A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2014 оны 308

дугаар тогтоолын хавсралт


БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЧАНАРТ ТАВИХ ЛАБОРАТОРИЙН
ХЯНАЛТЫГ  ӨРГӨЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Нэг. Хөтөлбөрийн зорилго

Хөтөлбөрийн үндсэн зорилго нь барилга байгууламжид (цаашид “барилга” гэх) хэрэглэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг өргөжүүлэн, барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Хоёр. Хөтөлбөрийн үндэслэл, шаардлага

Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, Улсын Их Хурлын          2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, Засгийн газрын 2009 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг  бууруулах үндэсний хөтөлбөр”, Засгийн газрын 2012 оны 171 дүгээр тогтоолоор баталсан “Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” зэрэг бодлогын баримт бичгүүдэд дэвшилтэт техник, технологи бүхий орчин үеийн шаардлага хангасан барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори барьж байгуулан өргөжүүлэхээр тусгагдсан нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэслэл болж байна.

Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд: “Барилгад  хэрэглэж байгаа барилгын материал нь хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, гарал үүсэл, чанарыг баталгаажуулсан лабораторийн батламжтай байна.” гэж заасан ч импортоор орж ирж байгаа барилгын материалын 81,6 хувь, дотоодын барилгын материалын 800 үйлдвэрээс 65 хувь нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ тохирлын үнэлгээ хийлгэж, лабораторийн шинжилгээнд хамруулах боломжгүй байна.

Мөн хуулийн 22 дугаар зүйлд барилга байгууламжийг төлөвлөж, барьж байгуулахад барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө гэж заасан боловч өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив, баримт бичгүүд ихэвчлэн ЗХУ-ын (хуучин нэрээр) суурь баазад тулгуурлан боловсруулсан байдаг бөгөөд судалгаа, шинжилгээнд үндэслэн өөрийн орны нөхцөлд тохируулан шинэчлэн боловсруулах эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, мэргэжлийн боловсон хүчин барилгын салбарт дутагдаж байна.

Иймээс хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахын тулд барилгын материалын сорилт, шинжилгээний суурин болон зөөврийн лабораторийг Улаанбаатар хот болон аймагт байгуулан, төрийн нэгдсэн бодлого зохицуулалтаар ханган, барилгын материал, түүхий эдийг импортлох, худалдаалах, үйлдвэрлэх үйл ажиллагааны чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх үүднээс энэхүү хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  баримтлах зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ  дараах зарчмыг баримтална:

     3.1. Барилгын материалын чанарт тавих лабораторийн хяналтын үйл ажиллагаа нь төрийн болон дотоодын хяналтыг хангах;

     3.2. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлд тулгуурлах;

     3.3. Барилгын чанар, аюулгүй байдалд төрийн хяналтыг хангах зорилгоор орон нутаг дахь лабораторийн барилгын үндсэн хийц, хэсгийн чанарт сорилт, шинжилгээ хийх нэр төрлийн лабораторийг байгуулах болон үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн, бусад нэр төрлийн лабораторийг орон нутгийн эсвэл хувийн хэвшлийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэх.

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг дараах зорилтуудаар дамжуулан хэрэгжүүлнэ:

          4.1.1. хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;

          4.1.2. барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтын тогтолцоог бий болгох;

          4.1.3. барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторыг өргөжүүлэх;

          4.1.4. хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх.

4.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хөтөлбөрийн зорилтуудад хүрэхийн тулд дараах үйл ажиллагаа явуулна:

          4.2.1. хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилтын хүрээнд:

               4.2.1.1. барилгын материалын чанар, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах;

               4.2.1.2. чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан барилгын материал, бүтээгдэхүүн, худалдаалах болон  чанарт тавих хяналтын чиглэлээр эрх зүйн орчинг бүрдүүлэх;

               4.2.1.3. лабораторийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, урвалж бодисуудыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг судлан боловсруулах;

               4.2.1.4. бүтээгдэхүүний баталгаажуулалтай холбогдсон хууль эрх зүйн орчинг судлах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

               4.2.1.5. барилгын норм, нормативын баримт бичгийг туршилт, судалгаа, шинжилгээн дээр үндэслэн боловсруулах, өөрийн орны нөхцөлд тохируулан  нутагшуулах, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх;

               4.2.1.6. өөрийн оронд үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн барилгын материал, хийц бүтээгдэхүүний талаар судалгаа хийж, мэдээллийн сан байгуулж ажиллуулах;

               4.2.1.7. салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага болон барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториудад орчин үеийн өндөр нарийвчлал бүхий дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сонгож нийлүүлэх;

               4.2.1.8. лабораторийн сорилт, шинжилгээ хийх үйлчилгээний үнэ тарифийг боловсронгуй болгож, төсвийн санхүүжилтийг үе шаттай бууруулах арга хэмжээ авах;

               4.2.1.9. барилгын  материалын сорилт, шинжилгээний лабораторид хэрэглэгдэх түүхий эд, бүтээгдэхүүний турших аргын стандартыг боловсруулж, төр, орон нутаг, хувийн хэвшлийн лабораторын үйл ажиллагаанд нэвтрүүлэх;

               4.2.1.10. шинжлэх ухааны академи, их, дээд сургууль, бусад лабораториудын хооронд төрөлжих, дагнах, хорших, хамтарч шинжилгээ, судалгаа хийх харилцаа, холбоог тогтоон, барилгын материалын судалгаа, шинжилгээний  ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх;

               4.2.1.11. барилгын материалын үйлдвэрлэлийн дотоодын чанарын удирдлагын тогтолцоонд олон улсын арга, туршлага, стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

               4.2.1.12. барилгын материалын чанарт тавих хяналтын үйл ажиллагааг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх.

     4.2.2. Барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтын тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд:

               4.2.2.1. барилгын материалын чанарын хяналтыг хамрах хүрээгээр нь байгууллага, орон нутаг,  улсын түвшинд хэрэгжүүлэхээс гадна  зориулалтаар нь түгээмэл хэрэглээний буюу мэргэжлийн лаборатори, тусгай зориулалтын буюу төрөлжсөн лаборатори байгуулах замаар зохион байгуулах;

               4.2.2.2. барилгын материалын үйлдвэрлэгч болон импортлогч нь бүтээгдэхүүний чанарыг стандартад заасан үндсэн үзүүлэлтээр нь баталгаажуулах ажлыг өөрийн лабораторид буюу гэрээний үндсэн дээр итгэмжлэгдсэн лабораторид тогтоож, дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажиллах;

               4.2.2.3. барилгын түгээмэл хэрэглээний материал, түүхий эд, бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, физик-механик үндсэн шинж чанар, зарим технологийн шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох мэргэжлийн лабораторийг аймаг, орон нутгийн түвшинд хяналт хийх зорилгоор байгуулж, өргөжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх;

               4.2.2.4. барилгын материал,  түүхий эд,  бүтээгдэхүүний үндсэн шинж чанараас гадна галд тэсвэрлэлт, цацраг идэвх, эрүүл ахуй, органик материал, газар хөдлөлийн үйлчлэл тэсвэрлэлт, шинэ нэр төрлийн материал, хийц бүтээц болон асфальт бетон, хөрсний физик-механик, технологийн буюу эдэлгээний шинж чанар, хими-эрдсийн бүтэц, найрлагад бүрэн сорилт, шинжилгээ хийх гэх мэт мэргэжлийн болон төрөлжсөн лабораторийг улсын түвшинд хяналт хийх зорилгоор Улаанбаатар хотод байгуулах;

               4.2.2.5. гаалийн хяналтын лаборатори нь Монгол Улсын хил, гаалиар орж ирж байгаа барилгын материалын үндсэн шинж чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд мэргэжлийн болон төрөлжсөн лаборатортай хамтран хурдавчилсан аргаар үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг гүйцэтгэх;

               4.2.2.6. барилгын материалын чанарын хяналтыг үйл ажиллагааны хэлбэрээр нь үйлдвэрлэгчийн болон хөндлөнгийн хяналтаар зохион байгуулах;

               4.2.2.7. барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн барилгын материалын лаборатори нь оролтын хяналт (түүхий эд), технологийн хяналт (үйлдвэрлэлийн дамжлага буюу явц), гаралтын хяналт (бэлэн бүтээгдэхүүн)-д  лабораторийн шинжилгээ хийж, дүгнэлт гарган ажиллаж үйлдвэрлэгчийн (дотоод) хяналтын үйл ажиллагааг зохион байгуулах;

               4.2.2.8. барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулах ажлыг мэргэжлийн холбоод, бусад байгууллагуудад зохих журмын дагуу эрх олгох замаар хөндлөнгийн хяналтыг өргөжүүлэн зохион байгуулах;

               4.2.2.9. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу стандартчиллын төв байгуулагаас эрх авсан итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллага тохирлын гэрчилгээ олгох;

               4.2.2.10. орон сууц, зочид буудал, эмнэлэг, сургууль цэцэрлэг зэрэг иргэний барилга байгууламжуудыг эрчим хүчний хэмнэлт, дулааны алдагдал, дуу чимээ тусгаарлах шинж чанарын үзүүлэлтийг тогтоох зөөврийн лаборатори байгуулах.

     4.2.3. Барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийг өргөжүүлэх зорилтын хүрээнд:

               4.2.3.1. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу стандартчиллын төв байгууллага нь барилгын материалын сорилт, шинжилгээний лабораториудад итгэмжлэл олгож, итгэмжлэгдсэн лаборатори нь холбогдох стандартын дагуу барилгын материал бүтээгдэхүүнд сорилт, шинжилгээ хийдэг тогтолцоонд шилжих;

               4.2.3.2. аймгийн төв тус бүрт  цемент, будаг, керамик, металл зэрэг 5-8 багц нэр төрлийн лабораторийг үе шаттайгаар шинээр байгуулах, зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дутууг нэмж нийлүүлэх, шинэчлэх;

               4.2.3.3. Улаанбаатар хот дахь Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт (цаашид “институт” гэх)-д  дулаан-цахилгаан, өргөх машин механизм, цахилгааны утас, газар хөдлөл, органик материал, төмөр, бетон эдлэхүүний үйлдвэрлэл туршилтын цехийн 7 багц нэр төрлийн лабораторийг шинээр байгуулах, бетон дүүргэгч, керамик, цемент холбогч, хими, будаг, хуванцар, хаалга-цонх, хөрс, металл, рентген шинжилгээний 8 багц нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дутууг нэмж авах, шинэчлэх;

               4.2.3.4. Замын-Үүд болон жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг байнгын ажиллагаатай хилийн боомтод импортын барилгын материалд физик, механик туршилт, шинжилгээ хийх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бүхий хурдавчилсан аргаар чанарыг хянах лаборатори байгуулах;

               4.2.3.5. барилгын материалын үйлдвэр бүр үйлдвэрлэлийн явцад бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт хийх дотоодын лабораторитай байх;

               4.2.3.6. лабораторийн нэр төрөл, тоног төхөөрөмжийн судалгааг нарийвчлан хийж, төсөв хөрөнгийн зохицуулалт хийж ажиллах;

               4.2.3.7. орон нутаг дахь лабораторийн хөрөнгө оруулалт ба урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх;

               4.2.3.8. хувийн хөрөнгө оруулалтаар лаборатори байгуулан ажиллахыг бодлогоор дэмжих.

     4.2.4. Хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд:

               4.2.4.1. лабораторийн ажилчдын тогтвор суурьшилтай ажиллах, туршлагажих нөхцөлийг хангах;

               4.2.4.2. лабораторийн хүний нөөцийг дотоод болон гадаад орнуудад сургаж бэлтгэх, дадлагажуулах, харилцан солилцох, давтан сургах, мэргэшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

               4.2.4.3. орон нутгийн барилгын материалын сорилт, шинжилгээний лаборатори болон ижил төстэй байгууллагуудын шинжээч, лаборантуудыг барилгын материалын сорилт, шинжилгээний төв лабораторт дадлагажуулж, сертификат олгох сургалтыг нэвтрүүлэх;

               4.2.4.4. газар хөдлөл, хими, хөрсний гэх зэрэг нарийн төвөгшилтэй лабораторид гадаадын мэргэжилтэн урьж, хамтран ажиллах, сургалт явуулах.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг  2014-2020 онд хэрэгжүүлнэ.

5.2. Хөтөлбөрийг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ. Үүнд:

          5.2.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

 

          5.2.2. олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж;

          5.2.3. Засгийн газрын баталгаа гаргасан үнэт цаас (бонд);

          5.2.4. төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө;

          5.2.5. хувийн хөрөнгө оруулалт;

          5.2.6. бусад эх үүсвэр.


Зургаа. Удирдлага зохион байгуулалт

6.1. Аймаг, нийслэл, орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулж, явц, үр дүнгийн тайланг хагас, бүтэн жилээр гаргаж мэдээллийн санд нэгтгүүлнэ. Мэдээллийн санг институт хариуцан ажиллуулж, холбогдох мэдээ, тайланг хагас, бүтэн жилээр гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.2. Итгэмжлэгдсэн лабораториуд нь институтэд мэдээ, тайлангаа хүргүүлж,  мэдээллийн санд нэгтгүүлэн, хамтран ажиллана.

6.3. Салбарын эрдэм шинжилгээний байгууллага нь мэргэжлийн лабораториудыг арга зүйн удирдлагаар хангах, чанарын хяналт хийх эрхтэй байгууллагуудтай хамтран ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, үндэсний стандарт, норм, нормативийг боловсруулах ажлыг удирдан гүйцэтгэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж дүн шинжилгээ хийх, шинэ нэр төрлийн материал, хийц бүтээц, эдлэхүүний хэрэглээ, чанарын шаардлагад үнэлэлт дүгнэлт өгөх, салбарын төрийн байгууллагыг мэдээллээр хангаж зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллана.

6.4. Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээлэх ажлыг барилга, барилгын материалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох газар зохион байгуулна.

Долоо. Хүрэх үр дүн

7.1. Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилгын материал, түүхий эдэд тавих хяналтын тогтолцоотой болно.

7.2. Барилгын материал, бүтээгдэхүүнд зайлшгүй шаардлагатай сорилт, шинжилгээ хийх иж бүрэн тоног төхөөрөмж бүхий лабораториуд байгуулагдаж, ажлын байр шинээр нэмэгдэнэ.

7.3. Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэхэд дэвшилт гарна.

7.4. Шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн судалгаанд үндэслэгдсэн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагыг өргөжүүлэн хөгжүүлнэ.

7.5. Барилгын материал, бүтээгдэхүүн, түүний зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар мэдээллийн сантай болно.

7.6. Хөтөлбөр хэрэгжсэнээр салбарын аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо, хариуцлага сайжирна.

7.7. Барилгын норм, норматив, стандартуудын шинжлэх ухааны үндэслэл эрс дээшилнэ.

7.8. Эцсийн дүндээ барилгын чанар, аюулгүй байдлыг хангах, ялангуяа газар хөдлөлтийн аюулаас учрах эрсдлийг бууруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд бодитой үр дүнд хүрнэ.


Найм. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

8.1. Барилгын материалын чанар, аюулгүй байдлын тухай хууль боловсруулсан байна.

8.2. Барилгын материалын салбарт мөрдөж байгаа стандарт, дүрэм, журмыг шинэчлэн эрх зүйн орчин боловсронгуй болсон байна.

8.3. Улаанбаатар хотод барилгын материалын 15 нэр төрлийн лаборатори, аймгуудийн төвд 5-8 нэр төрлийн лабортори байгуулагдсан байна.

8.4. Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 90 хувь нь олон улсын стандартад нийцсэн байна.

8.5. Импортын барилгын материалын 90 хувь нь шинжилгээ туршилтад  хамрагдах нөхцөл бүрдсэн байна.

8.6. Судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр олон улсын чанарын түвшинд хүрсэн импортийг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

8.7. Энэхүү хөтөлбөрийн 8.3-8.6-д заасан шалгуур үзүүлэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 2015-2020 онд жил жилээр өсгөн тогтоож хэрэгжүүлнэ.

 

 

---оооОооо---