A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Уул уурхайн сайдын 2015 оны 53 дугаар тушаалын хавсралт

 

ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ

 

1 дүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

1.1.Монгол Улсын газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, сунгах, цуцлах түүнийг төрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулж, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын инженерүүдэд мэдлэг, мэргэшлийн ур чадвар, түвшин, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, бүтээл, туршлагыг үнэлэх, тэдний ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.3.Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах, хүчингүй болгох ажиллагааг удирдах, түүнд хяналт тавих ажлыг “Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох” зөвлөл /цаашид “зөвлөл” гэх/ эрхэлнэ.

1.4.Газрын тосны салбарын үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд, иргэд тухайн зэрэгтэй инженерийн гаргасан алдааг зөвлөлд тухай бүр мэдээлж байна. Энэ нь мэргэжлийн зэргийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах, хүчингүй болгох үндэслэл болно.

1.5.Газрын тосны салбарын инженерийн зэрэг нь мэргэшсэн ба зөвлөх гэсэн шатлалтай байх бөгөөд мэргэшсэн инженер нь тухайн үйлдвэрлэлийн түвшинд, зөвлөх инженер нь үйлдвэрлэл ба салбарын түвшинд ажил, үйлчилгээ эрхэлнэ. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

1.6.“Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн газрын тосны холбогдох мэргэжлийн салбар, тэнхим  нь Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, Зөвлөлийн үйл ажиллагаанд мэргэжлийн, цаг үеэ олсон дэмжлэг, туслалцаа үзүүлэх, мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалт зохион байгуулах, мэргэжлийн зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах, хүчингүй болгох талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, зэрэгтэй инженерийн талаар гарган гомдлыг хүлээн авч, хянаж, Зөвлөлд танилцуулах, Зөвлөлөөс гарсан аливаа шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг гүйцэтгэнэ. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

1.7.Зөвлөлөөс газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах, хүчингүй болгох талаар гаргасан шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулна.

1.8.Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтын материал, мэдээлэл, бусад холбогдох баримт бичгийг сургалт явуулж буй байгууллагын мэдээллийн санд архивын нэгж болгон хадгална. Зөвлөлийн шийдвэрийг салбарын төрийн захиргааны төв байгууллагад хадгална.  /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

1.9.Мэргэшсэн болон зөвлөх инженер нь мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрэм, шалгалт авах журам болон сургалтын хөтөлбөртэй байна. Сургалтын хөтөлбөрийг салбар, шинжлэх ухааны хөгжилтэй уялдуулан шинэчлэн батлуулж байх.

1.10.Салбарын инженер гэдэгт “Монгол Улсын үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08”-д заасан дараах мэргэжил, индекс /кодтой/ газрын тосны инженер, мэргэжилтэн хамаарна:

  1. 2114-11 Геологич;
  2. 2114-15 Геологич инженерийн;
  3. 2114-16 Геологич инженер /газрын тосны/;
  4. 2114-17 Геологич инженер /хайгуулын/;
  5. 2114-18 Геологич иженер /эрэл- зураглалын/;
  6. 2114-25 Геофизикч;
  7. 2143-13 Инженер, байгаль орчны;
  8. 2143-15 Байгаль орчны нөхөн сэргээх мэргэжилтэн;
  9. 2144-25 Инженер, хийн хоолойн;
  10. 2144-40 Механикч инженер, хийн хоолойн;
  11. 2145-11Инженер, байгалийн хийн үйлдвэрлэлт, хуваарилалтын;
  12.  2145-12 Инженер, нефть, түлшний технологич;
  13.  2145-14 Инженер, химийн /нефть, байгалийн хийн, химийн боловсруулалтын/;
  14.  2145-15 Технологич инженер, нэрэх процессын;
  15. 2145-26 Технологич шатахууны;
  16.  2146-14 Инженер, нефть, байгалийн хийн;
  17.  2146-18 Инженер, газрын тос болон байгалийн хий олборлолтын ;
  18. 2141-11 Инженер, аж үйлдвэрийн;
  19.  2141-12 Инженер, байгууламжийн;
  20. 2141-13 Инженер, машин тоног төхөөрөмжийн;
  21. 2141-17 Инженер, техник засварын;
  22. 2141-18 Инженер, төлөвлөлтийн; 
  23. 2141-19 Инженер, төсвийн;
  24. 2141-25 Инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын;
  25.  2141-27 Инженер, хангамж түгээлтийн;
  26.  2141-28 Инженер, чанарын;
  27.  2141-33 Инженер, тосолгооны тоног төхөөрөмжийн;
  28.  2141-34 Инженер, хийн хоолойн;
  29.  2141-35 Инженер, хэмжил зүй, эталоны, шалгалт, тохируулгын;
  30.  2142-21 Инженер, шугам хоолойн;
  31. 2631-17 Эдийн засагч, үйлдвэрийн;
  32. 1322-12 Дарга, мастер /менежер/, алба, хэлтэс тасаг, цех, ээлжийн /үйлдвэрийн менежер/ (газрын тос, хий гаргаж авах)/;
  33. 2113-22 Химич, нефтийн;
  34. 2113-50 химич газрын тосны, технологич;
  35.  “Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт -08”-д ирээдүйд нэмэгдэж болох мэргэжилүүд.

1.11.Энэ журмын 1.9-т заасан ёс зүйн дүрэм, шалгалт авах журам болон сургалтын хөтөлбөрийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн газрын тосны холбогдох мэргэжлийн салбар, тэнхим боловсруулж, Зөвлөлийн дарга батална. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар 1.9 - 1.11-р хэсгийг нэмсэн/

2 дугаар зүйл. Зэрэг горилогчдод тавих шаардлага

2.1.Горилогч дараах болзолыг хангасан байна. Үүнд:

2.1.1. Мэргэшсэн зэрэг горилогч нь төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан газрын тосны чиглэлээр их, дээд сургууль төгсөж дээд (бакалавр, магистр, доктор) боловсрол эзэмшсэн бөгөөд бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш сүүлийн 8-аас, эсвэл магистрын зэрэг хамгаалсанаас хойш 5-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил тасралтгүй газрын тосны салбарт ажилласан байна. Түүнчлэн, мэргэжлийн чиглэлээр ерөнхий мэдлэгийн шалгалтанд тэнцсэн байна. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

2.1.2.Зөвлөх зэрэг горилогч нь энэ журмын 5.6-д заасан нөхцөлийг хангасан, мэргэжлийн чиглэлээр ерөнхий мэдлэгийн шалгалтанд тэнцсэн байна.

2.1.3.Горилогчийн бүтээл нь мэргэжил дээшлүүлэх талаар зөвлөлөөс баталсан журамд заасан шаардлагыг хангасан байна.

2.1.4.Зэрэг горилогч нь мэргэжлийн болон ёс зүйн зохих шаардлагыг хангасан байна.

2.1.5.Зэрэг горилогч нь зөвлөлөөс зэрэг олгох үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон төлбөрийг төлсөн байна.

3 дугаар зүйл. Зэрэг горилох хүсэлт гаргах

3.1.Мэргэжлийн зэрэг горилогч нь дараах баримт, бичгүүдийг бүрдүүлж зарласан хугацаанд багтаан зөвлөлд ирүүлнэ. Үүнд:

  • Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл;
  • Итгэмжлэгдсэн 2 хүний тодорхойлолт;
  • Ажил байдлын тодорхойлолт;
  • Дипломын хуулбар (баталгаажуулсан);
  • Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, гэрчилгээ, нийгмийн даатгал төлснийг баталгаажуулсан баримт болон бусад баримт бичгийн баталгаажуулсан хуулбар; /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав./
  • Бүтээлийн тайлан, жагсаалт (хэвлэгдсэн ба мэдээллийн сан-фондод орсон);
  • Анкет (3х4 см-ийн хэмжээний 2 хувь цээж зураг);
  • Шалгаруулалтын төлбөрийн баримт.

3.2.Горилогч нь ажил байдлын тодорхойлолтыг ажиллаж буй байгууллагаасаа авсан байна. Шаардлагатай бол холбогдох бусад байгууллага тодорхойлолт гаргаж болно.

3.3.Бүтээлийн тайланг ажиллаж буй байгууллага болон Зөвлөх зэрэгтэй 2-оос доошгүй инженер хянаж баталгаажуулсан байна. Тайланд бүтээлийн фото зураг, нүүр хуудас, гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргана.

3.4.Горилогч нь онцгой бүтээл гаргасан тохиолдолд горилогчийн бичгээр тавьсан хүсэлтийг үндэслэн энэ журмын 2.1-д заасан хугацааг зөвлөл хэлэлцэж багасгаж болно.

3.5.Зөвлөл нь дараах тохиолдлуудад зөвлөх зэрэг горилогчийн бичгээр тавьсан хүсэлтийг хэлэлцэж мэргэжлийн шалгалтаас чөлөөлж болно. Үүнд:

3.5.1.Мэргэжлээрээ 25 жилээс дээш хугацаагаар тасралтгүй үр бүтээлтэй ажилласан;

3.5.2.Онцгой бүтээл гаргасан (тулгуур төсөл, хөтөлбөр, хууль эрх зүйн акт, судалгаа удирдан боловсруулсан, хэрэгжүүлсэн, томоохон нээлт гаргасан);

3.5.3.Газрын тосны мэргэжлийн чиглэлээр боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

4 дүгээр зүйл. Зэрэг олгох шалгаруулалт

4.1.Зөвлөл нь шалгаруулалтыг горилогчийн мэдлэгийн түвшин, мэргэшлийн ур чадвар, бүтээл, туршлагыг магадлан үнэлэх замаар гүйцэтгэнэ. Инженерүүдийн мэдлэгийн түвшин болон мэргэжлийн ур чадварыг шалгалтаар, бүтээл ба туршлагыг тодорхойлолтоор, бүтээлийн тайланг зохих байгууллагаас лавлагаа авч магадлан шалгах замаар тодорхойлно.

4.2.Шалгалт нь мэргэшсэн зэрэг горилогчид хоёр, зөвлөх зэрэг горилогчид гурав хүртэл үе шаттайгаар явагдана. Үүнд:

Нэгдүгээр шат. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд түүнд бүрэн хамрагдсан;

Хоёрдугаар шат. Ерөнхий мэдлэгийн шалгалт (шалгалтын агуулга нь горилж буй зэргээс хамаарч ялгаатай байна);

Гуравдугаар шат.Төгсөлтийн ажлын хамгаалалт. Төгсөлтийн ажлын хамгаалалтад газрын тосны онцгойлох төсөл, технологийн шийдэл, судалгааны ажлын тайлан орж болно.

4.3.Ерөнхий мэдлэгийн шалгалтыг мэргэшүүлэх сургалтын программын хэмжээнд хураангуй байдлаар тестээр болон билетээр, бичгээр авна.

4.4.Зэрэг горилогч нь Ерөнхий мэдлэгийн шалгалтад авбал зохих нийт онооны 85 ба түүнээс дээш хувийг авбал тэнцсэнд тооцно.

4.5.Шалгаруулалтын гуравдугаар шатанд орж буй зөвлөх зэрэг горилогч нь Зөвлөлөөс зөвшөөрсөн сэдвээр, батлагдсан зааврын дагуу төгсөлтийн ажил бичиж, зөвлөх зэрэгтэй хоёр инженер буюу эрдэмтдээс шүүмж, санал авч мэргэжлийн шалгалтын комисст хамгаална. Энэ шатанд комисс нь горилогчийн бүтээл, туршлагыг үнэлж, нэгтгэн 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно.

4.6.Ерөнхий мэдлэгийн шалгалт, төгсөлтийн ажлын хамгаалалтыг зөвлөлөөс томилогдсон комисс авна. Шалгалтын комисс болон зэрэг горилогч нь батлагдсан шалгалтын журмыг баримтална.

4.7.Зэрэг горилогч нь зэрэгтэй инженерийн ёс зүйн дүрэмтэй танилцаж, хүлээн зөвшөөрөх тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна. Ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрөөгүй горилогчид зэрэг олгохыг хориглоно.

4.8.Шалгалтын комисс нь горилогчийн шалгалтын дүн, бүтээл, туршлагад үндэслэн зэрэг олгох эсэх саналаа зөвлөлд оруулна.

5 дугаар зүйл. Зэргийг сунгах, цуцлах, бууруулах, хүчингүй болгох

5.1.Мэргэшсэн зэрэгтэй инженер нь 3, зөвлөх зэрэгтэй инженер 5 жил тутамд тус тус зэргээ сунгаж баталгаажуулна. Үүний тулд зэрэг дэвтэй инженер нь дээрх хугацаанд холбогдох сургалтанд хамрагдан хяналтын модул (багц цаг) цуглуулсан байх ба үүнийг зөвлөл тогтооно.

5.2.Зэргийг 2 удаа сунгах ба хоёр дахь сунгалт нь хугацаагүй олгогдоно.

5.3.Зэргээ сунгуулах хүсэлтийг (өргөдөл) зэрэг авснаас хойш хугацаанд хийсэн ажлын болон мэргэжил дээшлүүлсэн талаарх тайлан, тодорхойлолтын хамт зөвлөлд бичгээр ирүүлнэ.

5.4.Зэргээ сунгуулах хүсэлт гаргагчаас тайлан хамгаалалт хийлгүүлж, шалгалт авах ба тайлан хамгаалалт, шалгалт тус бүрт 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлбэл зэргийг сунгах саналыг зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.

5.5.Дараах тохиолдлуудад зөвлөл хэлэлцэж зэргийг бууруулах, эсвэл цуцлах шийдвэр гаргаж болно. Үүнд:

  • Зэргээ бууруулах эсвэл цуцлуулах хүсэлтийг мэргэжилтэн өөрөө гаргасан;
  • Тайлант хугацаанд мэргэшсэн чиглэлээр ажил үйлчилгээ явуулаагүй, хангалтгүй явуулсан;
  • Шалгаруулалтад хугацаандаа ороогүй;
  • Шалгаруулалтад тэнцээгүй;
  • Ёс зүйн ноцтой доголдол гаргасан нь зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн;
  • Мэргэжлийн ноцтой алдаа, дутагдал гаргасан;
  • Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор гэмт хэрэгт шийтгүүлсэн.

5.6.Мэргэшсэн зэрэгтэй инженер нь зэргээ хоёр удаа амжилттай сунгуулсан тохиолдолд зөвлөх инженерийн шалгаруулалтанд орох эрхтэй болно.

5.7. Зөвлөл нь горилогчийн бүтээлийг холбогдох яам, агентлаг, мэдээлийн төв, мэргэжлийн холбоо, сургуулиас тодруулан хянан магадлах явцад бүтээлээ худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг буруу баталгаажуулсан байдал илэрвэл буруутай этгээдэд зэрэг олгохоос түдгэлзэх, урьд авсан зэргийг нь бууруулах эсвэл хүчингүй болгоно. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар өөрчлөн найруулсан/

6 дугаар зүйл. Мэргэжил дээшлүүлэлт, бүтээлийг үнэлэх, багц цаг тооцох

6.1.Зэрэгтэй инженер нь жилдээ нийт мэргэжил дээшлүүлэх 40 цаг буюу 5 модулаас (5 өдөр х 8 цаг/өдөр) доошгүй цагийн танхимийн болон цахим сургалтанд хамрагдсан байна. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав./

6.2.Танхимын болон цахим сургалтын сургалтын (1 цаг = 45 мин/академи) 8 цагийн сургалтыг 1 модул, дадлагажуулах сургалтын 16 цагийн сургалтыг 1 модул гэж тооцно. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар нэмэлт орсныг тусгав./

6.3.Зэрэг горилогч нь бүтээлийн тайланг хавсралт 2-ын дагуу, зэрэг сунгах болон ахиулах горилогч нь зэрэг авснаас хойш хийсэн бүтээлийн тайланг мэргэжил дээшлүүлсэн бодит цагийн хэмжээгээр тооцож хавсралт 3-ын дагуу гаргаж холбогдох байгууллага болон өөрийн мэргэжлийн хүрээний чиглэлээр зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнээр баталгаажуулан нотлох баримт, материалын хамт зөвлөлд ирүүлнэ.

6.4.Газрын тосны салбарын инженерийн мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалтын багц цагийг танхим болон цахим бус дараах хэлбэрийн үйл ажиллагаагаар хангаж болно. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

6.4.1.Газрын тосны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандартын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн баримт бичиг нь батлагдсан бол 3 багц цаг;

6.4.2.Газрын тосны салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандартад санал өгч тусгуулсан, шүүмж бичсэн бол 1 багц цаг;

6.4.3.Мэргэжлийн заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан бол 3 багц цаг;

6.4.4.Мэргэжлийн ном, нэг сэдэвт бүтээл нийтлүүлсэн бол 5 багц цаг;

6.4.5.Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн бол нэг өгүүлэл тухайн сэдвийн чиглэлээр 1 багц цаг;

6.4.6.Магистрын зэрэг хамгаалсан бол хамгаалсан сэдвийн чиглэлээр 3 багц цаг;

6.4.7.Докторын зэрэг хамгаалсан бол хамгаалсан сэдвийн чиглэлээр 5 багц цаг;

6.4.8.Газрын тосны салбарын чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх ажлын хэсэгт ажиллаж, ажлын тайлан, илтгэлийг нийтлүүлсэн бол тайлан тус бүрээр 4 багц цагийг ажилласан хүний тоогоор хувь тэнцүүлэн;

6.4.9.Их дээд сургууль төгсөгчийн дипломын ажил удирдсан (1оюутан-0,5 багц цаг);

6.4.10.Диплом хамгаалалтын шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан (1 удаа-0,5 багц цаг).

6.5.Горилогч нь танхимын болон цахим сургалтын бус хэлбэрээр багц цаг хангасан тодорхойлолтыг өөрөө гаргаж, зохих нотлох баримтын хамт “Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн газрын тосны холбогдох мэргэжлийн салбар, тэнхимд жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлж байна. /УУХҮС-ын 2021 оны А/279 дүгээр тушаалаар нэмэлт, өөөрчлөлт орсныг тусгав./

7 дугаар зүйл. Зэрэгтэй инженерийн эрх

7.1.Зэрэгтэй инженер нь зөвлөлөөс баталсан загвар бүхий гэрчилгээ, хувийн тэмдэгтэй байна. Гэрчилгээнд тэмдэг эзэмшигчийн нэр, бүртгэлийн дугаар, зэргийн хүчинтэй хугацаа, эрхлэх ажил үйлчилгээний хүрээг тодорхойлсон байна. Тэмдгийн эх загварын дардсын нэг хувийг зөвлөл болон хяналтын байгууллагад хадгалуулсан байна.

7.2.Мэргэшсэн зэрэгтэй инженер нь гэрчилгээнд заасан эрхлэх ажил үйлчилгээний хүрээнд инженерийн тооцоо, барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, барилга угсралтын ажлыг зохион байгуулах, хяналт тавих, материал үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн туршилт, тохируулга, засвар үйлчилгээг эрхэлнэ.

7.3.Зөвлөх зэрэгтэй инженер нь энэ журмын 7.2-т заасан ажил үйлчилгээг эрхлэхээс гадна зөвлөх ажил үйлчилгээ үзүүлэх, зураг, төсөл, хөтөлбөр удирдан гүйцэтгэх, бусдын хийсэн ажил үйлчилгээнд хяналт тавих, шалгах, дүгнэлт гаргах, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх сонгон шалгаруулалтанд орох эрхтэй.

7.4.Зөвлөх зэрэгтэй инженер нь зөвхөн өөрөө гүйцэтгэсэн, оролцсон эсвэл удирдсан, хянаж зөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлан, дүгнэлт, акт, баримт бичиг, зураг төсөл зэрэгт гарын үсэг зурж хувийн тэмдгээ дарна.

7.5.Зэрэгтэй инженер нь мэргэжлээрээ ажиллах нөхцөлд Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 51 дүгээр зүйлд заасны дагуу Зөвлөх-20%, Мэргэшсэн-15% хүртэл зэргийн нэмэгдэл авч болно.

7.6.Зэрэг олгох болон зэргээ сунгуулах шалгалтад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орж чадаагүй бол уг шалтгааныг нотолсон баримт бичгийг бүрдүүлж, Зөвлөлд өгч шийдвэрлүүлнэ.

7.7.Шалгуулагч нь шалгалтын талаарх гомдол, саналаа зөвлөлд бичгээр тавьж шийдвэрлүүлнэ.

7.8.Шалгуулагч нь шалгалтад тэнцээгүй бол нэг жилээс доошгүй хугацааны дараа шалгалтыг дахин өгөх хүсэлтийг зөвлөлд бичгээр тавьж шийдвэрлүүлнэ.

8 дугаар зүйл. Зэрэгтэй инженерийн үүрэг, хариуцлага

8.1.Зэрэгтэй инженер нь ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, норм стандарт, журам зааврын дагуу техник технологийн зохих түвшинд хариуцлагатай, чанартай гүйцэтгэнэ.

8.2.Зэрэгтэй инженер нь өөрийн бие дааж болон удирдан хийлгэсэн зөвлөмж, хянаж баталгаажуулсан ажлын үр дүн, түүний чанарыг бүрэн хариуцах ба хийсэн ажил үйлчилгээний дүгнэлтэд тэмдэг дарж баталгаажуулна.

8.3.Өөрийн буруугаас учирсан хохирол, хариуцлагыг холбогдох хуулийн дагуу хүлээнэ.

8.4.Зэргээ цуцлуулсан инженер зөвлөлд хувийн тэмдэг, гэрчилгээгээ хураалгана.

 

 

Хавсралт-1

 

 

УУЛ УУРХАЙН ЯАМ

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ИНЖЕНЕРҮҮДЭД МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЗӨВЛӨЛ

 

 

Сэдэв:

     
 

(зөвлөх инженерийн зэрэг горилох төгсөлтийн ажил)

       

Гүйцэтгэгч

     
       

Зөвлөх:

..........................

..........................

..........................

 

(албан тушаал)

(зэрэг)

(цол)

       
       

Шүүмжлэгчид:

..........................

..........................

..........................

 

(албан тушаал)

(зэрэг)

(цол)

       
       
       
       
       
       
 

Улаанбаатар хот

 
 

201... он

 

 

Хавсралт-2

 

 

 

.................................. овогтой ...............................-ын бүтээлийн тайлан

 

Бүтээлийн нэр

Гүйцэтгэсэн хугацаа, он, сар

Өөрөө гүйцэтгэсэн, оролцсон хэрэгжүүлсэн аль нь болох

Шийдвэр гаргасан, баталгаажуулсан

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайланг бичсэн зэрэг горилогч:                                      /                                   /

Хянаж баталгаажуулсан:                                                  /                                   /

 

Хавсралт-3

 

 

............................... овогтой ..........................-ний мэргэжил дээшлүүлсэн тайлан

 

Мэргэжил дээшлүүлсэн хэлбэр, агуулга, сэдэв

Хугацаа он, сар, өдөр

Хамтарч оролцсон байдал

Бодит цагийн хэмжээ

Багц цагт шилжүүлсэн

 

 

 

 

 

 

 

 

 

Тайланг бичсэн зэрэг горилогч:                                      /                                   /

Хянаж баталгаажуулсан:                                                  /                                   /