A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ ХЗС-ын 2016-01-07-ны А/06 дугаар тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

ХЗС-ын 2016-01-07-ны А/06 дугаар тушаалаар 1-р хавсралтыг хүчингүй болгосон/

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 105 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

НОТАРИАТЧИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг ундэслэл

1.1.Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдуулж мэргэшлийн шалгалт явуулах, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахад энэхүү журмыг баримтална.

1.2.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах, мэргэшлийн шалгалт явуулах чиг үүрэг бүхий Мэргэшлийн хороо хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.

1.3.Мэргэшлийн хороо нь шүүх, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Танхимаас тус бүр хоёр, эрдмийн зэрэг цолтой хуульч нэг хүний төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй байх ба Мэргэшлийн хорооны даргыг гишүүдийн дотроос нууц санал хурааж, олонхийн саналаар сонгоно.

1.4.Мэргэшлийн хорооны гишүүн хууль зүйн ухааны магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой байна.

1.5.Мэргэшлийн хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.

Хоёр. Мэргэшлийн хорооны эрх хэмжээ

2.1.Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

2.2.Мэргэшлийн хороо асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх ба хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.

2.3.Мэргэшлийн хороо нь нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдож мэргэшлийн шалгалт явуулна.

2.4.Мэргэшлийн хороо мэргэшлийн шалгалт явуулахтай холбогдуулж дараах эрх эдэлнэ:

2.4.1.мэргэшлийн шалгалтад оролцогчдыг бүртгэх маягтын загварыг боловсруулж, батлах;

2.4.2.мэргэшлийн шалгалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;

2.4.3.мэргэшлийн шалгалтыг тогтоосон хугацаанд энэхүү журмын дагуу явуулах;

2.4.4.мэргэшлийн шалгалтад оролцогчдоос ирүүлсэн бичиг баримт зохих шаардлагыг хангаж буй эсэхийг шалгаж нягтлах;

2.4.5.шалгалтад оролцогчийн бичиг баримт нь зохих шаардлага хангаагүй тохиолдолд түүнийг мэргэшлийн шалгалтад оруулахгүй байх асуудлыг шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэх;

2.4.6.мэргэшлийн шалгалтын дүнг гаргаж, оролцогчдод мэдээлэх.

2.5.Мэргэшлийн шалгалтын сорилго, бодлогын нууцлалыг Мэргэшлийн хорооны дарга хариуцна.

2.6.Мэргэшлийн хороо нь нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргана.

Гурав. Мэргэшлийн шалгалтыг зохион байгуулах

3.1.Мэргэшлийн шалгалтын товыг шалгалт эхлэхээс хуанлийн 45-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.

3.2.3арлалд мэргэшлийн шалгалт явуулах газар, хугацаа, мэргэшлийн шалгалтад оролцогчдоос бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийн жагсаалт, шалгалт зарлаж байгаа тойрог, шаардлагатай тохиолдолд тойргийн нутаг дэвсгэрийн хүрээн дэх тодорхой байршлын талаар тусгана.

3.3.Мэргэшлийн шалгалтад оролцох хүсэлт гаргасан хуульчдын бүртгэлийг шалгалт зарласан өдрөөс эхлэн ажлын 15 хоногт багтаан хийх бөгөөд шалгалт эхлэхээс 15 хоногийн өмнө дуусгавар болгоно.

3.4.Бүртгэлийг Монголын Нотариатчдын танхимын Ажлын албаны ажилтнуудын оролцоотой хийнэ.

3.5.Мэргэшлийн шалгалтад оролцох хүсэлт гаргасан хуульч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

3.5.1.нотариатчийн мэргэшлийн шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл /Маягт №01/;

3.5.2.шалгалтад оролцогчийн анкет /Маягт №02/;

3.5.3.эрх зүйн бакалаврын диплом, иргэний үнэмлэх эх хувиараа болон түүний хуулбар;

3.5.4.хуульчийн сонгон шалгалтад орж тэнцсэн гэрчилгээ, түүний хуулбар;

3.5.5.ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

3.5.6.одоо ажиллаж байгаа, эсхүл хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт, уг байгууллагаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар;

3.5.7.төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс олгосон маягтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт /орон нутгаас оролцогчид аймгийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт/;

3.5.8.бүртгэлийн хураамж төлсөн мөнгөний баримт.

3.6.Энэ журмын 3.5-д дурдсан бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаагүй нь тухайн оролцогчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.

3.7.0рон нутгаас мэргэшлийн шалгалтад оролцох хүсэлт гаргасан хуульчдын материалыг Нотариатчдын танхимын аймгийн салбарын дарга нэг бүрчлэн шалган хүлээн авч энэ журмын 3.3-т заасан хугацаа дуусмагц Нотариатчдын танхимд нэн даруй хүргүүлнэ.

3.8.Мэргэшлийн шалгалтад оролцогчдыг бүртгэх загварыг Мэргэшлийн хорооноос баталж, аймгийн Нотариатын салбарт хүргүүлнэ /Маягт №03/.

3.9.Нотариатч нь тойрог шилжих хүсэлт гаргахад энэ журмын 3.5.1-3.5.7-д заасан бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд 3.3-т заасан хугацаанд хүсэлтээ Мэргэшлийн хороонд гаргана.

3.10.Нотариатын тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатч нь бүртгэлийн хураамж төлнө.

Дөрөв. Мэргэшлийн шалгалт явуулах, дүгнэх

4.1.Мэргэшлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан улсын хэмжээнд гурван жил тутам явуулах бөгөөд нотариатч ажиллаагүй тухайн тойрогт мэргэшлийн шалгалт явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ.

4.2.Мэргэшлийн шалгалт нь сорилго болон бодлого бодох гэсэн 2 хэлбэртэй

байна.

4.2.1.Шалгуулагч бүрт шалгалтын даалгаврын болон гүйцэтгэлийн хуудас өгөх ба шалгуулагч нь даалгаврын хуудсаа уншиж, гүйцэтгэлийн хуудсыг бөглөнө.

4.2.2.Сорилын даалгавар нь холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэгийн түвшинг тодорхойлох 100 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрт 1 оноо өгнө.

4.2.3.Бодлогын даалгавар нь эрх зүйн салбарын чиглэлээр урьдчилан бэлтгэсэн өгөгдлийг хууль хэрэглэж бодох, нотариатын үйл ажиллагаанд холбогдох бичиг баримт боловсруулах практик чадварыг шалгуулагчаар биечлэн гүйцэтгүүлэхэд чиглэнэ.

4.2.4.Бодлогын нийлбэр оноо 60 байх бөгөөд шалгуулагч нь 30 ба түүнээс дээш оноо авсан байвал зохино.

4.2.5.Бодлогын өгөгдөл бүрт өгөх оноог нөхцөл бүрийн дор тэмдэглэнэ.

4.2.6.Сорилгод хариулах хугацаа 100 минут, бодлого бодох хугацаа бодлого бүрт 60 минут байна.

4.2.7.Шалгуулагч нь сорилгын шалгалтаар авбал зохих 100 онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан бол түүнийг бодлогын шалгалтад оруулна.

4.2.8.Сорилго, бодлогын гүйцэтгэлийн нийт онооны нийлбэр 160 байх бөгөөд сорилго болон бодлогын нийлбэр дүнгээр 90 ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.

4.3.Бодлогыг дүгнэхдээ хариултын хууль зүйн үндэслэл, бүрэн хариулсан байдал, бичиг баримтын боловсруулалтын түвшинг харгалзана.

4.4.Сорилын шалгалтад хууль тогтоомж, эрх зүйн сурах бичиг, бусад ном товхимол ашиглахыг хориглох бөгөөд бодлогын шалгалтын үед холбогдох хууль хэрэглэхийг зөвшөөрнө.

4.5.Бодлогыг дүгнэхдээ хариултын хууль зүйн үндэслэл, бүрэн хариулсан байдал, бичиг баримтын боловсруулалтын түвшинг харгалзана.

4.6.Хэрэв нэг тойрогт өрсөлдсөн шалгуулагчдын оноо тэнцсэн тохиолдолд бодлогын даалгаварыг илүү оноотой гүйцэтгэсэн шалгуулагчийг хяналтын тоонд багтааж, үлдсэн шалгуулагчийн хүсэлтийг харгалзан сул байгаа тойрогт ажиллуулах боломжийн талаар эрх бүхий байгууллагад уламжилна.

4.7.Нотариатын тойрог шилжихтэй холбогдсон мэргэшлийн шалгалт нь сорил, бодлого бодох гэсэн 2 хэлбэртэй байна.

4.7.1.Сорилын шалгалт нь 50 асуулттай байх бөгөөд 50 минут үргэлжилнэ. Зөв хариулт бүрт 1 оноо өгөх ба 30-аас дээш оноо авсан бол бодлогын шалгалтад оруулна.

4.7.2.Сорил, бодлогын даалгаврын шалгалтад энэхүү журмын 4.2.1, 4.2.3-4.2.5, 4.3-4.5-д заасныг баримтална.

4.7.3.Бодлого бодох хугацаа бодлого бүрт 60 минут байна.

4.7.4.Сорилго, бодлогын гүйцэтгэлийн нийт онооны нийлбэр 110 байх бөгөөд тэдгээрийн нийлбэр дүнгээр 60 ба түүнээс дээш оноо авсан нотариатчийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.

4.7.5.Хэрэв нэг тойрогт өрсөлдсөн нотариатчдын оноо тэнцсэн тохиолдолд энэхүү журмын 4.6 дахь заалтыг баримтална.

4.8.Шалгуулагчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан шифрээр дугаарлана.

4.9.Бодлогын даалгаврыг шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан дүгнэнэ.

4.10.Мэргэшлийн хороо шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан дүнг нэгтгэж, шалгаруулалтад оролцогчдод мэдээлнэ.

4.11.Шалгуулагч нь шалгалтын үеэр гар утсаа унтраах бөгөөд чихэвч, пейжер, зөөврийн компьютер, аудио, видео техник хэрэгсэл, ном дэвтэр болон бусад зүйлсийг авч орох, ашиглахыг хориглоно.

4.12.Дараах тохиолдолд мэргэшлийн шалгалтад оролцогчийн шалгалтыг хүчингүй болсонд тооцно:

4.12.1.энэхүү журмын 4.11-д заасан зөрчил гаргасан;

4.12.2.шалгуулж буй бусад оролцогчидтой харилцах, тэдэнд туслах буюу тусламж авах оролдлого хийсэн;

4.12.3.гүйцэтгэлийн хуудсанд зөвшөөрөгдсөнөөс бусад тэмдэглэгээ хийсэн, таних тэмдэг тавьсан, өөр өнгийн бэхээр бөглөсөн;

4.12.4.мэргэшлийн шалгалтад оролцохоор бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

Тав. Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах

5.1.Мэргэшлийн хороо нь нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд гурван жил тутам дүгнэлт гаргана. Түүнчлэн эрх бүхий байгууллагын шийдвэр, иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг үндэслэн тухай бүр дүгнэлт гаргаж болно.

5.2.Эрх бүхий байгууллагаас хүргүүлсэн шийдвэр, иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг Мэргэшлийн хорооны дарга гишүүдэд тойргийн журмаар хуваарилах ба асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана.

5.3.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргах арга хэмжээг дүүргийн болон бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж болно.

5.4.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахдаа дараах шалгуурыг баримтална. Үүнд:

5.4.1.эрх зүйн онолын болон хууль тогтоомжийн талаарх мэдлэг;

5.4.2.хууль хэрэглэх чадвар;

5.4.3.нотариатын үйлдэл хийх ур чадвар, туршлага;

5.4.4.бичиг баримт боловсруулах чадвар;

5.4.5.харилцааны ур чадвар.

5.5.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахдаа энэ журмын 5.4-т заасан шалгуурыг үндэслэн Удирдамж баталж, нотариатчид урьдчилан танилцуулна. Удирдамжийг Мэргэшлийн хорооны дарга батална.

5.6.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлтэд Мэргэшлийн хорооны дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.

5.7.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлтийг Мэргэшлийн хороо уг дүгнэлтийг баталгаажуулсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан дараах саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ. Үүнд:

5.7.1.нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгах;

5.7.2.нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг “хангалтгүй” гэж дүгнэсэн бол түүнийг төлбөртэйгээр мэргэшүүлэх сургалтанд хамруулах, энэ хугацаанд хуульд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх.

5.8.Энэ журмын 5.7.2-т заасан сургалтад хамрагдсан нотариатч мэргэшил, ур чадварын шалгалтад дахин “хангалтгүй” гэсэн үнэлгээ авсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд мэдүүлнэ.

5.9.Энэ журмын 5.7, 5.8-д заасан дүгнэлтийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайд тусгай зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.

5.10.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргуулахаар эрх бүхий байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг тусгайлан бүртгэнэ.

Зургаа. Маргааныг хянан шийдвэрлэх

6.1.Мэргэшлийн хороо нь энэхүү журмын 4.11-д заасан зөрчил болон шалгалтын үнэлгээтэй холбогдсон гомдол, маргааныг хянан шийдвэрлэнэ.

6.2.Шалгуулагч нь шалгалтын дүнг мэдээлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гомдлоо Мэргэшлийн хороонд гаргана.

6.3.Мэргэшлийн хорооны дарга нь шалгуулагчийн гомдлыг шалгах, хуралдаанд танилцуулах гишүүнийг томилж, гомдлыг ажлын 3 хоногт багтаан хорооны хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

6.4.Шалгуулагч нь Мэргэшлийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш гомдлоо ажлын 5 хоногт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.

6.5.Нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинг үнэлсэн дүгнэлттэй холбогдох гомдлыг нотариатч хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.

Долоо. Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах, нотариатын тойрог шилжүүлэх асуудлаар санал хүргүүлэх

7.1.Мэргэшлийн хороо нь шалгалтын онооны дарааллыг харгалзан нотариатын тойрогт зарлагдсан хяналтын тоонд багтаан шалгалтад тэнцсэн хүмүүст нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

7.2.Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн тоонд багтаагүй шалгуулагчийг өөр аймаг, дүүрэгт шилжүүлэх асуудлыг түүний хүсэлтийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна.

7.3.Нотариатын тойрог шилжих хүсэлт гаргаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн нотариатчдын хүсэлтийг шийдвэрлүүлэх асуудлыг шалгалтын дүнгийн эрэмбэ, Нотариатын тухай хуулийн 7.4-т заасан дараалал зэргийг харгалзаж, Мэргэшлийн хороо саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна.

Найм. Бусад асуудал

8.1.Мэргэшлийн шалгалтын зардлыг бүртгэлийн хураамжаар, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахтай холбогдсон зардлыг Монголын Нотариатчдын танхимаас тус тус санхүүжүүлнэ.

8.2.Бүртгэлийн хураамжийн хэмжээг Мэргэшлийн хороо тогтооно.

8.3.Мэргэшлийн шалгалт, нотариатчийн мэргэшил, ур чадварын түвшинд дүгнэлт гаргахтай холбогдох баримт бичгийг Монголын Нотариатчдын танхимын архивт хадгална.

 

 

---о0о---