A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2016 оны 48 дугаар
   тогтоолын  хавсралт

ГАЛ ТҮЙМРИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Гал түймрийн улсын хяналтын зорилго нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Барилгын тухай хууль болон тэдгээрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас тогтоосон галын аюулгүй байдлын норм нормативын баримт бичгийн биелэлтийг хангуулахад оршино.

1.2. Гал түймрийн улсын хяналтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд гал түймрийн аюул, эрсдэл үүсгэхээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж, заавал мөрдөх техникийн зохицуулалтад заасан шаардлагыг сахин биелүүлэх, хэрэглэгчид зөвлөн туслах, дэмжлэг үзүүлэх зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.

1.3. Гал түймрийн улсын хяналтыг гал түймрийн улсын хяналтын байцаагч (цаашид "хяналтын байцаагч"  гэх) хэрэгжүүлнэ.

1.4. Гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагч нь хяналтын ахлах байцаагч, хяналтын байцаагч нарыг томилж, чөлөөлөх бөгөөд гал түймрийн улсын хяналтын байцаагчийн эрх олгож, цуцална.

1.5. Энэхүү дүрмийн 1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх тохиолдолд гал түймрийн улсын хяналтын байцаагчийн  эрх олгох шалгалтыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, тэнцсэн албан хаагчид үнэмлэх, энгэрийн тэмдэг, баталгааны тэмдэг олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 247 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.6. Хяналтын байцаагч нь үйл ажиллагаандаа Галын аюулгүй байдлын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж, техникийн зохицуулалт болон энэхүү дүрмийг удирдлага болгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 247 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

1.7. Хяналтын байцаагч нь галын аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн  алба хаагч байна.

1.8. Хяналтын ерөнхий байцаагч нь төрийн тусгай чиг үүрэг бүхий цэргийн байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд галын аюулгүй байдлын чиглэлээр мэргэжил эзэмшсэн албан хаагчид зөвхөн тухайн байгууллагын хэмжээнд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналтын байцаагчийн эрх олгож болно.

1.9. Аж ахуйн нэгж, байгууллага Галын аюулгүй байдлын тухай хуулийн           17.1.2-т заасны дагуу хяналтын байцаагч гэрээгээр  ажиллуулж болно. Энэ тохиолдолд хяналтын байцаагч нь зөвхөн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлнэ.

1.10. Хяналтын байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн  газрын гишүүн загварыг нь баталсан үнэмлэх, хувийн дугаар бүхий энгэрийн тэмдэг, дардас, заавал биелүүлэх албан шаардлага, дүгнэлт, мэдэгдэл, гал түймэр гарсан тухай акт, тодорхой үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн түр  зогсоох тухай тогтоолын хэвлэмэл хуудас, хяналтын хуудас хэрэглэнэ.

1.11. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналтын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

1.12. Гал түймрийн улсын хяналтын байцаагч нь ахлах байцаагчид, ахлах байцаагч нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ахлах байцаагч, ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.

1.13. Гал түймрийн улсын хяналтын үйл ажиллагаа нь мэдээллийн нэгдсэн сантай байна.

1.14. Хяналтын байцаагч хууль тогтоомж, энэхүү дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.

Хоёр. Гал түймрийн улсын хяналт
       явуулах чиглэл

2.1. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гал түймрийн улсын хяналтыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

2.1.1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг хамгаалах чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, санамж, сэрэмжлүүлэг өгч, галын аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэх;

2.1.2. Галын аюулгүй байдлын тухай, Барилгын тухай, Ойн тухай хууль, галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон техникийн зохицуулалт, норм, нормативын хэрэгжилтэд хяналт тавих; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 247 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

2.1.3. гал түймэртэй тэмцэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээнд шаардагдах хөрөнгө, төсвийн төлөвлөлт, тоног төхөөрөмж, гал унтраах анхан шатны багаж, хэрэгслийн хангалт, ашиглалт, хадгалалтын байдалд хяналт тавих;

2.1.4. барилга байгууламж барих, өргөтгөх, засварлах зураг төсөл техникийн нөхцөл, галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийсэн магадлалыг хянаж, дүгнэлт гаргах болон барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох;

2.1.5. гал түймрийн аюулгүй байдлыг хангах талаар онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эрх бүхий албан тушаалтны хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, үнэлгээ өгөх, хэрэгжилтийг хангуулах;

2.1.6. хот, суурины төлөвлөлт, барилга байгууламжийн байршлыг тогтоох, обьектыг гал түймрийн аюулаас хамгаалахтай холбоотой үйл ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт гаргах;

2.1.7. гал түймрийн судалгаа, тоо бүртгэл хөтөлж, гал түймэр гарч байгаа шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнийг арилгахад чиглэсэн арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх;

2.1.8. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад обьектын болон ой, хээрийн түймэр гарсан үед шуурхай мэдээлэх, унтраах бэлтгэл, гал түймрээс хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, учирч болох хохирлыг багасгахад чиглэсэн арга хэмжээг урьдчилан авсан эсэхэд хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавих;

2.1.9. гал түймэр гарсан тохиолдолд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гал түймэр гарсан тухай акт тогтоох, тэмдэглэл хөтлөх;

2.1.10. барилга байгууламж болон үйлдвэрийн технологийн үйл ажиллагаа, галын аюултай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжид хийсэн гал түймрийн аюулын үнэлгээний чанарт хяналт  тавих.

Гурав. Хяналтын байцаагчийн бүрэн эрх

3.1. Хяналтын байцаагч дараах эрхтэй байна:

3.1.1. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжид шууд, тусгай хамгаалалттай обьектод урьдчилан мэдэгдэж, орон сууцанд иргэний хүсэлт, мэдээллийн үндсэн дээр нэвтрэн орох, хяналт шалгалт хийх;

3.1.2. Холбогдох байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр хот, суурин газар, байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг боловсруулах, галын аюулгүй байдлын техникийн дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, шинжээч, шинжилгээний байгууллага, эрдэм шинжилгээ, зураг төслийн байгууллагын мэргэжилтэн, иргэнийг татан оролцуулах; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 247 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.1.3.  аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас гал түймрийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон баримт бичиг, мэдээ, материалыг үнэ төлбөргүй гаргуулж авах;

3.1.4. гал түймрийн тухай мэдээлэх, ой, хээрийн болон обьектын гал түймрийг унтраах, хойшлуулшгүй арга хэмжээ авах зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр холбооны хэрэгслийг үнэ төлбөргүй, дараалал харгалзахгүй түр ашиглах;

3.1.5. галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийг ноцтой зөрчсөний улмаас гал түймэр гарах бодит аюул бүрдсэн, гал түймэр гарсан тохиолдолд хүний амь насанд шууд аюул учрахаар нөхцөл бий болсон гэж үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж ашиглахыг бүхэлд нь буюу хэсэгчилэн түр зогсоох;

3.1.6. гал түймэр унтраах зорилгоор ашигладаг гал эсэргүүцэх усан хангамж (усны шугам сүлжээ, худаг, усан сан)-ийг байнгын ажиллагаатай байлгахыг холбогдох байгууллагаас шаардах, биелэлтэд нь хяналт тавих;

3.1.7. Галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн, гал түймэр тавьсан гэм буруутай этгээдэд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;

3.1.8. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгөн, биелэлтийг хангуулах;

3.1.9.  галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэг, зөрчлийг шалгах болон галын галын аюулгүй байдлын хяналт, шалгалтаар явах үед хот, суурингийн доторхи нийтийн тээврийн хэрэгслээр нөхөн олговортойгоор зорчих.

3.2. Хяналтын байцаагч дараах үүрэгтэй байна:

3.2.1. энэ дүрмийн  2-т  заасан чиглэлийн дагуу гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлж ажиллах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламжийн галын аюулгүйн байдлыг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

3.2.3. гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуур, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийг сонгож хэрэглэх, тэдгээрийн үүрэг, зориулалт, төрөл, хүчин чадал, ашиглах, хадгалах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн ажилтнуудад мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө өгөх;

3.2.4. гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж, материал боловсруулах, бэлтгэх, тэдгээрийг хяналт шалгалтын үед тайлбарлан таниулах, тараах, сурталчилах арга хэмжээ авах;

3.2.5. хяналт шалгалтын мөрөөр гаргасан дүгнэлт болон мэдэгдэл,   танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, гал түймэр гарсан тухай актын үнэн зөвийг бүрэн хариуцах;

Дөрөв. Бусад зүйл

4.1. Хяналтын байцаагч нь хууль тогтоомж, дүрэм, журам зөрчсөн, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэм буруутай этгээдэд Галын аюулгүй байдлын тухай, Гамшгаас хамгаалах тухай, Ойн тухай, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан шийтгэл ногдуулна.

4.2. Зөрчил гаргасан этгээд түүнд ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулна.

4.3.  Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хяналтын байцаагч хууль тогтоомж зөрчсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллага, эсхүл Ерөнхий байцаагчид шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногт багтаан гаргана. Гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэж, хариу өгнө. Хэрэв энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.


---о0о---