- Нүүр
- Сайдын тушаал
- НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ
Хууль зүйн сайдын 2016 оны
А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ
АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдуулж мэргэшлийн шалгалт явуулах, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахад энэхүү журмыг баримтална.
Хоёр.Мэргэшлийн хорооны үйл ажиллагаа, бүрэн эрх
2.1.Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
2.2.Мэргэшлийн хороо хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана. Мэргэшлийн хороо хэлэлцсэн асуудлаараа тогтоол, дүгнэлт гаргаж холбогдох байгууллага, этгээдэд танилцуулна.
2.3.Мэргэшлийн хорооны хуралдааны тэмдэглэлийг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нотариатын асуудал хариуцсан ажилтан хөтлөх бөгөөд түүний эзгүйд мэргэшлийн хорооны дарга Хууль зүйн яаманд хүсэлт гаргаж, зохих ажилтныг оролцуулснаар тэмдэглэл хөтлөх ажлыг зохион байгуулна.
2.4.Мэргэшлийн хорооны хуралдааны тэмдэглэлд хуралдаан даргалагч, тэмдэглэл хөтлөгч гарын үсэг зурснаар баталгаажна. Тэмдэглэлд тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүрэн тусгаж, холбогдох материалыг хавсаргана /ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
2.5.Тэмдэглэл хөтлөгч нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар гишүүдээс хэлсэн үг, тавьсан саналыг үнэн зөв, бүрэн гүйцэд бичиж тэмдэглэх бөгөөд дуу хураагуураар баримтжуулна. Хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. /ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар зарим хэсгийг нэмсэн/
2.6.Хуралдааны материалыг дараа оны 1 дүгээр сард багтаан Хууль зүйн яамны архивт шилжүүлнэ.
2.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Мэргэшлийн хороог ажиллах нөхцөл /өрөө, танхим, цаас, техник хэрэгсэл гэх мэт/-өөр хангаж, энэ журмыг хэрэгжүүлэх захиргааны дэмжлэгийг үзүүлнэ.
2.8.Мэргэшлийн хороо нь Нотариатын тухай хуулийн 15.1-д заасны дагуу дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.8.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдох мэргэшлийн шалгалт явуулах;
2.8.2.Эрх бүхий байгууллагын шийдвэр, иргэний өргөдөл, гомдол, хүсэлтээр нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах. /ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар зарим хэсгийг нэмсэн/
2.9.Мэргэшлийн хороо мэргэшлийн шалгалт явуулахтай холбогдуулж дараах зохион байгуулалтын арга хэмжээг авна:
2.9.1.мэргэшлийн шалгалтад оролцогчдыг бүртгэлийг баталгаажуулах;
2.9.2.мэргэшлийн шалгалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
2.9.3.мэргэшлийн шалгалтыг товлосон хугацаанд явуулах;
2.9.4.мэргэшлийн шалгалтад оролцогчдоос ирүүлсэн бичиг баримт зохих шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж, түүнийг мэргэшлийн шалгалтад оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх;
2.9.5.шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах, өргөдөлд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг батлах баримт бичгийг өргөдөл гаргагчаас шаардах;
2.9.6.Мэргэшлийн шалгалтын дүнг гаргаж, оролцогчдод мэдээлэх;
2.9.7.Шалгалтад оролцогч нь хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд шалгалтыг хүчингүй болсонд тооцох;
2.9.8.Мэргэшлийн шалгалтыг зохион байгуулахад шаардлагатай техникийн болон бусад дэмжлэг авах талаар Хууль зүйн яам, Нотариатчдын танхимд хүсэлт тавьж шийдвэрлүүлэх.
2.10.Мэргэшлийн шалгалтын сорилго, бодлогыг Мэргэшлийн хороо боловсруулж бэлтгэх бөгөөд нууцлалыг бүрэн хариуцна./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
Гурав. Мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах
3.1.Мэргэшлийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс хуанлийн 45-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлана.
3.2.Зарлалд мэргэшлийн шалгалт явуулах газар, хугацаа, мэргэшлийн шалгалтад оролцогчдоос бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийн жагсаалт, шалгалт зарлаж байгаа тойрог, шаардлагатай тохиолдолд тойргийн нутаг дэвсгэрийн хүрээн дэх тодорхой байршлын талаар тусгана.
3.3.Шалгалтын бүртгэл цахим хэлбэртэй байж болно.
3.4.Шалгалттай холбогдон гарах зардлыг оролцогч өөрөө хариуцна.
3.5.Мэргэшлийн шалгалтын товыг олон нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан бүртгэлийг эхлүүлэх бөгөөд бүртгэлийн үргэлжлэх хугацаа хуанлийн 30 хоног байна. Хугацаа хэтрүүлж ирүүлсэн хүсэлтийг бүртгэхгүй. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар өөрчлөн найруулсан./
3.6.Мэргэшлийн шалгалтад оролцох хүсэлт гаргасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд:
3.6.1.нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл /маягтын дагуу/;
3.6.2.эрх зүйн бакалаврын диплом, иргэний үнэмлэхийн эх хувь болон хуулбар;
3.6.3.одоо ажиллаж байгаа, эсхүл хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт, уг байгууллагаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар;
3.6.4.эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт /орон нутгаас оролцогчид аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт/;
3.6.5.бүртгэлийн хураамж төлсөн мөнгөний баримт.
3.6.6.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар нэмсэн./
3.7.Өргөдөл гаргагч нь шалгалтад орох шаардлагыг хангаж өргөдлийг үнэн зөв бөглөсөн болохоо хариуцна.
3.8.Мэргэшлийн хороо өргөдөл гаргагчийн мэргэшлийн шалгалтад орох зөвшөөрлийг жагсаалтаар баталгаажуулж бүртгэлийн хуудас олгох бөгөөд бүртгэл дууссанаас хойш хуанлийн 7 хоногт багтаан олон нийтэд мэдээлнэ. /ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар өөрчлөлт оруулсан./
3.9.Энэ журмын 3.6-д дурдсан бичиг баримтын бүрдүүлбэр болон Нотариатын тухай хуулийн 6.1.2-д заасан шаардлагыг хангаагүй нь тухайн оролцогчийг шалгалтад оруулах, нотариатчийн үйл ажиллагаа явуулах эрх олгохоос тус тус татгалзах үндэслэл болно./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
3.10.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/38 дугаар тушаалаар баталсан “Нотариатын тойрог шилжих журам”-ын 2.2-т заасан шаардлагыг хангасан нотариатч нь тойрог шилжих хүсэлт гаргахад энэ журмын 3.6.1-3.6.4-д заасан бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд хүсэлтээ нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбарын хамт Мэргэшлийн хороонд ирүүлнэ. /ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар нэмэлт орсон./
3.11.Нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатч нь бүртгэлийн хураамж төлнө.
Дөрөв. Мэргэшлийн шалгалт явуулах, дүгнэх
4.1.Мэргэшлийн шалгалтыг дараах журмын дагуу авна: /ХЗДХС-ын 2017-А/165, 2021-А/189-р тушаалаар зарим хэсгийг хасаж, өөрчлөн найруулсан/
4.1.1.шалгалт тусгайлан бэлтгэгдсэн байранд товлосон цагт эхэлнэ. Оролцогч нь зөвхөн өөрийн хуваарьт заасан байр, цагт шалгалтад орно;
4.1.2.оролцогч нь товлосон цагаас 1 цагийн өмнө шалгалт авах байранд ирсэн байна;
4.1.3.оролцогч нь бүртгэлийн хуудас болон Монгол Улсын иргэний үнэмлэх, эсвэл түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй ирнэ;
4.1.4.оролцогч нь энэ журмын 4.1.3-т заасан баримт бичгийг авчраагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй;
4.1.5.оролцогч нь мэдээлэл дамжуулах боломжтой электрон ба бусад хэрэгсэл, тооны машин, камер, дуу хураагуур, дуу хүлээн авагч, гар утас, пейжер, бүх төрлийн диск, халаасны компьютер, дуут сэрүүлэг, чихэвч, түүнчлэн цүнх, уут, ном, товхимол, сургалтын материал, хүнсний зүйл, ус, ундаа, эм, үзэг, харандаа, цаас зэрэг аливаа эд хэрэгслийг өөрийн биед болон ойр орчимд байлгахыг хориглоно;
4.1.6.оролцогч шалгалтын үеэр эм буюу эмнэлгийн бусад зүйлсийг гар дороо байлгах шаардлагатай бол энэ тухай шалгалтаас өмнө бичгээр мэдэгдэж зөвшөөрөл авна. Зөвшөөрсөн тохиолдолд эм, эмнэлгийн зүйлсийг оролцогчийн нэрийг бичсэн шошготой нэвт харагдах уутанд нааж шалгалт эхлэхээс өмнө шалгалтын хянагчид шалгуулан хадгалуулж, хэрэглэнэ.
4.2.Мэргэшлийн хорооны гишүүн шалгалтын эхэнд шалгалтын үед мөрдөх дүрэм, заавар болон энэ журмын 4.13-д заасан үндэслэл журмыг танилцуулна.
4.3.Шалгалт авах хугацааны турш шалгалтын танхим, бие засах газар, бусад газарт оролцогчид хоорондоо ярилцах, утсаар ярих, шалгалтын хянагч, шалгалт зохион байгуулагчтай харилцахыг хориглоно.
4.4.Шалгалтын хянагч нь шалгалтын үед зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаанд туслах, дэг журам сахиулах үүрэгтэй оролцоно.
4.5. Мэргэшлийн шалгалт нь сорилго, бодлого бодох, ярилцлага гэсэн хэлбэртэй байх бөгөөд дараах журмаар дүгнэнэ:./ХЗДХС-ын 2017-А/165, 2021-А/189-р тушаалаар зарим хэсгийг хасаж, өөрчлөн найруулсан/
4.5.1.Шалгуулагч бүрт шалгалтын даалгаврын болон гүйцэтгэлийн хуудас өгөх ба шалгуулагч нь даалгаврын хуудсаа уншиж, гүйцэтгэлийн хуудсыг бөглөнө;
4.5.2.Сорилын даалгавар нь холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэгийн түвшинг тодорхойлох 100 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрт 1 оноо өгнө;
4.5.3.Шалгуулагч нь сорилгын шалгалтаар авбал зохих 100 онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан бол түүнийг бодлогын шалгалтад оруулна;
4.5.4.Бодлогын даалгавар нь эрх зүйн салбарын чиглэлээр урьдчилан бэлтгэсэн өгөгдлийг хууль хэрэглэж бодох, нотариатын үйл ажиллагаанд холбогдох бичиг баримт боловсруулах практик чадварыг шалгуулагчаар биечлэн гүйцэтгүүлэхэд чиглэнэ;
4.5.5.Бодлогын нийлбэр оноо 60 байх бөгөөд шалгуулагч нь 30 ба түүнээс дээш оноо авсан байвал зохино;
4.5.6.Бодлогын өгөгдөл бүрт өгөх оноог нөхцөл бүрийн дор тэмдэглэнэ;
4.5.7.Сорилгод хариулах, бодлого бодох хугацаа тус бүр 100 минут байна;/ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
4.5.8. 90 ба түүнээс дээш оноо авсан иргэн ярилцлагын шалгалтад орох бөгөөд ярилцлагын асуултыг Мэргэшлийн хорооны гишүүд урьдчилан бэлтгэнэ. Шалгуулагч нь асуултаас сугалж, хариулах хугацаа 5-10 минут байх ба гишүүд асуултанд хариулах хугацааг тухай бүр дээрх хугацааны хүрээнд тогтооно. Нэг тойрогт өрсөлдөж буй хүмүүсийг аль болох нэг дор, 3-5 хүртэл тооны шалгуулагчийг зэрэг оруулж, ярилцлагыг амаар авна. Шалгуулагчийн хариултыг буруу эсвэл дутуу гэж үзсэн бусад шалгуулагч хариултыг хэлж болно./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
4.5.9.Ярилцлагын оноо 10 хүртэл байна. Шалгалтын асуулт нь хувь хүний төлөвшил, нотариатчийн үйл ажиллагааны онцлог, ур чадвар, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцаа, хандлагыг үнэлэх боломж бүхий агуулгатай байна. /ХЗДХС-ын 2017-А/165, 2021 оны А/189-р тушаалаар нэмэлт орсон./
4.5.10. Сорилго болон бодлогын өгөгдлийг Мэргэшлийн хороо шалгалт эхлэхийн өмнө авчирч, шалгуулагч нарын өмнө битүүмжилсэн, нууцалсан талаар танилцуулж, шалгуулагч нараас 3 хүртэл хүнийг сонгон битүүмжлэлийг шалгуулан, нээнэ./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар нэмсэн/
4.5.11. Сорилго, бодлого, ярилцлагын нийт онооны нийлбэр 170 байх бөгөөд нийлбэр дүнгээр 90 ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.”/ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар нэмсэн/
4.6.Бодлогыг дүгнэхдээ хариултын хууль зүйн үндэслэл, бүрэн хариулсан байдал, бичиг баримтын боловсруулалтын түвшинг харгалзана.
4.7.Сорилын шалгалтад хууль тогтоомж, эрх зүйн сурах бичиг, бусад ном товхимол ашиглахыг хориглох бөгөөд бодлогын шалгалтын үед холбогдох хууль хэрэглэхийг зөвшөөрнө.
4.8.Хэрэв нэг тойрогт өрсөлдсөн шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд бодлогын даалгаврыг илүү оноотой гүйцэтгэсэн шалгуулагчийг зарласан орон тоонд багтаана.
4.9. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар хүчингүй болгосон/
4.10.Шалгуулагчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан шифрээр дугаарлана.
4.11.Бодлогын даалгаврыг шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан дүгнэнэ.
4.12.Мэргэшлийн хороо шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан шалгалтын дүнг нэгтгэж, оролцогчдод мэдээлнэ.
4.13.Дараах тохиолдолд мэргэшлийн шалгалтад оролцогчийн шалгалтыг хүчингүй болсонд тооцно:
4.13.1.энэ журмын 4.1.5, 4.3-д заасан зөрчил гаргасан;
4.13.2.шалгуулж буй бусад оролцогчидтой харилцах, тэдэнд туслах буюу тусламж авах оролдлого хийсэн;
4.13.3.гүйцэтгэлийн хуудсанд зөвшөөрөгдсөнөөс бусад тэмдэглэгээ хийсэн, таних тэмдэг тавьсан, өөр өнгийн бэхээр бөглөсөн;
4.13.4.мэргэшлийн шалгалтад оролцохоор бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн буюу үнэн зөв мэдээлээгүй эсхүл дутуу мэдээлэл өгсөн бичиг баримтыг нягтлан шалгахад тодорхой болсон.
4.14.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтанд тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар нэмсэн/
4.15. Нотариатын тойрог шилжих шалгалт нь тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчдын дунд явагдана. /ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар нэмэлт орсон, ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар өөрчлөлт оруулсан/
4.16.Энэ журмын 4.5-д заасан мэргэшлийн шалгалт явуулах, дүгнэх үйл ажиллагааг автоматжуулсан систем, цахим мэдээллийн техник хэрэгсэл, программ хангамж ашиглан зохион байгуулж болно. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021-А/189-р тушаалаар нэмсэн./
Тав.Нотариатчийн мэргэшил, ур чадварын
түвшинд дүгнэлт гаргах
5.1.Мэргэшлийн хороо нь нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшингийн талаар гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, иргэний өргөдөл, гомдол, хүсэлт үндэслэн дүгнэлт гаргах эсэхийг хуралдаанаар олонхийн саналаар шийдвэрлэнэ.
5.2.Мэргэшлийн хороо дараах тохиолдолд дүгнэлт гаргахгүй.
5.2.1.тухайн асуудлаар нотариатчийн үйлдлийн талаар шүүх болон хуулийн бусад байгууллага хянаж, шийдвэр гаргасан бол;
5.2.2.тухайн асуудлыг Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл шалгаж байгаа бол;
5.2.3.тухайн нотариатч үйлдлийг гэрчилснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол.
5.3.Эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн шийдвэр, иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг Мэргэшлийн хорооны дарга гишүүдэд тойргийн журмаар хуваарилах ба асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана.
5.4.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахдаа бодлогын даалгавар өгөх, ярилцлага авах замаар дүгнэж, дараах шалгуурыг баримтална. Үүнд:./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
5.4.1.хууль хэрэглэх чадвар;
5.4.2.нотариатын үйлдэл хийх чадвар;
5.4.3.бичиг баримт боловсруулах чадвар;
5.4.4.эрх зүйн зөвлөгөө өгөх чадвар.
5.5.Мэргэшлийн хороо тухайн нотариатчийн мэргэшил ур чадварын түвшингийн талаар дүгнэлт гаргахын тулд бодлого, ярилцлагын асуултыг өөрсдөө боловсруулах бөгөөд тухайн асуудлаар мэргэшлийн алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргана./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
5.6.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлтэд Мэргэшлийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
5.7.Нотариатч мэргэшил, ур чадварын хувьд хангалтгүй эсхүл тухайн асуудлаар мэргэшлийн алдаа гаргасан талаарх дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон хүсэлт гаргасан этгээд, нотариатчид тус тус хүргүүлнэ.
5.8.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг тусгайлан бүртгэнэ.
Зургаа. Маргааныг хянан шийдвэрлэх
6.1.Мэргэшлийн хороо нь мэргэшлийн шалгалтын бүртгэлтэй холбоотой гомдол, энэхүү журмын 4.13.1-4.13.4-д заасан зөрчил, шалгалтыг хүчингүй болсонд тооцсон тогтоол болон шалгалтын дүнтэй холбоотой гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ.
6.2.Иргэн мэргэшлийн шалгалтад оролцогчдын бүртгэлтэй холбоотой гомдлыг нэрсийн жагсаалтыг олон нийтэд мэдээлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор, сорилгын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шалгалт өгсөн өдрийн 20 цаг хүртэл, бодлогын даалгаврын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой гарсан гомдлыг шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор, бусад гомдлыг шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор Мэргэшлийн хороонд тус тус бичгээр ирүүлнэ.
6.3.Гомдол гаргагч нь гомдолдоо үндэслэлээ тодорхой дурдаж, өөрийнхөө тавьж буй шаардлагын талаарх нотолгоо, бусад холбогдох баримтыг хавсаргана.
6.4.Мэргэшлийн хорооны дарга нь гомдлыг шалгах, хуралдаанд танилцуулах гишүүнийг томилж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай, шударгаар шалган, хорооны хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
6.5.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлттэй холбогдох гомдлыг нотариатч хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.
Долоо. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах,
нотариатын тойрог шилжүүлэх асуудлаар санал хүргүүлэх
7.1.Мэргэшлийн хороо нь шалгалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 15 хоногт багтаан шалгалтад тэнцсэн оролцлогчийн өргөдөлд дурдсан мэдээллийг баримтжуулж, баримт бичгийн үнэн зөв байдлыг нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр шалгалтын онооны дарааллыг харгалзан шалгалт зарлагдсан орон тоонд багтаан нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.
7.2.Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ. /ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар өөрчлөн найруулсан/
7.3. Энэ журмын 7.2-д заасан нотариатчийн сул орон тоонд Нотариатын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн бол хамаарахгүй./ХЗДХС-ын 2017-А/165-р тушаалаар нэмсэн/
Найм.Бусад асуудал
8.1.Мэргэшлийн шалгалтын зардлыг бүртгэлийн хураамжаар, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахтай холбогдсон зардал болон Мэргэшлийн хорооны гишүүдэд олгох урамшууллыг Монголын Нотариатчдын танхимаас тус тус санхүүжүүлнэ.
8.2.Бүртгэлийн хураамжийн хэмжээг Мэргэшлийн хороо тогтооно.
8.3.Шалгалт зохион байгуулахад оролцсон хянагч, Мэргэшлийн хорооны гишүүдэд олгох урамшууллын хэмжээг Мэргэшлийн хорооны хуралдаанаар шийдвэрлэж, тогтоол гаргана.
8.4.Мэргэшлийн шалгалт, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахтай холбогдох баримт бичгийг Хууль зүйн яамны архивт хадгална.
---оОо---
Текст томруулах
A
A
A