- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛ, СТРАТЕГИЙН БОЛОН НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ БАЛАНСЫГ ТООЦООЛОХТОЙ ХОЛБОГДОХ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2015 оны 360 дугаар
тогтоолын хавсралт
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨГЖИЛ, СТРАТЕГИЙН БОЛОН НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХ,
ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНДЭСНИЙ БАЛАНСЫГ ТООЦООЛОХТОЙ ХОЛБОГДОХ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй, үр ашигтай үйл ажиллагааг хангах, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, эрчим хүчний нөөцийн болон хэрэглээний балансыг тооцоолоход чиглэсэн судалгаа, шинжилгээний болон техникийн нормативын баримт бичиг (цаашид “баримт бичиг” гэх)-ийг эрчим хүч, ногоон хөгжил болон аж үйлдвэрийн талаарх төрийн бодлоготой уялдуулан олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах ажлын зардлыг санхүүжүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журмын үйлчлэх хүрээнд цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, эрчим хүчний барилга байгууламж барих, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарна.
Хоёр. Санхүүжилтийн эх үүсвэр
2.1. Баримт бичгийг боловсруулах ажлыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
2.1.1. эрчим хүчний барилга байгууламжийн угсралт, засвар, өргөтгөл, шинэчлэлийн хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын арга хэмжээ, хайгуул, судалгаа шинжилгээ, зураг төсөл боловсруулах ажлын нийт төсөвт өртгийн үнийн дүнгийн 0.18 хувь;
2.1.2. баримт бичгийг боловсронгуй болгох зориулалтаар олгосон гадаад, дотоодын хандив, зээл, буцалтгүй тусламж;
2.1.3. улсын төсвийн хөрөнгө;
2.1.4. бусад орлого.
Гурав. Хөрөнгийн зарцуулалт
3.1. Энэхүү журмын 2.1-д заасан хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
3.1.1. баримт бичгийг боловсруулах, мэдээлэх, түгээх, хэвлэх;
3.1.2. хөгжлийн баримт бичгийг 2 жил, дунд хугацааны стратегийн баримт бичгийг 4 жил, эрчим хүчний балансын судалгааг жил тутам тус тус тодотгох;
3.1.3. баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах;
3.1.4. баримт бичгийг боловсруулахтай холбогдуулан хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, хурал, уулзалт, сургалт зохион байгуулах, оролцох, гадаад, дотоодод туршлага судлах болон баримт бичиг худалдан авах.
3.2. Энэхүү журмын 2.1-д заасан хөрөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
3.3. Тухайн жилд зарцуулах хөрөнгийн хэмжээг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулна.
3.4. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа судалгаа, шинжилгээний чиг үүрэг бүхий байгууллага нь энэ журмын 2.1-д заасан хөрөнгийг батлагдсан хэмжээ, хуваарийн хүрээнд энэхүү журмын 3.1-д заасан зориулалтын дагуу зарцуулна.
3.5. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа судалгаа, шинжилгээний чиг үүрэг бүхий байгууллагын дэргэд энэхүү журмын 2.1-д заасан хөрөнгийн орлого, зарлагыг хэлэлцэн шийдвэрлэх эрх бүхий орон тооны бус удирдах зөвлөл ажиллана.
3.6. Удирдах зөвлөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Удирдах зөвлөлийн ажиллах журмыг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.7. Эрчим хүчний судалгаа, шинжилгээний чиг үүрэг бүхий байгууллага нь энэхүү журмын 2.1-д заасан санхүүжилтийн эх үүсвэрийг мөн журмын 3.1-д заасан үйл ажиллагаанд зарцуулсан тухай тайланг эрчим хүчний болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудад хагас жил тутамд хүргүүлнэ.
Дөрөв. Хяналт, хариуцлага
4.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хөрөнгийн орлого, зарцуулалтад жилд хоёр удаа дотоод аудит хийж, дүгнэлт гаргана.
4.2. Санхүүжилтийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A