A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-73 ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 1-р хавсралт хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 5-р хавсралт хүчингүй болсон/

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны

өдрийн 160 дугаар тушаалын тавдугаар хавсралт

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-73

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙ

 

А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

73.1. Зорилго

(a) Энэ дүрмээр ИНД-71-д тогтоосноос бусад, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зай болон Монгол Улсын олон улсын гэрээгээр үүрэг хүлээх агаарын зайг тусгай зориулалтаар ашиглах горим тогтоохтой холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

73.3. Тодорхойлолт

 Тусгай зориулалтаар ашиглах агаарын зай гэж нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд тусгай нөхцөлтэйгээр ашиглахад зориулан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай (аюултай бүс, хязгаарлалттай бүс, хориотой бүс, цэргийн зориулалтын бүс, аэродромын хөдөлгөөний бүс, түр ашиглах бүс )-г;

 Аюултай бүс гэж тусгайлан заасан хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

 Хязгаарлалттай бүс гэж агаарын хөлгийн нислэгийг хязгаарлах зорилгоор тогтоосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

 Хориотой бүс гэж агаарын хөлгийн нислэгийг хориглосон, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

 Цэргийн зориулалтын бүс гэж цэргийн үйл ажиллагаа явуулахад зориулан тогтоосон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

 Аэродромын хөдөлгөөний бүс гэж аэродром орчмын агаарын зайд нислэгийн аюулгүй ажиллагааг ханган, агаарын хөлгүүд газар дээр болон агаарт шилжих хөдөлгөөн хийхэд зориулагдан тогтоогдсон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;

 Түр ашиглах бүс гэж иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагыг харгалзсаны үндсэн дээр тодорхой хугацаагаар тогтоогдсон, өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг тус тус хэлнэ.

73.5. Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэл

(а) Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид “ИНЕГ” гэх) нь тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоохдоо Засгийн газрын 2007 оны 358 дугаар тогтоолоор баталсан “Агаарын зайг нисэхэд ашиглах ерөнхий журам”-ын 2.2 дахь заалтыг үндэслэнэ.

(б) ИНЕГ нь энэ зүйлийн (a)-д заасны дагуу тогтоосон агаарын зайг Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлд оруулна.

(в) Монгол Улсын Агаарын навигацийн бүртгэлд тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайн холбогдолтой дараах мэдээллүүдийг оруулна:

1/тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн тодорхойлолт;

2/тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн хүчинтэй хугацаа;

3/тухайн агаарын зайд ашиглах радио долгион болон нэвтрүүлгийн давтамж;

4/шаардлагатай бусад мэдээлэл.

73.7. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоосон тухай мэдээлэх

(а) Тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зай нь энэ зүйлийн (б) заалтын дагуу мэдээлэх хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

(б) ИНЕГ нь тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоосон тухай, мөн түүний хүчинтэй хугацааг энэ дүрмийн 73.63-т зааснаас бусад тохиолдолд AIP болон NOTAM-аар мэдээлнэ.

73.9. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн дүрслэл, тайлбар

(а) Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тодорхойлохдоо хэвтээ хавтгайд:

1/газар зүйн байршлын солбилцлыг градус, минутаар;

2/дараах аль нэг хосолборын хувьд:

2.1/газар зүйн байршлын тодорхой дүрслэгдсэн байнгын шугамуудаар;

2.2/газар зүйн байршлын солбилцлыг тойруулан тодорхойлсон радиусын тойрог, эсхүл тойргийн тодорхой хэсгээр;

2.3/газар зүйн өргөрөгийн зэрэгцээ хоёр шугамаас бусад, хоёр цэгийг холбосон их тойргийн шугамуудаар;

2.4/газар зүйн солбилцлыг холбосон шугамуудаар.

(б) Тогтоогдсон агаарын зайн босоо хязгаарыг далайн түвшнээс авсан өндөр буюу нислэгийн цуваагаар тодорхойлно.

(в) Хэрэв өөрөөр заагаагүй бол тогтоогдсон агаарын зайн босоо хязгаарын өндөр буюу нислэгийн цувааг тухайн агаарын зайд багтааж болно.

(г) Энэ бүлгийн дагуу тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайг ялгахын тулд үсгийн дарааллаар, давхардуулалгүй тэмдэглэнэ.

(д) Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайн тоон болон үсгэн тэмдэглэгээний хэрэглээг цуцалсан тохиолдолд доод тал нь нэг жилийн хугацаанд тухайн тэмдэглэгээг дахин ашиглахгүй.

73.11. Хяналт

(a) Тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зайг цаашид тухайн зориулалтаар нь ашиглах шаардлага байгаа эсэхийг тодруулах зорилгоор ИНЕГ-аас хоёр жил тутам хянаж байна.

73.13. Тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоох зарчим

(а) ИНЕГ-аас тусгай зориулалтаар ашиглах агаарын зай, бүсүүдийг тогтоохдоо энэ дүрмийн Б бүлгийн заалтыг баримтална.

(б) ИНЕГ-аас тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоохдоо холбогдох байгууллагуудтай тохиролцсон байна.

 

Б БҮЛЭГ. ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ

73.51. Ерөнхий зүйл

(а) ИНЕГ-аас нисэхийн аюулгүй ажиллагаа болон нийтийн эрх ашгийг харгалзсаны үндсэн дээр, шаардлагатай гэж үзвэл энэ дүрмийг баримтлан агаарын зайг тусгай зориулалтаар ашиглахаар тогтоож болно.

(б) ИНЕГ нь тусгай зориулалтаар ашиглах агаарын зайг тогтоохдоо төлөвлөж буй үйл ажиллагааных нь цар хүрээг харгалзан тухайн үйл ажиллагаанд шаардагдах хэмжээний, эсхүл байж болох хамгийн бага хэмжээгээр хуваарилах зарчмыг баримтална.

(в) Тусгай зориулалтаар ашиглахаар тогтоосон агаарын зай нь үсгэн болон тоон тэмдэглэгээтэй байх бөгөөд тухайн агаарын зайн талаарх нарийвчилсан мэдээллийг ИНЕГ-аас зарлан нийтэлсэн байна.

(г) Тухайн бүсэд хамааралтай бүх мэдээ, мэдээлэлд тухайн бүсийн үсгэн болон тоон тэмдэглэгээг тусгана.

(д) Хориотой, хязгаарлагдсан эсхүл аюултай бүсүүдийг тогтоохдоо тэдгээр нь бусдад ойлгогдохуйц энгийн дүрс хэмжээсээр хязгаарлагдсан, аль болох бага хэмжээтэй байна.

73.53. Аюултай бүс

(а) ИНЕГ нь тухайн бүсэд агаарын хөлөг нислэг үйлдэхэд аюултай гэдгийг мэдэгдэх зорилгоор агаарын зайн тодорхой хэсгийг “аюултай бүс” гэж тогтоож болно.

(б) ИНЕГ нь аюултай бүс тус бүрийн:

1/аюулын төрлийг тодорхойлно;

2/шаардлагатай гэж үзвэл энэ бүсэд үйл ажиллагаа эрхлэх этгээдийг тодорхойлно;

3/агаарын зайг ZMD гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр D үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.

(в) Энэ зүйлийн (б)-гийн 2/-т дурдсан этгээд нь аюултай бүсэд үйл ажиллагаа явуулахдаа:

1/аюултай бүсэд үйл ажиллагаа эрхлэх зайлшгүй шаардлагаар энэ бүсийг тогтоолгосон байна;

2/дурдсан аюултай холбогдсон үйл ажиллагаа эрхэлдэг байна;

3/онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд аюултай бүс тогтоосон тухай 24-өөс доошгүй цагийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж аюултай бүсийн эзлэх хүрээ, хугацааг NOTAM-аар зарлуулна.

73.55. Хязгаарлалттай бүс

(a) ИНЕГ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайн тодорхой бүс, хэсэгт хязгаарлалт тогтоохдоо дараах нөхцөлүүдийг харгалзан үзнэ:

1/тухайн бүсэд агаарын хөлөг нислэг үйлдэж болох эсэх;

2/нислэгийн хөдөлгөөний удирдлага, үйлчилгээ үзүүлдэг байгууллага хяналт тавих боломжтой эсэх.

(б) ИНЕГ-аас агаарын зайн хязгаарлалттай бүсийг тогтоохдоо:

1/зориулалт, үйл ажиллагааны төрөл хэлбэрийг тодотгоно;

2/үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээдийг тодорхойлно;

3/агаарын зайг ZMR гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр R үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.

(в) Энэ зүйлийн (б)-гийн 2/-т нөхцөлүүдийг хяналт тавих эрх бүхий этгээд нь:

1/хязгаарлалттай бүсэд нэвтрэн орж, гарах болон бүсийн үйл ажиллагааг хянана;

2/онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд хязгаарлалт хийсэн тухай 24-өөс доошгүй цагийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүсийн хязгаарлалтын цар хүрээ, үйлчлэх хугацааг NOTAM-аар зарлуулна.

73.57. Хориотой бүс

(a) ИНЕГ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх агаарын зайн тодорхой бүс, хэсэгт бүр буюу түр хугацаагаар хориг тавьж болно.

(б) ИНЕГ-аас агаарын зайн хориотой бүсийг тогтоохдоо:

1/зориулалт, үйл ажиллагааны төрөл хэлбэрийг тодотгоно;

2/энэ ажиллагаанд оролцож хяналт тавих эрх бүхий этгээдийг тодорхойлно;

3/агаарын зай бүрийг ZMP гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр P үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.

(в) Энэ зүйлийн (б)-гийн 2/-т нөхцөлүүдийг хяналт тавих эрх бүхий этгээд нь:

1/хориотой бүсэд үйлдэж буй ажиллагааг хянана;

2/онцгой нөхцөл, эрэн хайх авран туслах ажиллагаанаас бусад тохиолдолд хорио тогтоох тухай 14-өөс доошгүй хоногийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүсийн хорио, хязгаар, хугацааг NOTAM-аар зарлуулна.

73.59. Цэргийн зориулалтын бүс

(a) ИНЕГ нь цэргийн үйл ажиллагааг иргэний нислэгийн хөдөлгөөнөөс тусгаарлах зорилгоор агаарын зайн тодорхой хэсгийг бүр буюу түр хугацаагаар цэргийн үйл ажиллагаанд зориулсан бүс болгон тогтоож болно.

(б) ИНЕГ-аас цэргийн үйл ажиллагааны бүсийг тогтоохдоо:

1/үйл ажиллагааны төрөл, хэлбэрийг тодотгоно;

2/хяналт тавих эрх бүхий этгээдийг тодорхойлно;

3/агаарын зайг ZMM гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр M үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.

(в) Энэ зүйлийн (б)-гийн 2-т нөхцөлүүдийг хяналтын эрх бүхий этгээд нь:

1/тухайн тогтоосон бүсэд нэвтрэн орж гарах болон бүсэд үйлдэж буй ажиллагааг хянана;

2/онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд цэргийн ажиллагааны бүс тогтоосон тухай 24-өөс доошгүй цагийн өмнө эрх бүхий байгууллагад мэдэгдэж, бүсийн хязгаар, ажиллагааны горимыг NOTAM-аар зарлуулна.

73.61. Аэродромын хөдөлгөөний бүс

(а) ИНЕГ-аас аэродром орчмын агаарын зам, буултын оролт үйлдэх бүдүүвчийг бусад хөдөлгөөнөөс хамгаалах зорилгоор аэродром орчмын агаарын зайн хэсгийг аэродромын хөдөлгөөний бүс болгон тогтоож болно.

(б) Аэродромын хөдөлгөөний бүсийн хэвтээ хязгаарлалт нь тухайн аэродромд тогтоосон буултын оролт үйлдэх бүдүүвчийн шаардлагатай хэмжээнээс багагүй байна.

(в) Аэродромын хөдөлгөөний бүсийн босоо хязгаарлалт нь газрын гадаргуугаас дээш тухайн аэродромын ашиглалтын зааварт тогтоосон өндрийн хүрээнд байна.

(г) ИНЕГ-аас аэродромын хөдөлгөөний бүс тус бүрийг ZMZ гэсэн үсгийн дараа тоо байхаар, нислэгийн зураг дээр Z гэсэн үсгийн дараа тоо байхаар тус тус тэмдэглэнэ.

(д) ИНЕГ-аас тухайн бүсийг аэродромын хөдөлгөөний бүс болгон тогтоосон тохиолдолд энэ бүсэд ашиглагдах радио холбооны давтамжийг тодорхойлно.

73.63. Түр ашиглах бүс

(a) ИНЕГ-аас агаарын зайн хэсгийг 3 сараас дээшгүй хугацаагаар түр ашиглахаар тогтоож болно.

 

 

--- о0о ---