A

A

A

Бүлэг: 1979

Эрчим хүчний сайдын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 188 дугаар тушаалын хавсралт

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛД МАГАДЛАЛ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чиглэгдсэн эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл (барилга байгууламжийг барих, засвар, өргөтгөл, шинэчлэл хийхэд шаардагдах техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженер-геологийн судалгааны дүгнэлт, геодезийн зураглал, барилга байгууламжийн өртгийн нэгдсэн төсөв)-д магадлал хийх ажлыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийхдээ Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор баталсан “Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм” болон энэ журмыг баримтална.

1.3.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага хариуцан зохион байгуулна.

1.4.Магадлал хийх эрх бүхий байгууллагын дэргэд техникийн зөвлөл ажиллана.

Хоёр. Зураг төсөлд магадлал хийх

2.1.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийг “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм”-ийн 7.5-д заасан шаардлагын дагуу хянан магадална.

2.2.Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламж, хувийн хөрөнгөөр баригдах эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийн төсөвт магадлал заавал хийнэ.

2.3.Мэргэшсэн, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтний хянасан, инженер геологийн дүгнэлт хийгдсэн эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийнэ.

2.4.Технологийн хувьд нэгдмэл бус эрчим хүчний барилга байгууламжийн бүрдэл хэсгийн зураг төсөлд хэсэгчлэн магадлал хийж болно.

2.5.Магадлал хийж баталгаажсан нэг маягийн зургийг ажлын зурагт ашигласан бол зөвхөн тухайн ажлын зурагт магадлал хийнэ.

2.6.Магадлалын ерөнхий дүгнэлт нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд өгсөн мэргэжлийн үнэлгээ байна.

2.7.Батлагдсан техник, эдийн засгийн үндэслэл бүхий эрчим хүчний барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлын техникийн болон ажлын зурагт магадлалын ерөнхий дүгнэлт гаргана.

2.8.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл нь энэ журмын 2.1 дэх хэсгийн шаардлагыг хангаж буй эсэхийг шинжээч хянаж, магадлалын ерөнхий дүгнэлтэд тодорхой тусгана.

2.9.Магадлалын ерөнхий дүгнэлтэд холбогдох хавсралт дүгнэлтүүдийг хавсаргаснаар уг магадлал хүчин төгөлдөр болно.

Гурав. Техникийн зөвлөлийн эрх үүрэг

3.1.Техникийн зөвлөл нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 25 хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.2.Магадлал хийх эрх бүхий байгууллагын даргын тушаалаар техникийн зөвлөлийн гишүүдийг томилж, зөвлөлийн хурлын дэгийг батална.

3.3.Энэхүү журмын 3.4-3.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх ажиллагаа нь зөвлөлийн хурал байна.

3.4.Техникийн зөвлөл нь эрчим хүчний барилга байгууламжид магадлал хийх орон тооны бус шинжээчдийг сонгон шалгаруулах, мөн шинжээчийн томилгооны хуудас, магадлалын ерөнхий дүгнэлт, түүний хавсралтын загварыг батална.

3.5.Техникийн зөвлөлөөр эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх сүлжээ, тэдгээрийн тоноглол, тоног төхөөрөмж, хийц, бүтээцийн нэг маягийн зураг, техник эдийн засгийн үндэслэлийн талаар дүгнэлт гаргаж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлд хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.

3.6.Эрчим хүчний салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нэг маягийн зургийн инженерийн үндсэн шийдэлд зарчмын өөрчлөлт орсон тохиолдолд техникийн зөвлөлөөр зөвшилцөж шийдвэр гаргана.

3.7.Техникийн зөвлөл нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд шаардлагатай норм дүрэм, стандарт зэрэг нормативын баримт бичгийг шинэчлэх, боловсронгуй болгох талаар санал гаргана.

3.8.Техникийн зөвлөл нь жилийн ажлын тайлангаа эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жилийн эцэст тайлагнана.

Дөрөв. Зураг төсөлд магадлал хийхэд бүрдүүлэх бичиг баримт

4.1.Нэг маягийн зургийн бүрдэлд хэсэгчилсэн ерөнхий схем, төлөвлөлт, технологи, инженер хангамжийн байгуулалт, огтлол, орчны тоймын зураг төсөл багтана.

4.2.Нэг маягийн болон ажлын зурагт магадлал хийлгэх хүсэлтэд орон нутаг, нийслэлийн эрх бүхий субьектээс газар олгосон тухай захирамж шийдвэр, мэргэжлийн байгууллагаас олгосон техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах даалгавар, тухайн зураг төслийн байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, зураг төсөл боловсруулах гэрээ, инженер геологийн дүгнэлт, ажлын зургийн хуулбарын албан болон цахим хувилбарыг тус тус хавсаргана.

4.3.Техник, эдийн засгийн үндэслэлд магадлал хийлгэх хүсэлтэд тухайн байгууллагаас боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааны албан болон цахим хувилбарыг тус тус хавсаргана.

Тав. Зураг төсөлд магадлал хийж баталгаажуулах

5.1.Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төслийн магадлалын ажлыг дараах байдлаар баталгаажуулна.

5.1.1.Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэн нэг маягийн зургийн хуудас бүрд тухайн чиглэлийн мэргэжлийн шинжээчид, нүүр хуудсанд эрх бүхий байгууллагын магадлал хийх чиг үүргийг хэрэгжүүлэгч нэгжийн дарга тус тус гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

5.1.2.Магадлал хийсэн ажлын зургийн техникийн нөхцөл, зургийн даалгавар, инженерийн шийдлүүдийг тусгасан зургуудад магадлал хийсэн тухайн чиглэлийн мэргэжлийн шинжээч гарын үсэг зурж, өөрийн хувийн дугаарыг бичиж, огноог тавина.

5.1.3.Ажлын зургийн нүүр хуудас, ерөнхий дүгнэлтэд техникийн зөвлөлийн дарга, магадлал хийх чиг үүргийг хэрэгжүүлэгч нэгжийн дарга тус тус гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулна.

5.2.Ажлын зургийг боловсруулах үед өмнө нь батлагдсан нэг маягийн зургийн инженерийн үндсэн шийдэлд зарчмын өөрчлөлт орохоор тохиолдолд Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж зөвшилцсөн байна.

5.3.Магадлал хийгдсэн нэг маягийн болон ажлын зургийг 1 хувь, магадлалын ерөнхий дүгнэлтийг 2 хувь баталгаажуулна.

5.4.Магадлалын ажлыг хуанлийн 21 хоногт багтаан гүйцэтгэнэ.

5.5.Эрчим хүчний барилга байгууламжийн ангиллаас хамааруулан магадлал хийх ажлын хөлсийг тухайн зураг төслийн ажлын үнийн дүнгээс дараах байдлаар тооцно.

а) Эрчим хүчний эх үүсвэр, технологийн үндсэн болон туслах тоноглол, тэдгээрийн угсралт, шинэчлэлт, өргөтгөл - 4 хувь;

б) 35 кВ хүртэлх хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станц - 6 хувь;

в) 35 кВ-оос дээш хүчдэлтэй цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, дэд станц - 5 хувь;

г) Дулаан хангамжийн нэгдүгээр контур буюу эх үүсвэрээс дулаан дамжуулах төв хүртэлх шугам сүлжээ - 4 хувь;

д) Дулаан хангамжийн хоёрдугаар контур буюу дулаан дамжуулах төвөөс хэрэглэгч хүртэлх шугам сүлжээ - 5 хувь;

е) Эрчим хүчний барилга байгууламжийн барилгын зураг төсөл - 6 хувь;

ж) Эрчим хүчний барилга байгууламжийн нэг маягийн загвар зураг төсөл - 4 хувь.

Зургаа. Зураг төслийн баримт бичгийг хадгалах

6.1.Батлагдсан нэг маягийн зураг, магадлалын ерөнхий дүгнэлт, магадлал хийсэн тухайн чиглэлийн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт болон ажлын зурагт нэг маягийн зургаас төлөвлөлт, инженерийн шийдэлд өөрчлөлт орсон тухайн хэсэг болон ажлын зургийн албан болон цахим хувилбарыг нэгтгэн, байгууллагын архивт бүртгэж хадгална.

6.2.Магадлалын ажлыг зохион байгуулагч байгууллага нь эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийсэн талаарх мэдээллийг тухай бүр өөрийн цахим хуудсанд байршуулж нийтийн хүртээл болгоно.

 

 

 

---о0о---