A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ВИРУСТ ХЕПАТИТААС СЭРГИЙЛЭХ, ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР /ЗГ-ын 2017 оны 112-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

Засгийн газрын 2015 оны 448 дугаар
тогтоолын 1 дүгээр хавсралт


ВИРУСТ ХЕПАТИТААС СЭРГИЙЛЭХ, ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛ,
ЭНДЭГДЛИЙГ БУУРУУЛАХ ДЭД ХӨТӨЛБӨР

/ЗГ-ын 2017 оны 112-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр дэлхий дахинд 520 сая гаруй хүн вируст хепатитийн архаг халдвартай, үүнээс 1.45 сая хүн нь жил бүр уг өвчнөөс үүдэлтэй элэгний цирроз, хорт хавдраар нас барж байгаа бөгөөд вируст хепатитийн өвчлөл нь дэлхийд хамгийн их тархсан халдварт өвчний нэг болсон байна. Вируст хепатитийн шалтгаант нас баралтын 48 хувийг В вируст, 48 хувийг С вируст, 4 хувийг А, Е вируст халдвар эзэлж байна.

Манай улс вируст хепатит өвчнийг 1952 оноос, А, В вируст хепатитийг 1981 оноос, С вируст хепатитийг 1998 оноос ялган оношилж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд D, Е вируст хепатитийг ялган оношилж, улсын статистик мэдээнд бүртгэж эхэлсэн.

Засгийн газраас хүн амаа вируст хепатитаас сэргийлэх, элэгний өвчнийг эрт илрүүлэх, тандах, оношлох ажилд онцгой анхааран, олон талт арга хэмжээ авч, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр (2002-2010 он, 2011-2015 он), Вируст хепатиттай тэмцэх, сэргийлэх зорилтот программ (1988-2000 он) болон үндэсний стратегийг (2010-2015 он) хэрэгжүүлсний үр дүнд нийт вируст хепатитийн өвчлөл сүүлийн таван жилд өмнөх таван жилийн дунджаас 10000 хүн амд тохиолдох тохиолдлын тоо 6,8 хувиар буурч, үүний дотор А вируст хепатит 10000 хүн амд 5,3 хувиар, В вируст хепатит 0,2 хувиар, С вируст хепатит              0,6 хувиар тус тус буурсан.

  В вируст хепатитийн эсрэг вакциныг 1991 оноос нэвтрүүлсний үр дүнд         5 хүртэлх насны хүүхдийн дунд HBsAg тээгчдийн тархалт 0,53 хувь болж      ДЭМБ-ын дэвшүүлсэн зорилт (2 хувь)-ыг хангасан байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд Элэгний клиникийг байгуулж, жил бүрийн улсын төсөвт эмчилгээний зардлыг тусган С вируст хепатиттай хүмүүст вирусийн эсрэг эмчилгээг хийж байна. А вируст хепатитийн эсрэг вакциныг 2012 оноос үе шаттайгаар нэвтрүүлснээр А вируст хепатитийн 10000 хүн амд ногдох тохиолдол 1,0 хувь болж, дархлаажуулалтын өмнөх үеэс 22 дахин буурсан болно.

Гэвч манай улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс орнуудын тоонд орж, сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдсээр байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15 хувийг элэгний өвчлөлөөс шалтгаалах нас баралт эзэлж байна. 2014 оны статистик мэдээгээр элэгний хорт хавдрын 82.5 хувь нь хожуу буюу 3-4 дүгээр үе шатанд оношлогдож, хяналтад орсноос хойш 2,3 хувь нь 5-аас дээш жил амьдарч байна. Элэгний хорт хавдрын шалтгааны 46 хувь нь хепатитийн С вируст, 35 хувь нь        В вируст, 14 хувь нь В, С вирусийн хавсарсан халдвартайг судлаачид тогтоосон байна. Одоогийн байдлаар нийт хүн амын дунд С вируст хепатитийн халдвар     10 хувь, В вируст хепатитийн халдвар 11,8 хувь, Дельта вируст хепатитийн халдвар 4,8 хувийн тархалттай байна. Иймд цаашид хүн амыг вируст хепатитийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, элэгний өвчний оношилгоо, эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэх, халдварын тархалт, өвчлөл, түүнээс үүдэлтэй элэгний цирроз, элэгний анхдагч хорт хавдар, элэгний архаг үрэвслийн шалтгаант нас баралтыг бууруулах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

2.1. Хөтөлбөрийн зорилго

Вируст хепатитаас урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулах, халдварыг эрт илрүүлэх, хүн амын дундах вирусийн халдварын тархалтыг хязгаарлах, элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй архаг үрэвсэл, цирроз, анхдагч хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулахад оршино.

2.2. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлж байна:

2.2.1. хүн амыг вируст хепатитаас урьдчилан сэргийлэх, тэдний эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах замаар өвчний тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлэх;

2.2.2. вируст хепатитийн эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний нотолгоонд суурилсан чанартай, багц тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд тэгш хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх;

2.2.3. вируст хепатитийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, үр дүнг эмнэлзүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх;

2.2.4. төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүх хэлбэрийн оролцоог вируст хепатитийн халдвар, өвчлөл, элэгний анхдагч хорт хавдрыг эрт илрүүлэх, хянах, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээнд нэмэгдүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:

  3.1. үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлах;

  3.2. эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх;

  3.3. салбар хоорондын уялдааг хангаж, нэгдсэн бодлогоор зохион байгуулах;

  3.4. эрүүл мэндийн бусад хөтөлбөр, төслүүдтэй уялдсан байх.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, санхүүжилт

  4.1. Хөтөлбөрийг 2016-2025 онд дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ:

  4.1.1. нэгдүгээр үе шат (2016–2020 он);

  4.1.2. хоёрдугаар үе шат (2021–2025 он).

4.2.  Хөтөлбөрийн санхүүжилт

      Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

4.2.1. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

4.2.2. эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө;

4.2.3. олон улсын байгууллага, гадаад орны  төсөл,  хөтөлбөрийн хөрөнгө, хөнгөлөлттэй зээл, тусламж;

4.2.4.төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламж.

Тав. Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх
      үйл ажиллагаа, хүрэх үр дүн

5.1. Хүн амыг вируст хепатитаас урьдчилан сэргийлэх, тэдний эрсдэлт зан үйлийг өөрчлөх, дархлаажуулалтыг өргөжүүлэх, мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах замаар өвчний тандалт, халдварын хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1.1. хүн ам, эрсдэлт бүлгийн вируст хепатитийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

5.1.2. “Дэлхийн хепатитийн өдөр”-ийг тэмдэглэх ажлын хүрээнд вируст хепатитаас сэргийлэх сургалт, сурталчилгаанд иргэдийг оролцуулах, тэдний  вируст хепатитаас сэргийлэх санал, санаачилгыг дэмжих;

5.1.3. өсвөр насныхан болон оюутан, залуучуудын дундаас үе тэнгийн сургагч багш бэлтгэх, бага наснаас нь зөв зан үйлд сургах ажлыг зохион байгуулах;

5.1.4. вируст хепатитаас сэргийлэх үндэсний форум болон бүсчилсэн хурал, уулзалт зохион байгуулах;

5.1.5. эмнэлгийг халдваргүйтгэл, ариутгалын орчин үеийн тоног төхөөрөмжөөр үе шаттайгаар хангах;

5.1.6. гоо сайхан, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид мөрдөх халдвар хамгааллын дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэх;

5.1.7. эмнэлгийн хог хаягдлыг устгах чиглэлээр сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;

5.1.8. А вируст хепатитийн халдварын эсрэг вакцинаар бага насны хүүхдийг тархвар судлалын заалтаар дархлаажуулах;

5.1.9. нярай хүүхдэд 24 цагийн дотор хийх В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, HBsAg, HBeAg эерэг эхээс төрсөн нярайд 24 цагийн дотор В вируст хепатитийн халдварын эсрэг вакциныг иммуноглобулин (HBIg)-тай хавсарч хэрэглэх;

5.1.10. эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цусны донор, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургуулийн оюутнуудын дунд           В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулах;

5.1.11. В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтын үр дүн (дархлал тогтоцын түвшин)-г тогтоох, вакцины чанарт хяналт тавих;

5.1.12. А, В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дураар хамрагдахыг олон нийтэд сурталчилж, хамрагдах тоог нэмэгдүүлэх;

5.1.13. улсын хэмжээнд вируст хепатиттай иргэдийг бүртгэх программ боловсруулж, мэдээллийн нэгдсэн сантай болох;

5.1.14. вируст хепатитийн мэдээллийн цахим сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах журам боловсруулан баталж мөрдүүлэх;

5.1.15. вируст хепатитийн шинэ болон архаг тохиолдол, эмчилгээний үр дүнг хянаж бүртгэх, зохих арга хэмжээ авах багийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эмнэлгийн  дэргэд ажиллуулах, уг багийн мэргэжилтнийг чадавхжуулах зорилгоор  сургалт зохион байгуулах;

5.1.16. А вируст хепатитийн тархалтад нөлөөлөх эрсдэлийг бууруулах, стандартын шаардлага хангасан ундны усаар хүн амыг хангах, хот, суурин газрын хаягдал ус цэвэрлэх байгууламжийг үе шаттайгаар шинэчлэх, төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн дэглэмийг мөрдүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах;

5.1.17. хүүхдийн байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн стандартыг хангуулах, хүүхдийг гараа угаах дадал, хэвшилд сургах ажлыг зохион байгуулах;

5.1.18. хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын оролцоог хангаж, хамтран ажиллах.

5.2. Вируст хепатитийн эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний нотолгоонд суурилсан чанартай, багц тусламж, үйлчилгээг үндэсний хэмжээнд тэгш хүртээмжтэй, үр дүнтэй үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.2.1. вируст хепатитийн илрүүлэлт, оношилгоо, баталгаажуулалтын алгоритмыг боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх;

5.2.2. эмнэлгийн тусламж, үйлчилгээний анхан шатны түвшинд вируст хепатитийн хурдавчилсан оношилгоо, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт фермент холбох эсрэг биеийн  урвалын  шинжилгээ, төв эмнэлэг, тусгай  мэргэжлийн  төвд

химолюминисценци, бодит хугацааны ПГУ, генотипийг тодорхойлох шинжилгээний аргыг нэвтрүүлэх;

5.2.3. хүн ам, эрсдэлт бүлгийн дунд вируст хепатит, элэний өвчнийг илрүүлэх үзлэгийг тодорхой үе шаттайгаар хийж, тархалтыг тогтоох;

5.2.4. жирэмсэн эмэгтэйчүүдийг В, С вируст хепатитийн халдварыг илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулж, вирус илэрсэн тохиолдолд Дельта вирусийн шинжилгээ хийх;

5.2.5. вируст хепатитийн халдвартай эхээс төрсөн хүүхдэд халдварыг тогтоох шинжилгээ хийж, хяналтад авах;

5.2.6. вируст хепатитийн оношилгоонд ДЭМБ, олон улсын стандартын шаардлага хангасан урвалж, оношлуурыг хэрэглэх;

5.2.7. төрийн болон хувийн хэвшлийн лабораторт дотоод, гадаадын чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж үнэлэх;

5.2.8. вируст хепатитийн оношилгооны тоног төхөөрөмжийг баталгаажуулан, засвар, үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгох;

5.2.9. сорьц тээвэрлэлтийн журам, зааврыг шинэчлэн боловсруулж, баталж мөрдүүлэх;

5.2.10. вируст хепатитийн халдвар, түүний шалтгаант элэгний цирроз, хорт хавдрын оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээний эмнэлзүйн зааврыг ДЭМБ, олон улсын мэргэжлийн нийгэмлэгээс гаргасан удирдамж, чиглэлийг үндэслэн шинэчилж байх;

5.2.11. вируст хепатитийн илрүүлэлт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцыг боловсруулж, эмчилгээний  үр дүнг хянах;

5.2.12. нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг В,С вируст хепатитийн эрт илрүүлэлтэд хамруулах боломжийг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх;

5.2.13. архаг хепатиттай өвчтөний өвчний үе шатыг үнэлэх, эмчлэх, хянах арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд холбогдох эрүүл мэндийн хөтөлбөрт хамруулах;

5.2.14. вируст хепатитийн тусламж, үйлчилгээ үзүүлэх загварыг өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх;

5.2.15. эрүүл мэндийн байгууллагуудыг лабораторийн болон дүрс оношилгооны орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр хангах;

5.2.16. вируст хепатитийн оношилгоо, эмчилгээний урвалж оношлуур, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг тасралтгүй, хүртээмжтэй нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх;

5.2.17. вируст хепатитийн эмчилгээнд хэрэглэх шинэ эм, бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгэж нэвтрүүлэх;

5.2.18. ДЭМБ, бусад орнуудаас хэрэгжүүлж байгаа вируст хепатитийн хөтөлбөр, төсөлд хамрагдах арга хэмжээ авах;

5.2.19. эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөрт вируст хепатитаас сэргийлэх, оношлох, эмчилгээний шинэчилсэн заавар, стандартыг оруулах;

5.2.20. вируст хепатитийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтад хамруулах, судалгааны арга зүйд сургах, чадавхжуулах;

5.2.21. вируст хепатитийн оношилгоо, эмчилгээний зардлыг бодит өртөгтэй уялдуулан тооцож мэдээллэх;

5.2.22. вируст хепатиттай иргэнд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг судалж шийдвэрлэх;

5.2.23. вируст  хепатитийн эм, эмчилгээний шинэ технологийн зардал болон үр ашиг, үр дүнгийн эдийн засгийн тооцоо, судалгааг хийж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.

5.3. Вируст хепатитийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж, үр дүнг эмнэлзүйн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.3.1. вируст хепатитийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулах;

5.3.2. хүн амын вируст хепатитийн талаарх мэдлэгийн түвшинг тогтоох чиглэлээр судалгаа хийх;

5.3.3. вируст хепатитын тархалтыг тогтоох судалгааг үндэсний түвшинд хийх;

5.3.4. эрүүл мэндийн ажилтнууд дахь вируст хепатитийн халдварын тархалтын түвшинг тогтоох;

5.3.5. вируст хепатиттай хавсарсан бусад эмгэгийн тархалтын судалгаа хийх;

5.3.6. В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтын дараах дархлал тогтоцын түвшинг тогтоох;

5.3.7. шүд, гоо сайхны болон эмнэлгийн (хануур, шивүүр г.м) тусламж, үйлчилгээнд цусаар дамжих халдварын эрсдэлийн үнэлгээ хийх;

5.3.8. вируст хепатитийн эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүнд эмнэлзүйн кохорт судалгаа, зардал-өртөг болон зардал-үр ашгийн судалгааг үндэсний хэмжээнд хийх;

5.3.9. олон улсын байгууллагуудтай хамтран нотолгоонд суурилсан дэвшилтэт технологийг вируст хепатитын оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх;

5.3.10. вируст хепатитийн эмчилгээнд нэвтрүүлж байгаа шинэ эмүүдийн эмчилгээний үр дүн, эсрэг биеийн тэсвэржилт, гаж нөлөөг судлах;

5.3.11. хүүхдийн байгууллагын ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэд үнэлгээ хийж, А вирусийн халдварт нөлөөлөх эрсдэлийг тогтоох.

5.4. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүх хэлбэрийн оролцоог вируст хепатитийн халдвар, өвчлөл, элэгний анхдагч хорт хавдрыг эрт илрүүлэх, хянах, оношлох, эмчлэх тусламж үйлчилгээнд нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.4.1. вируст хепатитын оношилгоо, эмчилгээний заавар, журам, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрдэмтэн судлаач, иргэд, аж ахуйн нэгжийг оролцуулж, хамтран ажиллах;

5.4.2. вируст хепатитийн архаг халдвартай хүмүүсийг илрүүлэх, оношлох, уламжлалт болон орчин үеийн шинэ эмээр эмчлэх, эмчилгээний үр дүнг хянах, үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, эрүүл мэндийн болон бусад байгууллагын идэвхтэй оролцоог бий болгох;

5.4.3. вируст хепатитийн оношилгоо, эмчилгээ, хяналт, тандалтын талаарх мэдээллийн цахим сүлжээнд хувийн хэвшлийн зарим байгууллагыг хамруулах;

5.4.4. вируст хепатитаас урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлээр хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын санал, санаачилгыг дэмжиж, нөөц бололцоог нь дайчлан, үр дүнтэй хамтран ажиллах.

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, вируст хепатитаас сэргийлэх, өвчлөл эндэгдлийг бууруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

6.2. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагааг хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг Эрүүл мэндийн үндэсний зөвлөл гүйцэтгэнэ.

6.3. Халдварт өвчин судлалын үндэсний төв нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажиллана.

6.4. Орон нутгийн түвшинд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохицуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих ажлыг бүх шатны Засаг дарга, Эрүүл мэндийн зөвлөлийн салбар зөвлөлтэй хамтран гүйцэтгэх бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн жил бүрийн явц, үр дүнгийн тайланг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сард хүргүүлнэ.

6.5. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилтийн жил бүрийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт хүргүүлнэ.

Долоо. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

7.1. Энэ хөтөлбөрийн 5.1-д заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

7.1.1. вируст хепатитийн мэдээллийн цахим сүлжээ байгуулагдаж, нэгдсэн сантай болно;

7.1.2. вируст хепатитаас урьдчилан сэргийлэх хүн амын мэдлэг, дадал, хандлага сайжирсан байна;

7.1.3. вируст хепатитаас сэргийлэх, хэвлэл мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалын сан, сургалтын модультай болно;

7.1.4. вируст хепатитаас сэргийлэх үйл ажиллагаанд оролцох иргэд, олон нийтийн болон аж ахуй нэгжийн идэвх санаачилга, оролцоо нэмэгдэнэ;

7.1.5. А, В вируст хепатитийн халдварын эсрэг сайн дурын дархлаажуулалтын үйл ажиллагаа өргөжинө. Эрсдэлт бүлэг, эмнэлгийн мэргэжилтэнд хийгдэх В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралтыг 95-аас дээш хувьд хүргэнэ;

7.1.6. А вируст хепатитийн халдварын эсрэг вакциныг тархвар судлалын заалтаар хэрэглэж, В вируст халдварын эсрэг дархлаажуулалтад нярай хүүхдийн 24 цагийн доторх хамралтыг 95-аас дээш хувьд хүргэж, HBsAg, HBeAg эерэг эхээс төрсөн нярайд 24 цагийн дотор В вируст хепатитийн халдварын эсрэг вакциныг иммуноглобулин (HBIg)-тай хавсарч хэрэглэдэг болсон байна;

7.1.7. Халдвараас сэргийлэх, түүнд хяналт тавих үйл ажиллагааны чанар, хүртээмж нэмэгдэж эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой вируст хепатитийн халдвар буурсан байна.

7.2. Энэ хөтөлбөрийн 5.2-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

7.2.1. вируст хепатитийн тархалтыг тогтоосон байна;

7.2.2. вируст хепатитийн эрт илрүүлэлт-оношилгоо-эмчилгээний чадавх сайжирна;

7.2.3. лабораторийн дотоод, гадаад хяналтын тогтолцоо нэвтэрсэн байна;

7.2.4. сорьц тээвэрлэлт сайжирна;

7.2.5. вируст хепатитийн шалтгаант элэгний цирроз, элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралт буурна;

7.2.6. вируст хепатитийн оношилгоо, эмчилгээний хүртээмж нэмэгдэж, иргэнд учрах, санхүүгийн эрсдэлийг бууруулах арга зам тодорхойлогдсон байна;

7.2.7. цочмог вируст хепатитийн өвчлөлийг 10000 хүн амд 5,5 хувь хүртэл бууруулна;

7.2.8. В, С вируст хепатитийн тархалтыг 3-4 хувь хүртэл бууруулна;

7.2.9. В, С вируст хепатитийн илрүүлэлт, шинжилгээний хамралтыг       80 хувьд хүргэнэ;

7.2.10. В, С вируст хепатитийн халдвартай хүмүүсийн 30-50 хувийг эмчилгээнд хамруулна.

7.3. Энэ хөтөлбөрийн 5.3-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

7.3.1. хүн ам, зорилтот бүлгийн дундах вируст хепатитийн халдварын тархалтын түвшинг тогтоосон байна;

7.3.2. В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтын дараах дархлал тогтоцын түвшинг тогтоосон байна;

7.3.3. вируст хепатитийн эрт илрүүлэлт-оношилгоо-эмчилгээ, эмнэлзүйн судалгаа хийгдэж, үр дүнг практикт нэвтрүүлсэн байна;

7.3.4. вируст хепатитийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний талаарх эмнэлзүйн кохорт судалгаа, зардал-өртөг болон зардал-үр ашгийн судалгааг үндэсний хэмжээнд хийсэн байна.

7.4. Энэ хөтөлбөрийн 5.4-т заасан зорилтыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:

7.4.1. вируст хепатитаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл бий болно;

7.4.2. вируст хепатитийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн байгууллагын хүний нөөцийн чадавх бэхэжсэн байна;

7.4.3. вируст хепатитийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, хяналт, тандалтын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай болсон байна.

Найм. Хөтөлбөрийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Хөтөлбөрийн хэрэгжилтэд явцын, дунд хугацааны, төгсгөлийн хяналт үнэлгээ хийнэ.

8.2. Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг жил бүр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хийнэ.

8.3. Хөтөлбөрийн дунд хугацааны хяналт-шинжилгээ, үнэлгээг 2020 онд, төгсгөлийн үнэлгээг 2025 онд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын оролцоотой хийнэ.

8.4. Хөтөлбөрийн үйл ажиллагааг гүйцэтгэлээр үнэлнэ.

 

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт

9.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

 

Шалгуур үзүүлэлт

Суурь

үзүүлэлт

Хүрэх үр дүнгийн үзүүлэлт

2020 он

2025 он

Нэг. Удирдлага зохион байгуулалт

1.

Вируст хепатитийн оношилгоо эмчилгээний чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад ажиллах багийн тоо

 

10

 

30

 

50

Хоёр. Урьдчилан сэргийлэлт, халдварын хяналт,

тандалт, хариу арга хэмжээ

2.

Вируст хепатиттай иргэдийг бүртгэх мэдээллийн цахим сүлжээнд холбогдсон нэгжийн тоо

 

0,0

 

48

 

60

3.

В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтад нярай хүүхдийн 24 цагийн дотор хамрагдсан хувь

 

93,0%

 

95,0%

 

98%

4.

В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтад эрүүл мэндийн байгууллагын ажилчдын хамрагдсан хувь

 

80,0%

 

90,0%

 

95%

Сүүлийн таван

жилийн дунджаар 10000 хүн амд ногдох вируст хепатитийн өвчлөл

Нийт вируст хепатит

24,0

13,0

5,5

А вируст хепатит

21,3

10,0

5,0

В вируст хепатит

0,8

0,5

0,2

С вируст хепатит

0,6

0,5

0,2

5.

С вируст хепатитийн халдварын тархалт (судалгаагаар)

 

10.0%

 

7,0%

3,0%

6.

В вируст хепатитийн халдварын тархалт (судалгаагаар)

11,8%

8,0%

4,0%

7.

Донорын цусанд HBsAg, HCV-Ab, HIV илрүүлэх шинжилгээ хийдэг нэгжийн хувь

100%

түвшиндээ

түвшиндээ

8.

Ариутгалын чанарыг биологийн индикатороор, уурын тархалтыг тестээр хянадаг системтэй байгууллагын эзлэх хувь

30,0%

70,0%

100%

9.

Эмнэлгийн хог хаягдлын менежментэд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нэгжийн эзлэх хувь

0%

50,0%

80,0%

Гурав. Илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ

10.

Нийт хүн амын тоонд В, С вируст хепатитийг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан хүний эзлэх хувь

-

40,0%

80,0%

11.

С вируст хепатитийн халдварын эмчилгээнд орвол зохих хүмүүсээс эмчилгээнд хамрагдсан хувь

 

-

40,0%

50,0%

12.

В вируст хепатитийн халдварын эмчилгээнд орвол зохих хүмүүсээс эмчилгээнд хамрагдсан хүний эзлэх хувь

 

-

30,0%

40,0%

Дөрөв. Эрдэм шинжилгээ, судалгаа

13.

Хүн ам, эрсдэлт бүлэг, эмнэлгийн ажилчдын дунд вируст хепатитийн халдварын тархалтын түвшин

 

-

В, С вируст халдварын тархалтыг тогтоосон байна

Дельта болон бусад вируст халдварын тархалтыг тогтоосон байна

14.

В вируст хепатитийн халдварын эсрэг дархлаажуулалтын дараах дархлал тогтоцын түвшин

 

-

түвшинг тогтоосон байна

түвшинг тогтоосон байна