A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2019 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2019 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй/

Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

 

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЗОХИЦУУЛАХ, ХЯНАН ШАЛГАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, иргэдтэй харилцах харилцаа, замын хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих, эргүүлийн чиглэлийн хяналтын бүсийг тогтоох, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хянан шийдвэрлэх, зам тээврийн ослын газрыг хамгаалах, тээврийн хэрэгслийг дайчлах, эрэн сурвалжлах, албадан зогсоох явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнийг зохицуулах, хянан шалгах үүрэг гүйцэтгэх үедээ энэхүү журмыг баримтална.

Хоёр. Эргүүлийн чиглэлийн хяналтын бүс, арга хэлбэр, чиглэл, алба хаагчдын үйл ажиллагаа

2.1.Алба хаагчийн үүрэг гүйцэтгэж байгаа тухайн газар буюу хяналтын цэгт, эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр хариуцуулсан тодорхой нутаг дэвсгэр буюу хяналтын бүсэд, эсвэл замын хөдөлгөөнийг байнга хянах зорилгоор байгуулсан, холбоо мэдээллийн болон бусад техник, тусгай хэрэгслээр тоноглосон, ажиллах нөхцөл, эрүүл ахуйн шаардлагыг хангасан суурин хяналтын /зөөврийн/ байранд, замын хөдөлгөөний болон хэв журмын нөхцөл байдлыг телекамер, хяналтын төхөөрөмж, сүлжээ мэдээллийн хэрэгсэл ашиглан дэлгэцээр харж удирдах, хянах боломжийг бүрдүүлсэн суурин байгууламж буюу хяналтын төвд явагдаж байгаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаа /цаашид “замын хөдөлгөөнд тавих хяналт” гэх/ нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

2.1.1.алба хаагч гудамж, замд явганаар болон албаны тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхийг биечилсэн;

2.1.2.замын хөдөлгөөний удирдлага, хяналтын төв, суурин хяналтын төхөөрөмж, техник хэрэгсэл ашиглан гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж байгааг телекамерын;

2.1.3.биечилсэн болон телекамерын хяналтыг нэгтгэн зохион байгуулж байгааг хосолсон.

2.2.Замын хөдөлгөөнд хяналтыг дараах чиглэлээр явуулна. Үүнд:

2.2.1.зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэлд хяналт тавих;

2.2.2.хөдөлгөөнд оролцогчоос бусад байгууллага, иргэний замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэлд хяналт тавих;

2.2.3.замын хөдөлгөөнд оролцогч болон тээврийн хэрэгсэлд хяналт тавих.

2.3.Нутаг дэвсгэрийн хүн ам, тээврийн хэрэгслийн тоо, хөдөлгөөний нягтрал, онцлог байдлыг харгалзан, хөдөлгөөний зохицуулалт, хяналтыг зохион байгуулах зорилтуудыг тусгасан төлөвлөлт /цаашид “ерөнхий төлөвлөгөө” гэх/-ийг Замын цагдаагийн газрын дарга батална.

2.4.Ерөнхий төлөвлөгөөг үндэслэн бүсийн эргүүлийн чиглэл, суурин хяналтын байранд гүйцэтгэх чиг үүрэг, алба хаагчдын хуваарь, ашиглах техник, тусгай хэрэгсэл, ажиллах цагийг Хөдөлмөрийн хуульд нийцүүлэн тухайн нутаг дэвсгэрийн замын цагдаагийн нэгжийн дарга батална.

2.5.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт явганаар эсвэл тээврийн хэрэгсэлтэйгээр, холбоо мэдээллийн болон бусад техник, тусгай хэрэгсэл ашиглан үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч /цаашид “бүсийн эргүүл” гэх/ нь хяналтын цэгээс явганаар 200 метр хүртэл, суурин газарт мотоциклоор 5 км хүртэл, автомашинаар 15 км хүртэл, улс, орон нутгийн замд автомашинаар 150 км замыг, телекамерын хяналтад ажиллах үед 5 хүртэл камерыг 1 алба хаагч хариуцаж ажиллахаар зохион байгуулна. Бүсийн эргүүлийн нэг чиглэлд 2-оос доошгүй /офицер, ахлагч/ алба хаагчийг ажиллуулвал зохих бөгөөд шөнийн цагаар нэг алба хаагчийг үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

2.6.Алба хаагч үүрэг гүйцэтгэхийн өмнө дараах албаны болон хувийн бэлтгэлийг хангасан байна. Үүнд:

2.6.1.нэгжийн даргын баталсан хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэх хугацаа, чиглэл, хяналтын цэг, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан цагдаагийн дүрэмт болон хөдөлмөр хамгааллын хувцсыг зааврын дагуу өмссөн байх;

2.6.2.албаны бичиг баримт /албаны болон жолоодох эрхийн үнэмлэх, энгэрийн тэмдэг, тэмдэглэлийн дэвтэр, эд зүйл болон бичиг баримт түр хураах тасалбар, торгууль, шийтгэврийн хуудас гэх мэт/, албанаас тавьж олгосон нэг бүрийн зэвсэг, холбооны болон тусгай хэрэгсэл, шалгах төхөөрөмж /агсамж/-ийг биедээ авсан байх;

2.6.3.эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шууд захирах даргад 4-өөс доошгүй цагийн өмнө мэдэгдэж, шийдвэр авсан байх.

2.7.Үүрэг гүйцэтгэх алба хаагчдад нэгжийн дарга, ахлах зохицуулагч дараах зааварчилгааг өгнө. Үүнд:

2.7.1.алба хаагч үүрэг гүйцэтгэх үедээ бусдын болон өөрийн аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль, тогтоомжийг сахин биелүүлэх, авилгаас ангид байх, ажлын байранд болон ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөж ажиллах зэрэг сахилга, ёс зүйн асуудлаар зааварчилж, баталгаа авах;

2.7.2.алба хаагчдын албаны болон хувийн бэлтгэлийг шалгах;

2.7.3.алба хаагчдад эрүүгийн болон хэв журмын, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эрэн сурвалжлагдаж зарлан мэдээлэгдэж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, эд зүйлсийн талаарх мэдээллийг өгч, үүрэг гүйцэтгэх явцад анхаарвал зохих зүйлс, гүйцэтгэх үүргийг танилцуулах.

2.8.Алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ дараах үйл ажиллагааг мөрдөж ажиллана. Үүнд:

2.8.1.хяналтын цэг, бүсийн эргүүлийн чиглэл, суурин хяналтын байранд очмогц албаны автомашин, мотоцикл, бусад техник, тусгай хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хэвийн ажиллах боломжгүй бол шууд захирах даргад илтгэнэ. Тухайн чиглэлд өмнө ажиллаж байсан алба хаагчаас албаны автомашин, мотоцикл, бусад техник, тусгай хэрэгслийг хүлээн авах тохиолдолд хүлээлцсэн тэмдэглэл үйлдэх;

2.8.2.богино долгионы холбооны хэрэгслээр албаны товч, тодорхой үг хэллэг хэрэглэнэ. Шөнийн ээлжинд үүрэг гүйцэтгэхдээ нэг цаг тутамд ерөнхий зохицуулагчид нөхцөл байдлаа илтгэх;

2.8.3.суурин хяналтын байр, автомашин болон техник, тусгай хэрэгслийг зааврын дагуу ашиглаж, албан бичиг баримт, бүртгэл судалгааг бүрэн, зөв, эмх цэгцтэй хөтлөх;

2.8.4.хууль сахиулах бусад байгууллагын алба хаагчийн ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний туслалцааг авах байдлаар хамтарч ажиллах;

2.8.5.зэргэлдээ бүс, суурин хяналтын байранд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч, хэв журмын болон бусад чиг үүргийн цагдаагийн алба хаагчидтай богино долгионы холбоо, утсаар мэдээлэл солилцож, тэдгээрийн эргүүлийн чиглэл, хуваарийн талаар зохих мэдлэгтэй байж, шаардлагатай тохиолдолд эрэн сурвалжлах, баривчлах, саатуулах ажиллагаанд хамтарч оролцох;

2.8.6.шууд захирах даргаас гадна ерөнхий зохицуулагчийн удирдлагад ажиллаж, хариуцсан бүсэд зам тээврийн осол гарсан тохиолдолд хэргийн газарт шуурхай очиж, хууль, тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;

2.8.7.тухайн өдөрт гүйцэтгэсэн үүрэг, илрүүлсэн зөрчил, хариуцсан бүсэд гарсан зам тээврийн осол, түүний шийдвэрлэлт, замын хөдөлгөөний болон бусад нөхцөл байдал, анхаарвал зохих асуудал, шинээр авч хэрэгжүүлбэл зохих ажлын санал, шууд захирах дарга болон ерөнхий зохицуулагчаас тусгайлан өгсөн үүргийг биелүүлсэн байдал зэрэг шаардлагатай мэдээллийг биечлэн, эсвэл холбоо, мэдээллийн хэрэгслээр шууд захирах дарга, ахлах зохицуулагч, эсвэл ерөнхий зохицуулагчид илтгэх.

2.9.Шаардлагатай тохиолдолд ерөнхий зохицуулагч нь бүсийн эргүүлийг гэмт хэрэг үйлдэгдсэн газарт хамгаалалтад ажиллуулах, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор хуваарьт бүсээс бусад газарт түр хугацаагаар ажиллуулж болно. Энэ тохиолдолд хуваарийг баталсан албан тушаалтанд мэдэгдэж, түүний гүйцэтгэж байсан үүргийг өөр алба хаагчид хариуцуулах ажлыг зохион байгуулна.

2.10.Алба хаагчийн үүрэг гүйцэтгэсэн байдалтай шууд захирах дарга, ахлах зохицуулагч эсвэл ерөнхий зохицуулагч танилцаж, ажилд үнэлэлт дүгнэлт өгч, анхаарвал зохих асуудал, бусад шаардлагатай мэдээллийг өгч, ажлаас буух зөвшөөрөл олгоно.

2.11.Бүсийн эргүүл, суурин хяналтын байр, хяналтын цэгт алба хаагчийг ажиллуулах, үүрэг гүйцэтгэхэд хориглох зүйл:

2.11.1.алба хаагчийг шууд захирах дарга, ахлах зохицуулагч, ерөнхий зохицуулагчаас бусад албан тушаалтан батлагдсан хуваарьт зааснаас бусад ажил, үүрэг гүйцэтгүүлэх;

2.11.2.эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн, эсвэл хариуцсан нутаг дэвсгэрт эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн зэрэг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд алба хаагчийг илүү цагаар ажиллуулах;

2.11.3.алба хаагч хариуцуулсан эргүүлийн бүс, суурин хяналтын байр, хяналтын цэгийг зөвшөөрөлгүйгээр орхих, өөр ажил үүрэг гүйцэтгэх;

2.11.4.албаны автомашин, мотоцикл, техник хэрэгслийг хувийн зорилгоор эсвэл зориулалт бусаар ашиглах;

2.11.5.албаны дүрэмт хувцас өмсөх зааврыг зөрчих, олон нийтийн газарт тамхи татах, шүлсээ хаях, бусдыг хэл амаар доромжлох зэргээр бүдүүлэг авирлах, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, бусдаас шан харамж авах;

2.11.6.хөдөлгөөнд оролцогчдыг үндэслэлгүйгээр саатуулах, хууль бус шаардлага тавих, бие даан шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэхгүй удаах, иргэдийг чирэгдүүлэх, дуудлага мэдээллийг хүлээн авахаас зайлсхийх.

Гурав. Замын хөдөлгөөнийг зохицуулах

3.1.Замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа нь тэмдэг тэмдэглэл, хаалт хашилт, гэрлэн дохио, телекамерын удирдлага бүхий нэгдсэн систем, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон автомашин, чанга яригч хэрэгсэл зэрэг техник төхөөрөмж ашигласан /цаашид “хөдөлгөөн зохицуулалт” гэх/, эсвэл замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу цагдаагийн ажилтан гарын хөдөлгөөн, биеийн байрлал, дохиурын заалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах /цаашид “биечилсэн зохицуулалт” гэх/ гэсэн 2 төрөлтэй байна.

3.2.Дараах тохиолдолд замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулна:

3.2.1.Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд заасан албан тушаалтан, зочин төлөөлөгчдийн замын хөдөлгөөнд оролцох үед;

3.2.2.замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай нөхцөл байдал /зам, замын байгууламж эвдэрсэн, байгалийн гамшиг, гал түймэр, халдварт өвчин гэх мэт/ үүссэн үед;

3.2.3.эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу /баяр наадам, тэмцээн уралдаан, жагсаал цуглаан гэх мэт/ нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах үед;

3.2.4.шаардлагатай үед зохицуулдаггүй уулзвар, гарц дээр;

3.2.5.зам тээврийн осол гарсан үед замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор.

3.3.Энэхүү журмын 3.2.4, 3.2.5-д заасан нөхцөл байдлын үед биечилсэн зохицуулалт хийж, энэ тухайгаа харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ.

3.4.Замын хөдөлгөөнийг зохицуулахдаа хөдөлгөөнд оролцогчдод урьдчилан анхааруулалгүйгээр хөдөлгөөнийг гэнэт хааж тээврийн хэрэгслийг огцом зогсоох, зам хөндлөн гарч яваа явган зорчигчдыг сандралд оруулах зэргээр аюултай нөхцөл байдал үүсгэхгүй байвал зохино. Биечилсэн зохицуулалт хийхдээ өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана.

3.5.Алба хаагч нь энэхүү журмын 3.2-т заасан нөхцөлд биечилсэн зохицуулалтыг хийж, хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсны дараа шууд захирах дарга, ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ.

3.6.Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулан хойшлуулшгүй албан үүргээ гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл, түүгээр хамгаалуулан яваа цувааг тухайн хэсгээр нэвтрэн өнгөрөх үед замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулж болно.

3.7.Энэхүү журмын 3.2, 3.6-д заасан зайлшгүй шаардлагатайгаас бусад үед хөдөлгөөнийг биечлэн зохицуулахгүйгээр замын хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавьж ажиллана.

3.8.Цагдаагийн байгууллага Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 5-д заасан албан тушаалтан, иргэн, зочин төлөөлөгч /хамгаалуулагч/-ийн тээврийн хэрэгслээр зорчих үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний зохицуулалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

3.9.Энэхүү журмын 3.8-д заасан хамгаалалтын үйл ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөө, түүнд нийцүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэнэ.

3.10.Энэхүү журмын 3.8-д заасан албан тушаалтан, иргэн, зочин төлөөлөгч /хамгаалуулагч/ замын хөдөлгөөнд оролцох үед тэдгээрийн зорчих чиглэлийн хөдөлгөөнийг бүрэн чөлөөлж, эсрэг болон хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсооно.

3.11.Хамгаалалтын төлөвлөгөө, удирдамжид хамгаалуулагчийн зорчих үеийн замын хөдөлгөөнийг зохицуулах онцлогоос хамааруулан хариуцаж ажиллах албан тушаалтан, шаардагдах хүн хүч, техник хэрэгслийн тоо, хамрах хүрээ, эсрэг хөдөлгөөний тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлөх эсэх, тээврийн хэрэгслээр хаалт тавих эсэх, алба хаагчдын хувцаслалт, зохицуулалт, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх чиглэл, хугацаа, бусад шаардлагатай асуудлыг тусгана.

3.12.Хамгаалалтын үед зайлшгүй зогсоож, шалгах шаардлагатай тээврийн хэрэгслийг илрүүлсэн, хамгаалуулагчийн зорчих чиглэлийн замд зам тээврийн осол гарсан, зам, замын байгууламж эвдэрсэн, бусад аюултай нөхцөл байдал үүссэн үед хамгаалалтыг удирдаж байгаа албан тушаалтанд тэр даруй мэдэгдэж, түүний заавраар ажиллана. Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоож шалгахыг хориглох бөгөөд зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгийг хамгаалалтыг удирдаж байгаа албан тушаалтанд мэдэгдэнэ.

Дөрөв. Замын хөдөлгөөнд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, бүртгэх, шийдвэрлэх үйл ажиллагаа

4.1.Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд хяналт тавих, зөрчлийг илрүүлэх, бүртгэж шийдвэрлэх чиглэлээр дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

4.1.1.замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг хөдөлгөөнд оролцогчид хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцох, эсвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасны дагуу бие даан хариуцлага хүлээлгэх боломжгүй зөрчлийг баримтжуулан, жолоочийн бичиг баримтыг хураан авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх;

4.1.2.замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хуурамч бичиг баримт, улсын бүртгэлийн дугаартай, эсвэл улсын дугаарын харагдах байдлыг багасгасан, тээврийн хэрэгслийн загварыг өөрчилсөн, зориулалтын бус гэрэлтүүлэх хэрэгслээр тоноглосон, тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн хэрэглэсэн, эрх бүхий байгууллагаас зарлан мэдээлсэн, зам тээврийн осол, зөрчилд холбогдсон, татвар, даатгал, оношлогоонд хамрагдсан эсэх, хуулийн дагуу ногдуулсан торгуулийг төлсөн байдлыг тус тус шалгаж, илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага ногдуулан, зөрчлийг арилгуулах, эсвэл зөрчлийг шийдвэрлүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийг журамлаж, зөрчлийн материалыг холбогдох байгууллагад шилжүүлэх;

4.1.3.зам, замын байгууламж, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгсэл эвдэрч, гэмтсэний улмаас замын хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих боломжийг алдагдуулсан тохиолдолд зөрчлийг баримтжуулан, авто замын засвар үйлчилгээг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэх, шаардлагатай тохиолдолд замын хөдөлгөөний чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах арга хэмжээг авах;

4.1.4.замын хөдөлгөөнд оролцогчоос бусад байгууллага, иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд баримтжуулах, үйлдлийг таслан зогсоох зорилгоор шаардлага тавих, бичиг баримтыг түр хураан авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж шилжүүлэх.

4.2.Цагдаагийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ дараах үндэслэлээр тээврийн хэрэгслийг зогсоож шалгана:

4.2.1.замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн;

4.2.2.эрэн сурвалжлахаар зарлан мэдээлэгдсэн;

4.2.3.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн тухай мэдээлэл ирсэн;

4.2.4.техникийн хувьд илт бүрэн бус;

4.2.5.тодорхой төрлийн зөрчлийг /мансууруулах эм, бодис болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгайн мод, мал мах тээвэрлэх/ илрүүлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах үед хөдөлгөөнд оролцож байгаа.

4.3.Тээврийн хэрэгслийг зогсоосон алба хаагч өөрийн биеэр очин, жолоочид хандан ёсолж, эелдэг харьцах бөгөөд дараах зааврыг мөрдөнө. Үүнд:

4.3.1.харилцааг эхлүүлэхдээ “Амрыг эрье, Би ... /албан тушаал, нэр, цолоо хэлэх/ ... байна.” гэх;

4.3.2.хэрэв тухайн жолооч /зорчигч, явган зорчигч, бусад/ хүсвэл албаны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гарт нь өгөхгүйгээр харуулж, хувийн дугаараа хэлэх;

4.3.3.тээврийн хэрэгслийн жолоочид хандан, эелдгээр “Та жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шалгуулна уу?” гэж хэлэн бичиг баримтыг авч, шалгах төхөөрөмж /бусад техник хэрэгсэл/ ашиглан шалгах;

4.3.4.тээврийн хэрэгслийг зогсоох болсон үндэслэл нотлогдоогүй, эсвэл зөрчилгүй болох нь тогтоогдвол тухайн жолоочид хандан инээмсэглэж, “Та сайн жолооч байна, баярлалаа” гэж хэлэх бөгөөд “Сайн яваарай” гэж харилцааг дуусгавар болгох;

4.3.5.тээврийн хэрэгслийг зогсоосон үндэслэл нотлогдсон, эсвэл зөрчил нь тогтоогдсон тохиолдолд гаргасан зөрчил, холбогдох хууль, тогтоомжийн заалтыг танилцуулан өөрөө бие даан шийдвэрлэх боломжтой бол зөрчлийг тэр даруй шийдвэрлэж, жолоочид бичиг баримт, торгууль, шийтгэврийн хуудсыг өгч, “Зөрчил дахин битгий гаргаарай” гэж анхааруулан, “Сайн яваарай” гэж харилцааг дуусгавар болгох;

4.3.6.хэрэв тээврийн хэрэгслийг түр саатуулах, эсвэл шийдвэрлэх эрх бүхий этгээдэд шилжүүлэх шаардлагатай тохиолдолд жолоочид “Та Замын хөдөлгөөний дүрмийн ........-д заасан ................................................. зөрчил гаргасан тул Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн ................................... заасан үндэслэлээр таны тээврийн хэрэгслийг түр саатуулах /таны бичиг баримтыг түр хураан авах/ шаардлагатай байна” гэж холбогдох хууль, тогтоомжийг тайлбарлан өгч, бичиг баримтыг түр хураан авах, тээврийн хэрэгслийг саатуулах, зөрчлийг баримтжуулах арга хэмжээг авах;

4.3.7.зөрчлийг шийдвэрлэх эрх бүхий этгээдэд шилжүүлэх тохиолдолд зөрчлийн тухай илтгэх хуудас /тэмдэглэл/ бичнэ. Хэрэв баримт бичиг, эд зүйл хураан авсан бол энэ тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэж, алба хаагч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан, нэг хувийг илтгэх хуудаст хавсаргаж ерөнхий зохицуулагчид, нөгөө хувийг зөрчил гаргагчид хүлээлгэн өгөх;

4.3.8.жолоочид зөрчлийн талаар тайлбарлан өгөх үед жолооч буруутай үйлдлээ өөрийн ойлголтоор тайлбарлах, уурлаж уцаарлах, уучлалт гуйх зэргээр үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн үед дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баримтжуулж “Та миний гаргасан шийдвэрт дээд шатны байгууллага, албан тушаалтан болон шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” гэж сануулан харилцааг дуусгавар болгох;

4.3.9.жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэсэн, өөрийн үйлдлээ хянах чадваргүй тохиолдолд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасан журмыг баримтлах;

4.3.10.цагдаагийн алба хаагч холбогдох хууль, тогтоомжийн дагуу авсан арга хэмжээг эсэргүүцсэн, довтолсон, зугтаасан этгээдийг Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл хэрэглэх;

4.3.11.Энэхүү журмын 4.3.10-д заасан нөхцөл байдал үүссэн үед харьяа цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэн тусламж хүсч, зааварчилгаа авах.

4.4.Энэхүү журмын 4.3-т заасан шаардлагыг замын хөдөлгөөнд оролцогч болон бусад этгээдтэй харилцах үедээ мөн адил мөрдөнө.

4.5.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн ахлах зохицуулагч, зохицуулагч, хэсгийн төлөөлөгч нь хариуцсан бүсэд гарсан хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, хохирлын хэмжээ багатай зам тээврийн осол /зөрчил/-ын газарт хийсэн үзлэгийн дүнг үндэслэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

4.5.1.ослыг цаашид материалжуулж шалгах шаардлагатай эсэхийг шийдвэрлэх;

4.5.2.шалгах шаардлагатай тохиолдолд зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг эрх бүхий байгууллагаар тогтоолгож, зам тээврийн осол /зөрчил/ гарахад нөлөөлсөн үйлдэл буюу Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг тодорхойлох;

4.5.3.осол үйлдсэн буруутай этгээдэд захиргааны хариуцлага ногдуулах.

4.6.Энэхүү журмын 4.5-д заасан үйл ажиллагааны хэрэгжилтэд тухайн алба хаагчийг шууд захирах дарга хяналт тавьж ажиллана.

4.7.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон захиргааны хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, түүний шийдвэрлэлт, зам тээврийн осол, түүнээс учирсан хохирлын талаарх мэдээллийг хариуцсан алба хаагч Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн “Гэмт хэргийн сан”, “Туслах тоо бүртгэлийн сан”-гуудад бүртгэж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан “Зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл, мэдээллийн сан”-д нэгтгэнэ.

4.8.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн зөрчлийг илрүүлэх, шийдвэрлэх, замын хөдөлгөөн зохицуулахдаа орчин үеийн техник, технологийг ашиглаж болно.

Тав. Зам тээврийн ослын газрыг хамгаалах

5.1.Зам тээврийн ослын газарт очсон Цагдаагийн алба хаагч дараах арга хэмжээг яаралтай авна:

5.1.1.гэмт үйлдлийг таслан зогсоох, хэрэв боломжгүй бол харьяа Цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэж, түүний зааврын дагуу ажиллах;

5.1.2.зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эмнэлгийн байгууллагад мэдэгдэж, хохирогчийг эмнэлгийн байгууллагад хүргэх, энэ тухай харьяа Цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ.

5.2.Цагдаагийн алба хаагч зам тээврийн ослын газрыг хамгаалах үедээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хэвийн зорчих боломжийг хангах үүднээс замын хөдөлгөөний чиглэлийг түр өөрчилж болно. Энэ тухай харьяа Цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэнэ.

5.3.Зам тээврийн ослын газарт хүрэлцэн очсон цагдаагийн алба хаагч хэргийн газрыг бүхэлд нь буюу хамгаалалтын бүсийг тогтоон тээврийн хэрэгслийн тоормосны мөр, бусад нотлох баримтыг бүдгэрэхээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд будагч бодис ашиглан тэмдэглэж авах ажиллагааг хийнэ.

5.4.Зам тээврийн ослын газрын ойролцоо байгаа иргэдээс мэдээлэл авч, тухайн үйл явдлыг харсан гэрчийн хаяг, утасны дугаарыг тэмдэглэн авч, жижүүрийн бүрэлдэхүүн, эсвэл шалгаж шийдвэрлэх эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.

5.5.Гэмт хэрэг, осол үйлдсэн жолооч хэргийн газраас зугтаасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл, оргон зайлсан жолоочийн талаарх мэдээлэл түүний зугтсан байж болох чиглэл, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгө, бусад содон тэмдгийг гэрч хохирогчийн тусламжтайгаар тодруулан ерөнхий зохицуулагч, эргүүлүүдэд мэдээлж, энэ тухай мэдээллийг хэргийн газарт очсон үзлэг хийх эрх бүхий албан тушаалтанд өгч цаашид ерөнхий зохицуулагч болон шууд захирах даргын заавраар ажиллана.

5.6.Гэмт хэрэг, ослын газар очсон цагдаагийн алба хаагч нь жижүүрийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийх үед болон үзлэг хийсний дараа замын хөдөлгөөнийг биечлэн зохицуулж хэвийн байдалд оруулна.

Зургаа. Тээврийн хэрэгслийг дайчлах

6.1.Цагдаагийн алба хаагч дараах тохиолдолд иргэн, байгууллагын тээврийн хэрэгслийг дайчилж болно. Үүнд:

6.1.1.эрх бүхий байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлагдсан тээврийн хэрэгслийг албадан зогсоох үед;

6.1.2.зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүний амь насыг аврах зорилгоор эмнэлгийн байгууллагад хүргэх зайлшгүй шаардлагатай үед;

6.1.3.гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагад өөр аргаар хүргэх боломжгүй үед;

6.1.4.онц хүнд гэмт хэрэг, осол гарсан, байгалийн гамшиг, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн газарт нэн яаралтай очих шаардлагатай үед;

6.1.5.гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг мөрдөн хөөх зайлшгүй үед.

6.2.Тээврийн хэрэгслийг дайчилсан тухай тэмдэглэлийг 2 хувь үйлдэж 1 хувийг жолоочид, үлдэх хувийг илтгэх хуудсын хамт шууд захирах даргад өгнө. Тээврийн хэрэгслийг дайчилсан тохиолдолд тэр даруй харьяа Цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэж, бүртгэлд авахуулна.

6.3.Тээврийн хэрэгсэл дайчлан ашигласан тэмдэглэлд тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өмчлөгч, эзэмшигчийн тухай мэдээлэл, холбогдох утас, тээврийн хэрэгслийг хэзээ, хаана, хэдэн километр замд, ямар хугацаагаар дайчлан ашигласан тухай тусгах бөгөөд дайчилсан алба хаагч нь өөрийн албан тушаал, хувийн дугаараа бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

6.4.Дипломат байгууллагын, эмнэлгийн түргэн тусламжийн, онцгой байдлын болон ослын дуудлагын, зорчигч тээвэрлэж яваа нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг дайчлахыг хориглоно.

6.5.Тээврийн хэрэгслийг дайчлан ашигласан тохиолдолд холбогдох зардлыг Цагдаагийн байгууллага хариуцаж барагдуулна.

Долоо. Тээврийн хэрэгслийг албадан зогсоох

7.1.Цагдаагийн алба хаагчаас тээврийн хэрэгслийн жолоочид хандан шүгэл, дохиур модоор өгсөн ойлгогдохуйц дохиогоор /биеийн байрлал, гарын хөдөлгөөн/, эсхүл тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгийг хэлж, чанга яригчаар тавьсан зогсох шаардлагыг биелүүлээгүй, зугтаасан үйлдэл нь тухайн тээврийн хэрэгслийг албадан зогсоох үндэслэл болно.

7.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох зорилгоор ашиглах багаж, эд зүйл, зэвсэг хэрэгслийг тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл гэнэ.

7.3.Тээврийн хэрэгслийг албадан зогсооход тусгай хэрэгслийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

7.3.1.цагдаагийн алба хаагчаас жолоочид тээврийн хэрэгслээ зогсоох талаар өгсөн ойлгогдохуйц дохио, шаардлагыг биелүүлээгүй, сэжигтэй байдлаар зугтсан;

7.3.2.гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч болон ялтан өөрөө жолоодон зугтсан, эсвэл тийм этгээдийг тээвэрлэн зугтсан, мөн онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн этгээд хэргийн газраас зугтахдаа тээврийн хэрэгслийг ашигласан, эсхүл дээрэмдэх, барьцаалах хэлбэрээр авч яваа тухай цагдаагийн байгууллагаас зарлан мэдээлсэн;

7.3.3.хулгайд алдагдсан тухай зарлагдсан тээврийн хэрэгслийг жолоодож яваа болон хулгайд алдагдсан эд зүйлийг тээвэрлэн зугтсан;

7.3.4.хүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул учруулж болзошгүй яваа жолоочийн үйл ажиллагааг таслан зогсоох.

7.4.Тээврийн хэрэгслийг албадан зогсооход дараах үйл ажиллагаа хамаарна:

7.4.1.тээврийн хэрэгслээр хөөж, хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж зэрэгцэн очиж зогсох дохио өгч, замын хашлага /хөвөө рүү/ шахан урдуур хөндлөн зогсож хаах;

7.4.2.автомашины дугуй хагалах зориулалттай багаж /зараа/ зугатаж яваа тээврийн хэрэгслийн замд тавьж дугуйг хагалан зогсоох;

7.4.3.ачааны автомашин, трактор, чиргүүл болон бусад саад хийж болох зүйлийг ашиглан зам дээр хаалт хийж зогсоох.

7.5.Цагдаагийн алба хаагч нь тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо доорх үйл ажиллагааг баримтална. Үүнд:

7.5.1.жолоочид тээврийн хэрэгслээ зогсоох талаар өгсөн ойлгогдохуйц дохио, шаардлагыг биелүүлээгүй зугтсан тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, өнгийг тухайн тээврийн хэрэгсэл явсан чиглэлд ажиллаж байгаа суурин хяналтын байр, цагдаагийн алба хаагчид холбооны болон бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдээлж зогсоож, саатуулах арга хэмжээг авахуулах;

7.5.2.энэхүү журмын 6.1.5-д заасан нөхцөлд тээврийн хэрэгслээр хөөж зогсоох шаардлагатай бол аль чиглэлд яваа ямар марк, дугаартай, ямар өнгийн тээврийн хэрэгслийн араас хөөх тухайг жолоочид хэлж, хурдыг тохируулах, болзошгүй аюул, ослоос сэргийлэхийг анхааруулж, аюулгүй байдлыг хангуулах;

7.5.3.боломжтой бүх тохиолдолд тээврийн хэрэгслийг хөөж яваа тухайгаа харъяа цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэж, түүний зааврын дагуу ажиллах;

7.5.4.зугтсан тээврийн хэрэгслийг бусад тээврийн хэрэгслээр хөөж зогсоохдоо хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг гүйцэж зэрэгцээ эгнээнд орох үедээ жолоочид нь тээврийн хэрэгслээ зогсоохыг дохиогоор болон чанга яригчаар мэдэгдэхүйц өгч, хөөж яваа тээврийн хэрэгслээр замын хашлага /хөвөө/ рүү шахах үйлдлийг хийж урьд нь орж хааж зогсооно.Энэ тохиолдолд хөөгдөж яваа тээврийн хэрэгслийг хурдаа сааруулж, зогсох боломжийг ойлгохуйц зайнд өгч зогсоох;

7.6.Тээврийн хэрэгслийг хөөж яваа тухай мэдээллийг хүлээн авсан ерөнхий зохицуулагч тухайн тээврийн хэрэгслийг албадан зогсоох ажлыг удирдан зохион байгуулж, холбогдох байгууллага /прокурор, дээд шатны албан тушаалтан гэх мэт/ албан тушаалтанд мэдэгдэх ажлыг зохион байгуулна.

7.7.Тээврийн хэрэгсэл ашиглан зугтаж яваа этгээд галт зэвсгээр зэвсэглэсэн, түүнийгээ хэрэглэх магадлалтай, эсвэл жолоочийг юм уу өөр бусад гэмгүй хүмүүсийг барьцаалан амь насанд нь илтээр аюул заналхийлж яваа тохиолдолд харъяа цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэж, түүний шийдвэрээр ажиллана.

7.8.Тээврийн хэрэгслийг тусгай багаж, техник хэрэгсэл ашиглан албадан зогсоох тохиолдолд дараах үйл ажиллагааг явуулна. Үүнд:

7.8.1.тээврийн хэрэгслийн дугуйг хагалах багаж “зараа”-г ашиглахдаа зугатаж яваа тээврийн хэрэгслийн өмнө зам дээр хөндлөн буюу дагуу хэлбэрээр сунгаж байрлуулах;

7.8.2.ачааны автомашин трактор, чиргүүл болон бусад саад хийх /алсаас харагдахуйц овор хэмжээтэй/ зүйлээр хаалт хашлага хийж тээврийн хэрэгслийг албадан зогсоохдоо албадан зогсоох гэж байгаа тээврийн хэрэгслийн замыг угтуулан ачааны автомашин, тракторын толгой /бүхээгний/-н хэсгийг замын гадна тал руу харуулж их бие, тэвшээр нь хоёр талаас уулзуулах хэлбэрээр зам дээр хөндлөн хаалт хийх.

7.9.Хаалтад тавигдсан тээврийн хэрэгслийн бүхээгт жолооч, зорчигч байлгахыг хориглоно.

7.10.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох ажиллагааг дуу, дүрс бичлэгийг хэрэгсэл ашиглан баримтжуулна.

7.11.Зугтаж яваа тээврийн хэрэгслийн өмнө дугуй хагалах багаж “зараа” болон тээврийн хэрэгслээр хаалт хийсэн тохиолдолд ойролцоо нь цагдаагийн алба хаагчийг байрлуулж, зугатаж яваа этгээдэд урьдчилан сануулж, зогсох дохио өгч анхааруулбал зохино.

7.12.Албадан зогсоох тусгай хэрэгсэл, хаалт хэрэглэн албадан зогсоох ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах бөгөөд бололцоотой бүх тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваа этгээдэд урьдчилан сануулсны дараа, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэх, аль болох хүнгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнгүй замд хэрэглэх нь зүйтэй.

7.13.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох багаж /зараа/ болон тээврийн хэрэгсэл, эд зүйлээр хаалт, хашлага хэрэглэсэн тухай бүрт тэмдэглэл үйлдэж 24 цагийн дотор прокурорт танилцуулна.

7.14.Тээврийн хэрэгслийг хөөхөд ашигласан тээврийн хэрэгслийн жолоочид энэхүү журмын 6.6-д заасан зардлыг олгоно.

7.15.3угтсан тээврийн хэрэгслийг хөөх, албадан зогсоох үед иргэн, байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээд хариуцна.

Найм. Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах

8.1.Цагдаагийн байгууллага дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилна:

8.1.1.эрх бүхий байгууллагаас эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн;

8.1.2.зам тээврийн осол, хэргийн газраас зугтсан, эсвэл хулгайлагдсан тухай үндэслэл бүхий мэдээлэл ирсэн хойшлуулшгүй үед;

8.1.3.гэмт хэрэг үйлдсэн болон оргодол этгээдийг тээвэрлэж, эсвэл уг этгээд өөрөө жолоодож яваа гэсэн хангалттай мэдээлэл байгаа үед.

8.2.Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлахаар зарлан мэдээлэх ажиллагааг хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд албан бичгээр баталгаажуулна.

8.3.Цагдаагийн байгууллага тээврийн хэрэгсэл эрэн сурвалжлахдаа алба хаагчдад хэлж тэмдэглүүлэх, цахим мэдээллийн санд бүртгэх, телекамерын хяналтын мэдээлэлд бүртгэх ажиллагааг явуулна.

8.4.Эрэн сурвалжлахаар зарлагдсан тээврийн хэрэгслийг илрүүлсэн цагдаагийн алба хаагч харьяа байгууллагын ерөнхий зохицуулагчид мэдэгдэх бөгөөд ерөнхий зохицуулагч тухайн тээврийн хэрэгсэл болон жолооч, зорчигчдыг түр саатуулах, бичиг баримтыг түр хураан авах асуудлыг шийдвэрлэнэ.

8.5.Эрэн сурвалжилж байгаа тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримт, холбогдох эд зүйлийг хураан авсан тохиолдолд 2 хувь тэмдэглэл үйлдэж, нэг хувийг жолооч /эзэмшигч, өмчлөгч/-д өгч, нэг хувийг илтгэх хуудас, хураасан бичиг баримт, эд зүйлийн хамт шууд захирах даргад хүлээлгэн өгнө.

8.6.Цагдаагийн байгууллага нь хууль сахиулах бусад байгууллагаас эрэн сурвалжилсан тээврийн хэрэгслийг шилжүүлэхдээ холбогдох материалыг албан бичгээр хүргүүлнэ.

8.7.Эрэн сурвалжлахаар зарлагдаж, түр саатуулагдсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны зөвшөөрлөөр түр саатуулах байр /хашаа/-наас гаргана. Эрэн сурвалжилсан тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байлгах үеийн зардлыг буруутай этгээд хариуцна.

8.8.Тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилсантай холбоотой үүссэн гомдол, маргааныг тухайн тээврийн хэрэгслийг зарлах шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан хариуцана.

8.9.Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа эрэн сурвалжлагдаж байгаа тээврийн хэрэгсэлтэй адил төстэй тээврийн хэрэгслийг зогсоон марк, улсын дугаар, өнгө, арал, хөдөлгүүр, бүхээгний дугаар, тээж яваа ачаа тээш, бусад баримт бичигтэй нь тулган шалгана.

8.10.Цагдаагийн алба хаагч засвар, үйлчилгээ хийлгэж байгаа, зогсоолд удаан хугацаагаар зогсож байгаа, эсвэл хүнгүй газарт эзэнгүй орхигдсон тээврийн хэрэгслийн улсын дугаар болон холбогдох мэдээллээр эрэн сурвалжлахаар зарлан мэдээлсэн эсэхийг заавал шалгана.

8.11.Эрэн сурвалжилж байсан тээврийн хэрэгслийг эзэнгүй орхигдсон үед нь олж тогтоосон цагдаагийн алба хаагч нь тухайн тээврийн хэрэгслийг хамгаалалтанд авах ба тээврийн хэрэгсэл олдсон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын хэргийн газрын үзлэгийн баг үзлэг хийсний дараа тухайн байрнаас хөдөлгөх, түр саатуулах арга хэмжээ авна.

Ес. Замын хөдөлгөөнд хяналт тавихад хөтлөх бүртгэл, судалгаа, маягтын загвар

9.1.Замын хөдөлгөөнд хяналт тавих алба хаагч дараах бүртгэл, судалгааг хөтөлнө. Үүнд:

9.1.1.хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж, зам, хил хязгаар, хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгслийг үзүүлсэн бүдүүвч зураг, судалгаа;

9.1.2.тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон авто засварын газар, ил зогсоол, дулаан гарааш, сургууль, цэцэрлэгийн байршил, судалгаа;

9.1.3.хариуцсан объект, чиглэлийн гудамж замд гарсан зам тээврийн осол, хэрэг, түүний шалтгаан нөхцөлийн бүртгэл, судалгаа;

9.1.4.хариуцсан нутаг дэвсгэр дэх замын арчлалт, цэвэрлэгээг хариуцсан байгууллагын хуваарь, дэлгэрэнгүй судалгаа, мэдээлэл;

9.1.5.илрүүлсэн хэрэг, зөрчлийн /согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, хуульд эрх хасахаар заасан зөрчил, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил, жолоо шилжүүлсэн, аж ахуйн нэгж, байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн/ бүртгэл;

9.1.6.өргөдөл, гомдол, мэдээлэл, захиргааны зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бүртгэл;

9.1.7.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан үүргээ биелүүлэх талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өгсөн албан шаардлага, мэдэгдэл, түүнд хариу ирүүлсэн эсэх бүртгэл;

9.1.8.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах чиглэлээр зохиосон ажлын бүртгэл;

9.1.9.бусад.

9.2.Замын хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл, судалгаанд хөтлөх маягтын загварыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батална.

9.3.Энэхүү журмыг зөрчсөн Цагдаагийн алба хаагч болон иргэнд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.