A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ /ХНХС, ХЗДХС-ын 2019 оны А/46,А/09 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ХНХС, ХЗДХС-ын 2019 оны А/46,А/09 дүгээр хамтарсан тушаалаар хүчингүй/

Хөдөлмөрийн сайд, Хууль зүйн сайдын
2015 оны 10 дугаар  сарын 05-ны өдрийн А/181,А/218 
дугаар хамтарсан тушаалын хавсралт

 

ЖОЛООДОХ ЭРХИЙН ШАЛГАЛТЫН ТӨВИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Жолоодох эрхийн шалгалтын төв /цаашид “шалгалтын төв” гэх/-ийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох мэргэжлийн шалгалт /цаашид “шалгалт” гэх/-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан стандартын шаардлагыг хангасан шалгалтын төвд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтын журам”-д заасан үйл ажиллагааг зохион байгуулна.

1.3 Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр аймаг тус бүрт нэг, нийслэл хотод 2 хүртэлх шалгалтын төвийг байгуулна.

1.4.Шалгалтын төвийг аймагт Төрийн өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг түшиглэн байгуулна.

1.5. Аймагт жолоодох эрхийн шалгалтын төвийг энэ журамд заасан шаардлага, холбогдох стандартыг хангасан төрийн бус байгууллага байгуулж болно. /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар өөрчлөн найруулсныг тусгав./

1.6.Төрийн бус байгууллага нь жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Агентлаг” гэх/-д гаргана.

1.7.Агентлаг нь ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг судалж, дүгнэлтийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Яам” гэх/-д хүргүүлнэ.

1.8.Яам нь ирүүлсэн дүгнэлтийг хянан үзэж, шийдвэрлэх ба агентлагаас жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана./ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар нэмэлт орсныг тусгав./

 

Хоёр.Шалгалтын төв, түүний үйл ажиллагаа

2.1.Шалгалтын төв нь холбогдох стандартын шаардлага хангасан бүртгэл, мэдээллийн нэгдсэн төв, онолын шалгалтын танхим болон жолоодлогын дадлагын шалгалтын өөрийн эзэмшлийн талбайтай байна./ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар өөрчлөн найруулсныг тусгав./

2.2.Шалгалтын төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн онолын болон дадлагын  шалгалтыг тасралтгүй байнгын ажиллагаатай тогтмол зохион байгуулах;

2.2.2.Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох шалгалтад орох иргэдийн материалыг хянах, бүртгэх, шалгалтад хамрагдсан иргэдийн бүртгэл, мэдээллийн санг хөтлөх;

2.2.3.жолоодох эрх олгох шалгалтын хуваарь гаргаж, мэдээлэх;

2.2.4.Шалгалтад тэнцсэн иргэдийн дүн мэдээг цагдаагийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох ажил хариуцсан нэгж болон жолооны сургалтын байгууллагад мэдээллийн цахим сүлжээгээр буюу шаардлагатай тохиолдолд баталгаажуулсан хуудсаар хүргэх. /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар өөрчлөн найруулсныг тусгав./

2.2.5.жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэдийн хэвлэгдсэн жолоочийн үнэмлэхийг холбогдох албанаас авч, цахим хэлбэр /мэйл хаяг, мессеж үйлчилгээ/-ээр болон утсан холбоогоор мэдэгдэж, өөрт нь буюу итгэмжлэгдсэн этгээдэд хүлээлгэн өгөх.

Гурав. Онолын шалгалтын танхимд тавих шаардлага

          3.1.Шалгалтын төв нь онолын шалгалтын хэд хэдэн танхимтай байж болно.

3.2.Онолын шалгалтын танхим нь дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1.дөч буюу түүнээс дээш шалгуулагч нэгэн зэрэг шалгалт өгөх бололцоо бүхий ширээ, сандалтай байх;

3.2.2.танхимын ариун цэвэр, гэрэлтүүлэг, агааржуулалт, орчны дуу чимээний түвшин холбогдох стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;

3.2.3.анхаарал сарниулах, чимээ шуугиан гаргах үзүүлэн, чимэглэл, тоног хэрэгсэл байрлуулаагүй байх;

3.2.4.шалгалтыг бичгээр авах тохиолдолд шалгуулагч нэг бүрт хүрэлцэхүйц тооны онолын тестийн материал, хариултын хүснэгтийн хуудастай байх;

3.2.5.шалгалтыг цахим төхөөрөмжөөр авах тохиолдолд шалгуулагч нэг бүрт хүрэлцэхүйц тооны компьютер, техник хангамжийн иж бүрэн системээр тоноглогдсон байх.

3.3.Онолын шалгалтын танхимд шалгагч болон шалгуулагчийн үйлдлийг хянах зориулалт бүхий дүрс бичлэгийн төхөөрөмж /камер/, мөн шалгалтын ил тод байдлыг хангах үүднээс цахим дэлгэцийг танхимын дотор ба гадна байрлуулна.

3.4.Онолын шалгалтыг цахим төхөөрөмжөөр явуулах тохиолдолд программ хангамж нь шалгуулагчаас компьютерийн нарийн мэдлэг шаардахгүй, шалгалт өгөх эрхийг хязгаарлахгүй, ашиглахад хялбар, ойлгомжтой байвал зохино.

Дөрөв. Дадлагын шалгалтын тусгай талбайд тавих шаардлага

4.1.Шалгалтын төв нь талбайн шалгалтыг явуулах хэд хэдэн тусгай талбайтай байж болно.

4.2.Дадлагын шалгалтын тусгай талбай нь дараах шаардлагыг хангасан байна.

                    4.2.1.талбайн хэмжээ нь тухайн ангиллын тээврийн хэрэгслээр гүйцэтгэвэл зохих үйлдлүүдийг хийх боломжийг хангахуйц байх;

               4.2.2.орчны эрүүл ахуй, байгаль эколог, хөдөлгөөний аюулгүй байдлын техникийн норм, дүрэм, стандартын шаардлагад нийцсэн байх;

                    4.2.3.нийтийн эзэмшлийн зам, талбай, замын хөдөлгөөнөөс бүрэн тусгаарласан хаалт, хашаатай байх;

                    4.2.4.тээврийн хэрэгслээр зорчих хэсэг нь жигд хатуу хучилт, тэгш гадаргуутай байх;

             4.2.5.тухайн ангиллын тээврийн хэрэгслээр шалгалт авахад нийцсэн хэмжээ, загвар бүхий жолоодлогын зохих үйлдлүүдийг гүйцэтгэх төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх;

                 4.2.6.эмнэлгийн анхны тусламжийн болон галын аюулаас хамгаалах цэг, ариун цэврийн шаардлага хангасан бие засах газар, хог хаягдлын цэг,  үйлчилгээний байр, мэдээлэл, зааварчилгааны танхимтай байх;

              4.2.7.шалгалтын үйлдэл гүйцэтгэхэд зориулсан талбайгаас тусдаа тээврийн хэрэгслийн зогсоолд зориулсан стандартын шаардлага хангасан зам талбайтай байх; /ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар нэмэлт орсныг тусгав./

                    4.2.8.шалгалтыг хэвийн явагдах нөхцөлийг хангахуйц гэрэлтүүлэгтэй байх;

                  4.2.9.тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан хэсэгт шалгалтын зорилгод хамааралгүй, шалгуулагчид саад болох эд зүйлс, тоног хэрэгсэл байрлуулаагүй байх.

          4.3.Дадлагын шалгалтын үйлдлийг тэмдэглэсэн чиглүүлэх хэрэгслийг хяналтын автомат төхөөрөмжөөр тоноглосон байж болно. Талбайн шалгалтын үйлдлийг буруу гүйцэтгэсэн тохиолдолд мэдээлэл өгөх зориулалт бүхий дохиоллын системтэй байна.

        4.4.Дадлагын шалгалтын тусгай талбай нь шалгагчийн ажиглах байртай байна. Ажиглах байр нь шалгах бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг бүрэн хангасан байхаас гадна шалгалтын талбайг бүхэлд нь харж хянах боломжтой байхаар байрласан байна.

       4.5.Шалгалтын тусгай талбайг дүрс бичлэгийн хяналтын төхөөрөмж (камер) болон дохиолол, холбоо, чанга яригч хэрэгслээр тоноглоно. Чанга яригч хэрэгслийг шалгагчийн ажиглах байрнаас удирдах боломжтой байна.

Тав. Шалгалтад ашиглах тээврийн хэрэгсэлд тавих шаардлага

5.1.Шалгалтын төв нь дадлагын шалгалт авахад зориулсан өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй байна.

5.1.1.”В” ангилалд 5-аас доошгүй;

5.1.2.”С” ангилалд 2-оос доошгүй;

5.1.3.”D” ангилалд 2-оос доошгүй;

5.1.4.”Е” ангилалд 1-ээс доошгүй;

5.1.5.”А” ангилалд 3-аас доошгүй;

5.1.6.”М” ангилалд 1-ээс доошгүй.

5.2.Шалгуулагч нь дадлагын шалгалтыг шалгалтын төвийн тээврийн хэрэгсэл, эсвэл энэ журамд нийцсэн, стандартын шаардлага хангасан бусад тээврийн хэрэгслээр өгч болно.

5.3.Жолоодлогын дадлагын эхний талбайн шалгалтад ашиглах тээврийн хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна.

                    5.3.1.техникийн хяналтын үзлэгт тэнцсэн;

                    5.3.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй;

                    5.3.3.зүүн гар талдаа жолооны хүрдтэй, механик буюу автомат дамжуулга бүхий хурдны хайрцагтай.

5.4.Замын хөдөлгөөний шалгалтад ашиглах тээврийн хэрэгсэл нь энэхүү журмын 5.3-д заасан шаардлагаас гадна мөн дараах шаардлагыг хангасан байна:

                    5.4.1.шалгагчид зориулсан тоормосны нэмэлт дөрөө, ар талыг харах нэмэлт тольтой;

                    5.4.2.Замын хөдөлгөөний дүрэмд заасан "Сургалтын тээврийн хэрэгсэл" таних тэмдэгтэй.

5.5.Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчийн шалгалт өгөх тээврийн хэрэгсэл нь баруун гар талдаа жолооны хүрдтэй байж болох бөгөөд Замын хөдөлгөөний дүрэмд заасан "Тахир дутуу хүн" таних тэмдгийг байрлуулсан байна.

5.6.Жолоодлогын дадлагын шалгалтад дараах техникийн үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг ашиглана.

                    5.6.1."А" ангилалд хоёр дугуйтай мотоцикл;

                    5.6.2."В" ангилалд суудлын автомашин;

                    5.6.3."С" ангилалд бүх жин нь 5000 кг-аас их ачааны автомашин;/ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

                    5.6.4."D" ангилалд 8 м-ээс багагүй урттай автобус;

                    5.6.5."ВЕ" ангилалд бүх жин нь 1000 кг-аас доошгүй чиргүүлтэй "В" ангиллын автомашин;

                    5.6.6."СЕ" ангилалд авто чирэгч, хоёр тэнхлэгтэй (тэнхлэгүүдийн хоорондын зай нь 1 м-ээс багагүй) чиргүүл бүхий бүх жин нь 7500 кг-аас их ачааны автомашин;

                 5.6.7."DЕ" ангилалд угсраа автобус буюу бүх жин нь 1000 кг-аас доошгүй чиргүүл бүхий 8 м-ээс багагүй урттай автобус;

                    5.6.8."М" ангилалд 41 квт-аас дээш чадалтай хөдөлгүүр бүхий дугуйт трактор;

5.7.Шалгалтад ашиглах тээврийн хэрэгслийн бүхээг дээр хугацаа хэмжүүрийн төхөөрөмж байрлуулж болох бөгөөд уг төхөөрөмж нь хугацаа дууссан тохиолдолд мэдээлэл өгөх горимоор ажилладаг гэрлэн дохиололтой байж болно.

Зургаа.Бусад

6.1.Шалгалтын төв нь шалгалтад хамрагдаж буй иргэдийн мэдээллийг нэгтгэн боловсруулах мэдээлийн сантай байна. Мэдээллийн сан нь Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан, жолоочийн бүртгэл мэдээллийн сан,  Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Үндэсний дата төв, холбогдох мэдээлийн сангуудтай уялдан ажиллаж, харилцан мэдээлэл солилцох боломжтой байна./ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар нэмэлт орсныг тусгав./

6.2.Шалгуулагч нь өөрт олгогдсон бүртгэлийн дугаар /код/-ыг ашиглан холбогдох сайт, ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг мэдээллийн хэрэгслийг ашиглан шалгалтын үр дүн, хуваарь, зааврын талаарх мэдээллийг авах боломжоор хангагдсан байна.

6.3.Шалгуулагчдад шалгалтын хуваарь, холбогдох мэдээллийг цахим болон утсан холбоогоор хэлбэрээр ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө хүргэх ажлыг тухайн жолооны сургалтын байгууллага хариуцна./ХНХС, ХЗДХС-ын 2017 оны А/142, А-222 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./

6.4.Энэхүү журмыг зөрчсөн шалгагч, шалгуулагчид холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---