- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “МОНГОЛ МАХ КОРПОРАЦИ” ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ /ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Засгийн газрын 2015 оны 365 дугаар
тогтоолын хавсралт
“МОНГОЛ МАХ КОРПОРАЦИ”
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ
/ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. “Монгол мах корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид “үйлдвэрийн газар” гэх) нь мах, махан бүтээгдэхүүний талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгон зах зээлийг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх ажил, үйлчилгээ эрхлэх үүрэг бүхий төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар мөн.
1.2. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Энэхүү дүрмээр үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг тогтоох, удирдлага, зохион байгуулалтын бүтэц, хяналт, үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх, түүний өөрчлөлт, бүртгэл зэрэгтэй холбогдсон харилцааг хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулна.
Хоёр. Үйлдвэрийн газрын оноосон нэр,
оршин байгаа газар
2.1. Үйлдвэрийн газрын оноосон нэр нь “Монгол мах корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газар, товчилсон нэр нь “ММК” ТӨҮГ байна.
2.2. Үйлдвэрийн газрын байршил нь Монгол Улс, Улаанбаатар хотод байх бөгөөд хаягийг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Гурав. Үйлдвэрийн газрын бэлэгдэл, тэмдэг
3.1. Үйлдвэрийн газар нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна.
3.2. Үйлдвэрийн газар нь бэлэгдэл (эмблем)-тэй байж болно. Бэлэгдлийн загварыг захирал баталж, Оюуны өмчийн газарт бүртгүүлнэ.
3.3. Тэмдгийг үйлдвэрийн газрын захирлаас итгэмжлэн хариуцуулсан этгээд түшиж, ашиглалт, хамгаалалт, хадгалалтыг хариуцна.
Дөрөв. Үйлдвэрийн газрын алсын хараа,
эрхэм зорилго, зорилт
4.1. Үйлдвэрийн газрын алсын хараа нь: Олон улсын зах зээлд Монгол мах брэндийг бий болгох.
4.2. Үйлдвэрийн газрын эрхэм зорилго нь мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг бий болгох, зах зээлийг нэмэгдүүлэх ажил, үйлчилгээг эрхлэх, чиг үүргээ хэрэгжүүлэх таатай орчин, нөхцөл бүрдүүлэхэд оршино.
4.3. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үндсэн зорилт нь мал, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх болон махны нөөц бүрдүүлэлтийг зохицуулан ажиллахад оршино.
Тав. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл
5.1. Үйлдвэрийн газар нь дараах ажил, үйлчилгээг эрхэлнэ:
5.1.1. мал, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн сүлжээн дэх бүртгэлийн нэгдсэн системийг бий болгож, онлайн (online) хэлбэрээр явуулах, махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
5.1.2. мах, махан бүтээгдэхүүний чанарт суурилсан зэрэглэл тогтоох аргачлал боловсруулан мөрдүүлэх арга хэмжээ авах;
5.1.3. дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээ, хангамж, үнийн байдалд судалгаа хийж, түүнд тулгуурлан экспортод гаргах мал, мах, махан бүтээгдэхүүн, дотор мах, дайвар бүтээгдэхүүний тоо хэмжээг санал болгох, мах, махан бүтээгдэхүүн экспортлох;
5.1.4. эрх бүхий байгууллагаас тогтоосон махны экспортын нэр төрөл, тоо хэмжээнд багтаан шаардлага хангасан мах боловсруулах үйлдвэрийг сонгон шалгаруулах, дэмжиж ажиллах;
5.1.5. махны гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан судалгаа хийж, түүнийг үндэслэн зорилтот хэрэглэгчидтэй худалдааны гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахад оролцох;
5.1.6. олон улсын зах зээлд “Монгол мах” брендийг бий болгох;
5.1.7. төв, суурин газрын оршин суугчдын хавар, зуны хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, түүнийг худалдан борлуулах ажлыг зохион байгуулахад орон нутгийн эрх бүхий байгууллагатай хамтран оролцож, дэмжиж туслах;
5.1.8. хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа;
Зургаа. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх, үүрэг
6.1. Үйлдвэрийн газар нь өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр эрх эдэлж, хариуцлага хүлээнэ.
6.2. Үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар дараах эрх, үүрэгтэй байна:
6.2.1. өөрт олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах;
6.2.2. үндсэн хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, дагаж мөрдөж байгаа дүрэм, журмын хүрээнд бэлтгэх, олж авах, акталж данснаас хасах, шилжүүлэх;
6.2.3. үйл ажиллагааныхаа үр дүнд олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах.
Долоо. Үйлдвэрийн газрын удирдлага
7.1. Үйлдвэрийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг Төрийн өмчийн хороотой байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд захирал удирдана. Захирлыг Төрийн өмчийн хороо холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
7.2. Захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шалгуурыг хангасан байна.
7.3. Үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг эрх бүхий байгууллага тогтооно.
7.4. Захирал нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
7.4.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг батлуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
7.4.2. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, удирдаж байгаа үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа эрхлэх;
7.4.3. ажил үүргээ гүйцэтгэх явцад олж авсан үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн ашиглахгүй байх;
7.4.4. батлагдсан бүтэц, орон тоондоо багтаан үйлдвэрийн газрын нэгжийн удирдлага, ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, хууль болон гэрээнд заасан үндэслэлээр чөлөөлөх;
7.4.5. үйлдвэрийн газрын шинээр худалдан авах болон акталж устгах, худалдах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн асуудлыг Төрийн өмчийн хороонд тавьж шийдвэрлүүлэх;
7.4.6. хууль тогтоомж болон гэрээгээр олгосон бусад эрх, үүрэг.
7.5. Захирал нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, үйлдвэрийн газрыг гадаад, дотоодод төлөөлөх зэргээр үйлдвэрийн газрын нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
7.6. Захирал нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батална.
7.7. Захирал нь өөрийн эрх, үүргийг итгэмжлэлийн үндсэн дээр холбогдох албан тушаалтанд түр шилжүүлж болно. Ийнхүү эрхээ итгэмжлэн шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.8. Захирал, түүнээс итгэмжлэл олгосон албан тушаалтан нь хувийн хэвшлийн мал, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад давхар ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох болон өрсөлдөөнийг хязгаарлах, шударга бус өрсөлдөөнийг дэмжих ямар нэгэн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
7.9. Захирал нь төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлд орох, тэдгээрийн захиргаанд буюу олон нийтийн болон шашны байгууллага, сангийн удирдах ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглоно.
Найм. Үйлдвэрийн газрын хяналт
8.1. Үйлдвэрийн газар үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааг хянах дотоод хяналттай байна. Дотоод хяналтын бүтэц, ажиллах журмыг захирал батална.
8.2. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйлдвэрийн газрын үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
8.3. Үйлдвэрийн газрын эзэмшилд байгаа төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшил, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд Сангийн яам болон Төрийн өмчийн хорооноос хяналт тавьж ажиллана.
8.4. Үйлдвэрийн газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт шалгалтыг ерөнхий нягтлан бодогч хариуцан хэрэгжүүлнэ.
Ес. Үйлдвэрийн газрын санхүү, бүртгэл, тайлан
9.1. Үйлдвэрийн газар нь санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу жил бүр гаргаж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
9.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч нар хариуцна.
9.3. Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн байх бөгөөд түүнийг Сангийн яамны зөвшөөрөлтэйгээр захирал томилно.
9.4. Үйлдвэрийн газрын санхүүгийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно.
9.5. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг сонгон ажиллуулж болно.
Арав. Үйлдвэрийн газрын санхүүжилт, санхүүгийн
болон үйл ажиллагааны тайлан
10.1. Үйлдвэрийн газрын орлого нь дараах санхүүгийн эх үүсвэрээс бүрдэнэ:
10.1.1. ажил, үйлчилгээнээс олсон орлого;
10.1.2. олон улсын байгууллагатай хамтарч ажиллах гэрээний дагуу олсон үйлчилгээний орлого;
10.1.3. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж;
10.1.4. хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад эх үүсвэр.
10.2. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланд дараах зүйлийг тусгана:
10.2.1. баланс;
10.2.2. үйл ажиллагааны үр дүнгийн тайлан;
10.2.3. мөнгөн гүйлгээний тайлан;
10.2.4. өмчийн өөрчлөлтийн тайлан;
10.2.5. тухайн тайлангийн хугацаанд хийгдсэн их хэмжээний болон сонирхлын зөрчил бүхий хэлцлийн жагсаалт, нэр төрөл, үнийн дүн, удирдлагад олгосон цалин, шагнал урамшуулал;
10.2.6. нэмэлт тайлбар;
10.2.7. санхүүгийн тайлангийн тодруулга;
10.2.8. бусад.
10.3. Захирал Төрийн өмчийн хороо болон холбогдох яам, агентлагт тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайланг улирал бүр хүргүүлэх бөгөөд тайланд дараах зүйлийг тусгана:
10.3.1. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын эрхлэн явуулсан үндсэн үйл ажиллагааны талаарх танилцуулга, гарсан өөрчлөлтүүд болон эдгээр үйл ажиллагааны үр дүнгийн байдал, түүний өөрчлөлт;
10.3.2. тайлангийн хугацаанд үйлдвэрийн газрын албан тушаалтан, ажиллагсдад олгосон шагнал урамшуулал, удирдлагын зардлын хэмжээ.
10.4. Шаардлагатай бусад мэдээлэл, тайлбар.
Арван нэг. Үйлдвэрийн газрын баримт бичгийг хадгалах
11.1. Үйлдвэрийн газар нь дараах баримт бичгийг хадгална:
11.1.1. Үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ, сертификат;
11.1.2. санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, зөвлөмж;
11.1.3. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
11.1.4. үйлдвэрлэл, технологи, норм нормативууд, түүнтэй холбогдох дүрэм, журам, зааврууд, бусад баримт бичиг;
11.1.5. хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан шийдвэр;
11.1.6. бусад ач холбогдол бүхий баримт бичиг.
11.2. Дээрх баримт бичгийг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажлыг захирлын туслах, бичиг хэргийн ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.
Арван хоёр. Үйлдвэрийн газрыг татан буулгах
12.1. Үйлдвэрийн газрыг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу татан буулгана.
Арван гурав. Бусад
13.1. Хуульд нийцүүлэн дүрэмд тусгаснаас бусад асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
13.2. Энэхүү дүрэм болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A