- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МАХ” ХӨТӨЛБӨР
Засгийн газрын 2015 оны 492 дугаар
тогтоолын хавсралт
“МАХ” ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Махны хангамж, нөөц, экспортын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн байдлаар хүнсэнд хэрэглэсэн мах болон махан бүтээгдэхүүнийг ясгүй маханд шилжүүлэн тооцоход нийт хүн амын махны хэрэглээнд хонины мах 30,3 хувь, үхрийн мах 25,1 хувь, ямааны мах 21,1 хувь, адууны мах 15,6 хувь, тэмээний мах 2,8 хувь, гахай, шувууны мах болон бусад махан бүтээгдэхүүн 5,2 хувийг тус тус эзэлж байна.
Малын тоо толгой өсч 2014 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 52,0 сая толгой болж, 2013 оныхоос 15,1 хувь буюу 6,8 сая толгойгоор өссөн байна. 2015 оны эхний хагас жилд мал тооллогын урьдчилсан дүнгээр 70,6 сая толгой малтай болсон бөгөөд нийт малын 11,8 хувийг бод мал, 88,2 хувийг бог мал тус тус эзэлж байна.
Цаашид махны нөөцийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх бүрэн боломжтой бөгөөд дотоодын хэрэгцээнд 10,0 сая толгой мал, экспортод 5,6 сая толгой мал буюу нийт 128,5 мянган тонн махыг экспортлох боломж байна. Гэвч хорио цээрийн нөхцөл байдал болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх сул, малчдаас мал худалдан авах бэлэн мөнгө хүрэлцээгүй байгаагаас махны экспорт дээрх хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байна.
Экспортод гаргах махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортод гаргах боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхтай болох, нөгөө талаас 2015 оны зуншлагын байдлыг харгалзан учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөрүүлэх, дотоодын зах зээл дээрх махны үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж, амьжиргааны түвшинг сайжруулах бодлоготой уялдуулан мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх шаардлага гарч байна.
1.2. Хөтөлбөрийн зорилго
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2015 оны 108 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, улирлаас хамаарсан махны үнийн хэлбэлзлийг тогтворжуулах зорилгоор махны нөөц бүрдүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд мал бэлтгэж төхөөрдөг, мах боловсруулдаг болон зоорь бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид зээл олгох дэмжлэг үзүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Хоёр. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
2.1. Хөтөлбөрийн зорилгод хүрэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.2.1. хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
2.2.2. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортоор авах сонирхол бүхий оронтой мах, махан бүтээгдэхүүний олон улсын худалдааны гэрээ, хэлцэл хийж, ариун цэвэр, хорио цээрийн нөхцөл, шаардлагын талаар харилцан тохиролцож, эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.3. хөтөлбөрт оролцогч хуулийн этгээд, арилжааны банкийг сонгон шалгаруулах;
2.2.4. дотоодын болон экспортын махны нөөц бүрдүүлэх;
2.2.5. зах зээлд нийлүүлж байгаа махны үнэ, хангамжийн тогтвортой байдлыг хангах.
Гурав. Хөтөлбөрт оролцогч талууд
3.1. Хөтөлбөрийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж Хөгжлийн банк санхүүжүүлнэ.
3.2. Хөтөлбөрт оролцогч нь дараах этгээд байна:
3.2.1. хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сонгон шалгаруулж гэрээ байгуулсан аж ахуйн нэгж;
3.2.2. Хөгжлийн банкнаас сонгон шалгаруулж дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан арилжааны банк.
3.3. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг:
3.3.1. махны хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах, дотоодын зах зээл дээрх махны үнийн хэт хэлбэлзлээс сэргийлэх зорилгоор удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
3.3.2. агуулахын хүчин чадал, нөөцийн мах худалдаалах байршлыг харгалзан оролцогч аж ахуйн нэгж нэг бүртэй нөөцлөх махны нэр төрөл, тоо хэмжээ, бэлтгэлийн болон худалдаалах хугацааг тохиролцож гэрээ байгуулах;
3.3.3. нөөцийн махны бүрдүүлэлт, хадгалалт, зарцуулалт болон махны чанар, аюулгүй байдалд оролцогч банк болон мэргэжлийн холбоодтой хамтран хяналт тавих;
3.3.4. нөөцийн мах худалдан авах үнийн доод хязгаар болон худалдаалах үнийн дээд хязгаарыг хэрэглэгчийн эрх ашиг, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг харгалзан оролцогч аж ахуйн нэгжтэй тохиролцох;
3.3.5. гэрээ байгуулсан аж ахуйн нэгж олгосон зээлийг зориулалтын бус үйл ажиллагаанд зарцуулсан тохиолдол илэрвэл тухайн аж ахуйн нэгжид зээл олгосон оролцогч банкинд холбогдох мэдээллийг хүргүүлж, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах;
3.3.6. нөөцийн махны борлуулалтын хэмжээ, үнийн талаарх мэдээг гүйцэтгэгчээс гаргуулан авч нэгтгэн сар бүр Хөгжлийн банкинд хүргүүлж, нийтэд мэдээлэх;
3.3.7. Хөгжлийн банк, оролцогч банкуудын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
3.3.8. энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд нөлөөлж болзошгүй бодлогын шийдвэр гаргахдаа Хөгжлийн банктай урьдчилан зөвшилцөх;
3.4. Хөгжлийн банкны чиг үүрэг
3.4.1. хөтөлбөрт оролцогч банкны жагсаалтыг батлах;
3.4.2. энэхүү хөтөлбөрт оролцогч банкинд олгох зээлийн дээд хэмжээ, Хөгжлийн банкнаас тогтоосон хүү болон оролцогч банкны хүүгийн маржины дээд хязгаарыг тогтоож зарлах;
3.4.3. оролцогч банкнаас ирүүлсэн зээлийн хүсэлт, зээлийн хорооны хурлын шийдвэр, өмнө нь авсан зээлийг ашигласан тайлан зэрэг баримтыг үндэслэн тус банкинд хөтөлбөрийн зориулалтаар зээл олгох;
3.4.4. зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан энэхүү хөтөлбөрийн санхүүжилтэд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон оролцогчидтой харилцан зөвшилцөж шийдвэрлэх;
3.4.5. хүнс, хөдөө аж ахуйн ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийн дагуу оролцогч банктай холбоотой асуудлыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн шалгалтыг зохион байгуулах.
3.5. Оролцогч банкны чиг үүрэг
3.5.1. оролцогч аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлт болон энэ хөтөлбөрийн 3.3.2-т заасны дагуу хүнс, хөдөө аж ахуйн ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай байгуулсан гэрээнд тусгагдсан нөөцийн махны нэр төрөл, тоо хэмжээг харгалзан түүнд зээл олгоно. Зээлийг оролцогч аж ахуйн нэгжийн мах бэлтгэсэн байдлыг харгалзан хэсэгчлэн олгох;
3.5.2. зээлийг зориулалтын дагуу зарцуулж байгаа байдал, махны борлуулалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана. Хяналт тавих үйл ажиллагаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулах бөгөөд хяналтын зардлыг оролцогч банкны үйлчилгээний шимтгэлээс санхүүжүүлэх;
3.5.3. оролцогч аж ахуйн нэгж нь зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй бол хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг арилжааны зээлд шилжүүлэн тооцож, зөрүү болон үндсэн зээлийг оролцогч аж ахуйн нэгжээс үл маргах журмаар гаргуулан Хөгжлийн банкинд буцаан төвлөрүүлэх арга хэмжээ авах;
3.5.4. зээлийн санхүүжилтийн тайланг сар бүр гарган хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Хөгжлийн банкинд тус тус хүргүүлэх;
3.6. Оролцогч аж ахуйн нэгжийн чиг үүрэг
3.6.1. олгогдсон зээлийг зөвхөн дотоодод болон экспортод гаргах зориулалтаар махны нөөц бүрдүүлэхэд ашиглах;
3.6.2. нөөцийн махыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хугацаанд бэлтгэсэн байх;
3.6.3. нөөцийн махыг стандартын шаардлагад нийцүүлэн бэлтгэх;
3.6.4. бэлтгэсэн нөөцийн махыг стандартын шаардлага хангасан агуулахад хадгалж, зориулалтын хөргөх камер бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэх;
3.6.5. бэлтгэсэн нөөцийн махыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээнд заасан хугацаа, байршил, тоо хэмжээ, үнийн дагуу худалдаалах.
Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт
4.1. Хөтөлбөрийг 2016-2017 онд 2 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
4.2. Энэ хөтөлбөр батлагдахаас өмнө мал төхөөрөх үйлдвэр, зориулалтын хөргөлттэй агуулахад мах бэлтгэж нөөцөлсөн аж ахуйн нэгжтэй Хүнс, хөдөө аж ахуйн яам махны үнийн тогтвортой байдлын гэрээ байгуулж энэхүү хөтөлбөрт хамруулан санхүүжүүлж болно.
Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн
5.1. Хөтөлбөр хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ:
5.1.1. махны хангамж, нийлүүлэлт сайжирч, малчдын орлого нэмэгдэнэ;
5.1.2. мах, махан бүтээгдэхүүний экспорт өсч, гадаад валютын эх үүсвэр нэмэгдэнэ;
5.1.3. мах, махан бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал хангагдаж улирлаас хамаарсан махны үнийн хэлбэлзэл буурна;
5.1.4. дотоодын мах бэлтгэл, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсч, ажлын байр шинээр бий болно.
---o0o---
Текст томруулах
A
A
A