- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2015 оны 346 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ, ТУСЛАЛЦАА
ҮЗҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээхээр заасан бөгөөд Улсын Их Хурлаас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 25.1.1-д Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх талаар хөтөлбөр баталж хэрэгжүүлнэ гэж заасан болно.
Монгол Улсад гэмт хэргийн гаралт сүүлийн 5 жилийн байдлаар буюу 2009 оноос (20373) 2013 онд (25362) 24.4 хувиар, түүний дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 19 хувиар, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.5 хувиар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 159.0 тэрбум төгрөгт хүрч, 2009 онд байснаас 3.2 дахин тус тус өссөн байна.
Гэмт хэргийг илрүүлэх, нотлох, хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад гэрч, хохирогч нь гол үүрэг гүйцэтгэдэг тул тэдний аюулгүй байдлыг хангах шаардлагатай юм. Гэрч, хохирогчийг сүрдүүлэх, дарамтлах, хуурч мэхлэх, мөнгө өгөх, гуйх, ятгах, заналхийлэх зэрэг хэлбэрээр тэдэнд нөлөөлөх явдал гарсаар байгаа бөгөөд үүний улмаас гэрч, хохирогч мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл худал мэдүүлэг өгөх, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдах, амиа хорлох, амиа хорлох оролдлого хийх зэрэг үйлдэл гарч байгааг судлаачид тэмдэглэжээ.
Манай орны хувьд гэрч, хохирогчид туслалцаа үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд, нийгмийн бүлгүүдийн үүрэг, оролцоо тодорхой бус байгаа бөгөөд гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, тэдэнд нийгмийн үйлчилгээ үзүүлэх нэгдмэл систем үгүйлэгдэж байна.
Мөн түүнчлэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг олон нийтэд сурталчлахаас гадна шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, цагдаагийн алба, тахарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон холбогдох яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах зайлшгүй шаардлагатай байна. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 115-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Бусад улсын эрх зүйн зохицуулалтыг судлан үзвэл, гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх зорилгоор эрх зүйн бие даасан зохицуулалтыг бий болгож, улмаар хуулийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлснээр гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх нэгдсэн тогтолцоо бүрддэг байна.
Хүний эрхийн асуудал нь улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбартай шууд холбоотой учир Засгийн газар, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, хууль, хяналтын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулж, хамтран ажилласнаар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх чиглэлээр тодорхой үр дүнд хүрэх юм.
Хоёр. Хөтөлбөрийн зорилго
2.1. Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийн зорилго нь гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нь нөхөн сэргээх, учирсан хохирлыг арилгах, тэдэнд төрөөс нийгмийн халамж, туслалцаа үзүүлэх тогтолцоог бий болгоход оршино.
Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
3.1. Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
3.1.1. ялгаварлан гадуурхахгүй байх;
3.1.2. олон нийтийн оролцоонд тулгуурлах;
3.1.3. хүртээмжтэй, хүрэлцээтэй байх;
3.1.4. нууцлалыг хангах;
3.1.5. оновчтой зохион байгуулалт, хөгжлийн шинэ хандлагыг нэвтрүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрийн зорилт
4.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:
4.1.1. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.1.2. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажлын уялдааг сайжруулах;
4.1.3. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэхийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох ажилтан, албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх, чадавхижуулах;
4.1.4. гэрч, хохирогчийг хамгаалах түр болон тусгай байруудыг бий болгож, үйл ажиллагааг нь жигдрүүлэх;
4.1.5. гэрч, хохирогчийг мэргэжлийн сургалт, нийгмийн үйлчилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх;
4.1.6. гэрч, хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах цахим мэдээллийн бааз байгуулах.
Тав. Хөтөлбөрийн үйл ажиллагаа
5.1. Энэ хөтөлбөрийн 4.1.1-д заасан гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.1.1. гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр хэрэгжиж байгаа хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулах;
5.1.2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн журмыг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуультай уялдуулан боловсронгуй болгох;
5.1.3. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх зорилгоор шаардлагатай журам, зааврыг шинээр боловсруулан баталж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор тусгай стандарт, маягтууд болон сургалтын модуль, хөтөлбөр боловсруулж нэвтрүүлэх;
5.1.4. аюулгүй байдлын болон сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан гэрч, хохирогчийн талаар судалгаа гаргаж, гэмт хэрэгт дахин өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
5.1.5. хөтөлбөрийн тайланд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан цаашид авах арга хэмжээг төлөвлөж, байнга боловсронгуй болгох;
5.1.6. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын тайланд жил бүр үнэлгээ хийх.
5.2. Энэ хөтөлбөрийн 4.1.2-т заасан гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын ажлын уялдааг сайжруулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.2.1. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх;
5.2.2. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, техникийн туслалцаа авах;
5.2.3. төрийн бус байгууллага болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, хамтран ажиллахад нь бүх талын дэмжлэг үзүүлэх;
5.2.4. хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой иргэд, байгууллагын талаар судалгаа гаргаж, тэдэнтэй гэрээ байгуулан хамтран ажиллах;
5.2.5. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх асуудлаар бусад улсын туршлагыг судлах, сайн туршлага, арга хэмжээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, харилцан мэдээлэл солилцох.
5.3. Энэ хөтөлбөрийн 4.1.3-т заасан гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэхийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, холбогдох ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхижуулах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.3.1. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх;
5.3.2. нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эрүүл мэнд болон хууль, хяналтын байгууллагын ажилтан, албан хаагчдыг гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр сургаж, мэргэшүүлэх сургалтыг тусгай хөтөлбөрийн дагуу үе шаттай зохион байгуулах;
5.3.3. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшсэн хуульч, сэтгэл зүйчдийн баг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулах, дэмжих;
5.3.4. хууль зүйн дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хохирогч судлал (виктимологи), гэрч, хохирогчтой харилцах, туслалцаа үзүүлэх асуудлыг тусгах;
5.3.5. гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдаагүйн улмаас учирч болох хор уршиг, эрсдэл болон уг арга хэмжээнд хамрагдсанаар гарах үр дүнг харуулсан богино хэмжээний баримтат нэвтрүүлэг, кино хийж сурталчлах;
5.3.6. гэрч, хохирогчийн эрх, үүргийн талаар танин мэдэхүй, сургалт, сурталчилгааны ажлыг олон нийтэд зориулан зохион байгуулах;
5.3.7. гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэг, сурталчилгаа явуулах тогтмол цаг, булантай болох, түүгээр дамжуулан үнэн, зөв мэдээллийг олон нийтэд хүргэх.
5.4. Энэ хөтөлбөрийн 4.1.4-т заасан гэрч, хохирогчийг хамгаалах түр болон тусгай байруудыг бий болгож, үйл ажиллагааг нь жигдрүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.4.1. хэрэгцээ, шаардлагыг нь үндэслэн гэрч, хохирогчийг хамгаалах байр шинээр байгуулах, тэдгээрийн байршлыг тодорхойлж, хүний нөөцийг бэлтгэх;
5.4.2. өндөр эрсдэлтэй гэрч, хохирогчийг хамгаалалтад авах тусгай хамгаалалт бүхий байрыг цагдаагийн байгууллагын дэргэд байгуулах; /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 115-р тогтоолоор өөрчлөлт орсон/
5.4.3. тусгай хамгаалах байрны стандартыг боловсруулан батлуулах, тусгай хамгаалах байр болон албан хаагчдын аюулгүй байдлыг хангах;
5.4.4. гэрч, хохирогчийг хамгаалах байр орон нутагт байгуулах, үйл ажиллагааг нь тогтмолжуулахад шаардагдах зардлыг тухайн орон нутгийн иргэдийн Хурлаар шийдвэрлүүлэх;
5.4.5. гэрч, хохирогчид хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэдгээрийг хамгаалах төвүүдийг бие даан, эсхүл төрийн болон төрийн бус байгууллагыг түшиглэн байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх;
5.4.6. Улаанбаатар хот болон орон нутагт гэрч, хохирогчийг хамгаалах байр барьж, хамгаалалтын бусад арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагыг судлан тогтоож, хамтран ажиллах.
5.5. Энэ хөтөлбөрийн 4.1.5-д заасан гэрч, хохирогчийг мэдээллээр хангах, мэргэжлийн сургалт, нийгмийн үйлчилгээнд хамруулах тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.5.1. гэрч, хохирогчийн эрх, үүрэг, хамгаалалтын арга хэмжээнд хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг агуулсан зурагт хуудас, санамж, хялбаршуулсан гарын авлага, эмхэтгэл хэвлүүлж тараах;
5.5.2. гэрч, хохирогчийг хамгаалж, туслалцаа үзүүлдэг иргэд, мэргэжлийн бүлэг, төрийн бус байгууллагад зориулсан тусгай сургалтын хөтөлбөр, гарын авлага, удирдамжийг боловсруулж, мэргэжлийн сургалт зохион байгуулах;
5.5.3. төлбөрийн чадваргүй хохирогчид хууль зүйн (өмгөөллийн) туслалцаа үзүүлэх;
5.5.4. сэтгэл зүйн болон эрүүл мэнд, хууль зүйн туслалцааг хамгаалалтад байгаа гэрч, хохирогчид зохих журмын дагуу шуурхай үзүүлэх;
5.5.5. хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийг ажилд ороход туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалт, нийгмийн бусад үйлчилгээнд хамруулах журмыг боловсруулан баталж мөрдүүлэх.
5.6. Энэ хөтөлбөрийн 4.1.6-д заасан гэрч, хохирогчийг хамгаалах цахим мэдээллийн баазтай болж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
5.6.1. гэрч, хохирогчийн талаарх мэдээллийн нууцлалыг хангах, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журмыг боловсруулан баталж мөрдүүлэх;
5.6.2. гэрч, хохирогчийн талаар цахим мэдээллийн сан байгуулах;
5.6.3. цахим мэдээллийн санд нэвтрэх эрх бүхий албан тушаалтан болон цахим мэдээллийн санд нэвтэрсэн код, цаг хугацаа, авсан мэдээллийг бүртгэх, хадгалах, хянах програм боловсруулж ашиглах;
5.6.4. хамгаалалтад байгаа гэрч, хохирогч цахим хэлбэрээр мэдээлэл шуурхай хүлээн авах боломжийг бий болгох;
5.6.5. бусад улсад ашиглаж байгаа шинэ техник, технологи, тоног төхөөрөмжийг судалж, гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
5.6.6. дохиолол хамгаалалт, галын аюул, дүрсний хяналт, байршил тогтоогч, цахим цоож, хамгаалах тусгай хувцас, хэрэгслийн жагсаалт гаргаж, ашиглалтын байдал, чанарыг жил бүр үнэлж, шаардлагатай үед шинэчилж сайжруулах.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан зохион байгуулна.
6.2. Засгийн газрын гишүүд нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хэрэгжиж байгаа бодлого, хөтөлбөр, төслийг гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй уялдуулахад анхаарна.
6.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон түүний биелэлтэд нь хяналт тавьж, удирдан зохицуулах ажлыг орон нутагт бүх шатны Засаг дарга хариуцан зохион байгуулна.
Долоо. Хөтөлбөрийн хугацаа, санхүүжилт
7.1. Хөтөлбөрийг 2016-2024 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2016-2018 он
Хоёрдугаар үе шат: 2019-2021 он
Гуравдугаар үе шат: 2022-2024 он
7.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
7.2.1. улс, орон нутгийн төсөв;
7.2.2. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгө;
7.2.3. хандивлагч орон болон олон улсын байгууллагын тусламж;
7.2.4. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж;
7.2.5. бусад эх үүсвэр.
Найм. Хөтөлбөрийн үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээ
8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
8.1.1. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болж, шаардлагатай хууль тогтоомж, дүрэм, журам батлагдаж, үр дүнтэй хэрэгжсэн байна;
8.1.2. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд оролцох төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон улсын байгууллагын оролцоо нэмэгдэж, ажлын уялдаа сайжирсан байна;
8.1.3. гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэхийн ач холбогдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголт сайжирч, иргэдийн эрх зүйн мэдлэг дээшилсэн байна;
8.1.4. гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчдын мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, чадавхижсан байна;
8.1.5. гэрч, хохирогчийг хамгаалах түр болон тусгай байрууд байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна;
8.1.6. гэрч, хохирогчийг мэргэжлийн сургалт, нийгмийн үйлчилгээнд хамруулах тогтолцоо бүрдсэн байна;
8.1.7. гэрч, хохирогчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай цахим мэдээллийн сантай болсон байна.
8.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр нь үнэлнэ.
8.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагаа тус бүрээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.4. Хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
-------oOo------
Текст томруулах
A
A
A