- Нүүр
- Сайдын тушаал
- Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам
Хөдөлмөрийн сайдын 2015 оны
А/223 дугаар тушаалын хавсралт
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
хийх журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, ажлын байрны орчинд нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, газрын дор, хортой, халуун, хүнд нөхцөлийг тодорхойлон хэмжилт, судалгаа хийх, үнэлгээ өгөх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх зорилго оршино.
1.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх нь ажлын байрны орчинд нөлөөлөх хими, физик, биологи, сэтгэл зүй, физиологийн болон хортой хүчин зүйлийн талаар хэмжилт судалгаа хийх, үр дүнг нь хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар тогтоосон ажлын байрны тохиромжтой болон зөвшөөрөгдөх хэмжээний үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийх, эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх нэгдмэл үйл ажиллагаа болно.
1.3. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөнө.
1.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Стандартчилал, тохиролын үнэлгээний тухай хууль, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл, хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ MNS 5080:2001” стандарт, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага. MNS 4990:2015” стандартыг мөрдлөг болгоно.
1.5. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн орчинд хими, физик, биологи, сэтгэл зүй, физиологийн хүчин зүйлийн хэмжилт хийхэд холбогдох дүрэм, журам, аргачлалыг ашиглана.
Хоёр. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
хийх байгууллага
2.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэлтэй, Хөдөлмөрийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн, төрийн болон хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага энэ журмыг үндэслэн хийнэ.
2.2. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх итгэмжлэлийг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Стандартчилал, хэмжил зүйн газар олгоно.
2.3. Итгэмжлэл бүхий байгууллагуудыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв бүртгэж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, хамтран ажиллана.
2.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээтэй холбогдох асуудлыг тухайн ажлыг гүйцэтгэсэн итгэмжлэл бүхий байгууллага хариуцна.
Гурав. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
хийх зохион байгуулалт
3.1. Итгэмжлэл бүхий байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийх ажлыг гэрээ байгуулах үндсэн дээр гүйцэтгэнэ.
3.2. Гэрээнд тал тус бүрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын талаар тодорхой тусгана.
3.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх үүргийг ажил олгогч хүлээнэ.
3.4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 31.2 дахь хэсэгт зааснаар ажлын байр шинээр бий болгох, тухайн ажлын байрны чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт, химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэнэ.
3.5. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд энэ журмын 2.1-д заасан итгэмжлэл бүхий байгууллагад ажил олгогч хүсэлт гаргана.
3.6. Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжилтэй холбоотой ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, дүгнэлт гаргах асуудлыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв хариуцаж гүйцэтгэнэ. Үнэлгээ хийж, дүгнэлт гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн нөхцөлийн хэмжилт, шинжилгээний төв, итгэмжлэгдсэн бусад байгууллагатай хамтарч ажиллана./3.6 дахь заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 221/ШШ2019/0015 дугаар шийдвэрээр хүчингүй болгосон./
3.7. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв энэ журмын 3.6-д заасан ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийсэн дүгнэлт, тайланг төвийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хуралд танилцуулна. Тус төв холбогдох тайланг дүгнэлтийн хамт хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хүсэлт гаргасан байгууллагад хүргүүлнэ.
3.8. Итгэмжлэл бүхий байгууллага ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийсэн тухай холбогдох тайлан, дүгнэлт, зөвлөмжийг тухайн байгууллагын ажил олгогчид ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд өгнө. Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвд дүгнэлт гарсны дараа ажлын 5 хоногийн дотор нэг хувийг хүргүүлнэ.
3.9. Итгэмжлэл бүхий байгууллагуудын ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн дүн, тайлан, мэдээг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төв цахим болон цаасан хэлбэрээр мэдээллийн санд төвлөрүүлж, улсын хэмжээний мэдээлэл бүрдүүлж, архивт хадгална.
3.10. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийсэн талаар итгэмжлэл бүхий байгууллагаас авах тайлан, мэдээний маягтыг Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн даргын шийдвэрээр баталж, мөрдүүлнэ.
Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний
жишиг үнэ
4.1. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх жишиг үнийг Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталж, мөрдөнө.
4.2. Хөдөлмөрийн сайдын тушаалаар баталсан жишиг үнийг итгэмжлэл бүхий төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөнө.
4.3. Хувийн хэвшлийн итгэмжлэл бүхий байгууллагууд уг жишиг үнийг үндэс болгон өөрийн байгууллагын үнэлгээний тарифыг баталж мөрдөнө.
4.4. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний зардлыг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч хариуцна.
4.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт, 26.5.8 дахь хэсгийг үндэслэн төрийн болон төсвийн байгууллага шаардлагатай ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийлгэх зардлыг жил бүрийн төсөвтөө тусгаж, хэрэгжүүлнэ.
-----------оОо------------
Текст томруулах
A
A
A