- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-131 АГААРЫН ХӨЛГИЙН ТҮРЭЭС
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаар тушаалын арван зургаадугаар хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-131
АГААРЫН ХӨЛГИЙН ТҮРЭЭС
131.1. Зорилго
(а) Агаарын хөлгийг арилжааны нислэг үйлдэх зорилгоор түрээслэх, түрээслүүлэх үйл ажиллагааны журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
131.3. Тодорхойлолт
“Агаарын тээвэрлэгч” гэж ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллагыг;
“Агаарын хөлгийн түрээс” гэж аливаа этгээд өөрийн эзэмшилд байгаа агаарын хөлгийг дангаар, эсхүл нисэх багтай нь бусад этгээдэд тодорхой хугацаагаар гэрээний үндсэн дээр шилжүүлэх ажиллагаа;
“Түрээсийн агаарын хөлөг” гэж түрээсийн гэрээний үндсэн дээр ашиглагдаж байгаа агаарын хөлөг;
“Түрээсийн зөвшөөрөл” гэж агаарын хөлөг түрээсээр ашиглах, эсхүл түрээслүүлэх талаар Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид “ИНЕГ” гэх/-аас олгож буй зөвшөөрлийн баримт бичиг;
“Түрээслэгч улс” гэж агаарын хөлгийг түрээсээр авч ашиглаж байгаа агаарын тээвэрлэгчийг харьяалах улс;
“Түрээслүүлэгч улс” гэж түрээсийн агаарын хөлгийг бүртгэсэн улс.
131.5. Агаарын хөлгийг түрээслэх хэлбэр
(а) Агаарын хөлгийн түрээс нь дараах хэлбэртэй байна.
1/агаарын хөлгийг нисэх багтай нь түрээслэх (нойтон түрээс);
2/агаарын хөлгийг нисэх баггүйгээр түрээслэх (хуурай түрээс).
131.7. Үйлчлэх хүрээ
(а) Энэ дүрмээр түрээсийн дараах үйл ажиллагааг зохицуулна:
1/Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийг агаарын тээвэрлэгч түрээслэх болон түрээслүүлэх;
2/Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийг гадаадын агаарын тээвэрлэгчид түрээслүүлэх;
3/Агаарын тээвэрлэгч гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийг түрээслэх.
131.9. Түрээсийн зөвшөөрөл хүсэх
(а) Агаарын хөлөг түрээслэхээр төлөвлөж буй этгээд нь түрээсийн зөвшөөрөл хүссэн өргөдлийг ИНЕГ-131/01 маягтын дагуу гаргаж гэрээнд гарын үсэг зурахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Өргөдөлд энэ дүрмийн 131.15-д шаардсан мэдээлэл, түрээсийн гэрээний төсөл болон холбогдох бусад баримт бичгийг хавсаргасан байна.
(в) Түрээсийн агаарын хөлөг нь гадаад улсад бүртгэлтэй тохиолдолд, тухайн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадвар болон нислэгийн ашиглалтын шаардлагуудад хамаарах мэдээллийг солилцохоор ИНЕГ-аас бүртгэгч улс руу түрээсийн зөвшөөрөл олгож байгаа нөхцөл болон түрээсийн бусад асуудлаар мэдэгдэл хүргүүлнэ.
131.11. Түрээсийн зөвшөөрөл
(а) Энэ дүрмийн 131.15-д заасан шаардлагыг хангасан агаарын тээвэрлэгчид Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн ИНЕГ-аас түрээсийн зөвшөөрөл олгоно.
(б) ИНЕГ нь агаарын хөлгийг бүртгэгч улсаас хүсэлт гаргасан тохиолдолд түрээсийн зөвшөөрлийн хуулбарыг тухайн улсад хүргүүлнэ.
(в) Түрээсийн зөвшөөрлийг агаарын тээвэрлэгчийн Yйл ажиллагааны тодорхойлолтод нь бичилт хийх хэлбэрээр олгох бөгөөд дараах мэдээллийг тусгана:
1/түрээсийн гэрээ байгуулсан талуудын нэр хаяг;
2/түрээсийн агаарын хөлгийн үндэсний болон бүртгэлийн таних тэмдэг;
3/түрээсийн агаарын хөлгийн хийц болон маяг;
4/нислэгийн төрөл, үйл ажиллагааны цар хүрээ;
5/үйл ажиллагаанд хамаарах дүрэм, журмууд.
(г) Монгол Улсад ашиглагдаж байгаа Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ нь хүчингүй болсон түрээсийн агаарын хөлгийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэгт шалгах, эсхүл түүний байршил солигдох шаардлагатай тохиолдолд ИНЕГ-ын даргаас ИНД-21-ийн дагуу олгосон тусгай нислэгийн зөвшөөрлийн үндсэн дээр нислэг үйлдэж болно.
(д) Энэ зүйлийн (г)-д дурдсан тохиолдол гадаад улсад тохиолдвол тухайн агаарын хөлгийг түрээслүүлэгч /бүртгэгч/ улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай нислэгийн зөвшөөрлийн үндсэн дээр нислэг үйлдэж болно.
(е) Түрээсийн хугацаанд түрээсийн агаарын хөлгийн нислэгийн бүх төрлийн үйл ажиллагаа нь дараах баримт бичгийн дагуу үйлдэгдэж байгаа эсэхэд ИНЕГ-аас хяналт тавина:
1/түрээслүүлэгч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас баталсан агаарын хөлгийн нислэгийн ашиглалтын заавар; ба
2/ИНЕГ-аас баталсан агаарын тээвэрлэгчийн Нислэг үйлдвэрлэлийн заавар.
(ж) Түрээсийн агаарын хөлгийн Нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт /MEL/-ийг ИНЕГ-аас батлаж, эсхүл хүлээн зөвшөөрч болно.
131.13. Түрээсийн гэрээнд тавигдах шаардлага
(а) Түрээсийн зөвшөөрөл олгогдсон агаарын тээвэрлэгч нь түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 7 хоногийн дотор түрээсийн гэрээний хүчин төгөлдөр хувийг ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Түрээсийн гэрээнд оролцогч тал нь Чикагогийн Конвенцийн Хэлэлцэн тохирогч улс бол, ИНЕГ нь түрээслүүлэгч улстай Чикагогийн Конвенцийн 83 “bis” зүйлийн дагуу эрх шилжүүлэх тухай Харилцан ойлголцох гэрээ байгуулж болно.
(в) Түрээсийн гэрээнд агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын стандартад хамаарах асуудлаар дараах мэдээллүүд тодорхой тусгагдсан байна:
1/түрээслэгч болон түрээслүүлэгч талууд тодорхой заагдсан байх;
2/түрээсийн агаарын хөлгийн маяг, хийц, бүртгэлийн дугаар, үйлдвэрлэлийн дугаар;
3/түрээсийн хугацаа;
4/түрээсийн агаарын хөлгийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих этгээд;
5/агаарын хөлөг аль улсын бүртгэлд байх;
6/агаарын хөлөгт гүйцэтгэгдэх техник үйлчилгээнд хүлээх үүрэг хариуцлага;
7/түрээсийн агаарын хөлөгт ашиглах техник үйлчилгээний хөтөлбөр;
8/түрээсийн агаарын хөлөг нь бүртгэгч улсын НТЧ-ын шаардлагыг хангаж байгаа болон агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны заавар, журмын дагуу үйл ажиллагаанд оролцох талаар.
131.15. Түрээсийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага
(а) Аливаа этгээд агаарын хөлөг түрээслэхдээ дараах шаардлагыг хангасан гэдгийг ИНЕГ-ын даргад бататгана:
1/түрээслэгч, түрээслүүлэгч талууд, эсхүл зөвхөн түрээслэгч нь ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч байна;
2/түрээслэгч нь ИНД-119-д шаардсан техник үйлчилгээний хөтөлбөртэй, мөн ИНД-145-д шаардсан техник үйлчилгээний хяналтын системтэй байна;
3/агаарын хөлгийн хууль ёсны эзэмшигч нь дараах мэдээллийг бичгээр ирүүлсэн байна:
3.1.агаарын хөлгийн бүртгэлийн тэмдэг, үйлдвэрийн маяг, серийн дугаар;
3.2.агаарын хөлгийг эзэмшигч ба түрээслэгчийн нэр, хаяг, утас факсын дугаар;
3.3.агаарын хөлгийг түрээслэх талаар эзэмшигч/өмчлөгчийн зөвшөөрөл;
3.4.түрээсийн эхлэх дуусах хугацаа;
3.5.түрээсийн хугацаанд агаарын хөлгийн техник үйлчилгээг хариуцах этгээдийн нэр;
3.6.агаарын хөлөгт техник үйлчилгээ хийх байгууллагын хаяг, техник үйлчилгээний байгууллагын гэрчилгээний дугаар.
(б) Түрээсийн агаарын хөлгийн ашиглалтай холбоотойгоор ИНЕГ нь дараах мэдээллийг агаарын тээвэрлэгчээс шаардана:
1/түрээсийн агаарын хөлгөөр нислэг үйлдэх нисэх багийн гишүүд эрх бүхий байгууллагаас олгогдсон мэргэжлийн үнэмлэхтэй байх;
2/түрээсийн агаарын хөлгийн даатгалын холбогдолтой мэдээлэл.
(в) Эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, эсхүл энэ дүрмийн 131.13-ын (б)-ийн дагуу байгуулсан Харилцан ойлголцох гэрээнд заасан тохиолдолд түрээсийн агаарын хөлгийг дамжуулан түрээслэхийг хориглоно.
/Энэ хэсэгт Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны Иргэний нисэхийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай А/71 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан УНС 2024.04.25 хүлээн авсан/
131.17. Түрээсийн зөвшөөрлийг хүчингүй болгох
(а) Энэ дүрмийн 131.11-гийн дагуу олгогдсон зөвшөөрлийг ИНЕГ-аас дараах тохиолдолд хүчингүй болгоно:
1/түрээсийн гэрээ цуцлагдсан, эсхүл;
2/түрээсийн зөвшөөрлийн хугацаа дууссан, эсхүл;
3/агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болсон, эсхүл;
4/Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ хүчингүй болсон.
131.19. Түрээсийн агаарын хөлөг
(а) Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийг түрээслэх тохиолдолд, агаарын хөлгийг түрээсийн хугацаанд түрээслэгч улсад бүртгүүлэхээр гэрээнд заасан бол Түрээслэгч нь агаарын хөлгийг түрээслүүлэгч улсын бүртгэлээс хасуулж, ИНД-47-гийн дагуу Монгол Улсын бүртгэлд бүртгүүлнэ.
(б) Түрээсийн хугацаанд агаарын тээвэрлэгч нь түрээсийн агаарын хөлгийн бүхээгт дараах баримт бичгийг байнга авч явах үүрэгтэй:
1/түрээсийн зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар;
2/түрээсийн зөвшөөрөл олгосон нисэхийн бусад баримт бичиг;
3/түрээсийн зөвшөөрөл, эсхүл гэрээнд орсон нэмэлт, өөрчлөлтүүд.
(в) ИНЕГ нь түрээслүүлэгч улстай энэ дүрмийн 131.13-ын (б)-д заасны дагуу Харилцан ойлголцох гэрээ байгуулаагүй тохиолдолд түрээслүүлэгч улсын хүсэлтийн дагуу түрээсийн агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын үзлэг шалгалт хийж болно.
(г) Түрээсийн гэрээний хугацаанд, түрээсийн зөвшөөрлийн нөхцөлд хамаарах аливаа зөрчил, дутагдлын талаар түрээслэгч болон түрээслүүлэгч улсад харилцан мэдээлнэ.
(д) Түрээслэгч болон түрээслүүлэгч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагууд түрээсийн агаарын хөлөгт хамаарах аливаа техникийн болон үйл ажиллагааны стандарт, шаардлагын талаарх мэдээллийг харилцан солилцох ба түрээсийн үйл ажиллагаатай хамааралтай байгуулсан гэрээ, хэлцэлийн нөхцөлд нөлөөлөхүйц аливаа өөрчлөлтийн талаар харилцан зөвшилцсөн байна.
(е) Түрээслэгч болон түрээслүүлэгч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас түрээсийн агаарын хөлөгт тавьж байгаа шаардлагууд зөрчигдвөл аль талын стандарт, шаардлагыг мөрдүүлэх талаар талууд хамтарч тодорхойлно.
(ж) Монгол Улсад нислэг үйлдэх түрээсийн агаарын хөлөг нь АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар (FAA), эсхүл Европын Холбооны иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас олгосон маягийн гэрчилгээтэй байна.
(з)Монгол Улсад түрээсээр ашиглах агаарын хөлгийн насжилт нь:
1/Хэрэв гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийг түрээсийн хугацаанд түрээслүүлэгч улсын бүртгэлээс хасуулж, Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэх тохиолдолд ИНД-47 “Агаарын хөлгийн бүртгэл”-ийн 47.55 (7)-ийн шаардлагыг хангасан байна, эсхүл;
2/ИНД-119 “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт”-ийн 119.153 (d)-д заасны дагуу нислэгийн үйл ажиллагааны шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт Зам, тээврийн хөгжлийн сайдын 2024 оны Иргэний нисэхийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай А/71 дүгээр тушаалаар өөрчлөлт оруулсан УНС 2024.04.25 хүлээн авсан/
131.21. Түрээсийн агаарын хөлгийн техник үйлчилгээ
(а) ИНЕГ нь түрээсийн зөвшөөрөл олгохоос өмнө, мөн түрээсийн хугацаанд, тухайн агаарын хөлөг дээр хийгдсэн маягийн болон бүтцийн аливаа өөрчлөлтүүд нь түрээслүүлэгч талын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн гэдгийг хянан бататгана.
(б) Монгол Улсын бүртгэлтэй агаарын хөлөгт энэ дүрмийн 131.11-д заасан зөвшөөрөл олгогдсон тохиолдолд агаарын хөлгийг түрээслүүлэгч нь түрээслэгчид тухайн агаарын хөлөгт хамаарах нислэгт тэнцэх чадварын бүх удирдамжийг хүргүүлсэн байна.
(в) Гадаад улсад бүртгэлтэй агаарын хөлгийг түрээслэхээс өмнө түүнд хамаарах нислэгт тэнцэх чадварын удирдамжуудын хэрэгжилтийг түрээслэгч хянан бататгасан байна.
(г) Түрээслэгч болон түрээслүүлэгч талууд энэ дүрмийн 131.13-ын (б)-д заасан Харилцан ойлголцох гэрээ байгуулаагүй тохиолдолд, түрээсийн агаарын хөлөг дээр хийгдэх техник үйлчилгээ нь түрээслүүлэгч улсын иргэний нисэхийн эрх бүхий байгууллагаас баталсан, эсхүл хүлээн зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу хийгдэж байгаад ИНЕГ-аас хяналт тавина.
--- o0o ---
Текст томруулах
A
A
A