A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 93 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2016 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэнэ.

1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2016 оны эцэст 7 хувьд, 2017-2018 онд 5-7 хувьд тогтворжуулсны үндсэн дээр эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг ханган эдийн засаг тогтвортой өсөх нөхцөл бүрдүүлнэ.

1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан тогтох зарчмыг баримтална.

2.Банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:

2.1.Банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.2.Олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын шинэчлэлийг үргэлжлүүлнэ.

2.3.Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, үр нөлөөтэй хяналт шалгалтыг боловсронгуй болгох чиглэлээр дотоод, гадаадын эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:

3.1.Монгол Улсын төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагааг ханган, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлж, эрх зүйн орчныг сайжруулна.

3.2.Санхүүгийн салбарын активын удирдлагын бүтцийг төрөлжүүлэх, хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх ажлыг эхлүүлнэ. 

3.3.Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг холбогдох байгууллагатай хамтран үе шаттай хэрэгжүүлнэ.

 

--- о0о ---