A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХУРААГДСАН ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙГ УСТГАХ, ХУДАЛДАХ, ӨМЧЛӨГЧИД БУЦААН ОЛГОХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дүгээр тушаалын хавсралт

 

 

ХУРААГДСАН ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ

АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙГ УСТГАХ, ХУДАЛДАХ,

ӨМЧЛӨГЧИД БУЦААН ОЛГОХ, ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэхтэй холбогдсон харилцааг Галт зэвсгийн тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2.Эрх бүхий албан тушаалтан Галт зэвсгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хураасан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хураан авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад хүргүүлнэ. 

1.3.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх, мэдээллийн сан үүсгэх, ашиглах, судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт, холбогдох мэдээ, тайлан гаргах, сангийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна.

1.4.Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага энэ журмын 1.3-т заасан санд холбогдох мэдээллийг оруулна.

 

Хоёр. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хүлээн авах, хадгалах

2.1.Хотын цагдаагийн байгууллагын харьяа тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн нэгж хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хотын цагдаагийн газарт, бусад аймаг, орон нутагт хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг цагдаагийн төв байгууллагад хураан авсан тэмдэглэл, бусад шаардлагатай бичиг баримтын хамт улирал тутамд хүргүүлнэ.

2.2.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг хүлээн авахдаа хураагдсан шалтгаан, төрөл, загвар, гол төмөр эсхүл сангийн ангийн дугаар,  замгийн дугаар, үйлдвэрлэсэн он, бусад шинж байдлыг хураан авсан тэмдэглэлтэй тулган хүлээн авч, хураагдсан галт зэвсгийн  бүртгэлд бүртгэнэ.

2.3.Хүлээн авсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон өрөөнд, зориулалтын шүүгээнд хадгална.

 

Гурав. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох,
шилжүүлэх тухай дүгнэлт гаргах

 

3.1.Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг үзлэг шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах, тэдгээрийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх ажлыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг /цаашид “ажлын хэсэг” гэх/ зохион байгуулна.

3.2.Ажлын хэсэгт цагдаагийн төв байгууллагын төрөл мэргэжлийн албадаас эрх зүйн болон галт зэвсгийн чиглэлээр мэргэшсэн алба хаагчдыг томилох бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн галт зэвсгийн шинжээч, мэргэжилтнийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргаж, томилон ажиллуулна.

3.3.Энэ журмын 3.2-т заасан галт зэвсгийн шинжээч, мэргэжилтнийг томилон ажиллуулахад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан үйлчилгээний хөлс, шинжилгээ хийх зардал тооцож авахгүй. 

3.4.Ажлын хэсэг галт зэвсгийн шинжээч, мэргэжилтний дүгнэлт, холбогдох бусад баримтыг үндэслэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх тухай шийдвэр гаргана.

3.5.Дараах тохиолдолд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгана:

3.5.1.үйлдвэрийн хийц, зориулалтыг өөрчилсөн;

3.5.2.цаашид ашиглах техникийн боломжгүй болсон;

3.5.3.аюулгүй ажиллагааны нөхцөл хангагдаагүй.

3.6. Дараах тохиолдолд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдана:

3.6.1.сэргээн засварлан ашиглах боломжтой;

3.6.2.үйлдвэрийн хийц, зориулалтыг өөрчлөөгүй, аюулгүй ажиллагааны нөхцөл хангасан, хэвийн үйл ажиллагаатай.

3.7.Дараах тохиолдолд галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид буцаан олгоно:

                    3.7.1.зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээд зөрчлөө арилгасан;

                    3.7.2.өмчлөгчид буцаан олгох тухай эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

3.8.Дараах тохиолдолд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ:

3.8.1.эрэн сурвалжлагдаж байгаад олдсон;

3.8.2.байлдааны зориулалттай галт зэвсгийн жагсаалтад бүртгэгдсэн.

 

Дөрөв. Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах ажиллагаа

 

4.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах тухай ажлын хэсгийн шийдвэрийн дагуу томилогдсон алба хаагчид дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.

4.1.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах тухай ажлын хэсгийн шийдвэрийг Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах нийтлэг журам”-ын 2.6-д заасан тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус захиргааны Зөвлөл /цаашид “Захиргааны зөвлөл” гэх/-д хүргүүлж, танилцуулах;  

4.1.2.аюулгүй орчинд үзлэг хийж, устгах бэлтгэл ажлыг хангах;

4.1.3.устгах ажлыг аюулгүй орчинд гүйцэтгэх;

4.1.4.устгах ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулж, явц, байдлын талаар тэмдэглэл үйлдэж, фото, дүрс бичлэгийн хэрэгслээр баримтжуулах;

4.1.5.устгасан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэгдсэн бүртгэлээс хасуулах;

4.1.6.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгасан тухай тайлан, танилцуулгыг ажлын гурван өдөрт багтаан Захиргааны зөвлөл болон ажлын хэсэгт хүргүүлэх.

 

Тав. Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдах ажиллагаа

 

5.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдах тухай ажлын хэсгийн шийдвэрийн дагуу томилогдсон алба хаагчид дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

5.1.1.худалдан борлуулахаар шийдвэрлэсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг аюулгүй орчинд үзлэг хийж, тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд хандан зах зээлийн үнэлгээ тогтоолгож, худалдан борлуулах талаар ажлын чиглэл авах;

5.1.2.худалдан борлуулахаар шийдвэрлэсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг үнэлгээний хамт галт зэвсэг, сум худалдах төвд хүлээлгэн өгөх;

5.1.3.худалдан борлуулахаар шийдвэрлэсэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг худалдан борлуулсан, улсын орлого болгосон талаар тайлан, танилцуулгыг тухай бүр Захиргааны зөвлөл болон ажлын хэсэгт хүргүүлэх.

 

Зургаа. Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид буцаан олгох,
холбогдох байгууллагад шилжүүлэх ажиллагаа

 

6.1.Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид буцаан олгох тухай ажлын хэсгийн шийдвэрийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

6.1.1.зөрчлийн учир түр хугацаагаар хураагдсан галт зэвсгийг зөрчлөө арилгасан хууль ёсны өмчлөгч иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэх;

6.1.2.хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид нь буцаан олгох тухай эрх бүхий байгууллага, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэж, энэ тухай тэмдэглэл үйлдэх;

6.1.3.хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид буцаан олгосон тухай мэдээллийг санд бүртгэх;

6.1.4.хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг өмчлөгчид шилжүүлсэн тухай тайланг ажлын хэсэгт танилцуулах.

6.2.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг шилжүүлэх тухай шийдвэрийн дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:

6.2.1.эрэн сурвалжлагдаж байсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүлээлгэн өгөх;

6.2.2.байлдааны зориулалттай галт зэвсэг, сум, эд ангийг  зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд шилжүүлэн өгөх;

6.2.3.байлдааны зориулалттайгаас бусад галт зэвсэг, сумыг сургалт, шинжилгээ, судалгаанд зориулан шүүхийн шинжилгээний болон хууль сахиулах алба хаагчийг бэлтгэх, давтан сургах чиг үүрэг бүхий байгууллагад шилжүүлэн өгөх;

6.2.4.хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг шилжүүлсэн тухай тайланг ажлын хэсэгт танилцуулах.

 

          Долоо. Бусад

 

7.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг энэ журмын дагуу устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэхдээ тэмдэглэл үйлдэж холбогдох этгээдээр гарын үсэг зуруулж баримтжуулна.

7.2.Ажлын хэсэг нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэсэн тухай дүнг цагдаагийн төв байгууллагын даргад танилцуулж, үр дүнг тооцуулах үүрэг хүлээнэ.

 

----оОо----