- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН АНХДАГЧ БОЛОН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНД ТАВИХ ШААРДЛАГА
Уул уурхайн сайдын 2015 оны 03 дугаар сарын 10-ны
өдрийн 49 дүгээр тушаалын хавсралт
ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛ, АШИГЛАЛТЫН АНХДАГЧ БОЛОН
ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНД ТАВИХ ШААРДЛАГА
Монгол Улсын Газрын тосны тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Эрлийн гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын анхдагч болон боловсруулалт, тайлал хийсэн материал, үр дүнгийн тайланг боловсруулан Газрын тосны газар (ГТГ)-т хүлээлгэн өгөх харилцааг зохицуулахад энэхүү шаардлагын зорилго оршино.
1 дүгээр зүйл. Ерөнхий зүйл
1.1.Газрын тосны тухай хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Эрлийн гэрээний дагуу гэрээлэгч нь гэрээт талбайд хийж гүйцэтгэсэн ажлын анхдагч болон боловсруулалт, тайлал хийсэн материал, үр дүнгийн тайланг Газрын тосны газар (ГТГ)-т энэхүү шаардлагад заасны дагуу цахим болон хэвлэмэл хэлбэрээр монгол болон англи хэл дээр боловсруулан хүлээлгэж өгнө.
1.2.Хавсралт, хүснэгтүүд нь энэхүү шаардлагын салшгүй хэсэг болно.
2 дугаар зүйл. Жилийн тайлан
2.1.Жилийн тайланд батлагдсан төлөвлөгөө, төсвийн дагуу гэрээт талбайд гүйцэтгэсэн бүх ажлын үр дүнг талбай тус бүрээр нэгтгэж Хавсралт-1-ийн дагуу боловсруулан тайлагнана.
2.2.Тайлан нь 2 хэсэгтэй байна. Эхний хэсэгт Хавсралт-1-ийн 1-ээс 8-д заасан мэдээлэл, тайлангийн 2 дахь хэсэгт Хавсралт-1-ийн 9-өөс 14-д заасан мэдээлэл тус тус багтсан байна.
2.3.Тайлан товч тодорхой, Хавсралт зургуудтай байна.
3 дугаар зүйл. Эрэл, хайгуулын хугацааны үр дүнгийн нэгдсэн тайлан
3.1. Гэрээлэгч нь эрэл, хайгуулын хугацааны үр дүнгийн нэгдсэн тайланг талбай тус бүрээр гаргана. Тайлан нь дараах бүтэц, агуулгатай байна. Үүнд:
Гарчиг
3.1.1 Удиртгал
3.1.2 Өмнөх судалгаа
3.1.3 Эрэл, хайгуулын хугацаанд гүйцэтгэсэн ажлууд
3.1.4 Бүс нутаг ба сав газрын геологи
3.1.5 Давхаргазүй (Монголын литостратиграфийн кодексийг баримтлана)
3.1.6 Геологийн структур
3.1.7 Хайгуул, судалгаагаар тогтоосон нээлт
3.1.8 Газрын тосны хэтийн төлөв
3.1.9 Цаашид гүйцэтгэх ажлын хөтөлбөр
3.1.10 Дүгнэлт (Хайгуулын хугацаа сунгах тохиолдолд үндэслэлийг дүгнэлтэнд дэлгэрэнгүй тусгана)
3.1.11 Ишлэл
3.1.12 Эрэл, хайгуулын хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэл, зардал
3.2. Эрэл, хайгуулын хугацааны үр дүнгийн нэгдсэн тайланд дараах тайллын мэдээллийг тусгасан байна. Үүнд:
3.2.1 Хүндийн хүч ба соронзон судалгаа
(Хэтийн төлөв бүхий талбайн чанарын ба тоон тайллын зураг, тайлангууд)
3.2.2 Чичирхийллийн судалгаа
3.2.3 Миграци хийгдсэн зүсэлтүүд, давхаргазүйн нэгжүүд түүний харьцуулалтын зүсэлтүүд, чичирхийллийн хайгуулын үр дүнгээр зохиосон гүний тогтоцын зураг, зузаан, нас, хугацааны ижил утгад муруйнуудын зургууд, тайллын тайлангууд,
3.2.4 Литологи.
Литологийн судалгааны тайллаар зохиосон хурдас чулуулгийн тархалтын зураг, тос агуулагч чулуулгийн тархалтын зураг
3.2.5 Археологи Палеонтологи.
Палеонтологи, палинологийн судалгаагаар тогтоосон зүйлүүдийн жагсаалт ба насны интервал, хурдас чулуулаг, формацийн насны үндэслэл, сав газрын давхарга зүйн схем
3.2.6 Газрын тос үүсгэгч чулуулаг.
Газрын тос үүсгэгч чулуулгийн судалгааны мэдээлэл, дүгнэлт
3.2.7 Тусгай зориулалтын чөмөг чулуун дээжний шинжилгээ.
Тусгай зориулалтын чөмөг чулуун дээж (битүүмжилсэн чөмөг чулуун дээж, цооногийн ханаас авсан дээж)-нд хийсэн шинжилгээний (чулуулгийн нэвчүүлэмж, чөмөг чулуунд хийсэн даралтын туршилтын мэдээлэл, сүвшилийг тодорхойлох шинжилгээний үр дүн, ус шахалтыг чөмөг чулуун дээжинд туршсан мэдээлэл) үр дүнгүүдийн товч мэдээлэл
3.2.8 Бүс нутгийн болон сав газрын геологи.
Бүс нутгийн болон сав газрын геологийн болон хурдас хуримтлалын эртний орчны зургууд, формацийн бүтэц-хэлбэршил болон гүний тогтоцын байршлын зургууд, мэдээллүүд
3.2.9 Хураагуурын судалгаа.
Тайллаар тогтоосон хураагуурын шинж чанар
3.2.10 Хураагуурын тогтоц.
Хураагуурын бүтэц-тогтоц, түүний гүний тогтоцын зураг, тосны хуримтлалын тооцоо, тосны хуримтлалтын хэмжээ болон ашиглалтын нөөц, нөөцийн тайлан
3.2.11 Өрөмдлөг.
Цооногийн мэдээлэлд хийсэн тайлал, тайлан, зургууд
3.2.12 Каротажийн мэдээлэл.
Цооногийн каротажийн судалгааны тайллаар тогтоосон формацийн дээд хил, тосны ба тос-усны хил зааг болон цооногийн бусад мэдээллүүд
3.2.13 Шингэний шинжилгээ, шинжилгээний үр дүн
4 дүгээр зүйл. Сунгалт хийгдсэн эрэл, хайгуулын хугацаанд гүйцэтгэсэн ажлын тайлан
4.1.Тайлан нь энэхүү шаардлагын 3 дугаар зүйлд заасан тайлангийн агуулга, бүтэцтэй адил байна. Тайланг сунгалт хийгдсэн хайгуулын хугацаа дуусахаас 2 сарын өмнө ГТГ-т ирүүлнэ.
5 дугаар зүйл. Цооногийн нэгдсэн тайлан
5.1.Цооногийн нэдсэн тайлан нь анхдагч болон үндсэн мэдээллийг тусгасан дараах тайлан, материалуудаас бүрдэнэ.Үүнд:
5.1.1. Цооногийн тайлан
5.1.1.1. Гарчиг
5.1.1.2. Цооногийн мэдээлэл (Хавсралт-2-ийн дагуу)
5.1.1.3. Товч агуулга (Хүснэгт-1-ийн дагуу
5.1.1.4. Ерөнхий мэдээлэл.
Гэрээлэгч болон өрмийн туслан гүйцэтгэгчийн нэр, цооногийн дугаар, листийн дугаар /номенклатур/, байр зүйн солбицол, өндөржилт, өрөмдлөгийн төслийн гүн, өрөмдсөн нийт гүн, (өрөмдлөг ба цооногийн бичиглэл), цооногийн цэг байрлаж буй чичирхийллийн шугам, буудлагын цэгийн дугаар болон зүсэлт, өрөмдлөг эхэлсэн, дууссан огноо;
5.1.1.5. Байршлын бүдүүвч зураг.
Зураг стандарт масштабтай байна. Цооногийн байрлалтай ойр хот, зам, усны сүлжээ бусад газрын тэмдэг, тэмдэглэгээ тодорхой байна. Мөн цооногийн байрлалыг сансрын зураг эсвэл агаарын зураг дээр үзүүлнэ. Хэвтээ цооногийн хувьд чиглэлээс хамаарсан солбицлолын өөрчлөлт, төгсгөлийн цэг зэрэг нь XYZ солбицлолоор илэрхийлнэ.
5.1.2. Өрөмдлөгийн тайлан.
5.1.2.1. Өрөмдлөгийн төлөвлөгөө.
Өрөмдлөгийн ажлын гүйцэтгэгч, өрмийн цамхаг, техник, тоног төхөөрөмжийн марк болон хүчин чадал, оргилолтоос хамгаалах төхөөрөмж гэх мэт (Өрөмдлөгийн төлөвлөгөөг ажил эхлэхээс өмнө ирүүлнэ.)
5.1.2.2. Өрөмдлөгийн ажлын талаарх мэдээлэл.
Цооногийн голч, гүн, угаалгын шингэн, өрмийн хошуу, хүндрүүлэгч, өрмийн яндан, бэхэлгээний яндан, цооногийн хазайлтын хэмжилт ба түүний график, өрөмдлөг үргэлжилсэн хугацаа ба түүний график, цооногийн бүтцийн зураг гэх мэт;
5.1.2.3. Формацийн дээжлэлт.
Үйрмэг дээж, чөмөг чулуун дээж, ханын дээжлэлт, давхаргын шингэний туршилт, хий илрүүлэгч гэх мэт;
5.1.2.4. Цооногийн геологийн бичиглэл ба судалгаа.
Геологийн бичиглэл, шаврын судалгаа, чөмөг чулуун дээжлэлт, цооногийн геофизикийн судалгаа, формацийн үеүдийн хурдны судалгаа (VSP), даралт, температурын судалгаа гэх мэт;
5.1.2.5. Цооногт хийсэн туршилтын ажлууд.
Тос агуулагч чулуулгийн мэдээлэл, ашигт үе давхаргын зузаан, сүвшилт, нэвчимж, давхаргын тос ханалтын үзүүлэлтүүд, давхаргын даралт, температур, давхарга дахь тосны хүхэр, парафины агуулга, зууралдлага, хувийн жин, перфораци, шингэн хагалбар, шавхалтын ажлуудын үр дүн гэх мэт мэдээллүүдийг багтаасан байна. Цооногт хийсэн туршилтын ажлууд болон бусад.
5.1.3. Геологийн тайлан
5.1.3.1. Гэрээт талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажил, хурдас чулуулгийн тархалт, шинж чанар, тэдгээрийн онцлог, геологийн биетүүдийн тогтоцын дэлгэрэнгүй мэдээлэл.
5.1.3.2. Бүс нутаг ба сав газрын геологийн тогтоц.
Хурдас чулуулаг, бүтэц, тогтоцын талаар өмнөх судалгааны болон өөрсдийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд тулгуурлан дэлгэрэнгүй бичнэ. Хурдас чулуулгийн давхарга зүйн ангиллын бичлэгийг Монгол улсын литостратиграфийн кодексын дагуу хийсэн байна.
5.1.3.3. Бүтэц хэлбэршил.
Газрын тосны хайгуулын шалгуур (стратиграфи, литологи, структур, геоморфологи г.м.,) шинж тэмдэг болж буй хурдас чулуулаг, биетүүдийн тогтоцын талаар тодорхой бичнэ.
5.1.3.4. Сүвшилт, нэвчүүлэмж болон давхаргын шингэний шинж чанарууд
5.1.3.4. Нүүрстөрөгчийн илрэл
5.1.4. Дүгнэлт
5.1.5. Зардлын тооцоо.
Цооног өрөмдөх үед хэрэглэгдсэн материал (угаалгын шингэний материал, цемент, бусад нэмэлт бодис, үзүүрийн багаж, бэхэлгээний яндан гэх мэт)-ын зарцуулалтын тооцоо, тоног төхөөрөмжийн элэгдэл хорогдлын тооцоо, бүх туршилт түүний үр дүн багтана.
5.1.6. Ишлэл
5.1.7. Тайланд хавсаргах материалууд
5.1.7.1. Байршлын тойм зураг ба гүйцэтгэгчийн тэмдэглэл.
Зураг стандарт масштабтай байна. Цооногийн байрлалтай ойр хот, зам, усны сүлжээ бусад газрын тэмдэг, тэмдэглэгээ тодорхой байна.
5.1.7.2. Цооногийн бичиглэл
5.1.7.3. Өрөмдлөгийн бичиглэл
5.1.7.4. Литологийн бичиглэл
5.1.7.5. График бичиглэл
5.1.7.6. Чөмөг чулуу, хананы болон үйрмэг дээжний бичиглэл
5.1.7.7. Дээжний шинжилгээний мэдээлэл
5.1.7.8. Каротажийн хэмжилт ба үр дүн.
Каротажийн муруйн тайлал хийгдсэн тоон болон хэвлэмэл хувилбар
5.1.7.9. Перфорацийн бичлэг
5.1.7.10. Шингэн хагалбарын ажлын үр дүн.
Цооногийн байрлал, өрөмдлөг хийсэн хугацаа, бэхэлгээний яндангийн зузаан, цементацийн мэдээлэл, перфорацийн интервал, давхарга, давхаргын нягтрал, нүх сүвшил, шингэний зууралдлага, перфорацийн бууны төрөл, буудлагын нягт, перфорацийн цэнэгийн төрөл, шингэн хагалбарын суурь уусмалын сонголт, пропантын мэдээлэл,шингэн хагалбарын тоног төхөөрөмж, шингэн хагалбарын даралт, пропантын агуулга, шингэний эзэлхүүн, шингэний нягт, урсгалын хурд, элсний нягтрал, төлөвлөсөн ба зарцуулсан элсний хэмжээ, давхаргын хүчдэлийн муруй, шингэн хагалбарын муруй гэх мэт.
5.1.7.11. Туршилт.
Даралтын бичлэгүүд ASCII file форматтай
5.1.7.12. Өрмийн цооногийн хазайлтын байрлал
5.1.7.13. Формацийн үеүд дэх долгионы хурдны бичлэг
5.1.7.14. Бусад туршилт
5.1.7.15. Шаврын судалгаа
5.1.7.16. Цооногийн бүтцийн нарийвчилсан схем зураг
6 дугаар зүйл. Дээжийн шинжилгээний үр дүн ба тайллын тайлан
6.1. Дээжийн шинжилгээний үр дүн ба тайллын тайлан нь дараах тайлан, материалуудаас бүрдэнэ. Үүнд:
6.1.1. Дээжийн лабораторийн шинжилгээний үр дүн , тайлан
6.1.2. Палеонтологи ба палинологийн тайлан
6.1.3. Петрологийн тайлан
6.1.4. Цооног дахь хийн бичиглэл, хийн шинжилгээ үр дүн, тайлан
6.1.5. Цооногийн геофизикийн судалгааны үр дүнгийн тайллын тайлан
6.1.6. Цооногт хийсэн туршилтын тайлан
7 дугаар зүйл. Дээж хүлээлгэн өгөх
7.1. Эрэл, хайгуулын явцад авсан дараах дээж, материалуудыг Газрын тосны газрын Мэдээллийн санд хүлээлгэж өгнө. Дээжийн жагсаалтыг Хүснэгт-2 ба Хүснэгт-3-ын дагуу цаасан болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
7.1.1. Чөмөг чулуун дээж.
Цооногоос авсан бүх чөмөг чулуун дээжийн тал хувь, битүүмжилж авсан дээжийг бүтнээр нь шинжилгээнд хамруулснаас хойш 6 сарын дотор шинжилгээний хариуг ирүүлнэ.
7.1.2. Үйрмэг дээж.
Угааж хатаасан, стандарт уут болон шилэн саванд хадгалсан үйрмэг дээж (багадаа 100гр), даавуун уутанд савалсан угаагаагүй үйрмэг дээж (багадаа 250 гр)
7.1.3. Цооногийн ханаас авсан дээжийн мэдээлэл, шинжилгээний үр дүн.
8 дугаар зүйл. Чичирхийллийн судалгааны ажлын тайлан
8.1. Чичирхийллийн хайгуул, судалгааны ажил гүйцэтгэснээс хойш Хүснэгт-4, Хүснэгт-5-д заасан хугацаанд чичирхийллийн судалгааны анхдагч болон тайлан, мэдээллийг ирүүлнэ. Судалгаанд хамаарах бүх үндсэн мэдээллийг тайланд багтаасан байна.
8.2. Тайлан нь дараах бүтэцтэй байна.
8.2.1. Гарчиг
8.2.2. Товч агуулга
8.2.3. Танилцуулга.
Туслан гүйцэтгэгчийн нэр, ажлын хэмжээ, шугамын байршил, аргачлал гэх мэт
8.2.4. Бүс нутаг ба сав газрын геологийн тогтоц.
Хурдас чулуулаг, бүтэц, тогтоцын талаар товч бичнэ. Хурдас чулуулгийн стратиграфийн ангиллын бичлэгийг монгол улсын литостратиграфийн кодексын дагуу хийсэн байна.
8.2.5. Өмнө хийгдсэн геологийн ажил.
Өмнө хийгдсэн геологи, геофизик, өрөмдлөгийн ажлын талаарх мэдээллийг тусгана.
8.2.6. Судалгааны ажлын зорилго
8.2.7. Судалгааны аргачлал
8.2.8. Хээрийн ба боловсруулалт, тайллын ажлын үр дүн
8.2.9. Дүгнэлт
9 дүгээр зүйл. Хүндийн хүч, Соронзон ба агаарын судалгааны тайлангууд
9.1.Хүндийн хүч, соронзон ба агаарын судалгааны ажлыг гүйцэтгэснээс хойш Хүснэгт-6-д заасан хугацаанд анхдагч болон тайлан, мэдээллийг ирүүлнэ. Судалгаанд хамаарах бүх үндсэн мэдээллийг тайланд багтаасан байна. Тайлан нь бүтэц хэлбэрийн хувьд дараах үндсэн чиглэлээр хаяглагдсан байх ёстой.
9.2. Тайлан нь дараах бүтэцтэй байна.
9.2.1. Гарчиг
9.2.2. Товч агуулга
9.2.3. Танилцуулга.
Туслан гүйцэтгэгчийн нэр, ажлын хэмжээ, шугамын байршил, аргачлал гэх мэт
9.2.4. Бүс нутаг ба сав газрын геологийн тогтоц.
Хурдас чулуулаг, бүтэц, тогтоцын талаар товч бичнэ. Хурдас чулуулгийн стратиграфийн ангиллын бичлэгийг Монгол улсын литостратиграфийн кодексын дагуу хийсэн байна.
9.2.5. Өмнө хийгдсэн геологийн ажил.
Өмнө хийгдсэн геологи, геофизик, өрөмдлөгийн ажлын талаарх мэдээллийг тусгана.
9.2.6. Судалгааны ажлын зорилго
9.2.7. Судалгааны аргачлал
9.2.8. Хээрийн ба боловсруулалтын ажлын үр дүн
9.2.9. Дүгнэлт
10 дугаар зүйл. Ашиглалтын тайлан
10.1.Ашиглалтын үйл ажиллагааны үеийн төлөвлөгөө, мэдээ, тайлан, материалыг Хүснэгт-7-д заасны дагуу ирүүлнэ.
11 дүгээр зүйл. Байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө, тайлан
11.1.Байгаль орчны үнэлгээ, төлөвлөгөө, тайланг Хүснэгт-8-д заасны дагуу ирүүлнэ.
12 дугаар зүйл. Бусад
12.1.Эрэл, хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн арга аргачлал, техник технологи болон багаж тоног төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй тайлан ирүүлэх,
13 дугаар зүйл. Тайлангийн бичвэр болон зурган дүрслэлийг тайлагнах, хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлэх
13.1.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлангийн бичвэр. Тайлангийн бичвэрийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр ирүүлнэ.
13.2.Эрэл, хайгуул, ашиглалтын ажлын тайлангийн зурган дүрслэл. Тайлангийн зургийг стандарт масштабын дагуу хийж, JPG, PDF өргөтгөлтэй файлаар болон хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
13.3.Хүснэгтэн өгөгдөл.
Хүснэгтэн өгөгдөлийг тогтмол өргөнтэй, хязгаарлагдсан хэмжээ бүхий ASCII форматаар ирүүлнэ. (TXT, DAT гэх мэт)
13.4.Литологийн хэмжилтүүдийн бичвэр.
Литологийн бичвэрийн тодорхойлолтуудыг нь PDF эсвэл ASCII (TXT, DAT LAS, LIS гэх мэт) өргөтгөлөөр ирүүлнэ. Цооног бүрийг файлаар ялгасан байх шаардлагатай.
13.5.Каротажийн хэмжилтүүд.
Дижитал хэмжилтүүдийг LAS хувилбарын 2.0 өргөтгөлтэй файлуудыг ирүүлнэ. Каротажийн судалгааны боловсруулалт хийгдсэн муруйнуудыг PDF эсвэл TIF өргөтгөлөөр ирүүлнэ. Файлын нэрүүд, цооногийн нэр, багаж хэрэгслийн төрөл зэргийг тодорхой заана. /цооногийн өгөгдлүүдэд тавигдах шаардлагыг Хүснэгт 1-д үзүүлэв/
13.6.Чичирхийллийн зүсэлтүүд.
Миграци хийгдсэн чичирхийллийн зүсэлтүүдийг SEG.Y болон SEG.D өргөтгөлттэй файл болон стандарт масштабын дагуу хэвлэмэл хэлбэрээр ирүүлнэ.
13.7.Чичирхийллийн хээрийн анхдагч бичлэгүүд.
Чичирхийллийн хээрийн анхдагч бичлэгүүдийг SEG.Y, SEG.D өргөтгөлтэйгөөр 8мм –ийн картриж болон бусад дискэнд бичиж ирүүлнэ.
13.8.Хүндийн хүчний болон соронзонгийн судалгааны өгөгдөл.
Хүндийн хүчний болон соронзон судалгааны анхдагч тоон мэдээллүүдийг дискэнд бичиж ирүүлнэ.
13.9.Солбицлолуудын байршил ба бүдүүвч зургууд.
Байр зүйн солбилцлолуудыг WGS84 системээр гүйцэтгэж, тоон мэдээллүүдийг дискэнд бичиж ирүүлнэ.
14 дүгээр зүйл. Тайлан, материалын техникийн шаардлага
14.1. Тайлан, материалыг үдэж, хатуу хавтсаар хавтаслаж хуудас нэг бүрийг дугаарласан байна.
14.2. Хавсралт зураг нь нэр, дугаар, штамп, таних тэмдэгтэй байна. Штамп нь зургийн баруун доод буланд байрлана. Таних тэмдэг нь уншигдахуйц байна.
14.3. Тайлангийн хавсралт зургуудыг өнгөтөөр хэвлэж, зориулалтын хатуу хавтас, сав (футляр)-д хийж, гарчиглаж хаягласан байна.
14.4. Мэдээллийн санд ирүүлж буй тайлан, гэрээнүүд эх хувиар байна.
14.5. Тайлан монгол болон англи хэл дээр бичигдсэн байна.
14.6. Тайлангийн 1 дэх дэвтэрт нүүр хуудасны дараа ерөнхий гарчиг, мөн түүнчлэн тайланд орж буй бүх бичиг ба хавсралт зургуудын жагсаалт, тайланд орсон зураг, хүснэгт, фото зургуудын жагсаалт байна. Хавсралт зургуудын жагсаалтанд зургуудын нэр болон тэдгээрийн дэс дугаарыг заасан байх хэрэгтэй. Зураг болон зүсэлтүүдийн масштабыг заасан байна. Хэрэв тайлан нь хэд хэдэн дэвтрээс бүрдэж байвал 1-р дэвтэрт нь тус бүрийн гарчгийг ном тус бүрээр нь дурьдсан байх.
14.7. Тайлангийн хавсралт зургуудыг өнгөтөөр хэвлэсэн байна.
14.8. Хавсралт зураг тус бүр дээр дор дурьдсан зүйлийг заасан байна. Үүнд: түүний дугаар, нэр, геологийн ажил явуулсан байгууллагын нэр, зураг зурсан хүний нэр, хянасан хүний нэр, масштаб, зүг чигийн баримжаа зэргийг тусгасан байх.
14.9. Тайлангийн хуудсыг алгасан дугаарлах, огт дугаарлахгүй байж болохгүй.
14.10. Тайланд дэс дугаарыг тавихдаа эх бичгийн бүх хуудас, гар зураг, фото зураг зэргүүдийг оролцуулан дугаарласан байна. Харандаагаар дугаарлахгүй.
14.11. Тайлан, материал, хавсралт зургуудыг цахим хэлбэрээр ирүүлнэ.
15 дугаар зүйл. Тайлан материал ирүүлэх
15.1. Гэрээлэгч нь Монгол улсын Газрын тосны тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу жил бүрийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны бүх төлөвлөгөө, мэдээ, баримт, тайланг эрлийн болон БХГ-т талбай тус бүрээр гаргаж, Газрын тосны газарт албан тоотоор Хавсралт-3-т заасан Газрын тосны газрын мэдээллийн санд тайлан, материал хүлээлгэн өгөх хуудсыг бөглөж дараах хугацаанд ирүүлнэ. Үүнд:
15.1.1. Цооногийн өрөмдлөгийн хөтөлбөр, цооногийн туршилт, туршилтын нэмэлт ажлууд, шингэн хагалбарын хөтөлбөр, шахуурга суурилуулалт, дэд блок тус бүрийн ашиглалтын бэлтгэл ажлын хөтөлбөр, олборлолтын тоног төхөөрөмж суурилуулах хөтөлбөрүүдийг ажил эхлэхээс 7 хоногийн өмнө ирүүлнэ.
15.1.2. Геофизикийн судалгааны (чичирхийлэл, хүндийн хүч, соронзон хайгуул г.м.) ажлын төлөвлөгөөг хээрийн ажил эхлэхээс 30 хоногийн өмнө ирүүлнэ.
15.1.3. Геологи, геофизикийн хээрийн судалгаа дууссанаас хойш 3 сарын дотор тухайн ажлын урьдчилсан тайланг ирүүлнэ.
15.1.4. Геологи, геофизикийн судалгааны (чичирхийлэл, хүндийн хүч, соронзон хайгуул г.м.) үр дүнгийн тайланг тухайн ажил дууссанаас хойш 6 сарын дотор ирүүлнэ.
15.1.5. Гэрээлэгч нь цооног тус бүрийн өрөмдлөг дууссанаас хойш 2 сарын дотор цооногийн тайланг ирүүлнэ.
15.1.6. Ашиглалтын болон хураагуур, хуримтлуурын судалгааны тайланг 6 сарын дотор ирүүлнэ.
15.1.7. Гэрээлэгч нь хайгуулын тухайн жилд /12 сар/ гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэсэн “Жилийн тайлан”-г буцаан өгөх талбайн саналын хамт дараа жилийн хөтөлбөр, төсвийг батлахаас өмнө ирүүлнэ.
15.1.8. Эрлийн гэрээний дагуу 3 жилд, БХГ-ний дагуу хайгуулын эхний 8 жилд гүйцэтгэсэн “Эрэл ба хайгуулын хугацааны үр дүнгийн нэгдсэн тайлан”-г нөөц баялаг, нөөцийн ерөнхий үнэлгээний хамт эрэл, хайгуулын хугацаа дуусахаас 2 сарын өмнө ирүүлнэ.
15.1.9. Гэрээлэгч нь БХГ болон тухайн жилд төлөвлөсөн төлөвлөгөө, төсвийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын хэрэгжилтийн тайлангаа дараа оны 1 дүгээр сард багтаан Төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байна.
15.1.10. Төрийн захиргааны байгууллага нь БХГ болон тухайн жилд төлөвлөсөн төлөвлөгөө, төсвийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын хэрэгжилтийн тайланг эрэл, хайгуул, ашиглалтын талбай тус бүрээр гарган дүгнэлтийн хамт Төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 2 дугаар сарын 01-ний дотор хүргүүлж, танилцуулна.
16 дугаар зүйл. Тайлан материалыг хянах
16.1. Энэхүү шаардлагын 1.1-д заасан тайлан, материалыг ирүүлснээс хойш ГТГ-ын холбогдох мэргэжилтнүүд 30 хоногт багтаан дүгнэлт гаргана.
16.2. Энэхүү шаардлагын 1.1-д заасан тайлан материал нь дээр дурьдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд Гэрээлэгчид албан ёсоор мэдэгдэж тайлан материалыг буцаана.
16.3. ГТГ-аас албан ёсны мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор холбогдох тодотгол, нэмэлт, өөрчлөлт хийсэн эрэл, хайгуул, ашиглалтын тайланг гэрээлэгч нь ГТГ-т ирүүлнэ.
16.4. Гэрээлэгч тухайн жилийн эрэл, хайгуул, ашиглалт ажлын жилийн болон хайгуулын эцсийн үр дүнгийн тайлангуудыг ГТГ-ын Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
16.5. Холбогдох мэргэжилтнүүд энэхүү журмын 16.4-т зааснаас бусад мэдээ, тайлан, анхдагч материалуудыг хянаж, гаргасан дүгнэлтийг үндэслэн тайлан материалыг гэрээлэгчээс Газрын тосны газрын мэдээллийн санд хүлээн авна.
16.6. Тайлан, материалын үнэн бодит байдлыг гэрээлэгч хариуцна.
--о0о--
Текст томруулах
A
A
A