- Нүүр
- Сайдын тушаал
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
Хөдөлмөрийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2015 оны А/171, А/496 дугаар тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага /цаашид “Жолооч бэлтгэх сургалтын байгууллага” гэх/ нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоохтой холбогдуулан баталсан журмын дагуу бүртгүүлж, сургалтын үйл ажиллагааг энэхүү журмын дагуу эрхлэн явуулна.
Хоёр. Жолооч бэлтгэх сургалтад элсүүлэх
2.1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн жолооч бэлтгэх сургалтад суралцаж болно.
2.2.Энэ журмын 2.1-д заасан жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд дор дурдсан материалыг бүрдүүлсэн байна.
2.2.1.иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;
2.2.2.эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэх талаарх үзлэгийн хуудас;
2.2.3.ангилал өөрчлөх /нэмэх/ тохиолдолд жолооны үнэмлэх;
2.3.Жолоодлогын дадлагын сургалтад хамрагдах этгээд дараах шаардлагыг хангасан байна:
2.3.1.тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад орох үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн байх;
2.3.2."С" ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг 3 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
2.3.3."D" ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
2.3.4."ВЕ", "СЕ", "DЕ" ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 1 жилээс доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
Гурав. Суралцагчийн эрх, үүрэг
3.1.Жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд дор дурдсан эрхтэй байна.
3.1.1.онолын болон жолоодлогын дадлагын сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад бүрэн хамрагдаж, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох мэдлэг, дадлага эзэмших;
3.1.2.онолын мэдлэгийг бие даан эзэмших;
3.1.3.сургалтын талаарх санал гомдлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний салбар нэгжид гаргах;
3.2. Жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд дараах үүргийг хүлээнэ.
3.2.1.жолоодлогын сургалтын хөтөлбөрт тогтоосон хуваарийн дагуу хамрагдах;
3.2.2.жолоодлогын сургалтад хамрагдах этгээд нь байгууллагын дотоод дүрэм болон гэрээг дагаж мөрдөх;
Дөрөв. Жолооч бэлтгэх сургалтыг зохион байгуулах
4.1. Жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд тухайн сургалтын байгууллагатай гэрээ байгуулна;
4.2.Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргана.
4.3.Жолооч бэлтгэх сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
4.4.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь онол болон дадлагын тухайн сэдвийн сургалтыг хуваарийн дагуу тогтмол явагддаг байхаар төлөвлөнө.
4.5.Сургалтын хөтөлбөрийн дагуу онолын мэдлэг, талбайн дадлага эзэмшсэн суралцагч замын хөдөлгөөнд оролцож, дадлага хийнэ.
4.6.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь онолын болон жолоодлогын дадлагын урьдчилсан шалгалт авч, тэнцсэн суралцагчид энэ журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас олгоно.
4.7.Үнэлгээний хуудас авсан этгээд 3 сарын хугацаанд жолоодох эрхийн шалгалтад орох эрхтэй.
4.8.Шалгалтыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авахтай холбогдуулан баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд тэнцсэн эсэх талаарх мэдээллийг энэ журмын 2 дугаар хавсралтад тэмдэглэнэ.
Тав. Бусад
5.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
- ооОоо -
Текст томруулах
A
A
A