A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам /ХЗДХС, ЭМС-ын 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, ЭМС-ын 2019 оны А/152, А/366 дугаар тушаалаар хүчингүй болсон/

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 416 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

 

 

 Хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Хорих ангид ял эдэлж буй хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалт

 

2.1.Хорих анги, Шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан гэрээний дагуу хүнд өвчтэй ялтанд харьяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллага дараах  эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

    2.1.1.Хорих ангийн дуудлагаар түргэн тусламж болон яаралтай тусламжийн үйлчилгээ,

    2.1.2.Хорих анги, Шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллага төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх,

    2.1.3.Ялтан нас барсан тохиолдолд орон нутгийн шүүхийн шинжилгээний алба, хэсгийн шинжээч эмч шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийж дүгнэлт гаргах,

    2.1.4.Ялтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох асуудлыг эмнэлэг  хөдөлмөр магадлах комиссын үйл ажиллагааны зааврын дагуу  шийдвэрлэх.

2.2.Ялтанд ялаас чөлөөлөх өвчний шинж илэрвэл хорих анги, Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт мэдэгдэж, ялтны биеийн байдлыг харгалзан ажлын 5 хоногийн дотор Тогтоолын нэгдсэн эмнэлэгт өвчтөн шилжүүлэх журмын дагуу шилжүүлнэ.

2.3.Шилжүүлэх боломжгүй тохиолдолд дээрх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, мэс заслын тасгийн эрхлэгч, онош зүйн тасгийн эрхлэгч, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэй хяналтын комисс газар дээр нь очиж үзлэг хийж дүгнэлт гаргана.

2.4.Нэгдсэн эмнэлэг энэ журмын 2.2-т заасны дагуу шилжиж ирсэн ялтанд төрөлжсөн мэргэжлийн үзлэг, шинжилгээ хийж, ялаас чөлөөлөх өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж нэгдсэн эмнэлгийн хяналтын комисст нэн даруй хүргүүлнэ.

2.5.Нэгдсэн эмнэлгийн эмч нарын хяналтын комисс энэ журмын 2.4-д заасны дагуу шилжүүлсэн баримтыг үндэслэн ялаас чөлөөлөх өвчний жагсаалтын 2.2-д заасан шинжилгээ, оношийг дахин нягталж ялтны биеийн байдлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ газар дээр нь үзэж дүнг хурлаар хэлэлцэж санал нэгдвэл хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж, ялаас чөлөөлөх санал, эрүүл мэндийн тодорхойлолт, ялтны хувийн хэрэг, ялын тооцоог Тогтоол гүйцэтгэх газраар дамжуулж прокурорт хүргүүлнэ.

2.6.Прокурор нь энэ журмын 2.5 дахь заалтад заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 333 дугаар зүйлийн 333.1-д  заасан комиссийн дүгнэлт гаргуулна.

2.7.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 333 дугаар үйлийн 333.1. дүгээр зүйлд заасны дагуу томилогдсон комисс ял эдлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргавал шүүгч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 333 дугаар зүйлийн 333.2-д зааснаар захирамж гаргана.

2.8.Энэ журам нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 333 дугаар зүйлийн 333.3-д заасан ялтанд хамаарахгүй.

 

 

Гурав.  Хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд ял эдэлж байгаа ялтны хорих ангийн үүрэг

Ялтанд энэ журмын 2-т заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд хорих анги дараах үүрэг хүлээнэ.

          3.1. Хорих анги эмчлэх эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэнтэй байх ба үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх зориулалтын өрөөтэй байна.

 

          3.2. Хорих ангийн эмч анхны тусламжийн болон амилуулах суурь тусламжид шаардлагатай өрөө, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл эм, тариагаар хангагдсан байна.

          3.3. Ялтны биеийн байдлын талаар Тогтоол гүйцэтгэх газарт урьдчилан танилцуулах,

          3.4. Ялтны эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бүрдлийг хангаж, хураамжийг хариуцах,

          3.5. Ялтны ялаас чөлөөлөх өвчнийг баталгаажуулах шинжилгээ, оношилгоог үзүүлэхэд шаардагдах төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийг ял эдэлж байгаа ялтны хорих анги нь хариуцах,

       3.6. Ялтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, харуул хамгаалалтыг зохион байгуулах,

          3.7. Ялтан зөрчил гаргавал хувийн хэрэгт нь тэмдэглэн эмчлэгч эмчийн саналыг үндэслэн эмнэлгээс гаргана.

         3.8. Гэрээ байгуулсан эмнэлэгт ялтны эмчилгээний  ор хоног дуусаж эмчилгээг үргэлжлүүлэн нэгдсэн эмнэлэг, хорих ангийн эмнэлэгт хийх боломжтой талаар эмчийн дүгнэлтийг үндэслэн тухайн эмнэлэгт шилжүүлэх,

          3.9. Ялтанг эмнэлгээс гарахад эмнэлгээс өвчтөн илгээх хуудсыг дэлгэрэнгүй бичүүлж авах,

       3.10. Ялтны биеийн байдал хүнд, эсхүл мэс засал хийлгэснээс бусдын асаргаа, сувилгаа зайлшгүй шаардлагатай бол ар гэрийнхний хүсэлт, эмчлэгч эмчийн саналыг үндэслэн хорих ангийн даргын шийдвэрээр сахиулах.

         

------оОо------