A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-39 НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 2-р хавсралт хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 2-р хавсралт хүчингүй болсон/

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

Иргэний нисэхийн дүрэм-39

НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ

 

А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

39.1. Зорилго

(a) Энэ дүрмийн зорилго нь дараах үйл ажиллагаанд холбогдох журмыг тогтооход оршино:

1/агаарын тээвэрлэгч Нислэгт тэнцэх чадвар (цаашид “НТЧ” гэх)-ын удирдамжийг гүйцэтгэх;

2/НТЧ-ын удирдамжид заагдсан шаардлагуудыг өөр арга хэрэгслээр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах.

39.3. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх

(a) Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид “ИНЕГ” гэх)-ын дарга нь энэ дүрмийн 39.52-д заасан шаардлагаас аливаа этгээдийг чөлөөлөхгүй.

39.5. Тодорхойлолт

Нислэгт тэнцэх чадварын удирдамж гэж тодорхой нисэхийн бүтээгдэхүүнд аюултай нөхцөл байдал үүссэн эсхүл аюултай нөхцөл байдал нь ижил загварын бусад бүтээгдэхүүнд үүсэж болзошгүй нөхцөлд эрх бүхий байгууллагаас гаргасан баримт бичгийг;

Нисэхийн бүтээгдэхүүн гэж агаарын хөлгийн аливаа эд ангийг бүрдүүлсэн буюу бүрдүүлэхээр төлөвлөж буй, эсхүл агаарын хөлөгт зориулан хийгдсэн, суурилуулсан буюу суурилуулахаар төлөвлөгдөж буй аливаа зүйлийг. Эдгээрт түлш болон агаарын хөлгийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад ижил төрлийн хэрэглээний материал багтана.

 

Б БҮЛЭГ. НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН УДИРДАМЖ

39.51. Нислэгт тэнцэх чадварын удирдамж гаргах

(а) ИНЕГ-ын дарга нь дараах зүйлийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт, эсхүл түүнд хамаарах бүтээгдэхүүнд зориулсан НТЧ-ын удирдамж гаргана:

1/агаарын хөлөгт, эсхүл нисэхийн бүтээгдэхүүнд аюултай нөхцөл байдал үүссэн ба;

2/аюултай нөхцөл байдал нь ижил загварын бусад агаарын хөлөг болон бүтээгдэхүүнд илрэх эсхүл үүсэх, үргэлжлэх магадлалтай бол.

(б) энэ зүйлийн (a)-ын дагуу гаргасан НТЧ-ын удирдамжид хүчин төгөлдөр болох өдөр болон гүйцэтгэх хугацааг тодорхой зааж өгсөн байна.

39.52. Нислэгт тэнцэх чадварын удирдамжийг гүйцэтгэх

(а) Агаарын тээвэрлэгч нь ИНД-39.55 (а)-д зааснаас бусад тохиолдолд дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд агаарын хөлгөөр аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

1/ИНЕГ-ын даргын гаргасан, тухайн агаарын хөлөгт хамаарах НТЧ-ын удирдамж бүрийг гүйцэтгэсэн байх;

2/хөөрөлтийн зөвшөөрөгдсөн дээд жин нь 5700 кг-аас дээш бүх агаарын хөлөгт дараах НТЧ-ын удирдамжийг гүйцэтгэсэн байна:

2.1/агаарын хөлгийн зохион бүтээгч улсаас гаргасан тухайн агаарын хөлөгт хамаарах НТЧ-ын удирдамж бүрийг; болон

2.2/агаарын хөлөгт ашиглагдаж буй нисэхийн бүтээгдэхүүний зохион бүтээгч улсаас гаргасан хамаарал бүхий НТЧ-ын удирдамж;

3/энэ зүйлийн 1/ болон 2/-т заасан агаарын хөлөгт хамаарах НТЧ-ын удирдамжийг 39.53-ын дагуу ИНЕГ-ын даргын баталсан өөр арга хэрэгслээр гүйцэтгэсэн байх.

(б) ИНЕГ-ын даргаас агаарын хөлөгт яаралтай гүйцэтгэх НТЧ-ын удирдамжийг мэдэгдсэн тохиолдолд тухайн агаарын хөлөг нь Монгол Улсын бүртгэлгүй бол энэ тухай агаарын хөлгийн гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-ын даргад яаралтай мэдэгдэнэ.

(в) НТЧ-ын удирдамжийн гүйцэтгэлийн мэдээг удирдамжийг гүйцэтгэж дууссанаас хойш 7 хоногийн дотор, яаралтай удирдамжийн гүйцэтгэлийн тайлан мэдээг гүйцэтгэж дууссанаас хойш 3 хоногийн дотор ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

(г) НТЧ-ын удирдамжийг гүйцэтгэхээр төлөвлөсөн тухай мэдээг тухайн НТЧ-ын удирдамжийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

39.53. НТЧ-ын удирдамжийн гүйцэтгэлийн өөр арга хэрэгсэл

(а) ИНД-39.52 (a)-ийн 1/ болон 2/-т заасан агаарын хөлгийн эзэмшигч нь НТЧ-ын удирдамжийн шаардлагуудыг биелүүлэх зорилгоор тухайн НТЧ-ын удирдамжид зааснаас өөр арга хэрэгслээр гүйцэтгэх тохиолдолд зөвшөөрөл авахаар ИНЕГ-ын даргад хандаж болно.

(б) Энэ зүйлийн (a)-ийн дагуу өөр арга хэрэгслээр НТЧ-ын удирдамжийг гүйцэтгэхээр зөвшөөрөл авах өргөдөл гаргагч нь:

1/ИНЕГ-39/01 маягтыг бөглөж төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

(в) НТЧ-ын удирдамжид заасан шаардлагуудад тэнцэхүйц, ижил хэмжээний аюулгүй ажиллагааны түвшинг хангасан гэж үзсэн тохиолдолд НТЧ-ын удирдамжийн гүйцэтгэлийн өөр арга хэрэгслийг ИНЕГ-ын дарга зөвшөөрч болно.

39.55. НТЧ-ын удирдамжийн гүйцэтгэлийг хойшлуулах

(а) Хэрэв НТЧ-ын удирдамжид шаардсаны дагуу дараалсан үзлэгийг агаарын хөлөг эсхүл түүнд суурилуулсан нисэхийн бүтээгдэхүүнд хийх тохиолдолд Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн гэрчилгээ эзэмшигч нь НТЧ-ын удирдамжид тусгайлан хориглоогүй бол, анх удаа хийгдэх үзлэгээс бусад тохиолдолд тухайн НТЧ-ын удирдамжид заасан хугацааг хуваарьт техник үйлчилгээнээс бусад үзлэгийн үед үечлэлийг 10 хувиар хойшлуулж болно.

39.57. НТЧ-ын удирдамж нь бусад НТЧ-ын хадгалалтын зааварчилгаатай зөрчилдөх

(а) Хэрэв НТЧ-ын удирдамжид заасан шаардлагууд нь агаарын хөлгийн бусад НТЧ-ын хадгалалтын зааварчилгаатай зөрчилдөх тохиолдолд тухайн НТЧ-ын удирдамжид заасан шаардлагууд нь давуу эрхтэй.

39.59. НТЧ-ын удирдамжийг түгээх

(а) ИНЕГ-ын дарга нь:

1/НТЧ-ын удирдамжийг гаргасан өдрөөс хойш 14 хоногийн дотор тээвэрлэгчид хүргүүлнэ;

2/НТЧ-ын яаралтай гүйцэтгэх удирдамжийг түүнд хамааралтай агаарын хөлгийг ашиглагч буюу тээвэрлэгчид захидал, факс болон бусад мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар түргэн хугацаанд илгээнэ.

(б) НТЧ-ын яаралтай удирдамж хүлээн авагч этгээдэд хамааралгүй бол зохих хамаарал бүхий ашиглагч буюу тээвэрлэгчид яаралтай дамжуулна.

 

 

--- о0о ---