A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • “ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 28 дугаар
   тогтоолын  хавсралт

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР”
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид “үйлдвэрийн газар” гэх) нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар (цаашид ”дипломат байгууллагууд” гэх)-уудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардлагатай нийтлэг үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий, өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн.

1.2. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөнө.

1.3. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв     байгууллага нь дипломат албаны тухай хууль тогтоомж, Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэр, бодлого, үйл ажиллагаа, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний хүрээнд үйлдвэрийн газрын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. 

1.4. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх бөгөөд аж ахуйн үйл ажиллагааны явцад бий болсон эд хөрөнгө, өөрийн үйл ажиллагааны орлого, санхүүгийн нөөц нь тус байгууллагын үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болно.

1.5. Үйлдвэрийн газраас дипломат байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний үнэ, тарифын жишгийг Гадаад хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталж мөрдүүлнэ.

Хоёр.  Газрын оноосон нэр, оршин байх хаяг

2.1. Үйлдвэрийн газрын оноосон нэр нь “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” төрийн өмчит үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “ДБҮЭГ” ТӨҮГ байна.

2.2. Үйлдвэрийн газрын байршил нь Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-7б, Гадаад хэргийн яамны хоёрдугаар байр байх бөгөөд хаягийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.

Гурав.  Газрын бэлгэдэл, тэмдэг

3.1. Үйлдвэрийн газар нь өөрийн бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.

3.2. Бэлгэдлийн загварыг захирал тушаалаар батлах бөгөөд түүнийг  Оюуны өмчийн газарт бүртгүүлж хэрэглэнэ.

3.3. Газрын албан ёсны шийдвэр, албан бичиг, гэрээ, хэлцлийг газрын захирал, түүний тушаалаар эрх олгосон албан тушаалтан баталгаажуулна.

3.4. Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.

Дөрөв.  Үйлдвэрийн газрын алсын хараа,
            эрхэм зорилго, зорилт

4.1. Үйлдвэрийн газрын алсын хараа нь дипломат байгууллагуудад үзүүлэх үйлчилгээг олон улсын жишигт хүргэхэд оршино.

4.2. Үйлдвэрийн газрын эрхэм зорилго нь олон улсын стандартын түвшинд хүрсэн найдвартай, мэргэшсэн үйлчилгээ бүхий өрсөлдөх чадвартай байгууллага байхад оршино.

4.3. Үйлдвэрийн газар нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:

4.3.1. үйлчлүүлэгчид үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний үр ашигтай, чанартай, хямд өртөг зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах;

4.3.2. үйлчлүүлэгч байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг найдвартай хангах, үйл ажиллагаандаа дэвшилтэт техник, технологи, шилдэг арга барилыг нэвтрүүлэх;

4.3.3. ажлын бүтээмжийг нэмэлдүүлж ашигт ажиллагааг тасралтгүй, үр ашигтай зохион байгуулах замаар өөрийгөө бүрэн санхүүжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу хөтлөх;

4.3.4. ажилтнуудын сурах, хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, тэднийг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах чиглэлээр эрх зүй, зохион байгуулалтын болон бусад шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Тав. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл

5.1. Үйлдвэрийн газар нь чиг үүргээ холбогдох шийдвэр, гэрээ, захиалгын дагуу батлагдсан зардал, норм, стандартын хүрээнд хэрэгжүүлнэ.

5.2. Дипломат байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний журмыг Гадаад хэргийн сайд батална.

5.3. Үйлдвэрийн газар нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар гэрээний үндсэн дээр зарим төрлийн ёслолын үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн засвар, тохижилт, ашиглалтын болон нийтийн хоол, тээврийн үйлчилгээ үзүүлж болно.

5.4. Үйлдвэрийн газар нь эдийн засгийн үр ашиг, мэргэшлийн түвшин, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шаардлага, хүсэлтийг үндэслэн зарим төрлийн үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.       


Зургаа. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн
    эрх, үүрэг

6.1. Үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Долоо. Үйлдвэрийн газрын удирдлага

7.1. Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирал удирдана. Захирлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

7.2. Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

7.3.  Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

7.4. Захирал нь дэргэдээ үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагаас бүрдсэн удирдлагын зөвлөлтэй байж болно. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг захирал батална.

7.5. Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

7.5.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх;

7.5.2. үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж, санхүү, төлбөрийн чадварыг дээшлүүлэх, нэр хүндийг өсгөх талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

7.5.3. ажил, үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;

7.5.4. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын ажилтныг томилох,  хууль болон гэрээнд заасан үндэслэлээр чөлөөлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах;

7.5.5. үйлдвэрийн газрын шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

7.5.6. үйлдвэрийн газрын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, нийтлэг үйлчилгээний чиглэлээр ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;

7.5.7. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

7.6. Захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.

7.7. Захирал өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батална.

7.8. Захирал өөрийн эрх, үүргийг итгэмжлэлийн үндсэн дээр холбогдох албан тушаалтанд түр шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

7.9. Захирал, түүнээс итгэмжлэл олгосон албан тушаалтан нь өөр аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох болон өрсөлдөөнийг хязгаарлах, шударга бус өрсөлдөөнийг дэмжих ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.10. Захирал төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн, шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.

Найм. Үйлдвэрийн газрын хяналт

8.1. Үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд хууль тогтоомжид заасны дагуу хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

8.2. Үйлдвэрийн газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг ерөнхий нягтлан бодогч хэрэгжүүлнэ.

8.3. Үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж ажиллана.

Ес. Үйлдвэрийн газрын санхүүжилт, санхүү,
бүртгэл, тайлан

9.1. Үйлдвэрийн газрын орлого дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:

9.1.1. батлагдсан үнэ, тариф, норматив, гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөр, санхүүжилт;

9.1.2. төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу үзүүлсэн ажил, үйлчилгээний орлого;

9.1.3. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

9.1.4. хууль тогтоомж, энэхүү дүрмээр зөвшөөрсөн бусад ажил, үйлчилгээнээс олсон орлого.

9.2. Үйлдвэрийн газар санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.

9.3. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.

9.4. Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр захирал томилж, чөлөөлнө.

9.5. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудитор сонгон ажиллуулна.

Арав. Үйлдвэрийн газрын санхүүгийн болон
         үйл ажиллагааны тайлан

10.1. Үйлдвэрийн газрын санхүүгийн үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, холбогдох байгууллагад тайлагнана.

10.2. Захирал санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  болон холбогдох бусад байгууллагад үйлдвэрийн газрын тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнг тодорхой тусгасан тайланг улирал бүр хүргүүлэх бөгөөд тайланд дараах зүйлийг тусгана:

10.2.1. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн ажиллагааны талаарх танилцуулга, олгосон санхүүжилтийн тайлан, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүн;

10.2.2. шаардлагатай бусад мэдээлэл, тайлбар.

Арван нэг. Үйлдвэрийн газрын бичиг
                  баримтыг хадгалах


11.1. Үйлдвэрийн газар нь албан хэрэг хадгалалт, бичиг хэргийн нийтлэг журмыг мөрдөн ажиллах бөгөөд дараах бичиг баримтыг хадгална:

11.1.1. үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ, сертификат;

11.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, түүнд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;

11.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, түүнд тусгасан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримт;

11.1.4. барилга, тоног төхөөрөмжийн паспорт, хувийн хэрэг, зураг төсөв, батлагдсан скиз, хөрөнгө оруулалт, их засварын ажлын төсвийн гүйцэтгэл, акт, дүгнэлт, бусад холбогдох баримт бичиг;

11.1.5. үйлчилгээний норм, нормативын баримт бичиг, түүнтэй холбогдох стандарт, дүрэм, журам, заавар, бусад бичиг баримт;

11.1.6. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан шийдвэр;

11.1.7. гэрээ, түүний биелэлттэй холбогдсон баримт бичиг;

11.1.8. шаардлагатай бусад баримт бичиг.

11.2. Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулна.

Арван хоёр. Бусад

12.1. Энэхүү дүрэм болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

---о0о---