A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 258 дугаар
тогтоолын хавсралт

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид “Ерөнхий газар” гэх) нь иргэний нисэхийг хөгжүүлэх талаар төрөөс баримталж байгаа бодлого, хөтөлбөр, иргэний нисэхийн тухай хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлыг эрхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн.

1.2. Ерөнхий газар нь Монгол Улсын олон улсын иргэний нисэхийн гэрээ, конвенциор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ.

1.3. Ерөнхий газрын үндсэн зорилго нь иргэний нисэхийн үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлж, иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт, агаарын навигацийн болон нисэх буудлын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангахад оршино.

1.4. Ерөнхий газар нь үйл ажиллагаандаа Иргэний нисэхийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенци, энэ дүрмийг удирдлага болгоно.

1.5. Ерөнхий газар нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд өөрийн бэлгэдэлтэй байж болно. Бэлгэдлийн загварыг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16.4-т заасны дагуу Ерөнхий газрын дарга батална.


Хоёр.  Ерөнхий газрын чиг үүрэг

2.1. Ерөнхий газар нь Иргэний нисэхийн тухай хуулийн 8.4-т заасан бүрэн эрхээс гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.1.1. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, шийдвэрийг иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

2.1.2. иргэний нисэхийн талаарх Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, энэ чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах;

2.1.3. иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

2.1.4. агаарын навигацийн болон аэродром, нисэх буудлын үйлчилгээг гэрээний үндсэн дээр аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраар гүйцэтгүүлэх;

2.1.5. иргэний нисэхийн салбарт дагаж мөрдөх стандарт, дүрэм, журмыг  боловсруулах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.1.6. иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, хангалтыг зохион байгуулах;

2.1.7.  нислэг-техникийн осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн арга хэмжээ авах;

2.1.8. Иргэний нисэхийн тухай хуулийн 13.2-т заасны дагуу иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;

2.1.9. иргэний нисэхийн салбарт хөрөнгө оруулах нөхцөл боломжийг судалж, хөрөнгө оруулагчийг дэмжих;

2.1.10. иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх хэлбэрийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, туслалцаа, дэмжлэг үзүүлэх;

2.1.11. Монгол Улсын агаарын зайд хууль бусаар нэвтэрсэн агаарын хөлөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, оролцох;

2.1.12. агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх.

Гурав. Ерөнхий газрын бүтэц, үйл ажиллагааны зохион байгуулалт

3.1. Ерөнхий газар нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх зорилгод нийцсэн иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын бүтэцтэй байна.

3.2. Ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг Иргэний нисэхийн тухай хуулийн 7.1.7-д заасны дагуу иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

3.3. Ерөнхий газрыг Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1-д тус тус заасны дагуу томилогдсон дарга удирдана. Ерөнхий газрын дарга нь иргэний нисэхийн мэргэжилтэй, салбартаа 5-аас доошгүй жил ажилласан байна. Ерөнхий газрын даргыг Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу, дэд даргыг Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тус тус томилж, чөлөөлнө.

3.5. Ерөнхий газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

3.5.1. Ерөнхий газрын зорилт, үндсэн чиг үүргийг биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;

3.5.2. Засгийн газар, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын иргэний нисэхийн байгууллагыг тухайн салбарын талаарх мэдээллээр тогтмол хангах, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаас статистикийн болон шаардлагатай бусад мэдээллийг үнэ төлбөргүй гаргуулж авах;

3.5.3. Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шилжүүлсэн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

3.5.4. нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагчийн эрхийг баталгаажуулах, тусгай тэмдгийн загварыг батлах;

3.5.5. Ерөнхий газрыг гадаад, дотоодод төлөөлөх, бусад байгууллагатай харьцах;

3.5.6. Ерөнхий газрын байцаагч, ажилтнуудыг мэргэжлийн чиглэлийн дагуу томилж, чөлөөлөх;

3.5.7. хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах, иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;

3.5.8. тодорхой асуудлыг шийдвэрлэх зорилгоор шаардлагатай тохиолдолд дүгнэлт гаргах, магадлан шинжилгээ хийлгэх үйл ажиллагаанд гадаад, дотоодын мэргэжилтнийг гэрээний үндсэн дээр оролцуулах, тэдгээрт төлөх төлбөрийг батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэх;

3.5.9. хууль тогтоомжоор олгосон бусад бүрэн эрх.

3.6. Ерөнхий газрын агаарын тээврийн хөгжлийн асуудал хариуцсан бүтцийн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.6.1. агаарын харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор санал боловсруулах;

3.6.2. олон улсын стандартад нийцүүлэн иргэний нисэхийн дүрэм, журмын төсөл боловсруулах, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хүчин төгөлдөр дүрэм, журмын талаарх мэдээлэл, гарын авлагаар хангах;

3.6.3. агаарын тээврийн эдийн засгийн зохицуулалтыг хэрэгжүүлэх, агаарын тээвэрлэгчдийн тарифт дүн шинжилгээ хийх, агаарын тээврийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар зохицуулалт хийх, агаарын тээвэрлэлтийн статистикийн мэдээлэл боловсруулах;

3.6.4. агаарын харилцаа, агаарын тээврийг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал боловсруулах;

3.6.5. олон улсын хуваарьт болон хуваарьт бус нислэг (өнгөрөлт, буулт, хөөрөлт), онцгой, тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл олгох.

3.7. Ерөнхий газрын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хариуцсан бүтцийн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.7.1. иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох ажлыг хариуцан зохион байгуулах;

3.7.2. агаарын хөлгийг Монгол Улсад бүтээх, түүнд өөрчлөлт, сайжруулалт хийх зөвшөөрөл олгох ажлыг хариуцан зохион байгуулах;

3.7.3. нисэхийн мэргэжлийн ажилтнуудаас шалгалт авах, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээ олгох, сунгах ажлыг хариуцан зохион байгуулах;

3.7.4. агаарын тээврийн байгууллагад Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

3.7.5. агаарын навигацийн үйлчилгээний байгууллагуудад гэрчилгээ олгох ажлыг хариуцан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

3.7.6. аэродром, нисэх буудалд гэрчилгээ олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

3.7.7. нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагад гэрчилгээ олгох ажлыг хариуцан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

3.7.8. иргэний нисэхийн сургалт, засвар, үйлчилгээ, ханган нийлүүлэлт эрхлэх байгууллагад гэрчилгээ олгох ажлыг хариуцан зохион байгуулах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

3.7.9. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын агаарын хөлөгт нислэгийн аюулгүй ажиллагааны үзлэг, шалгалт хийх;

3.7.10.  өмчийн бүх хэлбэрийн иргэний нисэхийн байгууллагын бүтцэд мэргэжлийн хяналт тавих, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын удирдах албан тушаалтны мэргэжил, дадлага туршлагын талаар санал, дүгнэлт гаргах.

3.8. Ерөнхий газрын агаарын навигаци, нисэх буудлын хөгжлийн асуудал хариуцсан бүтцийн нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

3.8.1. агаарын зай, агаарын замын сүлжлийг төлөвлөх, зохион байгуулах;

3.8.2. агаарын навигацийн болон аэродром, нисэх буудлын үйлчилгээний зохион байгуулалтыг хэрэгжүүлэх;

3.8.3. аэродром, нисэх буудал, холбоо навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжийн хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, хангалтыг зохион байгуулах;

3.8.4. аэронавигацийн болон аэродром, нисэх буудлын үйлчилгээний ойрын болон хэтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох;

3.8.5. аэронавигацийн үйлчилгээгээр хангах, агаарын зайн зохион байгуулалттай холбоотой асуудлаар батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, агаарын тээвэрлэгч болон бусад байгууллагатай харилцах, хамтран ажиллах.

Дөрөв. Ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт

4.1. Ерөнхий газар нь салбарын хөгжлийн талаар дараах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ:

4.1.1. Урт хугацааны стратеги төлөвлөгөө (20 жил);

4.1.2. Дунд хугацааны төлөвлөгөө (3-5 жил);

4.1.3. Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө.

4.2. Энэ дүрмийн 4.1-д заасан төлөвлөгөөг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

4.3. Иргэний нисэхийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх болон нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусган санхүүжүүлнэ.

4.4. Ерөнхий газар нь жилийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг даргын зөвлөлөөр хэлэлцүүлж нийтэд танилцуулна.

Тав. Бусад зүйл

5.1. Ерөнхий газар нь иргэний нисэхийн салбарын мэдээллийн санг бий болгож ашиглана.

5.2. Ерөнхий газрын чиг үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхэд тус газрын даргад зөвлөх үүрэгтэй даргын зөвлөл ажиллана. Даргын зөвлөлийн ажиллах журмыг Ерөнхий газрын дарга батална.

5.3. Ерөнхий газрын үйл ажиллагааны онцлогоос хамаарч нисэхийн аюулгүй ажиллагаа болон бусад асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг байгуулан ажиллуулж болно. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Ерөнхий газрын дарга батална.

 


-------оОо------