- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2015 оны 513 дугаар тогтоолын хавсралт
ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНД САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хүүхэд харах үйлчилгээнд олгох санхүүгийн дэмжлэг (цаашид “санхүүгийн дэмжлэг” гэх)-ийн хэмжээг тооцож төлөвлөх, түүнийг хуваарилах, олгох, зарцуулалтад нь хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Тухайн жилийн дараагийн төсвийн жилд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тооны хязгаарыг сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо, шинээр ашиглалтад хүлээн авах цэцэрлэгийн тоо, хүүхэд харах үйлчилгээний төв, зөвшөөрөл авсан хүүхэд харагчийн тоо зэргийг харгалзан боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран жил бүрийн 4 дүгээр сард багтаан батална. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
1.3.Хүүхэд харагч нь сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд гэрээний загварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
1.4.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхэд нь төрийн өмчийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгт давхар хамрагдаагүй байна.
Хоёр. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцож төлөвлөх
2.1.Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцож төлөвлөхөдЗасгийн газраас баталсан “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхэд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дундаж норматив” болон төрийн өмчийн цэцэрлэгийн хүүхдийн 1 сарын хоолны зардлын Засгийн газраас баталсан жишгийг мөрдөнө. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.2.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд оногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж тооцно.
2.3.Аймаг, нийслэлийн боловсролын газар нь харьяалах нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээнд санхүүгийн дэмжлэг олгоход шаардагдах хөрөнгийн хэмжээг энэ журмын 1.2-т заасан хүүхдийн тооны хязгаарыг үндэслэн тооцож, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
2.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.3-т заасан саналыг хянан нэгтгэж, төсвийн төсөлд тусган хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 7 дугаар сарын 25-ны дотор хүргүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
2.5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.3-т заасан саналыг хянан нэгтгэж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын саналд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
Гурав. Санхүүгийн дэмжлэгийг хуваарилах
3.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн дэмжлэгийг тухайн төсвийн жилийн 1-5 дугаар сар болон 9-12 дугаар саруудад шилжүүлж дууссан байхаар тооцож, боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төсвийн сар, улирлын хуваарьт тусгана. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
3.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 1.2-т заасан хүүхдийн тооны хязгаарыг үндэслэн аймаг, нийслэлийн боловсролын газарт санхүүгийн дэмжлэгийг сар бүр шилжүүлнэ. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Дөрөв. Санхүүгийн дэмжлэг олгох
4.1.Улаанбаатар хот, аймгийн төвийн суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь тухайн сард үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, ирцийн бүртгэлийн мэдээг хүүхдийн овог, нэр, регистрийн дугаараар гаргаж, дараа сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлнэ. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
4.2.Аймгийн төвийн сумаас бусад суманд үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч нь энэ журмын 4.1-д заасан мэдээг мөн хэсэгт заасан хугацаанд сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ. Сумын Засаг даргын Тамгын газар мэдээг нэгтгэж, тухайн сарын 10-ны дотор аймгийн боловсролын газарт цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
4.3.Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо 5-аас бага бол 2 сарын хугацаанд хувь тэнцүүлж санхүүжилт олгох бөгөөд уг байдал 2 сараас илүү хугацаанд үргэлжилсэн тохиолдолд санхүүжилт олгохгүй.
4.4.Аймаг, нийслэлийн боловсролын газар нь энэ журмын 4.1, 4.2-т заасан мэдээг мөн журмын 5.1-д заасан мэдээллийн сантай тулгаж, зөрчилгүй байгаа тохиолдолд сар бүрийн 20-ны дотор санхүүгийн дэмжлэгийг хүүхэд харагчийн харилцах банкны төгрөгийн дансанд шилжүүлнэ. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
Тав. Хүүхэд харах үйлчилгээний мэдээлэл, хяналт
5.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн сантай байна. Мэдээллийн санд хүүхэд харагч болон хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээллийг дараах байдлаар тусгана: /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
5.1.1.Хүүхэд харагчийн талаарх мэдээлэл:
а) овог, эцэг, эхийн нэр, харьяалал;
б) регистрийн дугаар;
в) боловсролын түвшинг нотлох баримт бичгийн дугаар, огноо;
г) хүүхэд харах үйлчилгээний сургалтад хамрагдсаныг нотлох бичиг баримтын дугаар, огноо;
д) хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгосон сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийн дугаар, огноо;
е) хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байрны хаяг;
ж) хүүхэд харах үйлчилгээний байр нь хүүхэд харах үйлчилгээний стандартыг хангаж байгааг нотлон олгосон зөвшөөрлийн дугаар, огноо;
з) холбоо барих утасны дугаар.
5.1.2.Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн талаарх мэдээлэл:
а) овог, эцэг, эхийн нэр, нэр;
б) регистрийн дугаар;
в) эцэг, эхийн овог, нэр, тэдний регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар;
г) хүүхдийн оршин суух хаяг;
д) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дугаар, огноо;
е) цэцэрлэгт хамрагдаагүйг тодорхойлсон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт.
5.2.Аймаг, нийслэлийн боловсролын газар нь хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, олгосон санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, санхүүжилтийн зарцуулагдаагүй үлдэгдэл, түүнчлэн хүүхэд харах үйлчилгээнд шинээр нэмэгдсэн болон хасагдсан, оршин суух хаяг нь шилжсэн хүүхдийн тоо, шинээр олгосон болон хүчингүй болгосон үйлчилгээний зөвшөөрлийн тоо болон шаардлагатай бусад мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад сар бүр хүргүүлнэ. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
5.3.Энэ журмын 5.2-т заасан мэдээг сумын Засаг даргын Тамгын газар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус хүргүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/
5.4.Энэ журмын 5.2-т заасан мэдээний маягтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. Тус байгууллага нь хүүхэд харах үйлчилгээний мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, төвлөрсөн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын талаар зөвлөмж, аргачлал гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. /Энэ хэсэгт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан/
5.5.Аймаг, нийслэлийн боловсролын газар хүүхэд харах үйлчилгээ болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийн давхардлыг улиралд нэг удаа шалгана. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
5.6.Хүүхэд харах үйлчилгээнд зориулан олгосон санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтад төрийн болон төрийн бус байгууллага, албан хаагч, эцэг, эх, асран хамгаалагч дараах байдлаар хяналт тавина:
5.6.1.өдөр тутмын байнгын хяналтыг эцэг эх, асран хамгаалагч;
5.6.2.аймаг, нийслэлийн боловсролын газар харьяалах нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлж байгаа хүүхэд харагч-иргэн, төвүүдийн үйл ажиллагаанд; /Энэ заалтыг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
5.6.3.хөндлөнгийн хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага.
Зургаа. Бусад
6.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар, мэргэжлийн хяналтын байгууллага нь энэ журамд заасан хяналтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй хүүхэд харагч болон төвд олгох санхүүгийн дэмжлэгийг зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох санал, дүгнэлтийг зөвшөөрөл олгосон этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлнэ. /Энэ хэсгийг Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Журамд өөрчлөлт оруулах тухай 74 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/
6.2.Санхүүгийн дэмжлэгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан, цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдийг хүүхэд харах үйлчилгээний бүртгэлд оруулсан, сарын мэдээг санаатай буруу мэдүүлсэн албан тушаалтан болон үйлчилгээнд хамрагдсан хүүхдийн тоог санаатайгаар буруу мэдээлж санхүүгийн дэмжлэг авсан хүүхэд харагчид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйл болон Төсвийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
--- o0o ---
Текст томруулах
A
A
A