A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ /ХНХС, ХЗДХС-ын 2019 оны А/46,А/09 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ХНХС, ХЗДХС-ын 2019 оны А/46,А/09 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй/

Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/180, А/217 дугаар тушаалын хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХИЙН

ШАЛГАЛТ АВАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн сургалтанд хамрагдсан болон шалгалт өгөх болзол, шаардлага хангасан иргэн /цаашид “шалгуулагч” гэх/-ээс жолоодох эрхийн шалгалт /цаашид “шалгалт” гэх/ авахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Жолооч бэлтгэх сургалт эрхлэх, түүнд элсэн суралцах үйл ажиллагааг Мэргэжлийн боловсрол, сургалтын болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөр”-д заасны дагуу зохион байгуулна.

1.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалт /цаашид “шалгалт” гэх/-ын үйл ажиллагааг холбогдох стандартын шаардлагыг хангасан жолоодох эрхийн шалгалтын төвд болон тухайн ангиллын тээврийн хэрэгсэл дээр явуулна.

Хоёр. Мэргэжлийн шалгалт авах комисс

2.1.Жолоодох эрхийн шалгалтыг төв, орон нутагт цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгжээс томилогдсон комисс /цаашид “шалгагч” гэх/ эрхлэн явуулна. Шалгалтын комисст Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаас мэргэшсэн ажилтанг оролцуулж болно./ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

2.2.Шалгагч нь автотехникийн дээд боловсролтой, замын хөдөлгөөний хууль, дүрмийн мэдлэгтэй, тухайн шалгалт авах ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, мэргэжлийн шалгалт авах ур чадвар, арга зүйн мэдлэгтэй байна. /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар зарим хэсгийг хассан./

2.3.Жолоодох эрхийн шалгалт авах ур чадвар, арга зүйн мэдлэг эзэмшүүлэх болон мэргэшүүлэх сургалтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн дагуу зохион байгуулна.

2.4.Шалгагч нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

             2.4.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үндсэн сургалтад хамрагдсан элсэгчээс тээврийн хэрэгслийн “А”,“В”, “ВС”, ”Механизм” ангиллын жолоодох эрх олгох, ангилал нэмэх шалгалт авах;

            2.4.2.автоинженер болон машин механизмын инженер-механикийн мэргэжлээр их сургууль, коллеж, техникийн мэргэжлийн сургууль төгссөн болон бусад мэргэжлийн сургуульд суралцаж төгссөн /замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэм, автомашины ерөнхий онолын анхны мэдэгдэхүүн болон жолоодлогын дадлагын хичээлийн хөтөлбөрийг хангасан нь дипломын хавсралтаар батлагдсан/ хүнээс “В” эсвэл “ВС” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалт авах.

 

Гурав. Жолоодох эрхийн шалгалтад орох нөхцөл

3.1.Шалгуулагч дор дурдсан нөхцөлийг хангасан байна:

3.1.1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн;

3.1.2.эрүүл мэндийн үзлэгээр орж, тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэнэ гэсэн дүгнэлт бүхий баримт /цаашид “эрүүл мэндийн үзлэгийн хуудас” гэх/ авсан;

3.1.3.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журмын дагуу жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас авсан; /Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/254,А/266 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./

3.1.4.“С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “В” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодсон;

3.1.5.“D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох тохиолдолд “B” ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодсон;

3.1.6.“Е” ангиллын нэмэлт эрх авах шалгалтад орох тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 1 жилээс доошгүй хугацаанд жолоодсон.

3.2.Шалгуулагч нь дараах материалыг бүрдүүлсэн байна:

                    3.2.1.иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;

                    3.2.2.эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

                    3.2.3.жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас;

                    3.2.4.цээж зураг, өнгөт, 1 хувь /сүүлийн 3 сарын дотор авахуулсан 3х4 см хэмжээтэй/;

                    3.2.5. жолоочийн үнэмлэхний бүртгэлийн хуудас;

                    3.2.6.жолоодох эрхийн үнэмлэх /ангилал нэмүүлэх тохиолдолд/.

 

Дөрөв. Жолоодох эрхийн шалгалтын төрөл

4.1.Шалгалт нь онолын, дадлагын гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд дараах агуулгаар явагдана:

                    4.1.1.онолын шалгалтаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эзэмшсэн байвал зохих онол, эрх зүйн мэдлэг;

                    4.1.2.дадлагын шалгалтаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох ур чадвар.

4.2.Онолын шалгалт нь суурь ба нэмэлт гэсэн хоёр ангилалтай байна. Суурь ангиллын шалгалтын материал 20 асуулт бүхий тест, нэмэлт ангиллынх 10 асуулт бүхий тестээс бүрдэнэ.

4.3.Онолын шалгалтын материал нь дараах сэдвийг агуулсан байна:

                4.3.1.замын хөдөлгөөний аюулгүй байдал болон жолоочийн хариуцлагатай холбогдох Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрэм;

                    4.3.2.тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох онол зүй;

                    4.3.3.тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх техникийн эвдрэл, гэмтэл;

                    4.3.4.зам тээврийн осолд өртсөн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламж.

          4.4.  Шалгалт өгөх болзол хангасан гадаадын иргэн өөрөө хүсвэл онолын шалгалт /тест/-ыг англи хэл дээр орчуулагчтай өгч болно. /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

         4.5.Дадлагын шалгалт нь хоёр шатлалтай байна. Үүнд:

                    4.5.1.эхний шатлалаар жолоодлогын тусгай талбай /цаашид “талбайн” гэх/ дээр зохих үйлдлүүдийг гүйцэтгэх ур чадварыг шалгана;

                    4.5.2.хоёр дахь шатлалаар замын хөдөлгөөний бодит нөхцөлд /цаашид “замын хөдөлгөөний” гэх/ тээврийн хэрэгсэл жолоодох ур чадварыг шалгана.

          4.6.Талбайн шалгалтыг дараах үйлдлүүдээр авна:

          4.6.1.тээврийн хэрэгслийн “А” ангилалд:

а/цуваа байрлалтай 5 туг сүлжих;

б/наймын тоо хэлбэрийн зураас дээгүүр явах;

в/15 метрийн урт хяналтын шугамаар бага хурдтай явах.

          4.6.2.тээврийн хэрэгслийн “В” ангилалд:

                   а/ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

б/цуваа байрлалтай 5 туг сүлжих;

в/хажуугийн зогсоолд зөв байрлуулах;

г/оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах;

д/гүвээний өгсүүрт зогсож өгсөж хөдлөх.

          4.6.3.тээврийн хэрэгслийн “С” ангилалд:

                  а/ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

б/оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах;

в/гүвээний өгсүүрт зогсож өгсөж хөдлөх.

          4.6.4.тээврийн хэрэгслийн “D” ангилалд:

                   а/ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

б/цуваа байрлалтай 3 туг сүлжих;

в/хажуугийн зогсоолд зөв байрлуулах.

          4.6.5.тээврийн хэрэгслийн “BЕ”, “CЕ”, “DЕ” ангилалд:

                   а/ухрах үйлдлийг баруун, зүүн гар талаас гүйцэтгэж зогсоолд байрлуулах;

б/цуваа байрлалтай 3 туг сүлжих;

в/оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах.

4.6.6.тээврийн хэрэгслийн “Механизм” ангилалд:

а/оврын хязгаарлалт бүхий хонгилоор гарах ба ухрах;

б/гүвээний өгсүүрт зогсож өгсөж хөдлөх.

4.7.Замын хөдөлгөөний шалгалтаар дараах үйлдлийг гүйцэтгүүлж, замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодох чадварыг шалгана:

                    4.7.1.хөдөлгөөн эхлэх;

                    4.7.2.чиг өөрчлөх;

                    4.7.3.байрлан явах;

                    4.7.4.хурд тохируулах;

                    4.7.5.гүйцэж түрүүлэх;

                    4.7.6.уулзвар, гарц нэвтрэх;

                    4.7.7.явган хүний гарц нэвтрэх;

                    4.7.8.сургуулийн бүс нэвтрэх;

                    4.7.9.тээврийн хэрэгслийн зогсолт.

Тав. Жолоодох эрхийн шалгалтын үйл ажиллагаа

5.1. Онолын суурь шалгалтыг “Үндсэн” ангилал /В, ВС/-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах гэж буй тохиолдолд өгнө. /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

5.2.“B”-ээс “C”, “D” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авах тохиолдолд онолын шалгалтыг нэмэлт ангиллаар өгнө. Онолын нэмэлт ангиллын шалгалтын үргэлжлэх хугацаа 15 минут байна.

5.3.Дадлагын шалгалтыг тухайн эрх олгох ангиллын тээврийн хэрэгсэл дээр явуулна. “В” ангиллын жолооч бэлтгэх сургалтад хамрагдсан шалгуулагчаас автомат ажиллагаа бүхий хурдны хайрцагтай тээврийн хэрэгслээр авахуулах хүсэлт гаргасан тохиолдолд автомат хурдны хайрцаг бүхий тээврийн хэрэгслээр дадлагын шалгалтыг авч болно. /Энэ тохиолдолд жолоочийн үнэмлэхний тусгай тэмдэглэлд “автомат” гэж бичигдэх бөгөөд ангилал нэмэх үед “механик“ хурдны хайрцаг бүхий “В” ангиллын автомашин дээр дахин суралцах шаардлагатай./

5.4.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт авах тохиолдолд автомат ажиллагаа бүхий хурдны хайрцагтай тусгайлан тоноглосон зориулалтын тээврийн хэрэгслээр шалгалтыг авч, жолоочийн үнэмлэхийн тусгай тэмдэглэлд тусгана./ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар нэмэлт орсныг тусгав./

5.5.“Е” ангиллын нэмэлт эрх авах буюу эсвэл аль нэг ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй шалгуулагч “А” буюу “М” ангиллын эрх нэмж авах тохиолдолд зөвхөн дадлагын шалгалт өгнө.

5.6.“А”, “М”, “BЕ”, “CЕ”, “DЕ” ангиллын тээврийн хэрэгслээр өгөх дадлагын шалгалтыг зөвхөн талбайн шалгалтаар явуулна.

5.7.Онолын болон дадлагын шалгалтад хамрагдвал зохих шалгуулагч онолын дараа нь дадлагын гэсэн дарааллаар шалгуулна. Онолын шалгалтад тэнцээгүй тохиолдолд дадлагын шалгалтад оруулахгүй.

5.8.Шалгуулагч талбайн шалгалтад тэнцээгүй тохиолдолд замын хөдөлгөөний шалгалтад оруулахгүй.

5.9.Онолын шалгалтад тэнцсэнээс хойш 6 сарын хугацаанд дадлагын аль нэг шалгалтад тэнцээгүй, эсхүл шалгалтад хамрагдаагүй тохиолдолд шалгалтад тэнцсэн үнэлгээ хүчингүй болно.

5.10.Шалгагч нь шалгуулагчийн замын хөдөлгөөний шалгалт дуусмагц дүнг танилцуулж, шалгалтын тэмдэглэл болон үнэлгээний хуудсанд шалгуулагчаар гарын үсэг зуруулж, баталгаажуулна. “Тэнцээгүй” тохиолдолд гаргасан зөрчлийг тайлбарлан, үнэлгээний хуудсанд гарын үсэг зуруулан шалгалтын төвд хадгалуулна.

5.11.Шалгагч нь “Тэнцсэн” шалгуулагчийн үнэлгээний хуудсыг Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгжийн архивт журмын дагуу архивлана.

5.12.Шалгалтын төв нь шалгалтад тэнцсэн иргэдийн дараах материалыг Цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгжид хүргэж, хэвлэгдсэн үнэмлэхийг хүлээж авна:

                    5.12.1.шалгалтад тэнцсэн тухай үнэлгээний хуудас;

                    5.12.2.жолоочийн үнэмлэхний бүртгэлийн хуудас;

                    5.12.3.цээж зураг /шалгагчийн баталгаажуулсан/;

                    5.12.4.эрүүл мэндийн үзлэгийн хуудас;

                    5.12.5.үнэмлэхний үнэ тушаасан баримт.

5.13.Шалгуулагчид жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн тухай дүгнэлтийн буцах хуудсыг шалгалтын төвөөс баталгаажуулж олгоно. Буцах хуудас нь жолоодох эрхийн үнэмлэх авах баримт болно.

5.14.Шалгалтын төв нь жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн тухай дүгнэлтийн буцах хуудсаар тухайн эзэмшигчид нь буюу итгэмжлэгдсэн этгээдэд жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээлгэн өгнө.

Зургаа. Жолоодох эрхийн шалгалтыг дүгнэх

6.1.Шалгалт тус бүрийн дүнг “Тэнцсэн”, “Тэнцээгүй” гэсэн хоёр үнэлгээгээр дүгнэнэ. Шалгалтын дүнгийн тухай баримт /шалгалтын тэмдэглэл/-ыг шалгагч цаг тухайд нь үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна.

6.2.Онолын шалгалтыг бичгээр буюу цахим төхөөрөмжөөр авах бөгөөд тухайн оногдсон багц тестийн асуултын 90 буюу түүнээс дээш хувийг зөв хариулсан тохиолдолд тэнцсэнд тооцно.

6.3.Талбайн шалгалтын бүх үйлдлийг гүйцэтгэх хугацаа 10 минут байх бөгөөд дараах тохиолдолд тэнцээгүйд тооцно:

                    6.3.1.үйлдлийн шонг унагах, шүргэх, мөргөх; /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

                    6.3.2.үйлдийг эхний оролдлогоор гүйцэтгээгүй;

                    6.3.3.тээврийн хэрэгслийг хажуугийн зогсоолд багтаагаагүй;

                    6.3.4.туг сүлжих үйлдлийг гүйцэтгэхдээ шон алгассан;

                    6.3.5.ухрах байранд дутуу орж зогссон;

                    6.3.6.гүвээний өгсүүрт зогсож хөдлөхдөө ухарч алдсан буюу хөдөлгүүрийг хоёр удаа унтраасан;

                    6.3.7.бүх үйлдлийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй.

6.4.Замын хөдөлгөөний шалгалтыг 10 минутаас багагүй хугацаанд авах бөгөөд үйлдлүүдийг гүйцэтгэх явцын алдааг “-1”, “-3”, “-7” гэсэн оноогоор тооцож дүгнэнэ. Онооны нийлбэр -7 болон түүнээс хэтэрсэн тохиолдолд тэнцээгүйд тооцно. Үүнд:

                    6.4.1. “-1” оноо өгөх тохиолдол:

                              а/зогсоолын тоормостой хөдөлсөн;

                              б/ар талыг харах толь ашиглаагүй;

                              в/хөдөлгөөн эхлэхдээ болон хөдөлгөөний үед хөдөлгүүр унтраасан.

                    6.4.2.“-3” оноо өгөх тохиолдол:

                              а/хамгаалах бүс бүслээгүй;

                              б/түр ба удаан зогсох үйлдлийг буруу гүйцэтгэсэн;

                              в/хэт удаан явсан;

                              г/эгнээ байр эзлэх журам зөрчсөн;

                              д/буцаж эргэх үйлдлийг буруу гүйцэтгэсэн;

                              е/замын тэмдэглэлийн заалт зөрчсөн.

                              ё/ анхааруулах гэрэл дохио өгөөгүй буюу буруу өгсөн. /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар нэмэлт орсныг тусгав./

                    6.4.3. “-7” оноо өгөх тохиолдол:

                              а/гэрэл ба зохицуулагчийн дохио, замын тэмдгийн заалт зөрчсөн;

                              б/давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй;

                              в/урсгал сөрсөн;

                              г/гүйцэж түрүүлэх журам зөрчсөн;

                              д/явган хүний гарц нэвтрэхдээ явган зорчигчид зам тавьж өгөөгүй;

                              е/төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн;

                              ж/хурд хэтрүүлсэн;

                              з/шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй.

                              и/сургуулийн бүс нэвтрэх журам зөрчсөн.

Долоо. Бусад

7.1.Шалгалтыг энэ журмын 2.1-д заасан шалгалтын комисс аймаг, нийслэлд байгуулагдсан жолоодох эрхийн шалгалтын төвд авч болно. ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/143, А-221 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

7.2.Энэхүү журмыг зөрчсөн шалгагч, шалгуулагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.3.Жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас, шалгалтад тэнцсэн тухай дүгнэлтийн маягтын загварыг Цагдаагийн ерөнхий газрын дарга батлана. /Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын 2015 оны А/254,А/266 дугаар тушаалаар 7.3 дахь хэсгийг хассан./

 

- ооОоо -