- Нүүр
- Сайдын тушаал
- СПОРТ-СУРГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ БҮХИЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 468,А/268 дугаар хамтарсан тушаалын хавсралт
СПОРТ-СУРГАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХ БҮХИЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг, сум эзэмших, хадгалах харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд бол байгууллагын дарга нь галт зэвсэг, сумны хадгалалт, хамгаалалтыг хариуцна.
1.3.Галт зэвсэг, сумыг зориулалтын бусаар ашиглах, хадгалах, олгох, шаардлагагүй үед сумны байранд сум оруулах, гох дарах, бэхэлгээ болон хамгаалалтгүй саванд ил орхих, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглоно.
Хоёр. Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд галт зэвсэг эзэмших
2.1.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь галт зэвсгээ Галт зэвсгийн тухай[1] хуулийн 12.3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлнэ.
2.2.Спорт-сургалтын зориулалтаар эзэмших галт зэвсгийг зориулалтын дагуу хувь хүнд хариуцуулан буудлага хийлгэж болно.
2.3.Спорт-сургалтад суралцагч, тамирчид нь зөвхөн багш, дасгалжуулагч, зааварлагчийн хяналт, удирдлага дор галт зэвсэг ашиглана.
2.4.Галт зэвсгийг ашиглах, хэрэглэхийн өмнө хариуцсан багш, дасгалжуулагч, зааварлагч нь тамирчин, суралцагчид осол, аюулгүйн ажиллагааны зааварчилга өгч, гарын үсэг зуруулна.
2.5.Тамирчин, суралцагч нь хариуцсан сум, галт зэвсэгтэй осол, аюулгүй ажиллагааны зааварчилгын дагуу харьцаж буудлага үйлдэнэ.
2.6.Спорт-сургалтын буудлагыг шаардлага хангасан буудлага үйлдэх байгууламж /тир/-д хийнэ.
2.7.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь галт зэвсэг, сум ашигласан, буудлага үйлдсэн тухай бүртгэл, галт зэвсэг, сум, галт хэрэгсэл хүлээлгэн өгөх тооцооны хуудастай байна.
2.8.Спорт-сургалтын зориулалтаар эзэмших галт зэвсгийг авч явах, тээвэрлэхэд Галт зэвсгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангана.
2.9.Спорт-сургалтын зориулалтаар эзэмших галт зэвсгийг үйлдвэрийн зориулалттайгаас бусад эд ангиар солихыг хориглоно.
2.10.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчилж, эзэшиж байгаа галт зэвсэг, сумны тооллогыг сар бүр явуулж, бүрэн бүтэн байдалд нь хяналт тавина.
Гурав. Галт зэвсэг, сум хадгалах
3.1.Галт зэвсэг, сумыг Галт зэвсгийн тухай хуулийн 14.6 дахь хэсэгт заасны дагуу аюулгүй байдлын шаардлага хангахуйц тусгайлан тоноглосон зориулалтын агуулахад галт зэвсгийг сумнаас тусад нь зориулалтын шүүгээ /сав/-нд хадгална.
3.2.Энэ журмын 3.1-д заасан агуулах нь гадны нөлөөлөл, халдлагаас хамгаалагдсан, харуул хамгаалалтын болон галын систем, дохиолол, хяналтын телекамераар тоноглогдсон байна. Дохиолол, теле-хяналтын систем нь байгууллагын жижүүрийн хяналтад байна.
3.3.Галт зэвсэг, сумны агуулах, өрөө /сейф/-ний түлхүүрийг төмөр хайрцагт хийж, зэвсэг хариуцсан албан тушаалтан лацдаж, жижүүрт хадгалуулна. Жижүүр нь зэвсгийн өрөө /сейф/-ний лац хүлээн авсан, хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтрийг өдөр тутам хөтөлнө.
3.4.Галт зэвсэг, сум хадгалах агуулахын хаалга нь төмөр болон галд шатдаггүй материалаар хийгдсэн, давхар хаалга, лацтай байна.
3.5.Агуулах нь цонхгүй байх ба жижиг салхивчтай байж болно. Салхивчтай бол дотор, гадна талаасаа төмөр хийцийн тороор хамгаалагдсан байна.
3.6.Галт зэвсгийг тусгай зориулсан тавиур дээр тоолж болохуйц эмх цэгцтэй байрлуулж гох, замаг эсвэл хайрцагийг цоожилж хадгална.
3.7.Галт зэвсэг хадгалах агуулах, складны гадна буюу эргэн тойронд тэсэрч дэлбэрэх, галд шатамхай аюултай бодисыг байрлуулахыг хориглоно.
Дөрөв. Бусад
4.1.Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь галт зэвсгээ жил бүр галт зэвсгийн тооллогод хамруулна.
4.2.Спорт-сургалтын галт зэвсэг, түүний эд анги, сумыг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
---- оОо ----
Текст томруулах
A
A
A