A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХОХИРОГЧИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хөдөлмөрийн сайдын 2015 оны

А/135 тоот тушаалын хавсралт

 

ХОХИРОГЧИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ, МЭРГЭЖЛИЙН

СУРГАЛТАД ХАМРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3.1.2-т заасан хүн /цаашид “хохирогч” гэх/ нь энэхүү журмын заасан үйлчилгээнд хамрагдана.

1.3.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг мэргэжлийн сургалтад хамруулах, эсхүл ажлын байраар хангах ажлыг энэхүү журамд заасны дагуу Тахарын албатай хамтран зохион байгуулна.

1.4.Эрх бүхий байгууллагаас хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд бодитой аюул, заналхийлэл бий болсныг тогтоож Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлсэн тохиолдолд хохирогчийн хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг мэргэжлийн сургалтад хамруулах, эсхүл ажлын байраар хангахад энэ журам мөн адил хамаарна.

Хоёр. Журмыг хэрэгжүүлэх зарчим

2.1.Энэхүү журмын дагуу хохирогчийг ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулахад Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

2.1.1.сургалтыг ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;

2.1.2.сургалтыг мэргэжлийн сургалтын чадамжид суурилсан хэлбэрээр зохион байгуулах;

2.1.3.зорилтот бүлгийн иргэнийг хэрэгцээт мэргэжлээр хүссэн сургалтын байгууллагаа сонгон суралцах нөхцөл, боломжийг хангах;

2.1.4.ажлын байранд зуучлах.

Гурав. Үйлчилгээний хэлбэр, түүнийг зохион байгуулах

3.1.Хохирогчид энэхүү журмын хүрээнд дараах үйлчилгээг үзүүлнэ:

3.1.1.ажлын байраар хангах;

3.1.2.мэргэжлийн ур чадвар олгох сургалтад хамруулах.

3.2.Хохирогч энэ журмын 3.1-т заасан үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Дэд зөвлөл /цаашид “Дэд зөвлөл” гэх/-д гаргана.

3.3.Дэд зөвлөл нь хохирогчийн хүсэлтийг судалж, энэхүү журмын 3.1-т заасан үйлчилгээ үзүүлэх тухай албан тоот, мэдээллийг Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд хүргүүлнэ.

3.4.Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь Дэд зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, журмын 3.1.1-д заасан үйлчилгээг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан Ажилд зуучлах нийтлэг үйлчилгээний хүрээнд, журмын 3.1.2-т заасан үйлчилгээг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс баталсан “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах арга хэмжээний хүрээнд тус тус зохион байгуулна.

3.5.Энэхүү журмын 3.1-д заасан үйлчилгээг хэрэгжүүлэх байгууллага нь хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах, өөрийн хэрэгцээтэй мэргэжлээр хүссэн сургалтын байгууллагаа сонгон суралцах нөхцөл, боломжийг ханган ажиллана.

3.6.Энэ журмын 1.3, 1.4-т заасан хохирогч болон түүний гэр бүлийн гишүүнийг энэ журамд заасан үйлчилгээнд хамруулах хүсэлтийг Тахарын алба холбогдох байгууллагад гаргах бөгөөд нууцлалын гэрээ байгуулж ажиллана.

Дөрөв. Санхүүжилт

4.1.Журмын хэрэгжилтийг зохион байгуулах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

4.1.1.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас Ажилд зуучлах үйлчилгээнд хуваарилсан хөрөнгө;

4.1.2.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөр”-ийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл дээрх сургалтын арга хэмжээнд хуваарилсан хөрөнгө.

Тав.Бусад

5.1.Энэхүү журмын дагуу үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан хохирогчийг арга хэмжээнд хамруулсан байна.

5.2.Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь журмын хэрэгжилтийн явц, үр дүн, санхүүгийн сарын мэдээ, тайланг дараа сарын 5-ны дотор улирлын мэдээ, тайланг дараа улирлын эхний сарын 5-ны дотор Хөдөлмөрийн яам болон Хууль зүйн яаманд хүргүүлнэ.

5.3.Хууль зүйн яамны тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн тайланг хүлээн авч, үйлчилгээ үзүүлсэн хохирогчийн тухай мэдээллийг ажлын 5 хоногийн дотор хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн санд оруулна.

5.4.Журмын хэрэгжилтийн явц, үр дүнгийн үнэлгээг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв хагас, бүтэн жилээр, Хөдөлмөрийн яам болон Хууль зүйн яам бүтэн жилээр хийнэ.

         

 

----------------oOo----------------