- Нүүр
- Сайдын тушаал
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-157 АЭРОДРОМ БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, АШИГЛАЛТААС ХАСАХ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 11-р хавсралт хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 11-р хавсралт хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны
өдрийн 160 дугаар тушаалын хорин нэгдүгээр хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-157
АЭРОДРОМ БАЙГУУЛАХ, ӨӨРЧЛӨХ, АШИГЛАЛТААС ХАСАХ
157.1. Зорилго
(a) Аэродром болон вертодром шинээр барих, өөрчлөх, ашиглалтад оруулах, ашиглалтаас хасах ажлыг гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг энэ дүрмээр тогтооно.
157.2. Үйлчлэх хүрээ
(a) Энэ дүрэм нь, дараах аэродром болон вертодромоос бусад бүх аэродром болон вертодромд хамаарна:
1/ИНД-139-ийн дагуу гэрчилгээжүүлэх аэродром;
2/зөвхөн ил харааны нислэгийн дүрмээр, дараалсан 30 хоногийн дотор 7-гоос дээшгүй удаа ашиглах аэродром болон вертодром;
3/тухайн аэродромыг зөвхөн хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлөг хүлээн авахад ашигладаг буюу ашиглахаар төлөвлөж байгаа, түүнчлэн тухайн аэродром нь нислэгийн удирдлагатай бүсийн гадна оршдог ба:
3.1.хамгийн ойр орших бусад аэродромоос 5 миль буюу 9 км-ээс багагүй зайд байрладаг;
3.2.хамгийн ойр орших вертодромоос 3 миль буюу 6 км-ээс багагүй зайд байрладаг;
4/тухайн вертодромыг зөвхөн хөдөө аж ахуйн зориулалттай агаарын хөлөг хүлээн авахад ашигладаг буюу ашиглахаар төлөвлөж байгаа, түүнчлэн вертодром нь нислэгийн удирдлагатай бүсийн гадна оршдог ба:
4.1.хамгийн ойр орших аэродромоос 3 миль буюу 6 км-ээс багагүй зайд байрладаг;
4.2.хамгийн ойр орших вертодромоос 1 миль буюу 2 км-ээс багагүй зайд байрладаг.
157.3. Тодорхойлолт
Аэродром гэж агаарын хөлгийг байрлуулах, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргууг;
Вертодром гэж нисдэг тэргийг байрлуулах, хөөргөх, буулгахад зориулж бэлтгэсэн /агаараас сонгосон/ газар, усан гадаргуу ба байгууламж дээрх талбайг тус тус хэлнэ.
157.5. Ерөнхий шаардлага
(a) Дараах аль нэг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж буй этгээд /цаашид “Өргөдөл гаргагч” гэх/ нь энэ дүрмийн 157.7-д заасны дагуу өргөдөл гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ:
1/энэ дүрэмд хамаарах аэродром болон вертодромыг шинээр барих, эсхүл ашиглалтыг сэргээх бол;
2/аэродром болон вертодромын хөөрч буух зурвас, талбайг шинээр байгуулах, эсхүл ашиглалтыг нь сэргээх, чиглэлийг нь өөрчлөх бол;
3/зөвхөн ил харааны нислэгийн дүрмээр ашиглагддаг аэродром болон вертодромын ашиглалтыг дараалсан 30 хоногийн дотор 7-гоос дээш удаа ашиглахаар сунгах бол;
4/энэ дүрмийн дагуу ашиглаж буй аэродром болон вертодромыг нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар татан буулгах, ашиглалтыг түр, эсхүл бүрмөсөн зогсоох бол.
157.7. Өргөдөл гаргах
(a) Энэ дүрмийн 157.5-ын 1/, 2/, 3/-т заасан ажлыг гүйцэтгэх тухай өргөдлийг, тухайн ажлыг эхлэхээр төлөвлөсөн өдрөөс 90 хоногийн өмнө ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б) Энэ дүрмийн 157.7-ын 4/-т заасан ажлыг гүйцэтгэх тухай өргөдлийг аэродром татан буулгах, ашиглалтыг түр болон бүрмөсөн зогсоохоор товлосон өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлнэ.
157.9. Аэродромын судалгаа хийх
(а) Энэ дүрмийн 157.7-гийн (a)-д заасны дагуу ирүүлсэн өргөдлийг хүлээн авмагц ИНЕГ-ын дарга Аэродромын судалгаа хийх ажлын хэсгийг томилно.
(б) Аэродромын судалгаагаар дараах зүйлүүдийг тогтооно:
1/шинээр байгуулах буюу ашиглах аэродром нь, түүний ойролцоо орших ашиглагдаж байгаа аэродромын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх;
2/шинээр байгуулах буюу ашиглах аэродром нь одоо болон ирээдүйд агаарын зайн ашиглалтад хэрхэн нөлөөлөх;
3/шинээр байгуулах буюу ашиглах аэродром нь аэродромын аюулгүй ажиллагаа болон зорчигч, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хангахад хэрхэн нөлөөлөх;
4/аэродромын үйл ажиллагаа, баригдсан буюу барихаар төлөвлөж буй барилга байгууламж нь хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөх.
157.11. Дүгнэлт, шийдвэр
(a) ИНЕГ-ын дарга, Аэродромын судалгааг хийж дуусмагц аэродромын талаар дүгнэлт гаргаж өргөдөл гаргагч, холбогдох орон нутгийн захиргааны байгууллага болон сонирхсон бусад этгээдэд танилцуулсны дараа дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/Зөвшөөрсөн шийдвэр : Агаарын зайг оновчтойгоор ашиглаж, аэродромын аюулгүй ажиллагаа болон зорчигч, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг нь үзлэг шалгалтаар нотлогдсон тохиолдолд ИНЕГ-ын дарга “Зөвшөөрсөн” шийдвэр гаргана;
2/Нөхцөл заасан шийдвэр: Зарим нэг зүйлийг засаж залруулах арга хэмжээ авсны дараа агаарын зайг оновчтойгоор ашиглаж, аэродромын аюулгүй ажиллагаа болон зорчигч, өмч хөрөнгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүрээлэн буй орчинд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн тохиолдолд ИНЕГ-ын дарга “Нөхцөл заасан” шийдвэр гаргана;
3/Татгалзсан шийдвэр: өргөдөл гаргагчийн шинээр байгуулах буюу ашиглахаар хүсэлт гаргасан аэродром нь шаардлага хангахгүй болох нь судалгаагаар тогтоогдсон бол ИНЕГ-ын дарга “Татгалзсан” шийдвэр гаргана.
(б) Нислэгийн хөдөлгөөний удирдлагатай агаарын зайн ашиглалтыг оновчтой төлөвлөх зорилгоор Нөхцөлт ба Татгалзсан шийдвэрт уг дүгнэлтийг эргэн хянах өдрийг тодорхой заасан байна.
(в) Өргөдөл гаргагч нь энэ зүйлийн (б)-д заасан хугацаа дуусахаас 15-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-ын даргад дараах өргөдлийг гаргаж болно:
1/шийдвэр гаргахад нөлөөлсөн зүйлүүдийг засаж залруулсан учир дүгнэлтийг эргэн хянахыг хүссэн өргөдөл; эсхүл
2/шийдвэрт заасан хугацааг сунгахыг хүссэн өргөдөл.
157.13. Ажлын гүйцэтгэлийн талаар мэдэгдэх
(a) Аливаа этгээд энэ дүрмийн 157.5-д заасан аль нэг ажлыг хийж гүйцэтгэснээс хойш 15 хоногийн дотор ажлын гүйцэтгэлийн тайланг ИНЕГ-ын даргад бичгээр ирүүлнэ.
--- о0о ---
Текст томруулах
A
A
A