа хангагдана;

      7.1.3. гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг үнэлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог иргэд, олон нийтийн оролцоотойгоор орон нутгийн байгаль цаг уур, нийгэм, эдийн засгийн байдлыг харгалзан бүрдүүлнэ;

      7.1.4. гамшгийн эрсдэлийг бууруулах сургалт, сурталчилгаанд олон нийтийг оролцуулах үйл ажиллагаа тогтмолжино;

      7.1.5. гамшгийн эрсдэлийг бууруулах талаар иргэдийн дунд зохион байгуулж байгаа сургалтын чанар, хүртээмж сайжирна;

      7.1.6. гамшгийн эрсдэл буурснаар нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ;

      7.1.7. уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, иргэний нийгмийн байгууллага хоорондын түншлэл, хамтын ажиллагаа сайжирна;

      7.1.8. уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэл, байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс хүн ам, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн буй орчинд үүсэх хор уршгийн хэмжээ буурна.

      7.1.9. олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгийн менежментийн тогтолцоо төлөвшиж, төрийн ачаалал багасна.

7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

Хөтөлбөрийн хэрэгжилтийг стратегийн зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр нь үнэлнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа тус бүрээр онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд дүнг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана. Онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн явцын үнэлгээ, тайланг дараа оны 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт тайлагнана.

Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журмыг баримтална. 

 

 


---оОо---