- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 253 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГАД МӨРДӨХ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН БОДЛОГО
1.1.Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь төсөвт байгууллага санхүүгийн тайлангаа бэлтгэж гаргахад баримтлах зарчим, бүртгэлийн суурь, дүрэм, журам, аргачлалыг тусгасан баримт бичиг болно.
1.2.Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого нь Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Монгол Улсын Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, Татварын тухай хууль тогтоомж, Олон улсын валютын сангаас эрхлэн гэргадаг Засгийн газрын санхүүгийн статистикийн заавар болон холбогдох бусад хууль тогтоомж, заавар журамд үндэслэнэ.
1.3.Санхүү, эдийн засгийн яам нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон бүртгэлийн арга ажиллагаанд гарах өөрчлөлттэй холбогдуулан нягтлан бодох бүртгэлийн бодлогоо шинэчлэн боловсронгуй болгож байна.
1.4.Төсөвт байгууллага нь төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлдэг хөрөнгө эзэмшиж, өр төлбөрөө хариуцан, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг байгууллага мөн. Төсвийн шууд захирагч буюу ерөнхий менежер нь төсөвт байгууллагын дарга (захирал) байна.
1.5.Төсөвт байгууллага болон төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газрууд нь тус тусдаа бүртгэлийн бодлоготой тусгай байгууллагууд байна.
1.6.Төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газрууд санхүүгийн тайланг бэлтгэхдээ НББОУС-ыг дагаж мөрдөнө.
Нягтлан бодох бүртгэлийн давхар бичилт
1.7.Бүх төрлийн ажил гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн давхар бичилтийн зарчмаар бүртгэнэ.
1.8.Давхар бичилт гэж ажил гүйлгээг тэнцүү дүнгээр дансны дебет, кредитэд зэрэг бичилт хийхийг хэлнэ.
1.9.Төсөвт байгууллагад нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийг баримтална. Аккруэл суурь гэдэгт ажил гүйлгээг мөнгөн хэлбэрээр хэрэгжсэн үед нь бус харин гарсан үед хүлээн зөвшөөрдөг бүртгэлийг хэлнэ. Аккруэл суурьтай бүртгэл нь хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого, зардал гэсэн элементүүдтэй байна.
1.10.Монгол Улсын хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн төсөвт байгууллага мөнгө суурьтай бүртгэл хөтөлж болно.
1.11.Санхүүгийн тайлангийн болон төсвийн төлөвлөлтийн үзүүлэлтийн уялдааг хангах үүднээс төсвийн ангилал, түүний аргачлал нь санхүүгийн тайлангийн орлого зарлага, санхүүжилтийн ерөнхий аргачлалтай нийцсэн байна.
1.12.Санхүүгийн мэдээллийн материаллаг шинжийг тодорхойлохдоо тэдгээрийн мөн чанар ба хэмжээг харгалзана. Материаллаг шинжтэй зүйлийг санхүүгийн тайланд тусгай үзүүлэлт болгон харуулна. Материаллаг бус зүйлийг ижил төстэй шинж чанараар нь нэгтгэн тусгана.
Хөрөнгө, Өр төлбөр
1.13.Хөрөнгө: Өнгөрсөн хугацааны ажил гүйлгээний үр дүнд бий болсон тухайн байгууллагын хяналтанд байгаа ирээдүйд эдийн засгийн үр ашиг, үйлчилгээний чадавхиа өгөх нөөцийг хөрөнгө гэнэ.
1.14.Зах зээлийн үнэ бүрэн төлөвшиж тогтоогүй мөн түүнийг бүртгэлд хэрэглэж хэвшээгүй байгаатай холбогдуулж хөрөнгийн элементийн зарим зүйл (бараа материал, хөрөнгө оруулалтын үнэт цаас зэрэг)-ийн үлдэгдлийг санхүүгийн тайланд тусгахдаа зах зээлийн үнэ болон өртгийн аль багаар үнэлнэ гэсэн Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зарчмыг төсөвт байгууллагууд шууд мөрдөхгүй. Иймд эхний ээлжинд хөрөнгийг нэрлэсэн үнээр нь болон анхны өртгөөр үнэлж бүртгэнэ. Энэ талаар санхүүгийн тайланд тодруулга хийнэ.
1.15.Биет хөрөнгийн дансны үнэ нь бодит үнээс материаллаг хэмжээтэй зөрүүтэй байх тохиолдолд төсөвт байгууллага хөрөнгийн дахин үнэлгээ хийж болно. Хөрөнгийн дахин үнэлгээний журам, аргачлалыг тусгайд нь баталж мөрдүүлнэ.
1.16.Өр төлбөр: Өнгөрсөн хугацааны ажил гүйлгээний үр дүнд үүсч бий болсон, байгууллагын эзэмшиж байгаа нөөцөөс бусдад төлөх төлбөрийн хариуцлага болно.
1.17.Өр төлбөрийн хэмжээ нь тайлангийн өдрийн хамгийн оновчтой тооцоонд үндэслэсэн байна.
1.18.Эзний өмч: Байгууллагын хөрөнгөөс өр төлбөрийг хасч тооцсон цэвэр хөрөнгийг эзний өмч гэнэ. Эзний өмчийн бүрэлдэхүүнд Засгийн газрын сан (орон нутгийн сан), Хуримтлагдсан үр дүн, Хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү зэрэг орно.
1.19.Төсөвт байгууллагын үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулахгүй (энэ талаар тусгай шийдвэр гарах хүртэл).
1.20.Үндсэн хөрөнгийн үлдэгдэл өртгийг “Засгийн газрын сан” (орон нутгийн сан) дансны үлдэгдэлтэй тохируулан бүртгэнэ.
Орлого, Зардал
1.21.Орлого: Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө нэмэгдэх эсвэл өр төлбөр багасах байдлаар эдийн засгийн үр дүнг нэмэгдүүлэх /хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгөөс бусад/ ажил, гүйлгээг орлого гэнэ.
1.22.Зардал: Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө багасах, эсвэл өр төлбөр нэмэгдэх байдлаар эдийн засгийн үр дүнг хорогдуулах /хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон хөрөнгөнөөс бусад/ ажил гүйлгээг зардал гэнэ.
1.23.Төсөвт байгууллага өөрийн эзэмшилд байгаа төрийн өмчийн эд хөрөнгө ашигласны төлбөрийг жил бүр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хувь хэмжээгээр тооцож төлнө.
1.24.Бүтээгдэхүүн гэдэг нь төсөвт байгууллагаас нийлүүлэх тоо хэмжээ, хугацаа, чанар, зардал зэрэг шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох ажил, үйлчилгээ болно.
1.25.Бүтээгдэхүүний өртөг тооцолт гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигласан нөөцийг хэмжиж өртгөөр тодорхойлох ажиллагаа болно.
1.26.Зардлыг бүртгэж өртөг тооцох аргачлалыг санхүүгийн тайлангийн нэг үеэс дараагийн үед тууштай баримтална.
1.27.Зардлын бүртгэлийн бодлогод дараах асуудлыг хамруулна. Үүнд:
- шууд ба шууд бус зардлыг ангилах арга
- шууд зардлыг ногдуулах арга
- шууд бус зардлыг хуваарилах суурь
- хураангуй, дэлгэрэнгүй мэдээллийн загвар
1.28.Шууд ба шууд бус зардлыг ангилах: Шууд ба шууд бус зардлыг ангилахдаа бүтээгдэхүүнтэй шууд холбогдох шинж чанарыг үндэслэсэн зохимжтой аргыг хэрэглэнэ.
1.29.Шууд зардал: Тодорхой бүтээгдэхүүнд шууд хамаарах зардал болно.
1.30.Өртгийн объект: Зардал тооцох бүтээгдэхүүн, бүтээгдэхүүний анги буюу эсвэл тодорхой ажил үйлчилгээг өртгийн объект гэнэ.
1.31.Шууд бус зардал: Тодорхой бүтээгдэхүүнд шууд хамаарахгүй боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлд туслах шинжтэй зардлыг шууд бус зардал гэнэ.
Шууд зардлыг ногдуулах арга: Бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо үйл ажиллагааны бүх зардлыг хуримтлуулан тооцож бүтээгдэхүүнд хуваарилна. Шууд зардлыг бодит хэрэглээнд үндэслэн бүтээгдэхүүнд шууд хамааруулна. Мөн урьдчилан тогтоосон итгэлцүүр (зардал ногдуулах суурь) нь бодит хэрэглээг илэрхийлж чадахаар бол түүнийг ашиглаж болно.
1.32.Шууд бус зардлыг хуваарилах суурь: Тайлант хугацаанд нэгээс дээш төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулагдсан шууд бус зардлыг бүтээгдэхүүн бүрийн бодит хэрэглээнд эзлэх хувийн жинд үндэслэн бүтээгдэхүүнд хуваарилан шингээнэ.
1.33.Шууд ба шууд бус зардлыг бүтээгдэхүүнд ноогдуулах буюу хуваарилахад урьдчилан тогтоосон итгэлцүүрийг ашиглах нөхцөлд эдгээр итгэлцүүрийг тогтоох аргачлалыг баталсан байна.
1.34.Шууд бус зардлыг хуваарилахдаа өртөг тооцох гурван шатлалт хуваарилалтын аргыг ашиглана. Эхний шатанд шууд бус зардлыг бүх үйл ажиллагааны нэгжүүдэд хуваарилна. Хоёр дахь шатанд үндсэн бус үйл ажиллагааны нэгжүүдийн зардлыг үндсэн үйл ажиллагааны нэгжүүдэд хуваарилна. Гурав дахь шатанд үндсэн үйл ажиллагааны нэгжүүдийн зардлыг зардал хуваарилах суурь дээр үндэслэн бүтээгдэхүүнд хуваарилна.
1.35.Бүтээгдэхүүний анги бүрийн өртгийг түүний төсөвт өртөгтэй зэрэгцүүлэн санхүүгийн тайлангийн тодруулгаар харуулна.
Санхүүгийн тайлан
1.36.Төсөвт байгууллагын санхүүгийн тайлан нь Баланс, Үр дүнгийн тайлан, Мөнгөн гүйлгээний тайлан, Өмчийн өөрчлөлтийн тайлан, тодруулга тайлбараас бүрдэнэ.
1.37.Баланс нь тайлант хугацааны эцэст байгаа хөрөнгө, өр төлбөр, эзний өмчийн үлдэгдлийг харуулна. Энэ тайланг санхүүгийн байдлын тайлан гэж нэрлэдэг.
1.38.Үр дүнгийн тайлан нь аккруэл суурьтай бүртгэлийн үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч бүртгэсэн тайлангийн хугацааны орлого зардлын үр дүнг харуулна.
1.39.Мөнгөн гүйлгээний тайлан нь тайлангийн хугацааны мөнгөн орлого, мөнгөн зарлагын үр дүнг харуулна.
1.40.Өмчийн өөрчлөлтийн тайлан нь төсвийн байгууллагын өөрийн хөрөнгийн өөрчлөлт, бэлэн байдлыг харуулна.
1.41.Төвлөрүүлэн захирагчид харьяа байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэн гаргана.
1.42.Санхүүгийн тайланг нэгтгэхдээ төсвийн дахин хуваарилалт буюу төсөвт байгууллага хоорондын болон Засгийн газрын тусгай зориулалтын сангуудын хоорондын ажил гүйлгээний давхардлыг арилгана. Үүнд:
- Санхүүгийн тайланг нэгтгэхдээ төсөвт байгууллагуудын ажил гүйлгээг бүрэн хамруулна.
- Төсөвт байгууллага нь бүртгэлийн нэгдсэн бодлого хэрэглэсэн эсэхийг тодруулгад тусгана. Хэрэв ялгаатай бүртгэлийн бодлого хэрэглэсэн бол тайлангийн дүнг тохируулан нэгтгэнэ.
- Байгууллагын тайлангийн хугацаа ба үзүүлэлтүүд зэрэгцүүлэх боломжгүй байвал тодруулга хийнэ.
- Төсөвт байгууллага хоорондын ажил гүйлгээг тохируулан шалгаж давхардуулахгүйгээр нэгтгэнэ.
Тасралтгүй байх зарчим
1.43.Санхүүгийн тайланг тасралтгүй үйл ажиллагааны зарчимд үндэслэн бэлтгэнэ. Бүтэц, зохион байгуулалт нь өөрчлөгдсөний улмаас байгууллагын тасралтгүй үйл ажиллагааны зарчим алдагдсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрээр бүртгэлийн өөр суурийг хэрэглэж болох бөгөөд энэ тухай бүртгэлийн бодлогын тухай тодруулга хийнэ.
Нягтлан бодох бүртгэлийн хэмжилтийн нэгж
1.44.Санхүүгийн тайланг гаргахдаа үндэсний мөнгөн тэмдэгт (төгрөг)-ээр санхүүгийн тайлангийн элементүүдийг илэрхийлнэ.
Гадаад валют
1.45.Гадаад валютаар хийгдсэн ажил гүйлгээг эхлээд хүлээн зөвшөөрөхдөө гүйлгээ гарсан тухайн өдрийн гадаад валютын ханшийг үндэслэн төгрөгт хөрвүүлэн тооцож бүртгэнэ. Харин санхүүгийн тайланг гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрийн үлдэгдлийг Монгол банкны зарласан тайлант өдрийн ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлж бүртгэнэ.
1.46.Валютын ханшийн зөрүү гэдэг нь ижил хэмжээний гадаад валютыг өөр өөр хөрвүүлэлтийн ханшаар тооцож үндэсний мөнгөн тэмдэгт (төгрөгт)-д хөрвүүлснээс үүсэх үнийн зөрүү болно.
1.47.Гадаад валютын ханшийг зөрүүг орлого эсвэл зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.
1.48.Гадаад үйл ажиллагаа эрхэлдэг нэгжийн санхүүгийн тайланг үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж толгойлох байгуулагын санхүүгийн тайланд нэгтгэнэ.
Тайлангийн хугацаа ба өдөр
1.49.Жилийн тайлангийн хугацаа нь жил бүрийн 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно.
1.50.Төсөвт байгууллагууд нь санхүүгийн тайлангаа улирал, жилээр гаргана. Тайлангийн өдөр гэдэг нь тайлант хугацааны сүүлчийн өдөр болно.
Онцгой шинжтэй ажил гүйлгээ
1.51.Байгууллагын ердийн үйл ажиллагаанаас илт ялгаатай үйл явдал, ажил гүйлгээнээс үүсдэг, байнга давтагдан гарахгүй орлого ба зардлыг онцгой шинжтэй ажил гүйлгээ гэнэ. Жишээлбэл, газар хөдлөлт, байгалийн гамшгийн улмаас үүссэн гарз зэрэг болно.
1.52.Байгууллагын ердийн үйл ажиллагаанаас бусад онцгой шинжтэй ажил гүйлгээг орлого үр дүнгийн тайланд үйл ажиллагааны үр дүнгийн дараа, тайлант үеийн эсвэл тайлангийн өмнөх үеийн цэвэр үр дүнг (ашиг, алдагдал)-ийн тооцоонд хамруулж энэ талаар тодруулгад тусгана.
Балансын өдрийн дараах үйл явдал
1.53.Тайлант хугацааны эцсийн санхүүгийн үзүүлэлтэд мэдэгдэхүйц нөлөө бүхий нэмэлт нотолгоогоор хангагдсан үйл явдал тайлангийн өдрийн дараа гарсан бол түүнийг тусгаж залруулга хийнэ.
1.54.Тайлант хугацааны эцэст байсан хөрөнгө, өр төлбөр, орлого ба зардлын байдалд нөлөөлөхөөргүй тайлангийн өдрийн дараах үйл явдлын тухай тодруулгад тусгана. Үүнд:
- Үйл явдлын шинж чанар.
- Түүний санхүүгийн нөлөөллийг тооцоолсон үнэлгээ, эсвэл үнэлэх боломжгүй талаарх тайлбар.
Зэрэгцүүлэх, харьцуулах боломж
1.55.Санхүүгийн тайлангийн нэг үеэс дараагийн тайлангийн хугацаанд шилжихэд тайлангийн хэв загвар, бүртгэлийн бодлого өөрчлөгдсөн бол зэрэгцүүлэх боломжтой байдлаар тоон үзүүлэлтүүдийг тохируулж харуулан, өөрчлөлтийн талаар тайлангийн тодруулгад тусгаж өгнө.
Анхан шатны баримт
1.56.Анхан шатны баримт нь нятлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно. Ажил гүйлгээг нотлох, зохих ёсоор үйлдсэн баримтууд тухайлбал, банкны харилцахын хуулга, нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, болон бусад тайлан мэдээ, электрон баримт бичгүүд зэрэг анхан шатны баримтууд дагалдана.
1.57.Тохируулга болон хаалтын ажил гүйлгээг тоцоолол хийсэн баримтыг үндэслэн бүртгэнэ. Тооцоолол хийсэн баримтыг эрх бүхий албан тушаалтан батална.
1.58.Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг уг баримтыг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан албан тушаалтан хариуцна.
1.59.Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно.
Бүртгэлийн мэдээлэл боловсруулалт
1.60.Нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг боловсруулахдаа (a) анхан шатны баримт бүрдүүлэх, (б) журналд бичих, (в) ерөнхий болон дэлгэрэнгүй данс хөтлөх, (г) ажил гүйлгээний мэдээ гаргах, (д) санхүүгийн тайланг гаргах гэсэн дарааллыг баримтална.
Алдааг залруулах
1.61.Нягтлан бодох бүртгэлийг хөтлөхөд гарсан алдааг залруулахдаа холбогдох баримт материалыг үндэслэн зөв үзүүлэлтийг баталсан нэмэлт баримт бүрдүүлэн, залруулга хийсэн болон зөвшөөрсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна.
Санхүүгийн тайлангийн тодруулга
1.62.Төсвийн байгууллагын санхүүгийн тайлангийн үнэн зөв болохыг баталсан төсвийн шууд захирагч (ерөнхий менежер) болон ерөнхий нягтлан бодогчийн гарын үсэг зурсан мэдэгдэл.
1.63.Нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулахад баримталсан бүртгэлийн бодлогын тухай тайлбар.
1.64.Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн байдлыг үнэн зөв илэрхийлэхэд шаардлагатай бусад нэмэлт мэдээлэл.
1.65.Хууль тогтоомжийн дагуу болон төсвийн хяналт, удирдлагатай холбогдсон бусад тодруулга тайлангуудыг санхүүгийн тайланд хавсаргана.
---о0о---
Текст томруулах
A
A
A