A

A

A

Бүлэг: 1979

Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 253 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ДАНСНЫ ЗААВАР

 

ХЭСЭГ 1. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Зорилго, хамрах хүрээ

1.1.Энэхүү зааврын гол зорилго нь төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэх, түүнийг бүртгэлийн нэгдсэн бодлого, заавар-аргачлалын дагуу хэрэгжүүлэхэд оршино.

1.2.Энэ заавар нь нягтлан бодох бүртгэлийн бодлогод тодорхойлсон бүртгэлийн суурь, зарчим, тодорхойлолт, горимд үндэслэсэн байна.

1.3.Төсөвт байгууллагууд санхүүгийн тайланг оны эхнээс өссөн дүнгээр улирал тутам гаргана.

1.4.Төсөвт байгууллага нягтлан бодох бүртгэл хөтлөх, нийтлэг зориулалт бүхий санхүүгийн тайланг бэлтгэж гаргахад энэхүү зааврыг мөрдөнө.

ХЭСЭГ 2. ОРЛОГО

2.1.Тодорхойлолт: Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө нэмэгдэх эсвэл өр төлбөр багасах байдлаар эдийн засгийн үр дүнг нэмэгдүүлэх (хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгөөс бусад) ажил гүйлгээг орлого гэнэ.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх:

2.2.Ажил үйлчилгээ (нийлүүлсэн бүтээгдэхүүн)-ний орлогыг аккруэл суурьт үндэслэн тайлант хугацааны туршид хуримтлуулан бүртгэнэ. Аккруэл суурьт бүртгэлээр орлого олсон, уг орлогын мөнгөн дүнг хэмжиж тодорхойлох боломжтой болсон үед бүртгэнэ.

2.3.Орлогыг анх хүлээн авсан буюу авлага болгон тооцсон дүнгээр хэмжиж тодорхойлно.

2.4.Үнэ төлбөргүй хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг орлого гэж хүлээн зөшөөрнө. Энэ талаар санхүүгийн тайланд тодруулга хийнэ.

Орлогын ангилал

2.5.Орлогыг Олон улсын валютын сангаас гаргасан Засгийн газрын санхүүгийн статистикийн заавар болон Төсвийн тухай хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэх заавар журам болон холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу ангилна.

2.6.Төсөвт байгууллагын ажил үйлчилгээг бүтээгдэхүүн гэж төлөвлөн нийлүүлэх үед талуудын байгуулсан гэрээг үндэслэж нийлүүлсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээг бүтээгдэхүүний орлого гэнэ. Энэ орлогыг ажил үйлчилгээг нийлүүлсэн үед хүлээн зөвшөөрнө.

2.7.Ажил үйлчилгээг нийлүүлээгүй байхад хүлээн авсан орлогыг урьдчилж орсон орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

2.8.Төсөвт байгууллагын орлогын ерөнхий ангилал дараах байдалтай байна.

1 3 0 00 Татаас, санхүүжилтийн орлого (бүтээгдэхүүний нийлүүлэлтийн орлого)

1 4 0 00 Тусламжийн орлого

1 5 0 00 Үйлчилгээний орлого

2.9. 1 3 0 00 ТАТААС, САНХҮҮЖИЛТИЙН ОРЛОГО (бүтээгдэхүүний нийлүүлэлтийн орлого): Төсвийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан орлогыг энэ дансанд бүртгэнэ. Татаас, санхүүжилтийн орлогыг Төвлөрсөн төсвөөс, Орон нутгийн төсвөөс, Бусад төсөвт байгууллагаас, Нийгмийн даатгалын сангаас, Бусад тусгай зориулалтын сангаас гэж ангилна. Эдгээр орлогыг зориулалтаар нь урсгал зардлын, эсвэл хөрөнгийн зардлын санхүүжилтийн орлого гэсэн дэд данс болгон ангилна.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

2.10.Татаас, санхүүжилтийн орлогыг хүлээж авсан мөнгөн дүнгээр үнэлж бүртгэнэ.

Татаас, санхүүжилтийн орлогын бүртгэл

2.11.Төсвийн ерөнхийлөн (төвлөрүүлэн) захирагчдаас дараагийн шатны төсвийн эрх захирагчдад олгох санхүүжилтийг Татаас, санхүүжилтийн орлого дансанд зориулалтаар нь ангилж бүртгэнэ.

(а) Төсөвт байгууллага нь дээд шатны төсвийн эрх захирагчдаас татаас санхүүжилтийн орлогыг хүлээн авч, урьдчилж орсон орлого дансанд бүртгэнэ:

Дт. Мөнгө

Кт. Урьдчилж орсон орлого-Төсвийн санхүүжилтийн орлого

(б) Ажлын гүйцэтгэл (нийлүүлсэн бүтээгдэхүүн) буюу бодит зарлагын дүнгээр урьдчилж орсон орлогын дансыг хорогдуулж, Татаас, санхүүжилтийн орлогын дансанд бичилт хийнэ:

Дт. Урьдчилж орсон орлого

Кт. Татаас, санхүүжилтийн орлого-Төвлөрсөн төсвийн

(в) Санхүүжилт нь орж ирээгүй боловч бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хүлээн зөвшөөрөхөд дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Авлага-Татаас, санхүүжилтийн орлого (бүтээгдэхүүний нийлүүлэлтийн)

Кт. Орлого- Татаас, санхүүжилтийн орлого (бүтээгдэхүүний нийлүүлэлтийн)

2.12. 1 4 0 00 ТУСЛАМЖИЙН ОРЛОГО: Гадаад орны Засгийн газар болон Олон улсын байгууллага, дотоодын байгууллага, хүмүүсээс хариу төлбөргүй олгосон буцалтгүй тусламжийн орлогыг энэ дансанд бүртгэнэ.

2.13.Тусламжийн орлогыг олон улсын, төсөвт, бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж гэж ангилна. Урсгал зардлыг санхүүжүүлэхэд зориулагдсан орлогыг урсгал орлого гэсэн дэд дансанд бүртгэнэ. Хэрэв биет хөрөнгөөр хүлээн авсан болон биет хөрөнгө бэлтгэхэд зориулан авсан буцалтгүй тусламжийг хөрөнгийн гэсэн дэд дансанд бүртгэнэ.

Тусламжийн орлогын бүртгэл

2.14.Буцалтгүй тусламжаар олгосон орлогыг мөнгөөр хүлээж авсан үед орлого гэж бүртгэнэ:

Дт. Мөнгө

Кт. Тусламжийн орлого-Олон улсын байгууллага гэх мэт

Хэрэв буцалтгүй тусламжийн орлогыг үндсэн хөрөнгө болон бусад бүтээгдэхүүн худалдан авахад зориулж мөнгөөр олгосон бол дээрхийн адилаар бүртгэнэ.

2.15.Хэрэв буцалтгүй тусламжийн орлогыг хөрөнгө тухайлбал, бараа материалаар хүлээж авсан бол гэрээнд заасан эсвэл зах зээлийн үнээр бүртгэнэ.

Дт. Бараа материал

Кт. Тусламжийн орлого-Олон улсын байгууллага

2.16. 1 5 0 00 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГО: Энэ ангилалд төсөвт байгууллагын өөрийн орлого буюу төлбөртэй ажил үйлчилгээний орлого, зээл, хадгаламжийн хүүгийн орлого, төлбөр торгуулийн орлого, тусгай барааны борлуулалтын орлого, хөрөнгийн орлого зэрэг орно.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

2.17.Орлогыг холбогдох хууль тогтоомж, заавар гэрээнд заасан төлбөр ногдуулах журмын дагуу төлбөрийн хувь хэмжээ, төлөх хугацаа болон төлбөр хийсэн баримтыг үндэслэн бүртгэнэ.

2.18. 1 5 2 00 Төсөвт байгууллагын төлбөртэй үйлчилгээний орлого: Төсөвт байгууллагын төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг энэ дансанд бүртгэнэ. Төсөвт байгууллагын үйлчилгээний орлогыг үндсэн ажил үйлчилгээний орлого, үндсэн бус ажил үйлчилгээний орлого гэж ангилна. Үндсэн ажил үйлчилгээний орлого гэдэгт өөрийн үндсэн үйл ажиллагааны чиг үүргийн дагуу төлбөртэй үйлчилгээ гүйцэтгэж олсон орлогыг бүртгэнэ. Тухайлбал мэргэжил олгох бүх шатны сургуулийн төлбөртэй сургалт, үйлчилгээний орлого, эмнэлгийн байгууллагуудын хувьд хүн амаас төлөх эмчилгээ, үйлчилгээний төлбөрийн орлого зэрэг болно. Тусгай сангууд (НДС, ЭМДС, Төрийн сургалтын сан, Замын сан)-аас орсон шилжүүлгийн орлогыг өөрийн орлогод хамруулж бүртгэхгүй.

Үйлчилгээний орлогын бүртгэл

2.19.Төсөвт байгууллагын төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг дараах байдлаар бүртгэнэ:

(a) Ажил үйлчилгээний орлогын авлагыг:

Дт. Авлага

Кт. Төсөвт байгууллагын үйлчилгээний орлого-Үндсэн ажил үйлчилгээний

(б) Энэхүү орлогыг авахад:

Дт. Мөнгө

Кт. Авлага

(в) Төлбөртэй үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авахад:

Дт. Мөнгө

Кт. Урьдчилж орсон орлого

(г) Урьдчилж орсон орлогыг орлогын дансанд шилжүүлж бүртгэхэд:

Дт. Урьдчилж орсон орлого

Кт. Үйлчилгээний орлого

(д) Хадгаламжийн хүүгийн орлогыг:

Дт. Авлага-хүүгийн орлого

Кт. Хүүгийн орлого

Энэ орлогыг мөнгөөр хүлээн авахад:

Дт. Мөнгө

Кт. Авлага-хүүгийн орлого

2.20.Торгууль, төлбөрийн орлогыг зөвхөн мөнгөөр хүлээн авсан үед хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

2.21.Төсөвт байгууллагын тусгай (өрөнд хураагдсан бараа зэрэг) барааны борлуулалттай холбогдсон ажил гүйлгээг борлуулалтын дүнгээр бүртгэнэ.

Дт. Мөнгө

Кт. Тусгай бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого

2.22. 1 5 5 01 Гадаад валютын ханшийн зөрүүгийн орлого: Гадаад валютаар төлбөр тооцоо хийх үед үүссэн ханшийн зөрүүгийн орлого болон гадаад валютаар үүссэн хөрөнгө өр төлбөрийн үлдэгдлийг тайлангийн хугацааны эцэст дахин үнэлэхэд үүссэн ханшийн зөрүүгийн орлогыг энэ дансанд бүртгэнэ.

Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл

(a) Тайлангийн хугацааны эцэст байгаа гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн Монгол банкны зарласан гадаад валютын ханшаар үнэлэхэд ханш өссөнөөс үүссэн олзыг дараах байдлаар бүртгэнэ:

Дт. Мөнгө

Кт. Гадаад валютын ханшийн зөрүүгийн олз

(б) Гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс хөрөнгө (мөнгөн хөрөнгө, авлага)-ийн үлдэгдэл нэмэгдэхэд эсвэл өр төлбөрийн үлдэгдэл буурахад ханшийн зөрүүгийн олз үүснэ.

2.23.Гадаад валютын ханшийн зөрүүгийн олзыг үр дүнгийн тайланд тусгана.

2.24. 1 5 6 00 Хөрөнгө худалдсаны олз: Хөрөнгийг худалдахад олох олзыг энэ дансанд бүртгэнэ. Үндсэн хөрөнгө, Улсын нөөцийн бараа, Бусад хөрөнгө худалдсаны олз энэ хэсэгт хамрагдана.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

2.25.Биет хөрөнгийг худалдах үед олсон олзын хэмжээгээр орлого гэж хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Хөрөнгө худалдсаны орлогын бүртгэл

2.26.Барилга, байгууламжийг дансны өртгөөс нь өндөр үнээр худалдсан бол худалдсан үнэ болон дансны өртөг хоёрын зөрүүгээр олсон олзыг тодорхойлно.

(а) Барилга байгууламж худалдсаны олзыг:

Дт. Мөнгө

Кт. Барилга, байгууламж (анхны үнэ)

Кт. Барилга, байгууламж худалдсаны олз

(б) Бараа материал болон улсын нөөцийн бараа худалдсаны олзыг:

Дт. Мөнгө

Кт. Бараа материал эсвэл нөөцийн бараа (дансны үнэ)

Кт. Бараа материал, нөөцийн бараа худалдсаны олз

Санхүүгийн тайлангийн тодруулга

2.27.Орлогыг хүлээн зөвшөөрөх талаар бүртгэлийн бодлогын өөрчлөлт, болзошгүй олз ба гарзын талаар тодруулга хийнэ.

2.28. 6 0 0 00 ОРЛОГО ЗАРДЛЫН НЭГДСЭН ДАНС (ОЗНД): Тайлангийн хугацааны эцэст орлого, зарлагын дансыг Орлого зардлын нэгдсэн данс-д хаана. Орлого зардлын нэгдсэн дансны үлдэгдлийг Хуримтлагдсан үр дүн дансны тайлангийн жилийн үр дүн дансанд хаана.

ХЭСЭГ 3. ЗАРДАЛ

3.1.Тодорхойлолт: Тайлангийн хугацаанд байгууллагын ажил үйлчилгээний явцад хөрөнгө багасах, эсвэл өр төлбөр нэмэгдэх байдлаар эдийн засгийн үр дүнг хорогдуулах /хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон хөрөнгөнөөс бусад/ ажил гүйлгээг зардал гэнэ.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

3.2.Үйл ажиллагааны зардлыг тайлант хугацааны туршид аккруэл суурьт үндэслэн холбогдох зардлын дансуудад хуримтлуулан бүртгэнэ. Аккруэл суурьт бүртгэлийн хувьд ажил гүйлгээ гарсан бөгөөд мөнгөн дүнг нь хэмжиж тодорхойлох боломжтой болсон үед төлбөр хийгдсэн эсэхээс үл хамааран гарсан зардлаас тайлант хугацаанд хамаарах хэсгийг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Төсвийн зардлыг батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, тохиролцсон гэрээг үндэслэж гарсан зардлын мөнгөн дүнгээр бүртгэнэ.

3.3.Хэд хэдэн тайлангийн хугацаанд хамрагдах зардлыг аль болох оновчтой зарчмыг баримтлан хуваарилна. Ийм байдлаар зардлыг орлого олох хугацаатай нь уялдуулна.

3.4.Бүтээгдэхүүний өртөг тооцоход шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх зорилгоор төсөвт байгууллагууд зардлын дансны кодын сүүлчийн оронгийн дараа 2 оронтой код нэмж үйл ажиллагааны дотоод нэгжүүд буюу зардлын төвүүдээр зардлыг ангилан бүртгэж болно.

Зардлын ангилал

3.5.Төсвийн зардлыг одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомж, төсвийн төлөвлөлтийн ангиллын дагуу бүртгэнэ.

3.6.Төсөвт байгууллагын зардлын ерөнхий ангилал дараах байдалтай байна.

2 1 0 00 Ажиллагчидтай холбогдсон зардал

2 2 0 00 Бараа үйлчилгээний зардал

2 4 0 00 Зээлийн үйлчилгээний төлбөр

2 5 0 00 Татаас, санхүүжилт

2 6 0 00 Бусад зардал

2 7 0 00 Хөрөнгө борлуулсны гарз

3.7. 2 1 0 00 АЖИЛЛАГЧИДТАЙ ХОЛБОГДСОН ЗАРДАЛ: Энэ дансанд ажиллагчдын цалин хөлс, нэмэгдэл урамшил, ажил олгогч (байгууллага)-ийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ангилж, бүртгэнэ.

3.8. 2 1 1 00 Цалин хөлс болон нэмэгдэл урамшил: Ажиллагсадын тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний цалин хөлс, түүнтэй холбогдсон нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал, илүү цаг, амралт, баяр ёслолын өдрүүдэд ажилласны ажлын хөлсийг тус тус бүртгэнэ. Энэ дансыг Цалин, Цалингийн тусгай нэмэгдэл гэж ангилна.

Ажиллагчидтай холбогдсон зардлын бүртгэл

3.9.Тайлангийн хугацааны цалингийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.

(a) Тайлангийн хугацаанд олговол зохих цалинг:

Дт. Цалингийн зардал

Кт. Өглөг-Цалингийн тооцоо

(б) Байгууллага олговол зохих цалингаас суутган төлөх төлбөрийг тооцож бусад өглөгт шилжүүлэн бүртгэнэ.

Дт. Өглөг-Цалингийн тооцооны

Кт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх НДШ

Кт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх ЭМДШ

Кт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх ХАОАТ

Кт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх бусад суутган төлбөр

(в) Эдгээр суутган төлбөрийг төлөхөд;

Дт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх НДШ

Дт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх ЭМДШ

Дт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх ХАОАТ

Дт. Бусад өглөг-ажиллагчийн төлөх бусад суутган төлбөр

Кт. Мөнгө

(г) Цалинг бэлнээр олгоход;

Дт. Цалингийн тооцоо

Кт. Мөнгө

(д) Цалинг урьдчилж төлөхөд;

Дт. Урьдчилгаа-цалин

Кт. Мөнгө

(е) Ажлын гүйцэтгэл (үр дүнгийн гэрээ)-ийн биелэлтийг үндэслэн урьдчилгааг хааж, цалингийн тооцоо дансанд бичнэ.

Дт. Цалингийн тооцоо

Кт. Урьдчилгаа-цалин

3.10. 2 1 2 00 Нийгмийн даатгалын шимтгэл: Төсөвт байгууллагаас тайлангийн хугацаанд төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын болон Иргэний эрүүл мэндийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос тооцож энэ дансанд бүртгэнэ.

3.11. 2 1 2 01 Тэтгэвэр болон тэтгэмжийн шимтгэл: Төсөвт байгууллагын төлөх Тэтгэврийн даатгалын, Тэтгэмжийн даатгалын, ҮОМШ өвчний даатгалын, Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.12. 2 1 2 02 Эрүүл мэндийн даатгалын хураамж: Төсөвт байгууллагын төлөх эрүүл мэндийн даатгалын хураамжийг энэ дансанд бүртгэнэ.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

3.13.Нийгмийн даатгалын зардлыг хүлээн зөвшөөрөх болон үнэлж тодорхойлохдоо Нийгмийн даатгалын тухай хууль болон Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх заавар журмын холбогдох заалтыг дагаж мөрдөнө. Ажил олгогч нь ажиллагсдад олгох цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон хэмжээгээр уг зардлыг хүлээн зөвшөөрч, бүртгэнэ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн бүртгэл

3.14.Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх шалгуур нөхцөлийг хангасан нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг дараах байдлаар бүртгэнэ.

(a) Ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг:

Дт. Нийгмийн даатгалын зардал

Кт. Өглөг-Нийгмийн даатгалын шимтгэл

(б) Өглөгийг төлөхөд:

Дт. Өглөг-Нийгмийн даатгалын шимтгэл

Кт. Мөнгө

3.15.Ажил олгогчийн төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын хураамжийг дээрхийн адилаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

3.16. 2 2 0 00 БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ (БҮЗ): Тайлангийн хугацааны ажил үйлчилгээг гүйцэтгэхэд зарцуулсан бараа материал болон үйлчилгээний зардлыг энэ дансанд бүртгэнэ. Энэ дансанд балансын дансны хөрөнгийн үлдэгдлийг нэмэгдүүлсэн бараа материал болон улсын нөөцийн бараа худалдан авах, үндсэн хөрөнгө худалдан авах, бэлтгэх, түүний хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулсан их засварын зардал түүнтэй адилтгах зардалд хамаарахгүй.

3.17.Бараа, үйлчилгээний зардлыг “Нийтлэг чанартай зардал“, “Тусгай материал, үйлчилгээний зардал” гэж ангилна.

Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх

3.18.Батлагдсан төсөв, зарцуулалтын эрхийн баталгаа, эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний дагуу гарсан зардлыг анхан шатны баримтыг үндэслэн хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

3.19. 2 2 1 00 Нийтлэг чанартай зардал: Төсөвт байгууллагын үндсэн үйл ажиллагааг явуулахад гардаг нийтлэг чанартай зардлуудыг энэ дансанд бүртгэнэ.

3.20.Бичиг хэргийн зардал: Байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах бичгийн болон тооцоолон бодох, хэвлэх, олшруулах техник хэрэгсэлд шаардагдах тууз, бэх, бичгийн үдээс, хавчаар, үзэг, харандаа, албан хэргийн хавтас, нэрийн хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудас, гаднын байгууллагаар гүйцэтгүүлсэн бичиг хэргийн зардалд хамрагдах хэвлэж олшруулах зардал, эдгээр зардалтай адилтгах зардлуудыг энэ дансанд бүртгэнэ.

3.21.Гэрэл, цахилгааны зардал: Үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээ болон өөрийн эх үүсвэрээр цахилгаан гэрлээр хангахад гарсан зардал зэрэг байгууллагын хэрэгцээнд хэрэглэсэн гэрэл, цахилгаанд гарсан зардлыг харуулна.

3.22.Түлш, халаалтын зардал: Уурын, дулааны халаалтад холбогдсон байгууллага үйлчлэгч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөр, мөн түүнчлэн ердын халаалтын зууханд хэрэглэх аргал, түлээ, нүүрс, мод зэрэг түлшинд гарсан зардлыг харуулна. Байгууллага өөрийн болон бусдын тээврээр түлш бэлтгэхтэй холбогдон гарах бензин шатахууны зардал, тээврийн хөлсийг энэ зардалд хамруулна.

3.23.Цэвэр, бохир усны зардал: Байгууллагын дотоод хэрэгцээнд төвлөрсөн ба төвлөрсөн бус хангамжаас ашигласан усны төлбөрийг харуулна. Цэвэр, бохир усыг тээвэрлэх ажлыг өөрийн байгууллагын тээврээр гүйцэтгэдэг бол гарсан тээврийн зардлыг нь энэ дансанд бүртгэнэ.

3.24.Байрны түрээсийн хөлс: Өөр байгууллагын орон байрыг түрээслэх замаар үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг төсөвт байгууллага байрыг нь эзэмшиж, ашигласны төлөө төлөх түрээсийн төлбөрийг энэ дансанд бүртгэнэ.

3.25.Тээвэр, шатахууны зардал: Байгууллагын өөрийн авто тээврийн хэрэгсэлд зарцуулах шатах, тослох материал, өвс тэжээл авах тээврийн зардал, бусдын тээврээр ажил, үйлчилгээ гүйцэтгүүлсний хөлс зэрэгт гарсан зардлуудыг энэ дансанд бүртгэнэ.

3.26.Шуудан холбооны зардал: Телефон утас, факс, телекс, хот хоорондын яриа, цахилгаан, бичиг захидал шуудангаар явуулах зэрэг холбооны байгууллагаар үйлчлүүлэхэд гарсан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.27.Холбооны суваг ашигласны хөлс: Өөрийн үйл ажиллагааны онцлогтой холбогдуулж холбооны тусгай шугам, суваг ашиглаж, холбооны байгууллагатай байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрийг энэ дансанд бүртгэнэ.

3.28.Томилолтын зардал: Байгууллагын удирдлагын шийдвэрээр гадаад, дотоод албан томилолтоор явахад гарах зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.29.Дотоод албан томилолтын зардал: Аймаг, хот, сум, дүүрэгт томилолтоор ажиллахтай холбогдон гарах байр, хоол, унааны зардал зэргийг бүртгэнэ.

3.30.Гадаад албан томилолтын зардал: Гадаад улс оронд албан ажил, курс, дадлага хийх, хурал, семинар, зөвлөлгөөнд оролцох, түүнчлэн төр, засгийн удирдлагуудын гадаад оронд хийх төрийн айлчлал, урлаг соёлын байгууллагаас үзэсгэлэн гаргах, урлагийн тоглолт зохион байгуулах, мөн биеийн тамирын уралдаан тэмцээнд оролцох гэх зэрэг гадаад оронд томилолтоор явж ажиллахтай холбогдон гарсан бүх зардлын гүйцэтгэлийг энэ дансанд бүртгэнэ.

3.31.Ном, хэвлэл авах зардал: Байгууллагын албан ажлын хэрэгцээний зориулалтаар ашиглах дотоод, гадаадын тогтмол хэвлэлийн шууд зардлыг энэ дансанд бүртгэнэ. Номын сангийн номын фондыг үндсэн хөрөнгөд бүртгэсэн байгуулага номын сангийн номыг нэмэгдүүлэх буюу шинэчлэх чиглэлээр авсан номыг энэ дансанд бүртгэхгүй харин үндсэн хөрөнгийн холбогдох дансанд бүртгэнэ.

3.32.Аж ахуйн материал худалдан авах зардал: Байгууллагын аж ахуйн үйл ажиллагааны зориулалтаар ашиглах (албан байрны тохижилт, цэвэрлэгээ болон аж ахуйн хэрэгцээний зориулалтаар худалдан авсан материал, эд зүйлс, цаг уурын судалгаанд шаардагдах бөмбөлөг, цаг агаарын дулаан, хүйтний хэм хэмжигч гэх зэрэг) эд зүйлсийг худалдан авч шууд зарлагадах үед гарсан зардлыг бүртгэнэ.

3.33.Урсгал засварын зардал: Байгууллага өөрийн үндсэн хөрөнгө (орон байр, тавилга хэрэгсэл, ердийн хөсөг, авто тээврийн хэрэгсэл гэх мэт), эд хогшил, техник хэрэгсэлд урсгал засвар хийхтэй холбогдон гарсан зардал (засвар, үйлчилгээний материал авах, засвар үйлчилгээний хөлс гэх зэрэг)-ыг бүртгэнэ. Харин их засварын зардлыг энэ дансанд бүртгэхгүй.

3.34.Сургалт семинарын зардал: Төсөвт албан байгууллагын албан хаагчдын мэргэжлийг дээшлүүлэх сургалтад хамруулахад шаардагдах сургалтын төлбөр, сургалттай холбогдсон материал бэлтгэх, багшийн хөлс төлөх, сургалтын өрөө тасалгаа, тоног төхөөрөмж түрээслэх зэрэг зардлыг батлагдсан төсөв, зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.35.Төлбөр, хураамж: Хууль тогтоомжоор болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр төсвөөс санхүүжүүлэхээр заасан, төсөвт тусгагдсан төлбөр, хураамж (авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татвар гэх мэт)-ийг энэ дансанд бүртгэнэ.

3.36.Харуул хамгаалалтын зардал: Улсын хамгаалалтад байх байгууллага, үйлчилгээний харуул хамгаалалтын зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.37.Банкны үйлчилгээний хураамж: Банкны байгууллагын үйлчилгээний төлбөрийг энэ дансанд бүртгэнэ.

3.38.Маягт хэвлүүлэх зардал: Мэдээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах зорилгоор маягт хүснэгтийг худалдан авах эсвэл хэвлүүлэх зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.39.Хөрөнгийн төлбөр: Ажил үйлчилгээг бүтээгдэхүүний хэлбэрээр төлөвлөж, тайлагнах үед бүтээгдэхүүний өртөгт хөрөнгийн төлбөрийг тусгах бөгөөд төсөвт байгууллагууд энэхүү төлбөрийг тайлангийн хугацааны эцэст гүйцэтгэлээр нь тооцож дээд шатны төсвийн эрх захирагчид төлнө.

3.40.Бусад зардал: Дээр нэр заасан бараа үйлчилгээний зардалд нэр заагдаагүй гэхдээ зардлын энэ ангилалд хамрагдах бусад зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.41. 2 2 2 00 Тусгай материал, үйлчилгээний зардал: Энэ ангилалд үндсэн ажил үйлчилгээний онцлог хэрэгцээний дагуу шаардагдах тусгай материал, ажил үйлчилгээний зардлыг бүртгэнэ. Энэ зардал нь салбар байгууллагын ажил үйлчилгээний онцлогтой уялдаж өөр өөр байх бөгөөд нийт төсөвт байгууллагад түгээмэл хэрэглэгддэг нийтлэг зардал биш болно.

3.42.Хичээл сургалт, үйлдвэрлэлийн дадлагын зардал: Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургуулиудад анги, танхим тохижуулах, хичээлийн үзүүлэн таниулах материал авах, үйлдвэрлэлийн дадлага хийх зэрэг сургалтын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон зардлыг бүртгэнэ.

3.43.Эрдэм шинжилгээний ажлын зардал: Шинжлэх ухааны туршилт, шинжилгээ, лабораторид эм, урвалж, төрөл бүрийн бодис авч ашиглах зэрэг эрдэм шинжилгээний ажилтай холбоотой үндсэн хөрөнгийн бус эд зүйлсийн шууд зардлыг бүртгэнэ.

3.44.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн зардал: Хууль тогтоомжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичгийн зардлыг хөнгөлөх зорилгоор тэдний төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлийг энэ дансанд бүртгэнэ. Хэрэв ерөнхий боловролын сургуулийн төсөвт энэ зардал батлагдаагүй бол энэ дансанд ажил гүйлгээ бүртгэгдэхгүй.

3.45.Зөөлөн эдлэл, нормын хувцас авах зардал: Үндсэн болон үйлчлэх ажилтанд зохих хууль тогтоомжийн дагуу олгох нормын хувцас болон зөөлөн эдлэл худалдан авахтай холбогдон гарсан зардлыг энэ дансанд бүртгэнэ. Эмнэлэг, ясли, цэцэрлэг, дотуур байрны цагаан хэрэглэл зөөлөн эдлэл, асрамж, сувиллын газрын асрамжид байгаа том хүн, хүүхдийн хувцас бэлтгэх, авах зардлыг шууд зарлагадсан (ашигласан) бол энэ дансанд бүртгэнэ.

3.46.Хоолны зардал: Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ясли, цэргийн хугацаат алба хаагчид болон ажиллагсадын хоол хүнсэнд хэрэглэсэн материал, бүтээгдэхүүний зардлыгэнэ дансанд бүртгэнэ.

3.47.Эм, боох материалын зардал: Хүн болон мал эмнэлгийн байгууллагаас эмчилгээнд зориулан зарцуулах эм, тариа, урвалж, ороох боох материал, тариурын хэрэгсэл зэрэг шууд зардлыг бүртгэнэ. Мөн сүрьеэ, уушигний тоосжих өвчнөөр өвчлөгсөд зэрэг улсаас үнэ төлбөргүй эмчлүүлэгсдэд олгох эмийн зардал энд хамаарна. Хүн, мал эмнэлгийн халдвартын санг нийт дүнгээр нь төлөвлөх боловч гүйцэтгэлээр тодорхой хэсгийг эм, тарилгын зардалд зарцуулсан бол тэр хэмжээгээр энэ дансанд бүртгэнэ.

3.48.Уран бүтээлийн зардал: Урлагийн байгууллагаас уран бүтээл туурвихтай холбогдон тайз чимэглэл засах, хувцас хийх, бусад шаардлагатай материал хэрэгсэл зэрэг зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.49.Гадаадын зочны зардал: Гадаад орон, олон улсын байгууллагаас ажил төрлийн айлчлалаар ирэгсдэд тогтоосон тарифын дагуу байр, хоол болон бусад үйлчилгээ үзүүлэхэд гарсан зардлыг бүртгэнэ.

3.50.Биеийн тамирын уралдаан тэмцээний зардал: Биеийн тамир, спортын байгууллагаас тухайн жилд зохион байгуулах уралдаан тэмцээний төлөвлөгөөний дагуу явагдах төсөвт тусгагдсан биеийн тамирын уралдаан тэмцээний зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.51.Олон улсын суваг ашигласны зардал: Телевизийн болон мэдээллийн бусад байгууллага сансарын болон гадаад орны бусад агентлагуудын суваг (АЗИСАТ, РОЙТЕР, ИТАР ТАСС гэх мэт)-ийг ашигласны төлбөрийг батлагдсан төсөв, гарсан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.52.Музейн үзмэр худалдан авах зардал: Музейн үзмэрийг баяжуулах, тэдгээрийг сэлбэн засварлахтай холбогдсон урсгал зардлыг энэ дансанд тусгана. Хэрэв үндсэн хөрөнгийн шинжтэй музейн үзмэрийг худалдан авсан бол түүнийг энэ дансанд бүртгэхгүй, үндсэн хөрөнгийн холбогдох дэд дансанд бүртгэнэ.

3.53.Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах зардал: Түүх, соёлын дурсгалт зүйлийг худалдан авах болон засварлах урлаг, соёлын шилдэг бүтээлийг улсын өв санд худалдан авах, соёл урлагийг хөгжүүлэхтэй холбогдсон урсгал зардлыг энэ дансанд бүртгэнэ. Хэрэв энэ зардал нь үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулагдсан бол энэ дансанд бүртгэхгүй харин түүнийг хөрөнгийн холбогдох дэд дансанд бүртгэнэ. (Түүх соёлын дурсгалт зүйлсийг худалдан авах, бэлтгэх, хадгалах, данснаас хасах бүртгэх талаар тусгай журам мөрдөнө).

3.54.Хүүхдийн ба баримтат киноны зардал: Хүүхдийн болон баримтат киног бүтээх, олшруулах, хувилах, телевизийн кино худалдан авах, эх хэлнээ хөрвүүлэх зэрэгтэй холбогдон төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн урсгал зардлыг энэ дансанд бүртгэнэ. Энэ зардлын хувьд зөвхөн батлагдсан төсөвтэй байгууллага гарсан зардлын гүйцэтгэлийг үндэслэн энэ дансанд бүртгэнэ.

3.55.Хот суурингийн ерөнхий төлөвлөгөөний зардал: Хот байгуулалтын хэтийн чиглэл, хандлагыг тодорхойлох, түүний зураг төсөл зохиох, схем, модель хийх зэрэгтэй холбогдсон, төсөвт тусгагдсан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.56.Гудамжны гэрэлтүүлэг, цэвэрлэгээний зардал: Тогтоосон журмын дагуу хот, суурин газрын нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулах ажлыг эрхэлсэн байгууллагаар гүйцэтгүүлэх (албан газар, байгууллага, аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэхээс бусад) гудамж, талбайг цэвэрлэх, зүлэг, мод суулгах, услах, тэдгээрийн гэрэлтүүлэг зэрэгтэй холбогдон гарах зардлыг бүртгэнэ. Энэ зардлыг зөвхөн төсөвт байгууллагын төсөвт тусгаж санхүүжүүлсэн үед түүний гүйцэтгэлийг тухайн байгууллагын тайланд харуулна.

3.57.Хөтөлбөр болон төслийн дотоодын урсгал зардал: Олон улсын байгууллага болон гадаад орны Засгийн газар, байгууллагатай байгуулсан төслийн гэрээ хэлэлцээрт төслийн зардлын тодорхой хэсгийг Засгийн газар хариуцахаар зааж энэ дагуу уг зардлыг төсөвт тусгасан бол гэрээний болон санхүүжүүлэх нөхцөл, зардлын гүйцэтгэлийг үндэслэн хүлээн зөвшөөрч энэ дансанд бүртгэнэ.

3.58.Гэмт хэргээс сэргийлэх арга хэмжээний зардал: Зохих хууль, тогтоомжийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсөвт тусгасан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.59.Улсын тооллогын зардал: Холбогдох мэргэжлийн байгууллагаас тодорхой үе шаттай зохион байгуулдаг нийтийг хамарсан хүн, малын тооллого явуулахтай холбогдсон төсөвт тусгагдсан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.60.Улс орны гадаад сурталчилгааны зардал: Улс орныг гадаадад сурталчлах зорилгоор ном, хэвлэл гаргах, үзэсгэлэн сурталчилгаа зохион байгуулах, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг зардал төсөвт нь тусгагдсан байгууллага гарсан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.61.Ургамал хамгааллын зардал: Ургамал хамгааллын хуулийн дагуу ургамлын өвчин болон хөнөөлт шавьж, мэрэгч амьтдыг устгах, хог ургамлыг тодорхойлох хор хөнөөлийг арилгах, тархалтаас урьдчилан сэргийлэхэд зориулан төлөвлөсөн зардлын гүйцэтгэлээр энэ дансанд бүртгэнэ. Төсөвт байгууллага энэ зардлыг өөрийн төсөвт батлуулсан, эсвэл эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгийг төсөвт байгууллагад нэмэгдэл байдлаар шилжүүлэн өгч гүйцэтгэлийг хянах, хангуулах үүрэг даалгавар өгсөн бол зардлын гүйцэтгэлийг энэ дансанд бүртгэнэ.

3.62.Мал аж ахуйн үржлийн зардал: Малын удмын санг хамгаалах, мал аж ахуйн үржлийн ажлыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд өндөр ашиг шимт малыг шалгаруулж, удмын санг нь хамгаалах, шинэ үүлдэр, омог бий болгох, өндөр ашиг шимт хээлтүүлэгч малыг хамгаалахтай холбогдуулан төсвийн төлөвлөгөөнд туссан зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.63.Газрыг хянан баталгаажуулах зардал: Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэгийг тогтоох, газрын ангилал, тоо хэмжээг тогтоох, газрын төлөв байдал, чанарын тогтвортой үзүүлэлтүүдийг тодорхойлох, эвдэрсэн газрын хөрсийг нөхөн сэргээхтэй холбогдсон ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлийг үндэслэн энэ дансанд бүртгэнэ.

3.64.Ойн хортон устгах, ойг арчлах зардал: Ойн хуульд заасны дагуу ойн хортон шавьж устгах, ойн цэвэрлэгээ хийхтэй холбогдсон зардлын гүйцэтгэлийг энэ дансанд бүртгэнэ.

3.65.Мал эмнэлгийн үйлчилгээний зардал: Малын эмчилгээ сувилгааны (угаалга, тарилга гэх мэт) төлбөр түүнтэй адилтгах зардлын төсвийн гүйцэтгэлийг дүнгээр нь энэ дансанд бүртгэнэ.

3.66.Салбарын төвлөрсөн арга хэмжээ: Салбарын яамны хэмжээнд төлөвлөж, гүйцэтгэлээр нь шууд санхүүжүүлж буй яамдын төвлөрсөн арга хэмжээний зардлуудыг энэ дансанд бүртгэнэ. Төвлөрсөн арга хэмжээний зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, бүртгэх, тайлагнах талаар тусгай журам мөрдөнө.

3.67.Бусад бараа, үйлчилгээ худалдан авах зардал: Дээр нэр заасан бараа үйлчилгээнд хамрагдаагүй, гэхдээ бараа үйлчилгээний зардлын ангилалд хамрагдаж шууд зарлагадах бараа үйлчилгээний зардлыг энэ дансанд бүртгэнэ.

Бараа үйлчилгээний зардлын бүртгэл

3.68.Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх шалгуур нөхцлийг хангасан, тайлангийн хугацаанд хамаарах бараа үйлчилгээний зардлуудыг дараах байдлаар бүртгэнэ.

(a) Тухайлбал, тайлангийн хугацаанд гарсан сургалт семинарын зардлыг;

Дт. Зардал-Бараа үйлчилгээний зардал (Дэд ангиллаар)

Кт. Мөнгө эсвэл Өглөг-(Дэд ангиллаар)

3.69. 2 4 0 00 ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР: Төсөвт байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр банк, санхүүгийн байгууллагаас зээл авч ашигласан бол зээлийн үлдэгдэлд төлөх хүүгийн зардлыг энэ дансанд бүртгэнэ.

Хүүгийн зардлыг хуримтлуулж тооцоход:

Дт. Зээлийн хүүгийн зардал

Кт. Мөнгө/Зээлийн хүүгийн өглөг

3.70. 2 5 0 00 ТАТААС, САНХҮҮЖИЛТ: Энэ дансанд бусад төсвийн эрх захирагчид болон бусад байгууллагад буцалтгүй хэлбэрээр, тодорхой зориулалтаар олгож байгаа татаас болон санхүүжилтийг бүртгэнэ. Салбарын болон орон нутгийн төсвийн мөн төвлөрсөн төсвийн нэгтгэл хийхэд дотоод нэгжүүдэд олгосон санхүүжилтийн гүйлгээг давхардуулахгүйгээр нэгтгэнэ.

Хүлээн зөвшөөрөх болон үнэлэх

3.71.Татаас ба урсгал санхүүжилтийг хүлээн зөшөөрөхөд батлагдсан төсөв түүний зориулалт, эрх бүхий байгууллагын тусгай шийдвэр, заавар журамд заасан нөхцөл, шаардлагыг үндэслэх бөгөөд шилжүүлсэн мөнгөн дүнгээр бүртгэлд тусгана.

3.72. 2 5 2 00 Засгийн газрын дотоод санхүүжилт: Эрх бүхий байгууллагын тусгай шийдвэр, заавар журамд заасан нөхцөл шаардлагын дагуу аль нэг төсөвт байгууллагад хариу төлбөргүй шилжүүлсэн татаас- санхүүжилтийг шилжүүлсэн байгууллага зардлаар, хүлээн авсан байгууллага орлогоор хүлээн зөвшөөрч бүртгэх бөгөөд энэ дансанд зөвхөн зарлагыг харуулна. Санхүүжилтийг хүлээн авсан байгууллагын төрлөөр ангилан болон гүйлгээний зориулалтаар дэд данс нээж бүртгэнэ.

3.73.Тусгай зориулалтын сан болон бусад: Төсвөөс татаас, санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн тусгай зориулалтын бусад сангуудад олгосон санхүүжилт, татаасын зардлыг төсөвт байгууллага гүйцэтгэсэн бол энэ дансанд бүртгэнэ. Тухайлбал төсөвт тусгагдсан бол Төрийн сургалтын санд олгох татаас байж болно.

3.74. 2 5 3 00 0 0 Гадаад шилжүүлэг: Энэ дансанд төсөвт байгууллагаас гадаад оронд урсгал шилжүүлгийн хэлбэрээр өгөх зардлыг бүртгэнэ. Тухайлбал, Олон улсын байгууллагын гишүүний татвар: Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр олон улсын байгууллагад гишүүнээр элссэн байгууллага тэдгээрт төлөх гишүүний татварыг энэ дансанд бүртгэнэ. Энэ зардлыг хүлээн зөвшөөрөхдөө тухайн байгууллагын гишүүний татварыг төсвөөс санхүүжүүлэх тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, батлагдсан төсөв, гарсан зардлын гүйцэтгэл зэргийг үндэслэн хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

3.75. 2 5 6 00 0 0 Бусад санхүүжилт: Төрөөс хүн амд үзүүлж байгаа тусламж, халамжийн чанартай зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.76.Оюутны тэтгэлэг: Хэрэв мэргэжлийн боловсролын сургуулийн оюутан сурагчдад тэтгэлэг олгохоор шийдвэрлэж төсөвт тусгасан бол уг тэтгэлгийн зардлын гүйцэтгэлийг энэ дансанд бүртгэнэ.

3.77.Нэг удаагийн тэтгэмж, урамшуулал: Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааных нь онцлогийг харгалзан, тухайлбал, төрийн албан хаагч тэтгэвэрт гарах, цэргийн албанд явах зэрэгт хуульд заасан хугацааны дундаж цалинтай тэнцэх тэтгэмж, тив, дэлхийн болон олимпийн аваргад олгох мөнгөн шагнал, мөн төрийн албан хаагчдын унааны зардал (түр) зэрэг төсөвт тусгасан нэг удаагийн чанартай тэтгэмжийн зардлыг энэ дансанд бүртгэнэ. Энэ зардлыг төлөвлөх, зарцуулах талаар тусгай журам мөрдөнө.

3.78.Төлбөрийн чадваргүй иргэдийн өмгөөллийн зардал: Холбогдох хууль тогтоомжийн дагуу төлбөрийн чадваргүй иргэдэд олгох өмгөөллийн зардлын төсвийн гүйцэтгэлийг энэ дансанд дүнгээр нь бүртгэнэ.

3.79.Бусад: Дээр нэр заагаагүй санхүүжилтийн зардлыг энэ дансанд бүртгэнэ.

3.80.Татаас, санхүүжилтийн зардлын бүртгэл нь бараа үйлчилгээний зардлын бүртгэлтэй ижил байна.

3.81. 2 6 0 00 БУСАД ЗАРДАЛ: Энэ дансанд найдваргүй авлагын алдагдал, ханшийн зөрүүгийн алдагдал зэргийг бүртгэнэ.

3.82. 2 6 1 00 Найдваргүй авлагын алдагдал: Авлагыг хорогдуулах хэмжээ, баримтлах зарчим, нөхцлийг заасан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэнэ. Төсөвт байгууллагууд найдваргүй авлагыг шууд аргыг хэрэглэж бүртгэнэ.

Найдваргүй авлагын хэмжээгээр авлагыг хорогдуулж бичнэ.

Дт. Найдваргүй авлагын алдагдал

Кт. Авлага

(б) Тайлангийн хугацааны эцэст найдваргүй авлагын алдагдал дансыг хааж бичилт хийнэ:

Дт. Өмнөх үеийн үр дүн

Кт. Найдваргүй авлагын алдагдал

3.83. 2 6 4 00 Гадаад валютын ханшийн зөрүү: Гадаад валютын үлдэгдлийг Монгол банкны зарласан тухайн өдрийн ханшаар дахин үнэлэхэд ханшийн зөрүүгээс гарз гарч болно.

3.84.Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарз нь гадаад валютаар гүйлгээ хийх үед ханш өөрчлөгдсөнөөс болж илүү мөнгө зарцуулах, мөн тайлант үеийн эцсийн үлдэгдлийг бодит ханшаар үнэлэх үед хөрөнө буурах, өр төлбөр нэмэгдэх, байдлаас гарз үүсч болно. Тэдгээрийг тооцоологдсон дүнгээр нь хүлээн зөвшөөрнө.

3.85.Ханшийн зөрүүгийн бодит бус алдагдлыг тайлангийн хугацааны эцэст Өмнөх үеийн үр дүн дансанд хааж бичнэ.

Гадаад валютын ханшийн зөрүүгийн бүртгэл

(а) Гадаад валютын авлага нь валютын ханш буурсан үед барагдахад:

Дт. Мөнгө

Дт. Ханшийн зөрүүгийн гарз

Кт. Авлага

(б) Гадаад валютын өглөгийг валютын ханш өссөн үед төлөхөд:

Дт. Өглөг

Дт. Ханшийн зөрүүгийн гарз

Кт. Мөнгө

(в) Гадаад валютын өглөгийн үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал:

Дт. Ханшийн зөрүүгийн гарз

Кт. Өглөг

(г) Гадаад валютын үлдэгдлийг тайлангийн өдрийн ханшаар үнэлэхэд үүсэх ханшийн зөрүүгийн алдагдал:

Дт. Ханшийн зөрүүгийн гарз

Кт. Мөнгө

3.86.Гадаад валютын ханшийн зөрүүгийн гарзыг тайлант хугацааны эцэст орлого үр дүнгийн тайланд хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

3.87. 2 6 5 00 0 0 Бусад зардал: Энэ дансанд дээр нэр заагдаагүй зардлыг бүртгэх бөгөөд тайлант хугацааны эцэст Тайлангийн үеийн үр дүн дансанд хааж бичнэ.

3.88. 2 7 0 00 ХӨРӨНГӨ ХУДАЛДСАНЫ ГАРЗ: Хөрөнгийг худалдахад үүссэн гарзыг энэ дансанд бүртгэнэ. Энэ дансыг Үндсэн хөрөнгө, Бараа материал, нөөцийн барааг худалдсаны гарз, Хөрөнгийн бусад зардал гэж ангилна.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

3.89.Биет хөрөнгийн дансны үнээс нь бага үнээр худалдсан бол худалдсан үнэ болон дансны үнэ хоёрын зөрүүг гарз гэж хүлээн зөвшөөрч энэ дансанд бүртгэнэ.

3.90. 2 7 1 00 Үндсэн хөрөнгө худалдсаны гарз: Барилга байгууламж, Зам гүүрийн байгууламж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл, Машин, тоног төхөөрөмж, зэрэг үндсэн хөрөнгийг худалдахад худалдсан үнэ болон дансны үнэ хоёрын зөрүүгээр үүссэн гарзыг энэ дансанд бүртгэнэ.

3.91. 2 7 2 00 Бараа материал, улсын нөөцийн бараа худалдсаны гарз: Бараа материал, Улсын нөөцийн барааны худалдсан үнэ болон худалдан авсан үнэ хоёрын зөрүүгээр үүссэн гарзыг энэ дансанд бүртгэнэ.

3.92. 2 7 4 0 0 Хөрөнгийн бусад зардал: Батлагдсан төсвийн дагуу хийгдсэн хөрөнгө оруулалтын капиталжихгүй зардал, геологи хайгуул, байгаль хамгаалах чиглэлийн төсөл болон судалгааны ажлын зардал, ойжуулалтын ажлын зардал зэргийг энэ дансанд бүртгэнэ. Харин энэхүү хөрөнгө оруулалт, судалгаа, төслийн ажлын зардлыг капиталжуулахаар шийдвэрлэсэн бол Бусад хөрөнгө дансанд хуримтлуулан бүртгэж байгаад ажлыг дуусган хүлээлгэн өгөх үед холбогдох үндсэн хөрөнгийн дансанд хааж бичнэ.

3.93.Хөрөнгийн үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх их засварын зардал болон түүнтэй адилтгах бусад зардлыг капиталжих зардал гэнэ. Үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлэх гэдэгт:

  • хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах
  • орчин техник технологийн давуу талуудыг ашиглан хөрөнгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
  • хөрөнгөнд шинэ эд анги нэмснээр хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зэрэг болно.

3.94.Капиталжих зардлыг тусдаа хөрөнгөөр эсвэл үндсэн хөрөнгийн өртгийг нэмэгдүүлэх байдлаар бүртгэнэ.

3.95.Их засварын ажлын зардал нь капиталжих зардлын шаардлагыг хангахгүй байгаа бол урсгал зардлын нэгэн адил тухайн жилийн зардалд тооцож хаана. Их засварын ажлын зардлыг ажлын төрлөөр ангилж бүртгэнэ.

Хөрөнгө худалдсаны гарзыг бүртгэх

3.96.Үндсэн хөрөнгө, улсын нөөцийн бараа, бараа материалыг худалдахад үүссэн гарзыг дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Мөнгө

Дт. Үндсэн хөрөнгө, бараа материал, нөөцийн бараа худалдсаны гарз

Кт. Үндсэн хөрөнгө,бараа материал, нөөцийн бараа

Санхүүгийн тайлангийн тодруулга

3.97.Санхүүгийн тайлангийн тодруулгад зардлын бүртгэлийн бодлогын өөрчлөлтийг тусгана. Мөн тусгай шийдвэр, заавар журмын хэрэгжилтийг харуулах шаардлагатай бол хавсралт тайлангаар гаргана.

ХЭСЭГ 4: ХӨРӨНГӨ

4.1.Тодорхойлолт: Өнгөрсөн хугацааны ажил гүйлгээний үр дүнд бий болсон тухайн байгууллагын хяналтанд байгаа, ирээдүйд эдийн засгийн үр ашиг, үйлчилгээний чадавхиа өгөх нөөцийг хөрөнгө гэнэ.

Хүлээн зөвшөөрөх ба үнэлэх

4.2.Хөрөнгө нь дараах шинжтэй байна.

  • Дангаараа эсвэл бусад хөрөнгөтэй хамтарсан байдлаар ирээдүйд цэвэр орлого оруулах болон ажил үйлчилгээ үзүүлэх чадавхи бүхий ирээдүйн өгөөжийг агуулдаг байх
  • Энэхүү өгөөжийг байгууллага хүртэх болон хянах эрхтэй, хэмжиж тодорхойлох боломжтой байх.

Хөрөнгийн үнэлгээ

4.3.Хөрөнгийн дансны үнэ гэдэг нь хөрөнгийн анхны өртөг буюу дахин үнэлгээгээр нэмэгдүүлэх буюу хорогдуулах зэрэг өртгийн өөрчлөлтийг тусгасан үнэ байна.

4.4.Зах зээлийн үнэ гэдэг нь хөрөнгийг худалдан борлуулах үнэ, эсвэл худалдан авахад төлөх үнэ, санхүүгийн төлбөрийн хэрэгслийг идэвхтэй зах зээл дээр худалдах болон худалдан авах үнийг хэлнэ.

Хөрөнгийн ангилал

4.5.Хөрөнгийг Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу ангилж бүртгэнэ.

3 1 0 00 Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө

3 3 0 00 Авлага

3 4 0 00 Урьдчилгаа

3 5 0 00 Бараа материал

3 6 0 00 Нөөцийн бараа

3 8 0 00 Бусад хөрөнгө

3 9 0 00 Үндсэн хөрөнгө

4.6. 3 1 0 00 МӨНГӨН ХӨРӨНГӨ: Мөнгөн хөрөнгө нь байгууллагын касс, банкны харилцах дансанд байгаа бэлэн мөнгө, үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют (цаасан дэвсгэрт ба мөнгөн зоос), мөнгөний чек, тусгай зориулалт бүхий мөнгөн сан зэргээс бүрдэнэ.

Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийн ангилал

4.7.Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг кассад байгаа бэлэн мөнгө буюу жижиг мөнгөн сан, харилцах дахь мөнгө, замд яваа мөнгө, богино хугацаат хадгаламж, үнэт цаас гэх зэргээр ангилна. Мөнгөтэй адилтгах зүйлст мөнгөнд түргэн хөрвөх чадвартай богино хугацаат хадгаламж, үнэт цаас зэрэг богино хугацаатай хөрөнгө оруулалтын төрлүүд багтана.

4.8. 3 1 1 00 Кассад байгаа бэлэн мөнгө: Байгууллагын кассад байгаа цаасан дэвсгэрт ба мөнгөн зоос, бэлэн мөнгөний чек зэргийг энэ дансанд бүртгэнэ.

4.9.Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог нэвтрүүлэхтэй холбогдуулан төсөвт байгууллагад өдөр тутам бага хэмжээгээр гардаг мөнгөн зарлагыг зохицуулах зорилгоор жижиг мөнгөн сангийн журмыг нэвтрүүлж болно. Харин энэ сангаас зарцуулсан зарлагын хэмжээгээр нөхөн дүүргэх үед өмнө гарсан зардлыг хянаж, холбогдох бүртгэлийн бичилт хийнэ.

4.10. 3 1 2 00 Банкинд байгаа бэлэн мөнгө: Төрийн сан дахь харилцах дансанд байгаа үндэсний мөнгөн тэмдэгт болон гадаад валютыг энэ дансанд бүртгэнэ.

4.11.Дээд шатны төсвийн эрх захирагчаар батлуулсан зарцуулалтын эрхийн баталгааны дагуу Төрийн сан дахь харилцах дансанд гүйлгээ хийгдэх бөгөөд тухайн дансны өдөр тутмын хуулгыг үндэслэн дансанд бичилт хийнэ.

4.12. 3 1 4 00 0 0 Замд яваа мөнгө: Төлбөр хариуцагчийн харилцах данснаас хасагдсан боловч хүлээн авагч байгууллагын харилцах дансанд шилжиж ирээгүй байгаа мөнгийг энэ дансанд бүртгэнэ. Замд яваа мөнгийг банк хоорондын клирингийн тооцооны журамд заасан хоногийн дотор хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл төлбөр хариуцагчийн авлагын дансанд буцааж бичнэ.

Хэмжилт ба үнэлгээ

4.13.Мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгийг нэрлэсэн үнээр нь бүртгэнэ. Гадаад валютыг Монголбанкны зарласан ханшаар үндэсний мөнгөн тэмдэгтэд шилжүүлж бүртгэнэ.

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

(а) Төсөвт байгууллагын мөнгөн хөрөнгө нь төлбөртэй ажил үйлчилгээний орлого, төвлөрсөн болон орон нутгийн төсвийн татаас, санхүүжилтийн орлого, зээл зэргээр нэмэгдэж болно.

Дт. Мөнгө

Кт. Урьдчилж орсон орлого-Татаас, санхүүжилтын орлого, эсвэл

Кт. Төлбөртэй ажил үйлчилгээний орлого

Кт. Авлага /Урьдчилгаа

Кт. Зээл

(б) Төсөвт байгууллагын мөнгөн хөрөнгийн зарлага нь бараа материал худалдан авсан болон бусад байгууллага, хүмүүсээс авсан үйлчилгээний төлбөр байна.

Дт. Өглөг (цалин, халаалт гэх мэт)

Дт. Зардал (шилжүүлэг)

Дт. Урьдчилгаа (урьдчилж төлсөн зардал гэх мэт)

Дт. Зээл (олгосон урт, богино хугацаат зээл)

Кт. Мөнгө

4.14.Кассын орлогыг бүртгэхдээ харилцахаас татан авсан бэлэн мөнгөний баримтыг үндэслэн дараах бичилт хийнэ.

Дт. Кассад байгаа бэлэн мөнгө

Кт. Банкинд байгаа бэлэн мөнгө

4.15.Кассаас зарцуулсан бэлэн мөнгөний зарлагыг бүртгэхдээ:

Дт. Өглөг

Дт. Зардал

Дт. Урьдчилгаа (урьдчилж төлсөн зардал гэх мэт)

Кт. Кассад байгаа бэлэн мөнгө

4.16.Жилийн батлагдсан төсөвт тусгагдсаны дагуу гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр хийгдэж байгаа урт хугацаат хөрөнгө оруулалтын ажлын урьдчилж төлсөн зардлыг дээрхийн адилаар бүртгэнэ.

4.17. 3 3 0 00 АВЛАГА: Зээлээр үзүүлсэн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэн авах мөнгөн дүнг энэ дансанд бүртгэнэ. Мөн тооцоооны авлагыг энэ дансны Бусад авлага дэд дансанд бүртгэнэ. Төсвийн зарлагын тусгай горимыг нэвтрүүлж дээд шатны төсвөөс төсөвт байгууллагад олгох санхүүжилтийг урьдчилан амлаж бүртгэх талаар заавар журам гарсан үед Татаас шилжүүлгийн орлогыг Авлага болгон бүртгэж болно.

Авлагын ангилал

4.18.Төсөвт байгууллага авлагыг орлогын нэр төрлөөр ангилж бүртгэнэ. Үүнд:

3 3 4 00 Татаас, санхүүжилтийн авлага (бүтээгдэхүүний нийлүүлэлтийн)

3 3 5 00 Төлбөртэй үйлчилгээний авлага

3 3 6 00 Бусад авлага

4.19. 3 3 4 00 Татаас, санхүүжилтийн авлага буюу бүтээгдэхүүний нийлүүлэлтийн авлага: Төсөвт байгууллагын ажил үйлчилгээг бүтээгдэхүүний хэлбэрээр төсөвлөж, тайлагнах үед бүтээгдэхүүнээ зээлээр нийлүүлсэн бол авлагаа энэ дансанд бүртгэнэ.

4.20. 3 3 5 00 Төлбөртэй үйлчилгээний авлага: Төсөвт байгууллагын төлбөртэй ажил үйлчилгээний орлого, хүүгийн орлого зэргийг бүртгэнэ.

4.21. 3 3 6 00 Бусад авлага: Ажилчин албан хаагчидтай хийх тооцооны авлага, бусад төрлийн авлагыг бүртгэнэ.

Үнэлгээ

4.22.Орлого гэж хүлээн зөвшөөрөгдсөн боловч төлөгдөөгүй байгаа хэмжээгээр авлагыг хуримтлуулан бүртгэнэ. Авлагыг үүсэх үед нэрлэсэн үнээр бүртгэнэ.

Санхүүгийн тайланд тусгах

4.23.Авлагыг эргэлтийн хөрөнгийн хэсэгт мөнгөн хөрөнгийн дараа санхүүгийн тайланд тусгана. Авлагыг гэрээнд заагдсан дүнгээр бус хүлээн авах боломжит хэмжээ буюу цэвэр дүнгээр (авлагын хөнгөлөлт, хорогдуулалт, төлүүлэх боломжгүй хэсгийг шийдвэрлүүлсний дагуу авлагыг хорогдуулсны дараах) санхүүгийн тайланд тусгана.

Авлагын бүртгэл

(а) Төсөвт байгууллагад үүссэн авлагыг дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Авлага

Кт. Өөрийн орлого-Үндсэн ажил үйлчилгээний

Кт. Хөрөнгө борлуулсны

Кт. Хүүгийн орлого

Кт. Торгууль төлбөрийн орлого гэх мэт

(б) Ажиллагсдад олгосон томилолтын урьдчилгааны тооцоог бодоход тэднээс авлагатай гарвал дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Бусад авлага

Кт. Урьдчилгаа-Томилолтын зардлын тооцоо

4.24. 3 4 0 00 УРЬДЧИЛГАА: Бэлтгэн нийлүүлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг урьдчилж шилжүүлэх, ажлын хөлс, үйлчилгээний үнийг урьдчилж төлөх зэрэг тохиолдолд энэ дансанд бүртгэнэ.

Урьдчилгаа дансны ангилал

4.25.Урьдчилгаа дансыг урьдчилгаа тооцоо, урьдчилж гарсан зардал гэж ангилна.

Үнэлгээ

4.26.Урьдчилгааг урьдчилж үүссэн тооцоо буюу төлсөн мөнгөн дүнгээр үнэлж бүртгэнэ.

Санхүүгийн тайланд тусгах

4.27.Урьдчилгааг санхүүгийн тайлангийн эргэлтийн хөрөнгийн хэсэгт авлагын дараа балансад тусгана.

Урьдчилгаа дансны бүртгэл

4.28.Төлбөр тооцоо нь тайлангийн хугацаанд багтаж хийгдэх ажил гүйлгээг энэ дансанд бүртгэнэ. Батлагдсан төсөв, зөвшөөрөгдсөн ажил үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан шилжүүлэх үед дараах бүртгэлийн бичилт хийнэ.

(а) Төвлөрсөн төсөв болон Орон нутгийн төсөвтэй шууд харьцдаг төсөвт байгууллагад Дээд шатны төсвийн эрх захирагчаас олгох Татаас, санхүүжилтийг (урсгал зардлын) шилжүүлэх үед Дээд шатны төсвийн эрх захирагч нь бүртгэхдээ;

Дт. Урьдчилгаа-Төсөвт байгууллага

Кт. Мөнгө

(б) Энэ мөнгийг хүлээн авсан төсөвт албан байгууллага буюу төсвийн шууд эрх захирагч;

Дт. Мөнгө

Кт. Урьдчилж орсон орлого-Татаас, санхүүжилтийн гэж бүртгэнэ.

(в) Төсөвт байгууллага урьдчилж орсон орлогоос тайлангийн хугацаанд гүйцэтгэсэн ажил үйлчилгээний үр дүнг үндэслэн санхүүжилтын орлого болгож, төсвийн татаас, шилжүүлгийн орлого дансанд бүртгэхдээ:

Дт. Урьдчилж орсон орлого-Татаас, санхүүжилтийн

Кт. Татаас, санхүүжилтийн орлого

(г) Тайлангийн хугацааны эцэст төсөвт байгууллагын Татаас, санхүүжилтийн орлогод хаасан дүнг үндэслэн төвлөрсөн төсвийн эрх захирагч нь төсөвт байгууллагад олгосон Урьдчилгаа данснаас зардалд бүртгэнэ.

Дт. Татаас, санхүүжилтийн зардал- төсөвт байгууллага

Кт. Урьдчилгаа-төсөвт байгууллага

(д) Төсөвт албан байгууллага бэлтгэн нийлүүлэгчдэд бараа материал, үндсэн хөрөнгө зэрэг биет хөрөнгө бэлтгэх зорилгоор урьдчилан шилжүүлсэн үнэ, цалингийн урьдчилгаа, томилолтын урьдчилгааг урьдчилгаа тооцоо дэд дансанд, урьдчилан төлсөн зардлыг урьдчилж гарсан зардал дэд дансанд бүртгэнэ.

Дт. Урьдчилгаа тооцоо /Үндсэн хөрөнгө бэлтгэх, цалингийн урьдчилгаа/

Кт. Мөнгө

(е) Төсөвт албан байгууллага нь хөрөнгө хүлээн авах, зардлын гүйцэтгэлийг гарах үед урьдчилгаа дансанд бүртгэгдсэн ажил гүйлгээг хөрөнгө, урсгал зардлын холбогдох дансанд хааж бичнэ.

Дт. Үндсэн хөрөнгө/зардал

Кт. Урьдчилгаа тооцоо

(ё) Бараа материалын хувьд урсгал зардалд хамрагдах эсвэл хөрөнгийн дансанд хамрагдах байдлаас нь хамааруулж бүртгэнэ. Хэрэв урсгал зардалд хамрах бараа материал, үйлчилгээний урьдчилгаа төлбөр хийсэн бол Урьдчилж гарсан зардал дансанд бүртгэж байгаад дараа нь холбогдох зардлын дансанд шилжүүлж бүртгэнэ.

4.29.Ингэж ажил үйлчилгээний гүйцэтгэл, зардлын гүйцэтгэлийн тайланг үндэслэн эцсийн тооцоо хийж урьдчилгаа дансыг хааж, хэрэв зөрүү гарвал холбогдох тооцоог үүсгэж бүртгэнэ.

4.30. 3 5 0 00 БАРАА МАТЕРИАЛ: Энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагааны явцад хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс, худалдах зориулалтаар хадгалагдаж байгаа (улсын нөөцийн бараа зэрэг) бэлэн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн процесст байгаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн зэрэг болно.

4.31.Эзэмших эрхийг нь аваагүй боловч хүлээн аваад хадгалж байгаа бараа материал үнэ бүхий зүйл бараа материалд хамрахгүй.

4.32.Агуулахад хадгалуулах, боловсруулалт хийлгэх, засварлуулах, ачуулах гэх мэт зорилгоор бусдад шилжүүлсэн бараа материал бүртгэлд хамрагдана.

4.33.Биет хөрөнгийг ангилахдаа түүний шинж чанар, ашиглалтын хугацааг харгалзана. 1 жилээс доош хугацаанд ашиглагдах, анхны өртөг нь 25 мянган төгрөг болон түүнээс доош өртөгтэй биет хөрөнгийг бараа материалд, түүнээс дээш үзүүлэлттэй биет хөрөнгийг үндсэн хөрөнгөнд ангилна.

4.34.Бараа материалыг худалдан авсан үед бараа материалд бүртгэж, ашиглалтад тавьж олгосон үед зардалд бичиж, хэрэглээний аргаар бүртгэнэ.

4.35.Бараа материалыг дараах байдлаар ангилж бүртгэнэ. Үүнд:

3 5 1 00 Түүхий эд үндсэн материал

3 5 2 00 Дуусаагүй үйлдвэрлэл

3 5 3 00 Бэлэн бүтээгдэхүүн

3 5 4 00 Хангамжийн материал

3 5 5 00 Мал амьтад

3 5 6 00 Бусад

4.36. 3 5 1 00 Түүхий эд, үндсэн материал: Төсөвт байгууллагын үндсэн ажил үйлчилгээнд хэрэглэгддэг тусгай зориулалтын материалыг энэ дансанд бүртгэнэ. Ажил, үйлчилгээний онцлогоос хамаарч салбар бүрт үндсэн туслах материалын нэр төрөл ялгавартай байж болно. Тухайлбал эмнэлгийн байгууллагад эм, боох материал, боловсролын байгууллагад сургалт, судалгааны зориулалттай материал гэх мэт.

4.37. 3 5 2 00 Дуусаагүй үйлдвэрлэл: Тодорхой төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг бий болгох боловсруулалтын аль нэг шатанд байгаа цаашид нэмэлт боловсруулалт шаардлагатай ажиллагааны зардлыг дуусаагүй үйлдвэрлэл гэж нэрлэн энэ дансанд өртгөөр нь бүртгэнэ. Төсөвт байгууллагын ажил үйлчилгээг бүтээгдэхүүн болгож төлөвлөх гүйцэтгэлийг хянах үед энэ данс түгээмэл ашиглагдана.

4.38. 3 5 3 00 Бэлэн бүтээгдэхүүн: Худалдан борлуулах болон цаашид ашиглах зориулалттай үйлдвэрлэсэн болон худалдан авч бэлтгэсэн, түүхий эд үндсэн материалын ангилалд хамрагдахгүй бэлэн бүтээгдэхүүнийг энэ дансанд өртгөөр нь бүртгэнэ.

4.39. 3 5 4 00 Хангамжийн материал: Төсөвт байгууллагын ажил үйлчилгээнд түгээмэл хэрэглэгддэг, цаашид зардал болох бичиг хэргийн материал, аж ахуйн зориулалттай материал, сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун зэрэг хангамжийн шинжтэй бүх төрлийн бараа материалыг энэ дансанд бүртгэнэ.

4.40. 3 5 5 00 Мал амьтад: Эмнэлэг, сургууль, батлан хамгаалах байгууллага зэрэг байгууллагын хүнсний бүтээгдэхүүний нөөцөд зориулж худалдан авсан, үржүүлгэнд байгаа мал амьтдыг өртгөөр нь үндсэн болон эргэлтийн сүрэг гэж ангилахгүйгээр энэ дансанд бүртгэнэ.

4.41.3 5 6 00 Бусад: Дээр заасан ангилалд хамаарахгүй бараа материалыг энэ дансанд бүртгэнэ.

Үнэлгээ

4.42.Бараа материалыг олж бэлтгэхэд өртөг бүрдэх зарчмыг үндэслэн тодорхойлсон анхны өртгөөр бүртгэнэ. Бараа материалын өртөг нь түүнийг худалдан авсан, үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд ба шууд бус зардлуудаас бүрдэнэ.

4.43.Бараа материалыг олж бэлтгэх буюу худалдан авах зардал нь бэлтгэн нийлүүлэгчийн нэхэмжилсэн үнэ, үйлчилгээний хөлс, тээврийн зардал, импортын барааны болон бусад татвар хураамж зэргээс бүрдэх ба худалдааны хямдрал, хөнгөлөлтийг хасаж тооцно.

4.44.Хэрэв бараа материалыг өөрсдөө үйлдвэрлэдэг бол түүнийг үйлдвэрлэхтэй холбогдож гарсан шууд ба шууд бус зардлыг тооцож, бараа материалын өртгийг тогтооно.

4.45.Бараа материалыг зарлага болгохдоо жинлэгдсэн дундаж өртгийн аргыг хэрэглэж болох боловч эхний ээлжинд тооцооны хялбар байдлыг ашиглан худалдан авсан өртгөөр зарлагадаж болно. Бараа материалын өртгийн нийлбэрийг (бараа материалын нэр төрөл тус бүрээр) түүний тоо хэмжээнд хувааж нэгжийн жинлэгдсэн дундаж өртгийн хэмжээг тодорхойлно. Энэхүү нэгжийн дундаж өртгийг зарлагдсан бараа материалын тоо хэмжээгээр үржүүлж, зарлага болгосон бараа материалын өртгийг тодорхойлно. Дундаж өртгийн аргыг хэрэглэхэд шинээр бараа материалын орлого авах бүр дундаж өртгийг шинэчлэх, үлдэгдэл бараа материалыг дундаж өртгөөр үнэлж тооцох шаардлагатай болдог.

Санхүүгийн тайланд тусгах

4.46.Бараа материалыг эргэлтийн хөрөнгийн хэсэгт урьдчилгаа дансны дараа санхүүгийн тайланд тусгана.

Бараа материалын бүртгэл

4.47.Бараа материалын (хангамжийн зүйлийн) орлого зарлагыг дараах байдлаар бүртгэнэ.

(а) Хангамжийн материалыг худалдаж авахад өртгөөр нь:

Дт. Хангамжийн материал

Кт. Мөнгө /Өглөг/ Урьдчилгаа тооцоо

(в) Үндсэн хөрөнгийн устгалтаас орлогодоход:

Дт. Хангамжийн материал

Кт. Үндсэн хөрөнгө

(г) Тооллогоор илүүдсэн материал -хангамжийн зүйлийг орлогодоход:

Дт. Хангамжийн материал

Кт. Бусад орлого

(д) Бараа материалыг үнэ төлбөргүй бусдад шилжүүлэхэд дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Бусад зардал

Кт. Бараа материал

(ж) Бараа материалыг ажил үйлчилгээнд ашиглахаар тавьж олгоход:

Дт. Зардал /Зардлын зүйлээр/

Кт. Хангамжийн материалын холбогдох дэд данс

(з) Тооллогоор дутагдсан материалыг зарлагадвал;

Дт. Бусад зардал

Кт. Хангамжийн материал

(и) Бараа материалыг ашигтай эсвэл алдагдалтай үнээр худалдсан үед: Тухайлбал бараа материалыг олж бэлтгэсэн өртөгөөс илүү үнээр худалдсан гэвэл:

Дт. Мөнгө/Авлага

Кт. Материал (өртгөөр)

Кт. Хөрөнгө худалдсаны олз-Бараа материал худалдсаны олз

(й) Хэрэв алдагдалтай үнээр худалдвал дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Мөнгө/Авлага

Дт. Хөрөнгө худалдсаны гарз-Бараа материал худалдсаны гарз

Кт. Материал

4.48. 3 6 0 00 НӨӨЦИЙН БАРАА: Байгалийн аюулаас хамгаалах, улс орны батлан хамгаалах болон дотоодын зах зээлийн улирлын шинж чанартай хэрэгцээг зохицуулах зорилгоор стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүний нөөцийг энэ дансанд бүртгэнэ. Улсын нөөцийн барааг зөвхөн эрх бүхий байгууллага бэлтгэж, зарцуулах бөгөөд түүнийг зохицуулах, бүртгэх талаар тусгай заавар журмыг мөрдөнө.

4.49.Нөөцийг бүтээгдэхүүний нэр төрлөөр нь дараах байдлаар ангилна.

3 6 1 00 Барааны нөөц

3 6 2 00 Үрийн нөөц

3 6 3 00 Тэжээлийн нөөц

3 6 4 00 Шатахууны нөөц

3 6 5 00 Буудайн нөөц

3 6 6 00 Бусад нөөц

4.50.Нөөцийн бүтээгдэхүүний үнэлгээ болон бүртгэлийн бичилт нь бараа материалын бүртгэлтэй адил байна.

Санхүүгийн тайланд тусгах

4.51.Нөөцийн барааг эргэлтийн хөрөнгийн хэсэгт бараа материалын дараа санхүүгийн тайланд тусгана.

4.52. 3 8 0 00 БУСАД ХӨРӨНГӨ: Энэ дансанд тайлангийн хэд хэдэн үеийг хамрах судалгааны ажил, урт хугацаат хөрөнгө оруулалтын зардал, хойшлуулсан зардал зэргийг бүртгэнэ.

4.53.Бусад хөрөнгийг хойшлуулсан зардал, урьдчилж гарсан урт хугацаат зардал гэж ангилна.

Үнэлгээ

4.54.Бусад хөрөнгийг гарсан зардлын дүнгээр үнэлж бүртгэнэ.

Санхүүгийн тайланд тусгах

4.55.Бусад хөрөнгийг санхүүгийн тайланд эргэлтийн бус хөрөнгийн хэсгийн эхэнд тусгана.

Бусад хөрөнгийн бүртгэл

4.56.Хойшлуулсан зардалд өнгөрсөн онд гарсан зардлыг санхүүжүүлж чадаагүйгээс өр төлбөр үүссэнийг дээд шатны төсвийн эрх захирагч зөвшөөрч дараа оны төсөвт тусган санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн бол Хойшлуулсан зардал дансанд хуримтлуулан бүртгэж байгаад уг өр төлбөрийг төлөх үед холбогдох зардлын дансанд хааж бичнэ.

(а) Дт. Хойшлуулсан зардал /Зардлын зүйлээр/

     Кт. Өглөг

(б) Дт. Өглөг

     Кт. Мөнгө

(в) Дт. Зардал /Зардлын зүйлээр/

     Кт. Хойшлуулсан зардал /Зардлын зүйлээр/

4.57.Хэрэв өөрийн орлогоос санхүүжүүлэх зардлыг хойшлуулсан бол мөн дээрхийн адил бүртгэх бөгөөд гэхдээ дараа оны өөрийн орлогоос санхүүжүүлэхээр ангилан тооцож бүртгэнэ.

4.58.Ийм байдлаар хойшлуулсан зардал болон урт хугацаат хөрөнгө оруулалтын ажлын зардлыг аажмаар зардалд шингээхээр шийдвэрлэвэл тайлангийн хугацаанд ногдох зардлын дүнгээр холбогдох зардлын дансанд хааж бичнэ.

a) Дт. Урьдчилж гарсан урт хугацаат зардал /Ангиллын дагуу/

    Кт. Мөнгө

(б) Дт. Үндсэн хөрөнгө /Ангиллын дагуу/

     Кт. Урьдчилж гарсан урт хугацаат зардал /Ангиллын дагуу/

Энэ данс нь үндсэн хөрөнгийг хугацаанд нь бүрэн хүлээн авахад хяналт тавихад туслах зорилготой.

4.59. 3 9 0 00 ҮНДСЭН ХӨРӨНГӨ: Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын хугацаа нь хязгаарлагдмал, үйл ажиллагааны хэвийн нөхцөлд худалдан борлуулах зориулалтгүй, ажил үйлчилгээ үзүүлэх болон түрээслүүлэх зориулалтаар ашиглагдаж, анхны өртгөө элэгдлийн байдлаар зардалд аажмаар шингээж байдаг биет хөрөнгийг үндсэн хөрөнгө гэнэ.

4.60.Үндсэн хөрөнгийг адил төстэй шинж чанараар нь дараах байдлаар ангилна.

4.61. 3 9 2 00 Биет хөрөнгө: Дээрх үндсэн хөрөнгийн шинж байдлыг агуулсан дараах төрлийн үндсэн хөрөнгийг энэ дансанд бүртгэнэ:

3 9 2 01 Барилга, байгууламж (конторын болон үйлчилгээний байр, байгууллагын балансад тусгагдах бүх төрлийн барилга байгууламж)

3 9 2 02 Авто-тээврийн хэрэгсэл (суудлын болон ачааны машин, тусгай зориулалтын үйлчилгээний автомашин зэрэг)

3 9 2 03 Машин, тоног төхөөрөмж (компьютер, принтер, факс машин, тусгай зориулалтын технологийн машин тоног төхөөрөмж зэрэг)

3 9 2 04 Тавилга, аж ахуйн эд хогшил (конторын тавилга, ширээ сандал, мебел хэрэгсэл түүнтэй хөрөнгө, аж ахуйн эд хогшил зэрэг)

3 9 2 06 Батлан хамгаалах зориулалттай тоног төхөөрөмж (батлан хамгаалах, цэргийн зориулалттай тоног төхөөрөмж)

3 9 2 07 Түүх соёлын дурсгалт зүйлс (төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн түүх соёлын зориулалттай үндсэн хөрөнгө)

3 9 2 08 Номын фонд (байгууллагын номын сангийн ном, товхимол, хэвлэмэл материал гэх мэт)

3 9 2 09 Бусад үндсэн хөрөнгө (дээрх ангилалд хамрагдаагүй бусад үндсэн хөрөнгө)

3 9 2 10 Дуусаагүй барилга, байгууламж

Үнэлгээ

4.62.Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь үнэлж бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөг нь худалдан авсан үнэ, тээврийн ба ачиж буулгах зардал, бэлтгэх, суурилуулах, тохируулахтай холбогдон гарсан зардал, бүх төрлийн татвар, хураамж зэргээс бүрдэнэ.

4.63.Барьж байгуулсан үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс зэрэг холбогдох бүх зардлын дүнгээс бүрдэнэ.

4.64.Үндсэн хөрөнгийг ашиглах явцад түүнийг сайжруулах, солих, их засвар хийхтэй холбогдсон зардал нь үндсэн хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгах, хүчин чадал, үр ашгийг нэмэгдүүлж байвал уг зардлыг капиталжуулж, үндсэн хөрөнгийн анхны өртгийг нэмэгдүүлнэ.

4.65.Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн үнэ нь анхны өртөгөөс өндөр байвал хөрөнгийн дахин үнэлгээний зөрүү дансны кредитээс холбогдох үндсэн хөрөнгийн дансны дебетэд бүртгэнэ.

Биет бус хөрөнгө

4.66.Биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, эзэмшигчиддээ эрх, давуу болон онцгой эрх, өрсөлдөөний давуу тал олгодог хөрөнгийг биет бус хөрөнгө гэнэ.

4.67.Биет бус хөрөнгөнд патент, гудвилл, франчайз, зохиогчийн эрх, лиценз, программ хангамж , судалгаа хөгжүүлэлтийн зардал зэрэг хамрагдана. Биет бус хөрөнгийг 20 жилээс илүүгүй хугацаанд ашиглана. Дотооддоо бий болгосон гудвиллийг хөрөнгө гэж хүлээн зөвшөөрдөггүй.

4.68.Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ.

4.69.Биет хөрөнгийг түүний үр ашигтай ашиглах хугацааны туршид системтэйгээр хорогдуулж, хорогдлын хэмжээгээр зардлаар хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

Үндсэн хөрөнгийн бүртгэл

(а) Үндсэн хөрөнгийг Засгийн газрын сан (ЗГС) дансны үлдэгдэлтэй тохируулан бүртгэж байна. Төсвийн санхүүжилтээр үндсэн хөрөнгө худалдан авахад:

Дт. Мөнгө

Кт. Урьдчилж орсон орлого-Хөрөнгийн санхүүжилт

Дт. Үндсэн хөрөнгө

Кт. Мөнгө

Дт. Урьдчилж орсон орлого-Хөрөнгийн санхүүжилт

Кт. Засгийн газрын сан

(б) Төсөвт байгууллага өөрийн орлогоос үндсэн хөрөнгө бэлтгэх, худалдан авахад:

Дт. Үндсэн хөрөнгө

Кт. Мөнгө

Дт. Хуримтлагдсан үр дүн

Кт. Засгийн газрын сан (ЗГС)

(в) Буцалтгүй тусламжаар биет хөрөнгө авсан бол ЗГС дансыг энэ хэмжээгээр нэмэгдүүлэн бүртгэнэ.

Дт. Үндсэн хөрөнгө-тусламжаар

Кт. Засгийн газрын сан (ЗГС)

(г). Хэрэв үндсэн хөрөнгийг акталж устгах болон үнэ төлбөргүй шилжүүлэхэд дансны үнээр:

Дт. ЗГС /дансны үнээр/

Кт. Үндсэн хөрөнгө

(д) Үндсэн хөрөнгийг алдагдалтай үнээр худалдвал:

Дт. Мөнгө

Дт. Үндсэн хөрөнгө худалдсаны гарз

Кт. Үндсэн хөрөнгө

(е) Худалдсан үндсэн хөрөнгийн дансны үнээр ЗГС дансыг бууруулсан тохируулах бичилт хийнэ.

Дт. ЗГС /Худалдсан үндсэн хөрөнгийн дансны үнээр/

Кт. Тайлант хугацааны үр дүн

(ё) Үндсэн хөрөнгийн дансны үнээс илүү үнээр худалдвал:

Дт. Мөнгө

Кт.Үндсэн хөрөнгө

Кт. Үндсэн хөрөнгө борлуулсны олз

Дт. ЗГС /худалдсан үндсэн хөрөнгийн дансны үнээр/

Кт. Тайлант хугацааны үр дүн

Тайлбар тодруулга

4.70.Хөрөнгийн бүртгэлийн талаар хэрэглэгчдэд шаардлагатай дараах мэдээллээр тайлбар тодруулга хийнэ. Үүнд:

  • Хөрөнгийн бүртгэлд ашигласан бүртгэлийн бодлого (зарчим, үнэлгээ гэх мэт);
  • Мөнгөн хөрөнгийн зориулалт, нэмэгдсэн хасагдсан хураангуй гүйлгээ, байршил, төсөв хоорондын тооцооны дансны гүйлгээ баланс, замд яваа мөнгөний тодруулгыг хүснэгтээр харуулах;
  • Найдваргүй авлага (зээлийн) тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, тооцоолол;
  • Урьдчилгаа зардал дансны үлдэгдлийнн талаар тайлбар тодруулга хийх;
  • Улсын нөөцийн барааны нөхцөл, үлдэгдэл, өөрчлөлтийн мэдээллийг барааны нэр төрлөөр хүснэгтээр харуулах;
  • Үндсэн хөрөнгийн нэр төрөл тус бүрээр хөдөлгөөн, дахин үнэлгээ хийсэн бол дахин үнэлгээний зөрүүгийн тооцоо, биет хөрөнгийн ашиглалтын хугацаа, элэгдлийн хувь, байгуулсан элэгдлийн хураангуй тооцоо зэргийг хүснэгтээр харуулах;
  • Капиталжуулах зардлын үндэслэл, тайлбар;
  • Бусад шаардлагатай мэдээллийг хүснэгтээр эсвэл тайлбар хэлбэрээр гаргаж санхүүгийн тайланд хавсаргана.

ХЭСЭГ 5. ӨР ТӨЛБӨР

5.1.Тодорхойлолт: Өр төлбөр гэдэг нь өнгөрсөн хугацааны ажил гүйлгээний үр дүнд үүсч бий болсон байгууллагын эзэмшиж байгаа нөөцөөс бусдад төлөгдөх төлбөрийн хариуцлага болно.

5.2.Өр төлбөрийн үндсэн шинж чанар:

  • ажил үйлчилгээ нь өнгөрсөн хугацаанд хийгдэж өр төлбөрийг хариуцах үүрэг үүссэн бөгөөд төлбөр нь хийгдээгүй байх
  • дээрх ажил үйлчилгээтэй холбогдож байгууллагын өр төлбөр нь нэмэгдэх эсвэл мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө нь багасах замаар төлбөр хариуцагч байгууллагын санхүүгийн нөөц нь цаашид хорогдохоор байх

Өр төлбөрийн ангилал

5.3.Өр төлбөрийг богино хугацаат ба урт хугацаат өр төлбөр гэж ангилна. Богино хугацаат өр төлбөрт богино хугацаат зээлийн өр, тооцооны өглөг, бусад өглөг, урьдчилж орсон орлого зэрэг хамаарна. Урт хугацаат өр төлбөрт урт хугацаат зээл зэрэг өр төлбөр багтана. Урт хугацаат өр төлбөрөөс тайлант жилийн дотор төлөх хэсгийг ялган авч богино хугацаат өр төлбөрт шилжүүлэн бичиж тайлагнана.

5.4.Байгууллага нь зөвхөн эрх бүхий дээд байгууллагын шийдвэртэйгээр зээл авах, түүнтэй адилтгах төлбөрийн хариуцлага үүсгэнэ.

5.5.Өглөгийг дараах байдлаар ангилж бүртгэнэ.

4 1 3 01 Ажиллагчидтай холбогдсон тооцоо

4 1 3 02 Бараа үйлчилгээний зардлын тооцоо

4 1 3 04 Зээлийн хүүгийн тооцоо

4 1 3 06 Татаас, санхүүжилтийн тооцоо

4 1 3 07 Хөрөнгө бэлтгэхтэй холбогдсон тооцоо

4 1 3 08 Бусад өглөг

Хүлээн зөвшөөрөх нөхцөл ба үнэлгээ

Өр төлбөрийг дараах нөхцөлд хүлээн зөвшөөрнө.

  • Өр төлбөрийн тодорхойлолтод бүрэн нийцсэн байх
  • Өр төлбөрийн хэмжээ нь бодитойгоор хэмжигдэж, үнэлэгдсэн байх
  • Төлөх хэмжээ нь төдийлөн тодорхой бус өр төлбөрийг урьдчилан тооцсон хэмжээгээр бүртгэнэ
  • Болзошгүй өр төлбөр, амлалтыг санхүүгийн тайлангийн тодотголд тусгана.

5.4. 4 1 0 00 БОГИНО ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР: Богино хугацаат өр төлбөрт тайлант нэг жилийн дотор төлөгдөх өр төлбөрийг оруулна.

5.5. 4 1 2 00 0 Богино хугацаат зээл: Төсөвт байгууллага төсвийн санхүүжилтийн эх үүсвэрийн түр зуурын дутагдлыг богино хугацаат зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрч зээл авсан бол үндсэн өрийн дүнгээр энэ дансанд бүртгэнэ. Богино хугацаат зээлийг дотоодын зээл, гадаадын зээл гэж 2 ангилна. Дотоод зээлд дотоодын банк, санхүүгийн байгууллага, бусад эх үүсвэрээс авсан зээлийг, гадаадын зээлд гадаад орны Засгийн газар, Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд болон бусад гадаад эх үүсвэрээс гадаад валютаар авсан зээлийг хамруулна.

5.6.Холбогдох талуудын тохиролцсон гэрээний дагуу авсан үндсэн зээлийн дүнгээр төлбөрийн хариуцлага үүсгэж нягтлан бодох бүртгэлд тусгана.

Богино хугацаат зээлийн бүртгэл

5.7.Тайлангийн хугацаанд шинээр авсан богино хугацаат зээл болон урт хугацаат зээлийн тайлангийн жилд төлөгдөх хэсгээр богино хугацаат зээлийн хэмжээ нэмэгдэнэ. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн өглөгийг үндсэн зээлд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож шийдвэрлэсэн бол энэ хэмжээгээр богино хугацаат зээлийн үлдэгдэл нэмэгдэнэ.

(а) Богино хугацаат зээлийг Төсвийн дээд шатны эрх захирагчаас авсан бол зээлийн үндсэн өрийн дүнгээр;

Дт. Мөнгө

Кт. Богино хугацаат зээл-Бусад төсөвт байгууллага

(б) Богино хугацаат зээлийн үндсэн төлбөрийг эргүүлж төлбөл;

Дт. Богино хугацаат зээл

Кт. Мөнгө

(в) Урт хугацаат зээлийн тайлангийн жилд төлөгдөх хэсэгийг богино хугацаатай зээлд шилжүүлэн бичихдээ:

Дт. Урт хугацаат зээл

Кт. Богино хугацаат зээл

5.8. 4 1 3 00 Өглөг: Төсөвт байгууллагуудын гэрээ гүйцэтгэгчид, ажилчин албан хаагчдад төлөх өглөг үүсч болно.

5.9.Санхүүгийн тайланг дээд шатны төсвийн эрх захирагчдын санхүүгийн тайланд нэгтгэх үед төсөв хоорондын тооцооны өглөг, авлагыг тохируулж хоорондын гүйлгээг давхардуулахгүйгээр нэгтгэнэ.

Өглөгийн бүртгэл

(а) Тооцсон цалинг өглөг үүсгэж бүртгэхэд:

Дт. Цалингийн зардал

Кт. Өглөг-Цалин

(б) Цалингийн өглөгийг төлөхөд;

Дт. Өглөг-Цалин

Кт. Мөнгө

(в) Төсөвт байгууллага бараа материал, үндсэн хөрөнгийг зээлээр худалдан авсан бол өглөг үүсгэж дараах байдлаар бүртгэнэ.

Дт. Бараа материал/Үндсэн хөрөнгө

Кт. Өглөг

(г) Төсөвт байгууллагын ажиллагчдын цалингаас суутган төлөх төлбөрийн өглөг болон бусад өглөг үүссэн бол бусад өглөг дансанд бүртгэнэ.

5.10. 4 1 4 00 Урьдчилж орсон орлого: Ажил үйлчилгээг гүйцэтгэж хүлээлгэн өгөх, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээс өмнө үнийг нь урьдчилан авсан тохиолдолд урьдчилж орсон орлого дансанд бүртгэж цаашид ажил үйлчилгээг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн үед орлого эсвэл Засгийн газрын сан дансанд шилжүүлж бүртгэнэ. Төсөвт байгууллагууд дээд шатны төсвийн эрх захирагчдаас авсан татаас, шилжүүлгийг анх хүлээн авахдаа урьдчилж орсон орлого дансанд бүртгэнэ.

5.11.Урьдчилж орсон орлого дансыг дотор нь урьдчилгаа-төсвийн санхүүжилт, бусад урьдчилж орсон орлого гэж 2 ангилна. Төсөвт байгууллага дээд шатны төсвийн эрх захирагчаас төсвийн сахүүжилтийг хүлээн авахдаа урьдчилгаа-төсвийн санхүүжилт дансаар дамжуулж бүртгэх бөгөөд ажил үйлчилгээний үр дүнтэй уялдуулж зориулалтын дагуу урсгал зардлын санхүүжилтийн урьдчилгааг Орлого дансанд хөрөнгийн зардлын санхүүжилтийн урьдчилгааг (худалдан авсан болон бэлтгэсэн үндсэн хөрөнгөтэй тэнцүү хэмжээгээр) Засгийн газрын сан дансанд шилжүүлэн бүртгэж урьдчилж орсон орлого дансыг хорогдуулна.

5.12.Урьдчилж орсон орлогыг орлогын нэр төрлөөр ангилж бүртгэнэ.

Урьдчилж орсон орлогын бүртгэл

5.13.Урьдчилж орсон орлогыг авсан мөнгөн дүнгээр нь хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

(а) Төсвийн эрх захирагчаас өгсөн санхүүжилтийг хэрхэн бүртгэхийг хүснэгтээр харуулав.

 

 

Шилжүүлсэн төсвийн эрх захирагч- Татаас санхүүжилтийн зардлыг дараах ангиллаар:

 

Хүлээн авсан төсвийн эрх захирагч-Татаас, санхүүжилтийн орлогыг дараах ангиллаар:

 

  • Төвлөрсөн төсөвт олгох санхүүжилт
  • Орон нутгийн төсөвт олгох татаас, санхүүжилт
  • Төсөвт байгууллагад олгох татаас, санхүүжилт
  • НДС олгох татаас, шилжүүлэг
  • Тусгай зориулалтын бусад сан

 

  • Төвлөрсөн төсвөөс
  • Орон нутгийн төсвөөс
  • Бусад төсөвт байгууллагаас
  • НДС-аас
  • Тусгай зориулалтын бусад сангаас

 

Дт. Урьдчилгаа зардал (урсгалхөрөнгийн)

 Кт. Мөнгө

 

Дт. Мөнгө

Кт. Урьдчилгаа-төсвийн санхүүжилт

(урсгалхөрөнгийн)

 

Төсөвт байгууллагын ажлын гүйцэтгэл болон санхүүгийн тайланг үндэслэн:

Дт. Зардал-татаас, санхүүжилтийн (урсгал)

Кт. Урьдчилж гарсан зардал

 

Ажил үйлчилгээ /нийлүүлсэн бүтээгдэхүүн/-ий үр дүн, үйл ажиллагааны зарлагын гүйцэтгэлийг үндэслэн:

Дт. Урьдчилгаа-төсвийн санхүүжилт

Кт. Орлого-татаас, санхүүжилтийн

хэрэв үндсэн хөрөнгө худалдан авсан бол түүний өртөгтэй тэнцүү хэмжээгээр

Кт. ЗГ -ын сан (хөрөнгийн)

 

(б) Хэрэв төсөвт байгууллага төлбөртэй ажил үйлчилгээний орлогыг урьдчилж хүлээн авсан бол урьдчилж орсон орлого дансны холбогдох дэд дансанд дээрхийн адилаар бүртгэх бөгөөд харин ажил үйлчилгээ (нийлүүлсэн бүтээгдэхүүн)-ний гарсан зардлын гүйцэтгэлтэй нь уялдуулан орлогод хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

5.14. 4 2 0 00 УРТ ХУГАЦААТ ӨР ТӨЛБӨР: Нэг жилээс дээш хугацаанд бусдад төлөх өр төлбөрийг урт хугацаат өр төлбөр гэнэ. Урт хугацаат өглөгт Урт хугацаат зээл зэрэг хамрагдана.

5.15. 4 2 2 00 Урт хугацаат зээл: Төсөвт байгууллагад тэдний төсвийн алдагдлыг санхүүжүүлэх буюу байгууллагын төлбөрийн чадварыг сайжруулах зорилгоор дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас урт хугацаат зээл авч ашиглахыг эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөний дагуу зээл авсан бол зээлийн үндсэн төлбөрийн дүнгээр энэ дансанд бүртгэнэ.

5.16.Урт хугацаат зээлийн гэрээнд үндсэн зээлийн хэмжээ үндсэн зээлийн төлбөрийн эхлэх хугацаа, төлбөрийн хуваарь, зээлийн хүү, түүний төлбөрийн хуваарь, зээлийг ашиглах хугацаа болон бусад нөхцлүүдийг тодорхой заасан байх бөгөөд үүнийг үндэслэн авсан зээлийн дүнгээр хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

5.17.Дотоодын байгууллагуудаас авсан зээлийг зээлдүүлэгчдээр ангилж бүртгэнэ.

Урт хугацаат зээлийн бүртгэл

5.18.Урт хугацаат зээлийг дараах байдлаар бүртгэнэ:

(а) Авсан урт хугацаат зээлийн үндсэн өрийг:

Дт. Мөнгө

Кт. Урт хугацаат зээл-Бусад төсөвт байгууллага

(б) Урт хугацаат зээлийн тайлангийн жилд төлөгдөх хэсгийг богино хугацаат зээлд шилжүүлэн бүртгэх бичилтийг урьд үзүүлсэн байдлаар гүйцэтгэнэ.

Тайлбар тодруулга

5.19.Өр төлбөртэй холбогдуулж дараах мэдээллийн талаар тайлбар тодруулга хийж санхүүгийн тайланд хавсаргана.

  • Өр төлбөрийн бүртгэлд ашигласан бүртгэлийн бодлогын өөрчлөлт (зарчим, үнэлгээ гэх мэт)
  • Зээлийн зориулалт, хэмжээ, нөхцөл (хүү, үндсэн өрийн төлбөрийн нөхцөл, шаардлагатай бусад нөхцөлүүд), хугацаа, тухайн зээлийн өөрчлөлт
  • Хэрэв шаардлагатай гэж үзвэл үндсэн өрийн болон хүүгийн төлбөрийг гүйцэтгэхэд гарч болох эрсдэл
  • Зээлийн хэмжээг тодорхойлоход зарим эргэлзээтэй, маргаантай нөхцөл үүссэн бол энэ талаар тодруулгад бичих
  • Хугацаа хэтрүүлсэн өр төлбөрийн шалтгаан, хугацаа, дүн зэргийг тусгайд нь харуулж тайлбар тодруулгад тусгах
  • Урьдчилж орсон орлогын гүйлгээ, дансны үлдэгдлийн талаар тодруулга хийнэ.

Болзошгүй өр төлбөрийн талаар үндэслэл, шалтгаан, тооцоолол зэргийг тайлбар тодруулгад бичнэ.

ХЭСЭГ 6. ӨӨРИЙН ХӨРӨНГӨ

6.1.Тодорхойлолт: Өөрийн хөрөнгө нь хөрөнгөөс өр төлбөрийг хассантай тэнцэх цэвэр хөрөнгийн хэмжээ болно. Төсөвт байгууллагын өөрийн хөрөнгө нь Засгийн газрын сан, Орон нутгийн сан, Хуримтлагдсан үр дүн, Дахин үнэлгээний зөрүү дансуудаас бүрдэнэ. Өөрийн хөрөнгийн үзүүлэлтүүдийн талаархи заавар журам, эрх бүхий байгууллагын шийдвэрийн талаар тайлбар тодруулгад тусгана.

6.2.Хуримтлагдсан үр дүн дансны тайлант хугацааны үр дүн дансанд тайлангийн хугацааны орлого, зардлын зөрүүг хааж бичнэ.

Санхүүгийн тайланд тусгах

6.3.Засгийн газрын сан: Төсөвт байгууллагад үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд нь зориулж хөрөнгө оруулалтаар (төсвийн болон өөрийн хөрөнгөөр) бэлтгэсэн үндсэн хөрөнгөтэй тэнцүү хэмжээний эх үүсвэрийг тусгаарлаж өгсөнийг харуулж Засгийн газрын сан/орон нутгийн сан гэсэн дансанд бүртгэнэ. Төвлөрсөн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллагууд Засгийн газрын сан данстай, орон нутгийн төсөвтэй харьцдаг төсөвт байгууллагууд Орон нутгийн сан дансыг тус тус сонгож холбогдох ажил гүйлгээг бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн үлдэгдэл нь ямагт Засгийн газрын сан дансны үлдэгдэлтэй тэнцүү байхаар тохируулж бүртгэнэ. Засгийн газрын сан дансны бүртгэлийн бичилтийг энэ зааврын үндсэн хөрөнгийн бүртгэл хэсэгт тодорхой тайлбарласан болно.

6.4.Төсөвт байгууллагын тайлангийн хугацааны үйл ажиллагааны орлого зардлын зөрүүг Хуримтлагдсан үр дүн дансны тайлант хугацааны үр дүн дансанд хааж бичнэ. Орлого зардлын нэгдсэн данс нь кредит үлдэгдэлтэй байвал хэмнэлттэй, дебет үлдэгдэлтэй байвал хэтрэлттэй үр дүн гарах бөгөөд түүнийг Хуримтлагдсан үр дүн дансанд хаана.

Төсөв хэтрүүлсэн бол:

Дт. Тайлант хугацааны үр дүн

Кт. Орлого зардлын нэгдсэн данс

(б) Хэмнэлттэй ажилласан үед:

Дт. Орлого зардлын нэгдсэн данс

Кт. Тайлант хугацааны үр дүн

6.5.Хэрэв үндсэн хөрөнгийг дахин үнэлбэл дахин үнэлсэн үнээр балансанд тусгана.

6.6.Хөрөнгийн дахин үнэлгээний өөрчлөгдсөн дүнгээр Дахин үнэлгээний зөрүү дансанд бичилт хийнэ.

6.7.Дахин үнэлгээ хийснээс хойш 1 жилийн дараа Дахин үнэлгээний сан дансны үлдэгдлийг Засгийн газрын сан дансанд хааж бичнэ.

 

---о0о---