A

A

A

Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын

2015 оны 10 дугаар сарын 01 –ны өдрийн

185  дугаар тушаалаар батлав.

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦАД ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ ТАВИХ ДҮРЭМ

 

Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэ дүрмээр Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасныг үндэслэн барилгын ажлын явцад тавигдах зохиогчийн хяналтын ажлын хүрээнд захиалагч, зураг төсөл зохиогч, барилга угсралтын ажлын гүйцэтгэгч тэдгээрийн эрх, үүрэг, зохиогчийн хяналт, дүгнэлт, үнэлгээ хийх зэрэг харилцааг зохицуулна.

1.2  Инженерийн хийцтэй бүх төрлийн барилга байгууламж, хөшөө дурсгал, сэргээн засварлаж буй түүх, соёл, архитектурын дурсгалт барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засварын ажил, бүх төрлийн барилга байгууламжийн ажлын талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, буулгах, тоног төхөөрөмж суурилуулах ажил гүйцэтгэхэд энэ дүрмийг мөрдөнө.

 

Хоёр. ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

2.1. Зураг төсөл зохиогч барилгын захиалагчтай гэрээ байгуулан барилгын ажилд зохиогчийн хяналт тавина.  /хавсралт 2/

2.2. Зураг төсөл зохиогчийн хяналтыг дараах 3 хэлбэрээр тавина.

2.2.1.барилгын ажилд байнгын хяналт тавих;

2.2.2.барилгын ажилд хуваарийн дагуу тогтмол хяналт тавих

2.2.3.барилгын ажлын тодорхой үе шатуудад хяналт тавих.

2.3. Энэ дүрмийн 2.2-т заасан хяналт тавих хэлбэрийг зураг төсөл зохиогч, барилгын захиалагч, гүйцэтгэгчтэй (цаашид талууд гэх) тохиролцож гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараах нөхцөлийг тусгана.

2.3.1.зураг төсөл зохиогч хяналт тавих нөхцөлийг;

2.3.2.гэрээнд оролцогч талууд заасан эрх, үүргээ биелүүлэн ажиллах;

2.3.3.барилгын захиалагч барилгын ажил гүйцэтгэгчтэй  (ерөнхий болон туслан) хийх гэрээнд зураг төсөл зохиогчийн тавьсан шаардлагыг  биелүүлэх нөхцөлийг;

2.3.4.барилгын ажил эхлэхээс өмнө, зураг төсөл зохиогчийн хяналтын гүйцэтгэл, зохион байгуулалт, зохиогчийн хяналтын тэмдэглэл хөтлөх /хавсралт 1/ нөхцөлийг;

2.4. Зураг төсөл зохиогчийн хяналтыг барилга ажлын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

2.5. Барилгын ажил гүйцэтгэгч барилгын ажлын явцад зураг төсөлтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авахдаа зохиогчийн хяналт гүйцэтгэгчид тодруулга хуудсаар хүсэлт гаргана. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч бичгээр хариуг өгч, хувийг зохиогчийн хяналтын тэмдэглэлд хавсаргана.

2.6. Гадаадын зохиогчийн зураг төсөл болон гадаадын байгууллагатай хамтран боловсруулсан барилга байгууламжийн зураг төслийн баримт бичгийг тусгай зөвшөөрөл бүхий Монгол улсын хуулийн этгээд баталгаажуулж, зураг төсөл зохиогчийн хяналт тавина.

2.7. Зураг төсөл зохиогчийн хяналтыг багаар болон ганцаарчлан тавьж болно.

2.8. Зураг төслийн байгууллага зохиогчийн хяналт хэрэгжүүлэх багийг гурваас доошгүй гишүүнтэй, багийн ахлагчаар барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр арваас доошгүй жил ажиллаж мэргэшсэн гишүүнийг томилно.

2.9. Багийн ахлагч зураг төсөл зохиогчийн хяналт тавьсан гишүүдийн дүгнэлтийг нэгтгэж тайланг барилгын захиалагч, гүйцэтгэгч, зураг төслийн байгууллагуудад хүлээлгэн өгч танилцуулна.

2.10. Энэ журмын 2.9-т заасан зураг төсөл зохиогчийн хяналтын дүгнэлтэд зөрчил дутагдлыг арилгах талаар заавар зөвлөмжийг өгч, хяналтаар илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгаж, хэрэгжилтийг хангасан тухай захиалагч, гүйцэтгэгчээс биелэлтийг гаргуулна.

 

Гурав. ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ЭРХ,

ҮҮРЭГ

 

3.1. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч дараах эрх эдэлнэ:

3.1.1.барилгын ажлын талбайд нэвтрэх;

3.1.2.хяналтын ажил тавихад аюул, эрсдэлтэй гэж үзвэл хяналт тавихаас татгалзаж, зөрчлийг арилгуулан аюулгүй байдлыг хангасан нөхцөлд хяналт тавих;

3.1.3.барилга байгууламжийн баримт бичигтэй танилцах;

3.1.4.барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, гал, эрүүл ахуйн шаардлагыг бууруулахгүйгээр барилгын өртөг, угсралтын хугацааг богиносгох чиглэлээр шийдэл гаргах;

3.1.5.техникийн үзүүлэлтийг бууруулахгүйгээр тоног төхөөрөмж, машин механизмыг орлуулан солих;

3.1.6.барилга байгууламжийн бат бэх, найдваржилт, чанарын шаардлагыг бууруулахгүйгээр хийц элемент, хэсэглэл, материалыг өөрчлөх; 

3.1.7.барилга байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх явцад “Зураг төсөл зохиогчийн хяналтын тэмдэглэл”-н /хавсралт 1/ биелэлтийг хянах;

3.1.8. барилга байгууламжийн бүтээц, материал, хийц, эдлэхүүнд хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийлгэж баталгаажуулахыг барилгын захиалагчаас шаардах;

3.1.9. барилгын чанаргүй гүйцэтгэсэн үе шатны ажлыг норм нормативын шаардлагад нийцүүлэн засахаар боловсруулсан барилгын гүйцэтгэгч, захиалагчийн техникийн шийдлийг хянах

3.1.10.барилгын ажлыг зураг төсөл болон барилгын норм, нормативын баримт бичигт тавьсан шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй тохиолдолд дүгнэлт гаргаж барилгын улсын хяналт хэрэгжүүлэх байгууллагад мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авахуулах.

3.2. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч дараах үүргийг хүлээнэ:

3.2.1.захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр зураг төсөл зохиогчийн хяналт тавих;

3.2.2.барилгын хөрөнгө оруулагч, захиалагч, гүйцэтгэгчид барилга байгууламжийн баримт бичигтэй танилцах боломжоор хангах;

3.2.3.барилгын ажлыг норм нормативын баримт бичгийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг хянах;

3.2.4.барилгын материал, тоног төхөөрөмж, бүтээц эдлэл, деталь хэсгүүдийн сертификат, паспорт, бусад техникийн бичиг баримтууд нь стандарт, зураг төслийн баримт бичигтэй нийцэж байгаа эсэхийг хянах;

3.2.5.барилга үйлдвэрлэлийн технологи, инженерийн тоног төхөөрөмжийн угсралт, хийц бүтээц, эдэлхүүний бат бэх байдалд хяналт тавих;

3.2.6.барилгын талбайн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн ажил гүйцэтгэх норм, дүрэм, үйлдвэрлэлийн технологийн дагуу хийгдэж байгаа эсэхийг хянах;

3.2.7.ажлын зургийн өөрчлөлтийг “Ажлын зурагт тавигдах ерөнхий шаардлага MNS 3757-1.2013”-ын дагуу боловсруулж гүйцэтгэсэн эсэхэд хяналт тавих;

3.2.8.зураг төслийн баримт бичгийн өөрчлөлтийг зураг төсөл зохиогчийн хяналт тавьж байх үед гаргасан техникийн шийдлүүдийн дагуу тухай бүрд нь боловсруулж, архивт хадгалуулах;

3.2.9.зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаа алдаж, чанаргүй гүйцэтгэсэн гэж үзвэл барилгын захиалагчид нэн даруй мэдэгдэх.

3.3. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч энэ дүрмийн 3.1.8-д заасан зохиогчийн хяналтын тэмдэглэлд /хавсралт 1/ “Зураг төслийн байгууллагын шаардлага” гэсэн хэсэгт дор дурдсан зүйлүүдийг тэмдэглэнэ.

3.3.1.илэрсэн зөрчил, гэмтэл, түүний шалтгаан, арилгах арга зам, засварлах хугацааг заах;

3.3.2.өмнө өгсөн даалгаврын биелэлтийг шалган шаардлагатай тохиолдолд шинээр даалгавар өгөх.

3.4. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч барилгын талбайд мөрдөгдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны холбогдох дүрэм, журмыг дагаж мөрдөнө.

Дөрөв. ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТЫН ТЭМДЭГЛЭЛ,

ДҮГНЭЛТ

4.1. Барилгын хүчин чадал, технологийн шийдэл, гүйцэтгэгч, захиалагч нарын мэргэжлийн ур чадвар, барилгын ажлыг гүйцэтгэх хугацаа, энэ дүрмийн 4.2-т заасан хяналт хэрэгжүүлэх хэлбэр зэргээс хамааруулан захиалагч, зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч зохиогчийн хяналтын үр дүн, зөвлөмж, шаардлагыг тэмдэглэх баримт бичгийн сонголт, бүрдлийг хамтран шийдэж, зохиогчийн хяналтын гэрээ /хавсралт 2/-ээр зохицуулна.

4.2.Зураг төсөл зохиогчийн хяналтын тэмдэглэл дараах хэсгүүдээс бүрдэнэ:

4.2.1.барилга байгууламжийн мэдээллийг хавсралт 1-ийн хүснэгт 1-д заасны дагуу тэмдэглэх;

4.2.2.захиалагчийн тухай мэдээллийг хавсралт 1-ийн хүснэгт 2-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.3.барилгын ажлын гүйцэтгэгчийн тухай хавсралт 1-ийн хүснэгт 3-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.4.туслан гүйцэтгэгчийн тухай хавсралт 1-ийн хүснэгт 4-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.5 зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн тухай хавсралт 1-ийн хүснэгт 5-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.6.зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгч багийн гишүүдийн мэдээллийн тухай хавсралт 1-ийн хүснэгт 6-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.7.зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэлийн бүртгэлийн тухай хавсралт 1-ийн хүснэгт 7-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.8.зураг төсөл зохиогчийн хяналтын явцад захиалагч ба гүйцэтгэгчээс тодруулсан асуудалд явуулсан хариуг бүртгэлийн тухай хавсралт 1-ийн хүснэгт 8-т заасны дагуу тэмдэглэх;

4.2.9.зураг төсөл зохиогчийн хяналтаар илэрсэн зөрчлийг арилгасан тухай бүртгэлийг хавсралт 1-ийн хүснэгт 9-т заасны дагуу тэмдэглэх.

4.3. Барилгын ажлыг зураг төсөл ба норм нормативийн баримт бичгийн дагуу хийгдэж байгаа эсэхийг хянахдаа энэ дүрмийн хавсралт 1-ийн 10-43 дахь хүснэгтэд заасан шалгах хуудас ашиглана. Шалгах хуудсанд тусгагдсан ажилбаруудыг барилгын онцлогт тохируулан өөрчилж хэрэглэнэ.

4.4. Шалгах хуудаст зураг төслөөс өөрчилж гүйцэтгэсэн ажил, түүнтэй холбоотой мэдээллийг тэмдэглэж, хуудсын тоог заана. /хавсралт 1. хуудас 11-44/

4.5. Хуудас бүрт зураг төсөл зохиогч, барилгын захиалагч, гүйцэтгэгч,  гарын үсэг зурж баталгаажуулна. Мөн барилгын ил, далд ажлуудыг фото зургаар баримтжуулан, хэмжилт туршилт хийсэн актыг хянаж, дүгнэлтэнд тусгана.

4.6. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгчээс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж дүгнэлтэнд тусгана.   

4.7. Зураг төсөл зохиогч барилгын төрөл, технологийн горим, хийц бүтээц, эдэлхүүний шийдлээс хамааруулан, нэмэлт маягтыг гүйцэтгэгч, захиалагчтай зөвшөөрөлцөн боловсруулж, барилгын үе шатны ажлын явцад ашиглана.

4.8. Зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлтийг зохиогчийн хяналтын тэмдэглэлийг ашиглаж боловсруулна.

4.9. Зураг төсөл зохиогчийн хяналтын тэмдэглэлийн эх хувийг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах үед архивт, хуулбар хувийг зураг төсөл зохиогч байгууллагын архивт хүлээлгэн өгнө.

 

Тав. ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧИЙН ХЯНАЛТЫН АЖЛЫН ҮНЭЛГЭЭ

 

5.1. Зураг төсөл зохиогчийн хяналт гүйцэтгэгчийн ажлын үнэлгээг энэ дүрмийн 2.2-т заасан хэлбэрээс хамааруулан захиалагчтай зөвшилцөж тогтооно.

5.2. Захиалагч, гүйцэтгэгчийн хүсэлтээр зураг төсөлд өөрчлөлт оруулсан нь техник, технологийн зөв шийдлийг хангасан гэж талууд үзвэл зураг төсөл зохиогчийн хяналтын ажлын үнэлгээнд хамаарахгүй.

 

-----оОо-------