A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-47 АГААРЫН ХӨЛГИЙН БҮРТГЭЛ, ТАНИХ ТЭМДЭГ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 3-р хавсралт хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 3-р хавсралт хүчингүй болсон/

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-47

АГААРЫН ХӨЛГИЙН БҮРТГЭЛ, ТАНИХ ТЭМДЭГ

 

А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

47.1. Зорилго

(а) Энэ дүрмийн зорилго нь агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэх, Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг олгох, таних тэмдгийг байрлуулахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.

47.3. Тодорхойлолт

Агаараас хөнгөн агаарын хөлөг гэж өөрийн хөвөгч чадвараар агаарт тогтож чадах аливаа агаарын хөлгийг;

Агаараас хүнд агаарын хөлөг гэж нислэгийн үед аэродинамик хүчний үйлчлэлийн үндсэн дээр өргөх хүч үүсгэж нислэг үйлдэх аливаа төхөөрөмжийг;

Бүртгэгч улс гэж агаарын хөлгийг бүртгэлдээ авсан улсыг;

Планер гэж тухайн нислэгийн нөхцөлд хөдөлгөөнгүй байрлах гадаргуу дээр аэродинамикийн харилцан үйлчлэлийн үндсэн дээр өргөх хүч нь үүсэж, агаарт тогтох, хөдөлгүүргүй, агаараас хүнд агаарын хөлгийг;

Чикагогийн конвенци гэж 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенци болон түүний Хавсралтуудыг.

 

Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН БҮРТГЭЛ, БҮРТГЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ

47.51. Агаарын хөлгийн бүртгэл, бүртгэлийн гэрчилгээнд тавигдах шаардлага

(а) Энэ зүйлийн (б) хэсэгт зааснаас бусад тохиолдолд, Монгол Улс руу, Монгол Улсаас, Монгол Улсын нутаг дэвсгэрт, эсхүл Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэх агаарын хөлөг нь дор дурдсан эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээтэй байна:

1/Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид “ИНЕГ”-ын гэх)-ын даргаас; эсхүл

2/Чикагогийн конвенцийн Хэлэлцэн тохирогч улсын эрх бүхий байгууллагаас; эсхүл

3/Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулсан болон Монгол Улсын ИНЕГ-ын даргаас харилцан хүлээн зөвшөөрсөн бусад улсын эрх бүхий байгууллагаас тус тус олгосон.

(б) Энэ зүйлийн (а) хэсгийн заалт нь дараах агаарын хөлөгт хамаарахгүй:

1/ИНД-148-ийн дагуу гэрчилгээжсэн үйлдвэрлэгчийн шинээр үйлдвэрлэсэн, шалгах нислэг үйлдэх зорилгоор ИНД-21-ийн дагуу тусгай нислэгийн зөвшөөрөл олгогдсон агаарын хөлөг;

2/ИНД-101, ИНД-105 болон ИНД-106-д заасан нисэх төхөөрөмж буюу агаарын хөлгүүд.

(в) Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийг Монгол Улсад бүртгэхгүй.

47.53. Агаарын хөлгийг бүртгүүлэх өргөдөл

(а) Агаарын хөлгийг бүртгүүлэхээр өргөдөл гаргагч (цаашид “Өргөдөл гаргагч” гэх) нь тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигч эсхүл тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байна.

(б) Өргөдөл гаргагч нь дараах мэдээллийг ИНЕГ-047/01 маягтын дагуу ИНЕГ-ын даргад ирүүлэх ба өргөдөлд төлбөрийн баримтыг хавсаргасан байна:

1/агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэлийн дугаар, үйлдвэрлэгчийн талаарх мэдээлэл;

2/энэ зүйлийн (а) хэсэгт заасан Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн нэр, хаяг;

3/агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигчтэй холбоотой мэдээлэл.

(в) ИНЕГ-ын дарга нь шаардлагатай гэж үзвэл өргөдөл гаргагчаас дор дурдсан баримтуудыг шаардаж болно:

1/агаарын хөлгийн маяг, үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн дугаарыг нотлох баримт;

2/энэ зүйлийн (а) хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийг тодорхойлох нотлох баримт;

3/энэ зүйлийн (а) хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдээс тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигч мөн болохыг тодорхойлсон баримт.

47.55. Агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлийн гэрчилгээ олгох

(а) ИНЕГ-ын дарга нь дор дурдсан шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийн агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгэж, Агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээ (цаашид “Бүртгэлийн гэрчилгээ” гэх) олгоно:

1/тухайн агаарын хөлөг нь өөр улсад бүртгэлгүй байх;

2/энэ дүрмийн 47.53-ын (б)-д заасан шаардлагыг хангасан байх;

3/ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзсэн, энэ дүрмийн 47.53-ын (в) хэсэгт заасан нотлох баримт болон хуулийн этгээдээс тухайн агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигч мөн болохыг тодорхойлсон баримт нь хүлээн зөвшөөрөхүйц байх;

4/агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эсхүл эзэмшигч нь эрх зүйн чадвартай байх;

5/бүртгэлийн гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагааны эрх ашигт харшлахгүй байх.

(б) ИНЕГ-аас шаардлага хангасан гэж үзвэл энэ зүйлийн (а)-д заасны дагуу бүртгэлийн гэрчилгээ олгож, Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд дараах мэдээллийг оруулна:

1/агаарын хөлгийг бүртгэсэн он, сар, өдөр;

2/өргөдөлд дурдсан агаарын хөлгийн талаарх тодорхойлолт болон хамаарах мэдээлэл;

3/агаарын хөлгийн хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн нэр, хаяг;

4/энэ дүрмийн 47.103-т заасны дагуу ИНЕГ-ын даргаас агаарын хөлөгт олгосон бүртгэлийн таних тэмдэг;

5/хамааралтай бол энэ дүрмийн 47.104-д заасны дагуу зөвшөөрөгдсөн, агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээний тодорхойлолт.

(в) ИНЕГ-ын дарга шаардлагатай гэж үзвэл агаарын хөлгийг тодорхой хугацаагаар бүртгэж болно.

47.57. Агаарыг хөлгийн эзэмшигч солигдох

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийг өмчлөх, эзэмших эрхээ зогсоосон эсхүл бусдад шилжүүлсэн тохиолдолд эрх дуусгавар болсон өдрөөс эхлэн агаарын хөлгийн Бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно.

(б) Энэ зүйлийн (а)-гийн дагуу агаарын хөлгийг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авч буй этгээд нь бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор ИНЕГ-047/03 маягтыг бөглөж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

47.59. Нөөц

47.61. Бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний мэдээлэлд нөлөөлөхүйц өөрчлөлт оруулах тохиолдолд энэ тухайгаа ажлын 5 өдөрт багтаан ИНЕГ-ын даргад мэдэгдэнэ.

(б) Хэрэв энэ зүйлийн (а)-гийн дагуу мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд, ИНЕГ нь агаарын хөлгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд шаардлагатай өөрчлөлтийг оруулах эсхүл хүчингүй болгож гэрчилгээг дахин шинэчлэн олгоно.

47.63. Бүртгэлийн гэрчилгээг нөхөн олгох

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд гэрчилгээг нөхөн олгох тухай хүсэлт гаргана:

1/Бүртгэлийн гэрчилгээг алдаж үрэгдүүлсэн; эсхүл

2/Бүртгэлийн гэрчилгээг гэмтээсэн, эсхүл гэрчилгээний бичилт бүдгэрч арилсан.

(б) Бүртгэлийн гэрчилгээ нөхөн олгуулахаар хүсэлт гаргагч нь ИНЕГ-047/01 маягтыг бөглөж, төлбөрийн баримт, гэмтсэн болон алдаж үрэгдүүлсэн болохыг нотлох баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

47.65. Бүртгэлийн гэрчилгээний хугацаа

(а) Бүртгэлийн гэрчилгээ нь дор дурдсанаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна:

1/энэ дүрмийн 47.57-ийн дагуу гэрчилгээ хүчингүй болсон; эсхүл

2/ИНЕГ-ын дарга гэрчилгээг түдгэлзүүлэх буюу хүчингүй болгох хүртэл.

(б) Бүртгэлийн гэрчилгээг аюулгүй ажиллагааны шаардлагын үүднээс түдгэлзүүлсэн нөхцөлд гэрчилгээ эзэмшигч холбогдох зөвшөөрөл болон цаашид авах арга хэмжээнд зориулан ажлын 5 өдөрт багтаан гэрчилгээг ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

(в) Бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон, эсхүл гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийг хууль ёсоор өмчлөх, эзэмших эрх дуусгавар болсон нөхцөлд ажлын 5 өдөрт багтаан гэрчилгээг ИНЕГ-ын даргад хураалгана.

47.67. Агаарын хөлгийн тухай мэдүүлэг

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд агаарын хөлгийн тухай мэдүүлгийг ИНЕГ-ын даргад ирүүлнэ:

1/агаарын хөлгийг ашиглалтаас хассан, удаан хугацаагаар ашиглалтаас чөлөөлсөн, эсхүл агаарын хөлөг осолдож сүйрсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор; эсхүл

2/агаарын хөлгийг өөр улсад бүртгүүлэх бол.

(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасны дагуу гаргах мэдүүлэг нь доорх шаардлагыг хангасан байна:

1/бичгээр үйлдсэн байх;

2/нөхцөл шалтгааны талаар тодорхой тайлбарласан;

3/бүртгэлийн гэрчилгээг хавсаргасан;

4/гэрчилгээ эзэмшигч гарын үсэг зурж баталгаажуулсан.

47.69. Агаарын хөлгийн бүртгэлийг хүчингүй болгох

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар ИНЕГ-ын даргад хүсэлт гаргах хүртэл тухайн агаарын хөлгийн бүртгэл хүчинтэй хэвээр хадгалагдана.

(б) ИНЕГ-ын дарга дараах тохиолдолд агаарын хөлгийн Бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож улсын бүртгэлээс хасна:

1/агаарын хөлөг осолдож сүйрсэн; эсхүл

2/агаарын хөлөг ашиглалтаас гарсан; эсхүл

3/агаарын хөлгийг өөр улсад бүртгүүлэхээр болсон.

47.71. Агаарын хөлгийн харьяалал

(а) Агаарын хөлгийг энэ дүрмийн 47.55-ын (а) хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн бол уг агаарын хөлөг нь Монгол Улсын харьяалалтай байна.

 

В БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТАНИХ ТЭМДЭГ

47.101. Таних тэмдэгт тавигдах шаардлага

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (б), (в) болон (г) хэсгүүдэд зааснаас бусад тохиолдолд үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг, таних пайзыг дор дурдсаны дагуу агаарын хөлөгт байрлуулна:

1/бүртгэлийн таних тэмдгийг энэ дүрмийн 47.103-т заасны дагуу;

2/үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг 47.109-47.117-т тус тус заасны дагуу; таних пайзын байршлыг 47.119-д заасны дагуу.

(б) Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй дараах агаарын хөлөгт үндэсний таних тэмдгийг байрлуулахгүй байж болно:

1/ 5700 кг буюу түүнээс доош хөөрөлтийн жинтэй онгоц;

2/нисдэг тэрэг;

3/хөдөлгүүртэй, хөдөлгүүргүй планер;

4/хүнтэй хийн бөмбөлөг;

5/ИНД-21-ийн Е бүлгийг үндэслэн олгосон тусгай ангиллын Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээний дагуу ашиглагдаж буй онгоц.

(в) Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй
агаарын хөлгийн будган зураглал ба тэмдэглэгээ нь 47.104-т заасны дагуу зөвшөөрөгдсөн бол 47.103-т заасны дагуу үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг байрлуулахгүй байж болно.

(г) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн зөвшөөрөгдсөн будган
зураглал болон тэмдэглэгээг энэ дүрмийн 47.109-д заасны дагуу агаарын хөлөгт байрлуулж, бататгасан байна.

47.103. Үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг

(а) Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн үндэсний таних тэмдэг нь “JU” гэсэн хоёр үсгээс бүрдэх ба үсгүүдийг томоор бичнэ.

(б) Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн бүртгэлийн таних тэмдэг нь 4 (дөрөв) тооноос бүрдэх ба үндэсний таних тэмдгээс зураасаар тусгаарлагдсан байна.

(в) Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн бүртгэлийн таних тэмдгийг ИНЕГ-ын дарга олгоно.

47.104. Агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээг баталгаажуулах

(а) ИНД-21-ийн Е бүлгийн дагуу олгосон тусгай ангиллын туршилтын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөгт энэ дүрмийн 47.103-т заасан үндэсний болон бүртгэлийн таних тэмдгээс өөр, танигдахуйц будган зураглал, тэмдэглэгээг байрлуулах тохиолдолд ИНЕГ-ын даргаас зөвшөөрөл авна.

(б) ИНД-21 -ийн Е бүлгийн дагуу олгосон стандарт, эсвэл хязгаарлагдмал ангиллын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлөг буюу хэт хөнгөн агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөгт энэ дүрмийн 47.103-т заасан үндэсний болон бүртгэлийн таних тэмдгээс өөр танигдахуйц будган зураглал, тэмдэглэгээг байрлуулах тохиолдолд ИНЕГ-ын даргаас зөвшөөрөл авна.

(в) Өргөдөл гаргагч нь агаарын хөлөгт будган зураглал, тэмдэглэгээг байрлуулах тохиолдолд ИНЕГ-047/04 маягтыг бөглөж, төлбөрийн баримт болон дараах зүйлсийн хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ:

1/агаарын хөлөгт ИНЕГ-ын даргаас олгосон үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг;

2/санал болгож буй агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээний тодорхойлолт /бичгээр/;

3/агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээг 3 талын проекцоор харуулсан өнгөт шугам зураг, фото зураг, эсвэл эскиз;

4/ИНЕГ-ын даргаас шаардлагатай гэж үзвэл агаарын хөлөгт хамаарах нэмэлт мэдээллийг гэрчилгээ эзэмшигчээс шаардаж болно.

(г) Агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээний харагдац нь ижил загварын болон бусад агаарын хөлгөөс тод ялгагдаж байгаа нөхцөлд энэ зүйлийн (а) болон (б) хэсгүүдэд хамаарах агаарын хөлөгт ИНЕГ-ын даргаас зөвшөөрөл олгож болно.

(д) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (г) хэсэгт заасны дагуу зөвшөөрөгдсөн будган зураглал болон тэмдэглэгээг агаарын хөлөг дээр байршуулсныг бататгахаар агаарын хөлгийн 3 талын проекцийг харуулсан өнгөт фото зургийг ИНЕГын даргад ирүүлнэ.

47.105. Агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээний бүртгэл

(а) Энэ дүрмийн 47.104-д заасны дагуу зөвшөөрөгдсөн, агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээг энэ дүрмийн 47.55-ын (б) хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэний агаарын хөлгийн бүртгэлд оруулна.

47.106. Агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээг өөрчлөх

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн зөвшөөрөгдсөн будган зураглал болон тэмдэглэгээг өөрчлөх тохиолдолд энэ дүрмийн 47.104-д заасны дагуу ИНЕГ-ын даргад хүсэлт гаргана.

(б) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн 47.104-д заасны дагуу зөвшөөрөгдсөн будган зураглал болон тэмдэглэгээг цаашид ашиглахгүй тохиолдолд энэ тухайгаа ИНЕГ-ын даргад бичгээр мэдэгдэж энэ дүрмийн 47.101-т шаардсан үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг агаарын хөлөгтөө байрлуулна.

47.107. Бүртгэлийн таних тэмдгийг нөөцлөх

(а) Аливаа этгээд нь өөрийн өмчлөл, эсхүл эзэмшилд байгаа агаарын хөлгийг Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд бүртгэлийн таних тэмдгийг нөөцлүүлэх хүсэлтээ ИНЕГ-ын даргад гаргаж болно.

(б) Бүртгэлийн таних тэмдгийг нөөцлөх тухай хүсэлтийг дор дурьдсанаас бусад тохиолдолд 24 сараас дээшгүй хугацаагаар хадгална:

1/тухайн бүртгэлийн таних тэмдгийг өөр агаарын хөлөгт олгоогүй буюу нөөцлөөгүй бол;

2/тухайн бүртгэлийн таних тэмдгийг ашиглахад тохирохгүй гэж ИНЕГ-ын дарга үзээгүй бол.

(в) Энэ зүйлийн (б) хэсэгт заасны дагуу нөөцөлсөн бүртгэлийн таних тэмдгийг, хүсэлт гаргасан этгээдийн өөрийнх нь хүсэлтээр бусдад шилжүүлж болно.

47.108. Бүртгэлийн таних тэмдгийг өөрчлөх

(а) Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээнд заасан бүртгэлийн таних тэмдгийг өөрчлөх хүсэлтээ ИНЕГ-ын даргад гаргаж болно.

(б) Хүсэлт гаргагч нь бүртгэлийн таних тэмдэг өөрчлөх өргөдөлд төлбөрийн баримт болон дараах зүйлсийг хавсарган ИНЕГ-ын даргад ирүүлнэ:

1/бүртгэлийн гэрчилгээ;

2/шинээр авах бүртгэлийн таних тэмдгийн санал.

(в) ИНЕГ-ын дарга нь энэ зүйлийн (б) хэсэгт заасан өргөдлийг хүлээн авсан тохиолдолд, тухайн агаарын хөлөгт олгосон бүртгэлийн таних тэмдгийг хүчингүй болгож, шинээр бүртгэлийн таних тэмдэг олгох асуудлыг шийдвэрлэнэ.

(г) ИНЕГ-ын даргаас энэ зүйлийн (в) хэсэгт заасны дагуу бүртгэлийн шинэ таних тэмдгийг агаарын хөлөгт олгосон тохиолдолд Монгол Улсын агаарын хөлгийн бүртгэлд холбогдох өөрчлөлтийг оруулна.

47.109. Таних тэмдгийн харагдац

(а) Энэ дүрмийн 47.101-т шаардсан үндэсний болон бүртгэлийн таних тэмдгийг, эсвэл 47.104-д заасан зөвшөөрөгдсөн, агаарын хөлгийн будган зураглал болон тэмдэглэгээг дараах шаардлагын дагуу агаарын хөлөгт байрлуулна:

1/гадны аливаа нөлөөнд хялбар гэмтэж арилахгүй будгаар будаж, эсхүл тусгай зориулалтын материалаар хийж агаарын хөлөгт бэхлэнэ;

2/агаарын хөлгийн хийц загварын онцлогоос хамааран хамгийн тохиромжтой хэсэгт ил харагдахуйц газар байрлуулах; ба

3/таних тэмдэг нь тод харагдахуйц байна;

4/үсэг, тоо болон холбоос зураас бүр нь ижил өнгөтэй байх бөгөөд суурь гадаргуугаас тод ялгарсан байна.

47.111. Агаараас хөнгөн агаарын хөлөгт таних тэмдгийг байрлуулах

(а) Дирижаблийн их биенд таних тэмдгийг байрлуулахдаа энэ дүрмийн 47.101-ийн (а)д шаардсаны дагуу их биений хамгийн урт хэсэгт, эсхүл гадаргуугийн хоёр талд болон гадаргуугийн дээд хэсгийн тэгш хэмийн шугамд уртааш нь байрлуулна.

(б) Дирижаблийн стабилизаторын гадаргуу дээр таних тэмдгийг дараах байдлаар байрлуулна:

1/хэвтээ стабилизатор дээр таних тэмдгийг, баруун талын дээд гадаргууд болон зүүн талын доод гадаргууд, тоо ба үсгийн орой урагш чиглэсэн байдлаар;

2/босоо стабилизатор дээр таних тэмдгийг, стабилизаторын хоёр талын доод хэсгийн хагаст, тоо болон үсгийн орой дээш чиглэсэн байдлаар тус тус байрлуулна.

(в) Бөмбөрцөг хэлбэрт хийн бөмбөлөгийн таних тэмдгийг энэ дүрмийн 47.101-ийн (а)-д шаардсаны дагуу бөмбөрцөгийн тойргийн хамгийн урт хэвтээ тэнхлэгийн хэсэгт болон диаметрийн голч шугамын дагуу эсрэг хоёр талд байрлуулна.

(г) Бөмбөрцөг бус хэлбэрт хийн бөмбөлөгийн таних тэмдгийг энэ дүрмийн 47.101-ийн (а)-д шаардсаны дагуу сагсны татлага олсыг бөмбөлөгт бэхлэх хэсгийн дээд талд, эсвэл бөмбөлөгийн доод бүслүүр хэсгийн дээр байрлуулах ба бөмбөлөгийн хамгийн урт хөндлөн огтлолын шугамын ойролцоо тал бүрд нь байрлуулсан байна.

47.113. Агаараас хүнд агаарын хөлөгт таних тэмдгийг байрлуулах

(а) Энэ зүйлийн (в) болон (г) хэсгүүдэд зааснаас бусад, хөдөлгүүртэй, хөдөлгүүргүй планер болон онгоцны таних тэмдгийг энэ дүрмийн 47.101-ийн (а)-д шаардсаны дагуу дараах байдлаар байрлуулна:

1/далавчинд байрлуулахдаа далавчны доод гадаргууг дагуулан байрлуулна. хэрэв таних тэмдгийг далавчны доод гадаргууд бүхэлд нь байрлуулах боломжгүй бол зүүн хагаст нь байрлуулна. Таних тэмдгийг далавчны урд, хойд хэсгийн хооронд ижил хэмжээнд, үсэг болон тоон тэмдэглэгээний орой нь далавчны урд хэсэг рүү чиглэсэн байдлаар (давхар далавчтай агаарын хөлгийн хувьд “далавч” гэснийг доод далавч гэсэн утгаар ойлгоно);

2/их биенд байрлуулахдаа, далавч болон сүүлний хэсгийн хооронд их биений хоёр талд, эсвэл сүүлний босоо хэсгийн дээд хагаст байрлуулна. Хэрэв нэг босоо сүүлтэй бол сүүлний 2 талд, олон босоо сүүлтэй бол захын босоо сүүлний гадна талуудад.

(б) Энэ зүйлийн (в) хэсэгт зааснаас бусад тохиолдолд болон нисдэг тэрэгний таних тэмдгийг энэ дүрмийн 47.101-ийн (а) хэсгийн 1/-д шаардсаны дагуу, ил харагдахуйц газар дараах байдлаар байрлуулна:

1/их биений, эсвэл нисэх багийн бүхээгийн гадна доод гадаргууд;

2/нисдэг тэрэгний гадна хоёр талд тэгш хэмтэй.

(в) Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй бага оврын онгоц болон хөдөлгүүртэй, хөдөлгүүргүй планерын далавчны доод гадаргууд таних тэмдэг байрлуулахгүй байж болно.

(г) Агаарын хөлгийн тогтоосон хэсгүүдэд энэ дүрмийн 47.117-т заасан хэмжээгээр таних тэмдгийг байрлуулах боломжгүй бол ИНЕГ-ын даргаас зөвшөөрсөн хэсэгт байрлуулна.

47.115. Таних тэмдгийн тодорхойлолт

(а) Агаарын хөлгийн үндэсний болон бүртгэлийн таних тэмдгүүд нь ямар нэг чимэглэл, хээ угалзгүй, латин том үсэг болон араб тооноос бүрдэнэ.

(б) Үсэг, тоо бүрийн өргөн болон холбоос зураасны урт нь үсэг буюу тооны өндрийн гуравны хоёртой тэнцүү байна.

(в) Үсэг, тоо буюу холбоос зураас бүрийн хоорондын зай нь үсэг, тооны өргөний дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээнээс багагүй зайгаар тусгаарлагдсан байна.

(г) Үсэг, тоо болон холбоос зураас нь таних тэмдгийн өндрийн зургааны нэгтэй тэнцэх өргөн бүхий үргэлжилсэн шугамаар бичигдсэн байна.

47.117. Таних тэмдгийн хэмжээ

(а) Үндэсний болон бүртгэлийн таних тэмдгүүд нь ижил өндөртэй бичигдэх ба байрлуулах гадаргууны захаас 50 мм-ээс доошгүй зайд байна.

(б) Энэ зүйлийн (в) хэсэгт зааснаас бусад тохиолдолд агаарын хөлгийн таних тэмдгийн өндөр нь 500 мм-ээс доошгүй байна.

(в) Агаараас хүнд агаарын хөлөгт 500 мм-ийн өндөртэй таних тэмдгийг байрлуулах боломжгүй бол, 150 мм-ээс доошгүй өндөртэй таних тэмдэг байрлуулахыг ИНЕГ-ын дарга зөвшөөрч болно.

(г) Таних тэмдгийн өндөр нь далавчинд 500 мм-ээс, их бие болон босоо сүүлний хэсэгт 300 мм-ээс доошгүй байна.

47.119. Таних пайз

(а) Энэ дүрмийн 47.101-ийн (а)-д шаардсан таних пайзанд үндэсний болон бүртгэлийн
таних тэмдгийг сийлж дүрслэх, цохиж шигтгэх, эсхүл хэвэнд цутгаж суулгасан байна.

(б) Таних пайз нь дараах шаардлагыг хангасан байна:

1/физик шинж чанараараа галд тэсвэртэй металл буюу материалаар хийгдсэн байна;

2/агаарын хөлөг рүү орох гол хаалганы ойролцоо, ил харагдахуйц газарт бэхлэгдсэн байх ба 90x50 мм-ээс доошгүй хэмжээтэй байна.

47.121. Хориглох зүйл

(a) Энэ дүрмийн дагуу агаарын хөлөгт байрлуулсан үндэсний ба бүртгэлийн таних тэмдэг, будган зураглал болон бэлэгдлийг зөвшөөрөлгүй өөрчлөх буюу тэдгээртэй адил төстэй тэмдэг, тэмдэглэгээг Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлөгт байрлуулахыг хориглоно.

 

 

--- о0о ---