- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙГ ИМПОРТЛОХ, НИЙТЭД ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ /ХЗДХС-ын 2022 оны А/116 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/.
Хууль зүйн сайдын 2015 оны 10 сарын 26-ны өдрийн А/245 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам /ХЗДХС-ын 2022 оны А/116 дугаар тушаалаар өөрчилсөн/.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах үйл ажиллагаа эрхлэх болон сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. /11 дэх заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/116 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан/.
1.2.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг Галт зэвсгийн тухай[1] хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр зөвхөн хуулийн этгээдэд олгоно.
1.3.Сонгон шалгаруулалтыг нээлттэй хэлбэрээр явуулна.
1.6.Энэ журмын 1.5-д заасан “хамаарал бүхий этгээд” гэдгийг эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг ойлгоно. /1.4-1.6 дахь заалтыг ХЗДХС-ын 2022 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/.
Хоёр.Сонгон шалгаруулалтын комисс
2.1.Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн, спортын, байгаль орчны, гадаад худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тагнуул, цагдаа, гаалийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс /цаашид “Комисс” гэх/ сонгон шалгаруулалтыг эрхлэн гүйцэтгэнэ.
2.2.Комиссын бүрэлдэхүүн, үйл ажиллагааг Комиссын ажиллах журмаар зохицуулна.
Гурав. Сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлэх
3.1.Сонгон шалгаруулалтын зарыг өдөр тутмын хоёроос доошгүй сонинд нийтлүүлж, Хууль зүйн яамны вэб сайтад байршуулна.
3.2.Сонгон шалгаруулалтад оролцогчийн саналыг хүлээн авах эцсийн хугацаа нь өдөр тутмын сонин, байгууллагын вэб сайтад сонгон шалгаруулалтын зар нийтлэгдсэнээс хойш хуанлийн 30-аас доошгүй хоног байна.
3.3.Сонгон шалгаруулалтын зард дараах мэдээллийг тусгана:
3.3.1.Сонгон шалгаруулалтад оролцогчид тавих шаардлага;
3.3.2.Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг;
3.3.3. Сонгон шалгаруулалтын саналыг ирүүлэх, мэдээлэл авах хаяг;
3.3.4.Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаа.
Дөрөв.Сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээдэд тавих шаардлага
4.1.Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
4.1.1.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах өөрийн өмчлөлийн агуулахтай байх;
4.1.2.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тусгайлан тоноглосон буюу бүхээгтэй, цоожтой, аюултай ачааны таних тэмдэгтэй, галд тэсвэртэй материалаар тоноглогдсон тээврийн хэрэгсэлтэй байх;
4.1.3.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг экспортлогч талын эсхүл түүний албан ёсны гэрээт борлуулагчийн тодорхойлолттой байх;
4.1.4.гадаадын хөрөнгө оруулалтгүй байх;
4.1.5.гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
4.1.6.хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй, гааль, татвар, нийгмийн даатгалын байгууллагад болон шүүхийн шийдвэрийн дагуу иргэн, хуулийн этгээдэд төлөх өр төлбөргүй байх;
4.1.7.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага нь ял шийтгүүлж байгаагүй байх;
4.1.8.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлтэй харьцаж ажиллах ажилтнууд нь Галт зэвсгийн тухай хуулийн 9.1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн, сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, ял шийтгүүлж байгаагүй Монгол Улсын иргэн байх;
4.1.9.буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх.
4.2.Энэ журмын 4.1.1-д заасан агуулах нь дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1.хамгаалалтын болон галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмж, хяналтын телекамераар тоноглогдсон байх;
4.2.2.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хамгаалуулах;
4.2.3.телехяналтын систем нь Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан “Барилга, орон сууц, гудамж талбайд тавих хяналтын камер. Ерөнхий шаардлага”-ыг хангасан байх;
4.2.4.агуулахын хаалга нь төмөр, дотор тал нь галд шатдаггүй материалаар хийгдсэн, давхар хаалга, лацтай байх;
4.2.5.нарны гэрэл шууд тусахгүй, ус чийгнээс хамгаалагдсан, агааржуулалтын системтэй эсхүл салхивчтай байх. Салхивчтай бол дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалагдсан байна.
4.2.6.галт хэрэгслийн тавиур нь хананаас 40 см-ээс багагүй зайд шалнаас 20 см-ээс багагүй өндөрт байх;
4.2.7.аюулгүй байдлыг хангах дотоод журамтай байх.
4.3.Сум дахин цэнэглэх, үйлдвэрлэх сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд нь дараах тусгай шаардлагыг хангасан байна:
4.3.1.үйлдвэрлэх бүтээгдэхүүний техникийн үзүүлэлт, тодорхойлолт нь олон улсын стандарт нийцсэн байх;
4.3.2.түүхий эд нь чанар, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангасан байх;
4.3.3.сумны чанар шалгах буудлагын байр, гадна талбайтай байх;
4.3.4.эрсдэлийн үнэлгээ, хяналт тавих үйл ажиллагааны заавар, журамтай байх;
4.3.5. үйлдвэрийн барилгатай байх;
4.3.6.төсөл хэрэгжүүлэх эдийн засгийн боломжтойг нотолсон төслийн товч танилцуулга, макро болон микро орчны судалгаа, төслийн зорилго, зорилт, үйлдвэрлэлийн төлөвлөлт, үйлдвэрлэл явуулах техник технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтэн, боловсон хүчний төлөвлөлт, танилцуулга, маркетинг борлуулалтын болон санхүүгийн төлөвлөгөөтэй байх;
4.3.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байх.
/4.3 дахь хэсгийг ХЗДХС-ын 2022 оны А/116 дугаар тушаалаар нэмсэн/.
Тав.Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг
5.1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах материалыг бүрдүүлнэ:
5.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
5.1.2.хуулийн этгээдийн үүсгэн байгуулсанаас хойш явуулж буй үйл ажиллагааны болон үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга;
5.1.3.улсын хилээр оруулах, нийтэд худалдах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, марк, техникийн болон бусад үзүүлэлтийг заасан албан бичиг;
5.1.4.тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт болон байгууллага, аж ахуйн нэгжийн дэлгэрэнгүй танилцуулга;
5.1.5.банк, татвар, гааль, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа, тодорхойлолт;
5.1.6.эрх бүхий аудитын байгууллагаар баталгаажсан сүүлийн хоёр жилийн
санхүүгийн тайлан, баланс;
5.1.7.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахтайг нотлох баримт бичгийн хуулбар;
5.1.8.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл тээвэрлэх тээврийн хэрэгслийн холбогдох баримт бичгийн хуулбар;
5.1.9.галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл хадгалах агуулахын байршил, дотоод зохион байгуулалт, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тавиур, сум хадгалах шүүгээ /сав/-ний нарийвчилсан зураг, танилцуулга;
5.1.10.ажилтнуудын танилцуулга, иргэний үнэмлэхний болон галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
5.1.11.харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төсөл.
Зургаа.Сонгон шалгаруулалтын баримт бичиг ирүүлэх, түүнийг хүлээн авах
6.1.Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг товлосон хугацаанд, дурдсан хаягаар, хуудас тус бүрийг дугаарлан ирүүлнэ.
6.2.Оролцогч хуулийн этгээдийн нэр, хаяг, ирүүлсэн баримт бичгийн хуудасны тоо, огноо, цагийг Комиссын нарийн бичгийн дарга тэмдэглэж, хүлээн авах ба хүлээн авсан тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө.
6.3.Тогтоосон хугацаанаас хожимдсон, эсхүл дутуу бүрдүүлсэн материалыг хүлээж авахгүй.
6.4.Оролцогч нь сонгон шалгаруулалтын баримт бичгийг Комиссын гишүүдийн тоогоор хувилж өгнө.
Долоо.Сонгон шалгаруулалт явуулах
7.1.Комиссын гишүүд нь оролцогч тус бүр энэ журмын 4, 5-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, баримт бичгийг бүрэн гүйцэд зохих журмын дагуу бүрдүүлсэн эсэхийг хянан үзнэ.
7.2.Комиссын гишүүд сонгон шалгаруулалтын явцад оролцогчийн талаарх тодорхой мэдээлэлтэй газар дээр нь очиж танилцах буюу шаардлагатай мэдээллийг холбогдох байгууллагаас авч болно.
7.3.Комиссын гишүүд нь сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн материалуудыг хянан үзээд энэ журамд заасан шаардлагыг хангасан хуулийн этгээдийг дийлэнх олонхийн саналаар сонгож, санал дүгнэлтээ гаргана.
7.4.Комисс нь материал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын 21 өдөрт багтаан сонгон шалгаруулалтыг хийж, санал дүгнэлтээ гаргана.
7.5.Комиссын санал, дүгнэлтийг Комиссын дарга хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
7.6.Комисс нь шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурдсан мэдэгдлийг Комиссын санал, дүгнэлт гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор өгнө.
Найм.Тусгай зөвшөөрөл олгох
8.1.Шалгарсан хуулийн этгээд нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай[2] хуулийн 13.1.1-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж төлж, баримтыг Комиссын нарийн бичгийн даргад өгнө.
8.2.Галт зэвсгийн тухай хуулийн 16.1 дэх хэсэгт заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг олгоно.
8.3.Тусгай зөвшөөрөлд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай[3] хуулийн 4.1 дэх хэсэгт заасан зүйлийг тусгана.
Ес.Бусад зүйл
9.1.Оролцогч нь Комиссын санал, дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдлоо ажлын долоон өдрийн дотор хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.
9.2.Гомдлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүлээн авснаас хойш ажлын арван өдөрт шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
9.3.Гомдол гаргасан хуулийн этгээд энэ журмын 9.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.
----оОо----
[1] Галт зэвсгийн тухай-“Төрийн мэдээлэл”-ийн 2015 оны № 31 дугаарт нийтлэгдсэн.
[2] Улсын тэмдэгтийн хураамжийн тухай- “Төрийн мэдээлэл”-ийн 2011 оны № 1 дугаарт нийтлэгдсэн.
[3] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай- “Төрийн мэдээлэл”-ийн 2001 оны № 6 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A